Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00952

 

У.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар магадлалтай, 

У.Ө-ын нэхэмжлэлтэй

МСЛ ХХК, С.Б-, Д.З- нарт холбогдох, 

Бэлэглэлийн гэрээ нь зээлийн барьцааны гэрээг халхавчилсан тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэлцлээс үүссэн  үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн С.Б-, Д.З- нараас нэг хашааны газрын үнэ  тус бүр 185.571.140 төгрөгийг гаргуулах, Д.З-, С.Б- нар нь Санаачлага хороолол төслийг эзний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан тул гэм хорын хохиролд МСЛ ХХК, Д.З- нараас тус бүр  185.571.140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.З-, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагч МСЛ ХХК-ийн өмгөөлөгч Д.Б, Б.Д нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч У.Ө-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн газар өмчлөгч иргэдийн санаачлагад тулгуурлан гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, 40.000 орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар нэгдэн нийлж 2006 онд Санаачлага хороолол ТББ-ыг байгуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү Санаачлага хороолол ТББ нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн иргэдтэй хэлэлцэн хамтран орон сууцны хороолол барьж босгох, тухайн үеийн Засаг захиргаа, Засгийн газраас дэмжлэг хүсэж үйл ажиллагаа явуулж барилгын газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөл болон бусад шаардлагатай бичиг баримтыг үйлдэх, барилга барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх талаар ажиллаж эхэлсэн байна. Санаачлага хороолол ТББ үйл ажиллагаанд олон иргэд оролцож, Төр Засгийн байгууллагуудаас дэмжлэг авч байх үед иргэн С.Б- бусад иргэдийн адил санаачлага гарган оролцох, хөрөнгө босгоход идэвхитэй ажиллах хүсэлт гарган оролцож эхэлсэн. Тухайн үед Санаачлага хороолол ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Уламнэмэх иргэн С.Б-эд итгэж байсан учир 2007 онд өөрийн хүү У.Ө-тай хамтран Улсын бүртгэлийн Г-2204006414 дугаартай газрыг барьцаанд 5 сая төгрөгийг дараа нь нэмж нийт 30 сая төгрөгийг иргэн С.Б-ээс зээлж авсан. Иргэн Д.Уламнэмэхийн хүү У.Ө- нь С.Б-ийн Санаачлага хороолол ТББ-ын санаачлагыг дэмжиж үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно, хөрөнгө босгоно, туслана дэмжинэ гэсэн амлалт, өөрийн хувийн өмчлөлийн газрыг барьцаалан олгосон зээл зэрэгт итгэж улмаар өөрийн хувьчлагдсан 000017113 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2204006415 дугаартай, нэгж талбарын 186453104566434 дугаар бүхий 700 м2 газрыг С.Б-эд бэлэглэсэн байна. Иргэн С.Б- нь Санаачлага хороолол ТББ-ыг Санаачлага хороолол ХХК болгох, 66 айлын 12 давхар орон сууц барих бүх талын зөвшөөрөл, судалгаа, экспертизийн дүгнэлт гарах хүртэл оролцож иргэн У.Ө-т өгч байсан амлалтаа биелүүлж, барилга барих хөрөнгө босгохоор гадаад, дотоодын байгууллагатай харьцан ажиллаж бэлэглэгчийн итгэлийг хүлээж байв. Иргэн С.Б- барилга барих хөрөнгө босгох нэрээр гадаадад удаа дараа явж, У.Ө-тай уулзахаас зайлсхийж байхад ч тэрээр түүнд итгэж байсан. Гэтэл гэнэт 2015 оны 01 дүгээр сараас Санаачлага хороолол ХХК-ийн 2012 оны 000000150 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй, өмнө нь У.Ө-аас С.Б-эд бэлэглэсэн газар дээр үл мэдэгдэх хүмүүс Барилгын талбай засан өндөр хайс хашаагаар хүрээлүүлэн барилга барьж эхэлсэн. Ийнхүү хууль бусаар барилга бариулж байгаа талаар иргэн С.Б-эд утсаар удаа дараа мэдэгдэхэд та нарт хамаагүй, би энэ газруудыг худалдан авч, цааш нь барилга барих хүмүүст худалдсан, чаддаг юм бол явж заргалд гэж хэлэн 000017113 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2204006415 дугаартай, 700 м2 газрыг бэлэглэгч иргэн У.Ө-ыг бэлэг хүлээн авсан С.Б- гомдоосон ноцтой үйлдэл хийж сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Маргааны зүйлийн эхлэл нь 2002 оноос эхэлсэн бөгөөд 2002 онд Газрын тухай хууль гарч, 2003 оноос газар өмчлөх асуудал гарч ирсэн. У.Ө-ын өмчлөгдсөн газартай холбоотой асуудал нь явсаар байгаад 2006 оныг хүргэдэг. Энэ үед нэгэнт өмчлөгдсөн газар дээрээ барилга барих боломжтой тул ойр орчмын барилгын 7 газар бүхий хүмүүсийг урилгаар барилга барих төслийг гаргасан. Ингээд 1 айлын газар 1 байр гээд ашгийн зохицуулалтаар явж байсан. Ашгийн 1/7 зохицуулалтаар явж, барилга бариулсан хөлсөнд 1 хашаа нь 1 байр болоод дээрээс үлдэх ашгаас 1/7-ийг авах тохиролцоо хийгдсэн. Энэ үед С.Б-, Д.З- нар ирээд тэнд байсан манаач нартай уулзаж, энэ газрыг хариуцаж байсан хүмүүстэй уулзаад энэ газарт хөрөнгө оруулагч олж өгье гэсэн асуудал ярьдаг. Бэлэглэлийн гэрээ нь нэг газар нэг байр болно гэдгийг хэн аль нь мэдэж байсан. Санаачлага хорооллын төсөл дээр гарсан техникийн нөхцөлөөр МСЛ ХХК барилга барьсан. Шинээр техникийн нөхцөл авсан гэдэг нь хүнд асуудал байдаг. Гэтэл бэлэн техникийн нөхцлийг ашигласан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн гэх баримтад барилгын эскиз зураг, газар эзэмших эрх, техникийн нөхцөл болон төслийг шилжүүлсэн гэдэг. Техникийн төсөл гэдэг нь үнэ төлбөргүй. Төслийг Санаачлага хороолол хийдэг. Бэлэглэлийн гэрээний асуудал нь үнэн сэтгэлээсээ бэлэглэсэн юм уу эсвэл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн юм уу. Барьцааны гэрээ, зээлийн гэрээ, бэлэглэлийн гэрээ нь нэг өдөр, нэг цагт, нэг нотариат дээр хийгдсэн байдаг. Гэтэл үүгээр далимдуулаад өөрсдийн шунахай зорилгоо хэрэгжүүлэхийн тулд У.Ө-ыг мэдэлгүйгээр 5 сая төгрөгийн зээлийн гэрээний доор 25 сая төгрөг авсан мэт болгоод шүүхээр оруулсан. Танай төслийн хөрөнгө оруулагч олж өгнө гэснийг байхгүй болгоод С.Б-, Д.З- нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаад зугтаагаад алга болсон. Шүүх дээр 30 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн гээд 53 сая төгрөгөөр шүүхийн шийдвэр гардаг. Д.Уламнэмэх, С.Б- нар жинхэнэ газрын өмчлөгч У.Ө-аас нуун далдалж энэ 30 сая төгрөгийн зээл байсан гэж ярисаар байгаад шүүхийн шийдвэр гаргасан. МСЛ ХХК Санаачлага хорооллоос энэ төслийг авах ёстой. Газар над дээр шилжүүлсэн учраас би газрын төслийн эзэн гэдэг. Газрын эзэн нь төслийн эзэн байх хуулийн зохицуулалт байхгүй. Энэ төсөл нь төслийн эзний оюуны өмч. Хоёр орон сууцны ашгийн 1/7 нь У.Ө-т байх ёстой. Иймд С.Б-, Д.З-, МСЛ ХХК-д холбогдуулан барьцааны гэрээг халхавчилан хийсэн 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир хүчингүйд тооцуулах, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнийг С.Б-, Д.З- нараас хувь тэнцүүлэн С.Б-ээс 185.571.140 төгрөг, Д.З-гаас 185.571.140 төгрөгийг гаргуулах, Д.З-, С.Б- нар нь Санаачилга хороолол төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй МСЛ ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд хулгайн төслийг төслийн эзний зөвшөөрөлгүй худалдан авсан МСЛ ХХК-иас 185.571.140 төгрөг, хулгайн төсөл худалдсаны гэм хорын хохиролд Д.З-гаас 185.571.140 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр У.Ө-, С.Б- нарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19-443 тоот 700 мкв газрын бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд мөн өдрөө У.Ө-, С.Б- нарын хооронд 30.000.000 төгрөгийг зээлийн гэрээ, барьцааны гэрээ Консулын 19-443А тоот 542 мкв газар дээр байгуулагджээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэгт талууд үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд хийсэн бэлэглэлийн гэрээг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үндсэн дээр Консулын 19-443А тоот 542 мкв газрыг барьцаалсан асуудал шийдэгдсэн нь халхавчилсан гэж үзэхээргүй байна. 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шүүхийн шийдвэрээр Консулын 19-443А тоот 542 мкв газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурьдсан байдаг. Түүнчлэн дээрхи шийдвэр бүхий иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4 тоот шүүхийн тогтоол гарсан бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтдээ ч дээрх маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19-443 тоот 700 мкв газрын асуудлын талаар дурьддаггүй болно. Өөрөөр хэлбэл Консулын 19-443 тоот 700 мкв газар нь 2007 оны 9 дүгээр сарын 18-ны адар С.Б-, У.Ө- нарын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоогүй болох нь хангалттай баримтаар нотлогдож байгаа болно. Тодруулбал улсын бүртгэлийн Г-2204006415 дугаартай, 700 мкв газрын төлбөрийг нь төлж авсан байх бөгөөд нэхэмжлэгч болон түүний эцэг, эх нь нэгэнт бусдад шилжүүлж өгсөн газрынхаа асуудлаар 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэр бүхий шүүх хуралдаанд огт дурьдаж байгаагүйгээр нотлогдоно. 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэр бүхий хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргахдаа У.Ө-, С.Шийпель, Д.Уламнэмэх нар зээлийн гэрээнд барьцаалсан Консулын 19-443А тоот 542 мкв газрыг үндэслэн техникийн нөхцлүүд авч, улмаар барилгын ажил эхлэх зөвшөөрөл авсан талаараа бичиж байсан нь дээрх 2 газар хоорондоо хамааралгүй байх тул нэхэмжлэлийн тодруулсан шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч У.Ө- нь нэхэмжлэлийн шаардлагаа 3 дахь удаагаа тодруулахдаа хариуцагч С.Б-эд холбогдуулан барьцааны гэрээг халхавчлан хийсэн 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад заагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир хүчингүйд тооцуулах, мөн С.Б-, Д.З- нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнийг С.Б-, Д.З- нараас хувь тэнцүүлэн С.Б-ээс 185.571.140 төгрөг, Д.З-гаас 185.571.140 төгрөгийг гаргуулах, Д.З-, С.Б- нар нь Санаачлага хороолол төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй МСЛ ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд хулгайн төслийн эзний зөвшөөрөлгүй худалдан авсан МСЛ ХХК-иас 185.571.140 төгрөг, Д.З-гаас 185.571.140 төгрөг гаргуулахаар шаардсаныг эс зөвшөөрч байна. У.Ө- нь 2007 оны 9 дүгээр сарын 18 нд бэлэглэлийн гэрээгээр зээлийн барьцаанд шилжүүлсэн гэх 700м.кв газрын талаар 8 жилийн дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 03-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанчлан аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх тул нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч надад болон миний эхнэр Д.З-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнийг С.Б-, Д.З- нараас хувь тэнцүүлэн С.Б-ээс 185.571.140 төгрөг, Д.З-гаас 185.571.140 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэг хашааны үнэ гэж 185.571.140 төгрөг нэхэмжилж буй нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 700м.кв газрыг зээлийн барьцаанд бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс энэ талаар нэг ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчийн өмнөх шүүх хурлуудад хэлж, ярьж байсан тайлбар, мэдүүлэг нь хоорондоо зөрчилтэй төдийгүй, өмнө нь шүүхэд удаа дараа гаргаж тайлбараа үгүйсгэж байна. 2007 онд У.Ө-ын аав Д.Уламнэмэх нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газар олон хүнд төлөх өртэй, шийдвэр гүйцэтгэлийн албанаас хэрвээ өр төлбөрөө төлөхгүй бол эрүүгийн хэрэг үүсгэх гээд байна, 700м.кв газрыг 30 сая төгрөгөөр худалдан аваач бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлье гэж гуйхаар нь уг газрыг худалдан авсан ба нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлэн өгсөн болно. Тухайн үед миний бие 2007 оны 9 дүгээр сарын 10-нд эхнэр Д.З-гийнхаа данснаас 25 сая төгрөг гарган авч, нэхэмжлэгчийн төрсөн эцэг Д.Уламнэмэхтэй хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж Д.Уламнэмэхийн өр төлбөрийг төлж барагдуулан өгсөн. Иймд надад худалдсан 700 м.кв газрын үнийг У.Ө- нь барьцааны гэрээг халхавчлан хийсэн гэдэг үндэслэлээр уг газрын үнийг өөрөө зохиож нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2007 онд хариуцагч надаас зээлж авсан 30 сая төгрөгийн зээлийн барьцаа болгож, 2 газрыг барьцаалсан юм бол 2011 онд уг зээлтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэх үед энэ талаар огт яриагүй байдаг ба тус зээлийн барьцаатай холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлээд дууссан тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлыг дахин шүүхэр хэлэлцэх, шийдвэрлэх үндэслэлгүй. Санаачлага хороолол төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй МСЛ ХХК-д худалдсан гэж огт үндэслэлгүй зүйл бичиж, намайг гүтгэж гутаан доромжилж байна. 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр миний эхнэр Д.З- болон МСЛ ХХК-ийн хооронд байгуулсан төсөл худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч этгээдэд огт хамааралгүй асуудал байна. Уг гэрээгээр миний эхнэр Д.З- нь өөрийн өмчлөлийн 7 газар дээр баригдах 210 айлын орон сууцны төслийг МСЛ ХХК-д худалдсан болно. У.Ө- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 1-443 тоот хаягт оршиж байсан 700 м.кв газрын өмчлөгчөөр 2007 оны 8 дугаар сарын 27-наас 2007 оны 9 дүгээр сарын 18 хүртэл 22 хоног байсан бөгөөд энэ хугацаанд тэрээр энэ газар дээр ямар нэгэн барилга барихаар төсөл боловсруулж байгаагүй. Нэхэмжлэгч нь Санаачлага хороолол ТББ болон Санаачлага хороолол ХХК-ийн хэрэгжүүлэх гэж байсан төслийг намайг хулгайлж авсан мэтээр ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж бичсэн байна. Иймд нэхэмжлэгч У.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МСЛ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Санаачлага хороолол ХХК-ийн эдийн бус хөрөнгө болох барилгын ажлын зөвшөөрөл, зураг төсөл зэргийн холбогдох эөвшөөрлүүдийг анх 2007 онд Нийслэлийн засаг даргын 347 тоот захирамжийг үндэслэн тус тус авсан байдаг. Тодруулбал Санаачлага хороолол ХХК төслийн эскиз зургийн барилгын хэмжээ нь 15*24,15*21, 39.5*33 м, мөн 29.9*13.2 м, 19*18 м, 19.5*33 м гэсэн тус тус гаргасан эскиз зурагтай. 2008 оны 210 айлын, эскиз зураг нь П хэлбэртэй байдаг. Мөн Санаачлага хороолол ХХК-ийнх барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байсан. Энэ мэт Санаачлага хороолол ХХК-ийн эдийн бус хөрөнгийн агуулга тодорхойлогдоно. Харин Морнин стар лэнд ХХК-ийн барилгын ажил 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/246 тоот захирамжийг үндэслэн барилгын техникийн нөхцлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, архитектур төлөвлөлтийн даалгаварыг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №120/2015-ны Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус авсан. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2017 оны 12 дугаар гарын 30-ны өдөр хүртэл байдаг. Тус барилгын хэмжээ нь 17*50м, 17*36.0м, Г хэлбэрийн 2 болк орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэсэн. МСЛ ХХК нь эдийн бус хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгө болгон хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн гэм хорын зохицуулалтаас үзвэл гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой ба гэм буруу, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл хулгай хийсэн үйлдэл нь хэн нэг этгээдийн идэвхитэй үйлдэл, хүсэл зоригийн илэрлээр үйлдэгдэн бусдад гэм хор учруулсан бол гэм хорын бүрэлдэхүүнийг хангасан гэж үзнэ. Мөн хохирогчид бодит хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл МСЛ ХХК нь хариуцагч Д.З-тай 2012 онд хуульд заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагаас лавлаж асуусаны үндсэн дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл үйлдлийнхээ үр дагаврыг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн нөхцөлд санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэх боловч МСЛ ХХК-д хууль бус үйлдэл болон хүсэл зориг байгаагүй болно. Мөн нэхэмжлэгчид гэм хор учруулснаар ямар хохирол учирсан гэдэг нь ойлгомжгүй байна. МСЛ ХХК нь иргэн Д.З-тай Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд энд ямар нэг хууль бус үйлдэл байхгүй болно. Гэрээний талууд хууль болон гэрээнд заасан эрх, үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд МСЛ ХХК нь нэхэмжлэгч У.Ө-т гэм хор учруулах үндэслэл байхгүй. МСЛ ХХК нь хариуцагч Д.З-гийн хууль ёсны өмчлөлийн 7 хэсэг газрыг төрийн эрх бүхий байгууллагаас тухайн үед лавлагаа мэдээллийг авсан, ингэхдээ Д.З- нь холбогдох хууль, журмын дагуу өмчилж буй эсэх, ямар нэгэн маргаан байгаа эсэхийг сайтар судалж нягталсны дараа гэрээг байгуулсан байдаг. 2012 оны 8 дугаар сард хууль ёсны өмчлөгч болох Д.З-тай худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед нэхэмжлэгч У.Ө-, хариуцагч С.Б- нарын хооронд газрын маргаан байгаа, энэ талаар МСЛ ХХК-д мэдээлэл байгаагүй, мөн тухайн газар нь гуравдагч этгээдэд барьцаалаагүй, худалдаагүй, эрхийн зөрчилгүй болохыг нотолсон Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн газрын лавлагаагаар нотлогдож байсан. Мөн худалдагч тал худалдан авагч талд гарч болзошгүй ирээдүйд үүсч болзошгүй бүх эрсдлийг хариуцахаар тохиролцон Д.З-тай гэрээ хийсэн байдаг. Иймээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооно...” гэж заасныг үндэслэн МСЛ ХХК нь худалдах-худалдан авах гэрээг хийх үед газрын талаар аливаа хэлбэрийн шаардлага байгаагүй, өмчлөх эрхийн маргаан байгаагүй байсан, иргэн У.Ө-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгө болох газрын бүртгэл байгаагүй тул МСЛ ХХК нь хуульд заасан шударга өмчлөгч болно. Мөн барилгын ажлын төслийг МСЛ ХХК нь өөрийн нэр дээр эрх бүхий газруудаас холбогдох зөвшөөрлүүдийг шинээр авсан тул нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б-, Д.З-, МСЛ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч У.Ө-ын Барьцааны гэрээг халхавчилан хийсэн 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцуулах, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнийг С.Б-, Д.З- нараас хувь тэнцүүлэн С.Б-ээс 185,571,140 төгрөг, Д.З-гаас 185,571,140 төгрөгийг гаргуулах, Д.З-, С.Б- нар нь Санаачлага хороолол төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй МСЛ ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд хулгайн төслийг төслийн эзний зөвшөөрөлгүй худалдан авсан МСЛ ХХК-иас 185,571,140 төгрөг, хулгайн төсөл худалдсаны гэм хорын хохиролд Д.З-гаас 185,571,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,032,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.032.790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...У.Ө-ын өмчлөлд байсан 542 мкв, 700 мкв талбай бүхий 2 газар нь орон сууцны барилга барих талбайд орж барилга барихад шаардагдах ус, цахилгаан, дулаан, холбооны ... гэх мэт бүх зөвшөөрөл нь авагдаж Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрлийг олгосон газар юм. Иймд бэлэн болсон газрууд нь дор хаяж 2 орон сууц буюу багаар бодоход 300.000.000 төгрөг хүрэх үнэтэй гэдгийг нийтээр мэддэг. Энэ бол нийтэд илэрхий үйл явдал. У.Ө- нь хөдөө ажлаар удаан хугацаагаар явахаар болж С.Б-ээс 5 сая төгрөг зээлээд 2 газраа 2 орон сууц буюу 300.000.000 төгрөгөөр тохиролцож үлдээсэн болно. У.Ө- нэг удаа газар дээрээ иртэл газар дээр нь барилга баригдаж байсан учир С.Б-тэй уулзаж 2 байр буюу 300.000.000 төгрөгний асуудал ярихад “нэг газрыг нь шүүхээр авсан, нөгөө газрыг чинь бэлэглэлээр авсан. Одоо чи яваад заргалд, шүүх миний талд” гэсэн утгатай зүйл ярьсан. Ингээд У.Ө- шүүхэд нэхэмжлэл гаргаад өөрөө Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээр явжээ. Шүүхэд хэрэг маргаан хянагдаж байхад дараах зүйлүүд тодорхой болсон. 542 мкв талбайтай газрыг нь авахын тулд 5 сая төгрөгний зээлийн гэрээг нь 30 сая төгрөгний зээлийн гэрээ болгож хуурамч зүйл нэмж бичээд шүүх болохоор У.Ө-т мэдэгдэлгүйгээр У.Ө-ыг хариуцагчаар татаад өөр хэрэгт төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн болгоод 18 ширхэг ноцтой зөрчил бүхий 53.000.000 төгрөг төл гэсэн шийдвэр гаргуулаад тэр шийдвэрийн дагуу 542 мкв талбайн газрыг хуурамч дуудлагаар худалдсан буюу нэг оролцогчтой дуудлага худалдаагаар худалджээ. 700 мкв газартай хэсгийг нь болохоор С.Б- нь эхнэртээ 1 сая төгрөгөөр худалдаад эхнэр нь цааш нь 300.000.000 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл 5 сая төгрөгийг зээлүүлээд 2 газрын нэгийг нь бэлэглэлээр, нөгөөг нь барьцаагаар авч цааш нь 600.000.000 төгрөгөөр худалдсан энэ үйлдлийн талаар хэн ч маргахгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. Хоёр байрны үнэ бүхий газрыг 5 сая төгрөгөөр аваад 600.000.000 төгрөгөөр цааш нь худалдсан үйл явдалд ”Бэлэглэгчийг огт гомдоогоогүй” гэж үзжээ. Хоёр байр буюу 300.000.000 төгрөг гэсэн тохиролцоо биелээгүй, энэ тохиролцоо байсан гэдгийг НШГА-аас ирүүлсэн үнийн санал болон бусдад олгосон итгэмжлэлд дурьдсан байгаа. 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатаар орсон байж У.Ө-т мэдэгдэлгүй 5 сая төгрөгийн зээлийн гэрээг 30 сая болгон засварлаж 53.000.000 төгрөгийн шийдвэр гаргуулсан байдаг. 5 сая төгрөг нь хүү алдангийн хамт хуульд заагдсанаар 8 сая төгрөг болох байтал 8-ыг 53 сая болгож гомдоосон. С.Б-тэй уулзаж анх тохирсон зүйлээ ярихад “нэг газрыг чинь шүүхээр авсан, нөгөө газрыг чинь бусдад шилжүүлээд зарчихсан, чи юу ч олж чадахгүй. Шүүх миний талд” гэсэнд нь гомдсон. Шүүх хурал дээр хариуцагч МСЛ ХХК тайлбарлахдаа ”Манай байгууллага төсөл худалдаж аваагүй 7 газар худалдаж авсан. Хуулийн дагуу худалдаж авсан“ гэдэг. Монгол Улсын Үндсэн Хууль, Газрын тухай хуульд газрыг зөвхөн Монгол Улсын иргэн өмчилдөг. Гадаадын иргэн, гадаадын 100% хөрөнгө оруулалттай байгууллага газар худалдан авч өмчилж, эзэмшихийг хориглодог ба зөвхөн өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрлөөр тодорхой хугацаагаар ашиглах эрхтэй гэсэн байна. Шүүх төсөл нэрээр газар худалдаж авсан нь хуульд нийцсэн гэж үзжээ. Санаачлага хороолол төсөл нь өөрөө оюуны өмч ба энэ төслийг Д.З- гэдэг хүнд хэн ч шилжүүлээгүй, Д.З- гэдэг хүн барилга барих зөвшөөрөл аваагүй, Д.З- гэдэг хүн ус цахилгаан, эрчим хүч, дулааны ямар ч зөвшөөрөл аваагүй. Гэтэл өөрт олгогдоогүй эрхийг эдэлж ”Санаачлага хороолол” төслийг МСЛ ХХК хэрэгжүүлэх болсон гэсэн хүсэлтийг үндэслэн бүх зөвшөөрлүүдийг МСЛ ХХК дээр гарсан байдаг. Шүүх бусдын Оюуны өмчийг Д.З- нь зөвшөөрөлгүй авч бусдад худалдаж бусдад шилжүүлсэн үйлдэл хуульд нийцсэн гэж үзсэн. Иргэний хуулийн 280-р зүйлийн 280.1.1-д заагдсанаар бэлэглэгч гомдоод байхад гомдоогоогүй гэж үзсэн. 5 сая төгрөгийн барьцааны гэрээг 30 сая төгрөгийн барьцааны гэрээ болгон засварласан нь хуульд нийцсэн гэж үзсэн. Энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заагдсанаар хүчингүйд тооцогдоно. 300 сая төгрөг буюу 2 байр гэсэн тохиролцоогоор нэг өдөр, нэг цагт бэлэглэлийн гэрээ, барьцааны гэрээ хоёрыг үйлдсэн нь өөр хэлцлийг халхавчилаагүй гэж үзсэн. Энэ нь Иргэний хуулийн 56.1.3-д хамаарахаас гадна 56.1.4-д мөн адил хамаарна. ”Санаачлага хороолол” төсөл нь Д.З-д огт хамаагүй учир Иргэний хуулийн 106-р зүйлд заагдсанаас төслийн эзэмшигч буюу оюуны өмчийн тухайд өмчлөгч этгээдийг шаардах эрхгүй гэж үзсэн. Шүүх бусдын оюуны өмчийг эзнийх нь зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн нь хуульд нийцнэ гэж үзсэн. Шүүх хууль хэрэглэх ба иргэн тэр бүр хуулийн зохицуулалтыг ойлгодоггүй. Маргааны зүйл нь 5 сая төгрөгөнд 542 мкв, 700 мкв газар шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 492.3 дахь заалтанд заагдсан зохицуулалт байгааг анзаараагүй. 542 мкв газрыг худалдах үндэслэл болсон БЗД-ийн 2011 оны 1322 тоот шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл 542 мкв газрын эрх У.Ө-ын нэр дээр сэргээгдэх нь тодорхой болсон. Анхан болон давж заалдах шатны шүүх У.Ө-т илэрхий хохиролтойгоор шийдвэрлэсэн ч гэсэн 542 мкв газрын эрх сэргээгдсэнээр энэхүү маргаан цаашид дахин үргэлжлэх нь илэрхий болсон, шүүх бэлэглэгчийг гомдоосон эсэхэд огт дүгнэлт хийгээгүй буюу нэг маргаанд Иргэний хуулийн 280-р зүйл, 56-р зүйлийг хамтад нь хэрэглэж болохгүй гэж үзэн гадаадын иргэн газар худалдан авах эрхтэй, бусдын өмчийг эзэнд нь мэдэгдэлгүйгээр худалдаж болохоор шийдсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу цуглуулсан, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ ямар зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан, ямар байдлаар барьцааны гэрээг халхавчилсан гэж үзэж байгаа талаар зохигчдоос нэг ч удаа асууж тодруулаагүй байдаг. Тэгсэн хэрнээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл байхгүй гэж дүгнээд байдаг бөгөөд үнэхээр маргаж байгаа, төсөл хэрэгжүүлэх гэж байгаа газраа буцаах нөхцөлгүйгээр, үнэ төлбөргүйгээр, ямар холбоотой нь тодорхойгүй хүнд бэлэглээд байгаа шалтгаан нь юу болох, зорилго нь юу байсан гэдгийг огт анхаарч үзэлгүйгээр, дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлээд байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 буюу “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэгт ямар нөхцөл байдал бүрдсэн байхыг ойлгох талаар Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор албан ёсны тайлбарыг гаргаж баталсан байдаг бөгөөд уг тогтоолын 5.3-т “Мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино" гэжээ. Тэгвэл нэхэмжлэгч У.Ө-, хариуцагч С.Б- нарын хооронд 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор хийгдэж байгаа тул хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй бөгөөд У.Ө-, С.Б- нарын хэн аль нь газрыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийг эргүүлэн төлөх баталгаа болгон энэхүү бэлэглэлийн гэрээг байгуулсан байна. 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 542 м.кв хэмжээтэй газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан боловч нэмэлтээр 25.000.000 төгрөгийг зээлэх асуудал яригдахад тухайн үеийн газрын үнэлгээ бага байсантай холбогдуулан нэмэлт газрыг барьцаалах шаардлага үүсч, мөн тухайн үеийн ханшаар 30.000.000 төгрөг гэдэг бол хүнд зээлэхэд ч эргүүлэн төлэхөд ч хэцүү их хэмжээний мөнгө байсан тул зээлийг буцаан төлүүлэх зорилгоор, харилцан итгэлцлийн үндсэн дээр 700 м.кв газрын өмчлөх эрхийг бэлэглэлийн журмаар түр шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, байгаа хэлцэл болохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд ялгаж салгаж дүгнэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл хийсэн хэлцэл нь газрын өмчлөх эрхийг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлсэн бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой барьцааны гэрээг халхавчилж, дүр үзүүлсэн юм. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх нэхэмжлэл гаргасан цагаас хойш одоог хүртэл “Санаачлага хороолол” ТББ-ын хэрэгжүүлж буй “Санаачлага хороолол” төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төслийг бусдад худалдсан гэж маргаж ирсэн бөгөөд уг төслийн санаачлагч, эзэмшигч, өмчлөгч нь “Санаачлага хороолол” ТББ байсан гэдэгтэй хариуцагч тал маргаагүй, няцаасан баримт хэрэгт байхгүй байгааг шүүхээс анхаарч үзэж, дүгнэлт хийгээгүй байна. Мөн уг төсөл ямар төрлийн ажил гүйцэтгэх байсан, аль газарт, ямар байршилд хэрэгжиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогддог бөгөөд түүний хүрээнд “Санаачлага хороолол” ТББ-ын нэр дээр төсөл хэрэгжихтэй холбоотой зөвшөөрөл, техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, тэр ч бүү хэл Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хүртэл гарсан байсныг харж болохоор байна. Нөгөө талаар хариуцагч С.Б-, Д.З- нарын хувьд уг төсөлтэй яаж холбогдоод, төсөл хэрэгжих газрын өмчлөгч болсон, мөн төслийг зарах болсон талаар шүүхээс анхаарч үзээгүй, тодруулж шалгаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У.Ө-ын эцэг эх, ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Уламнэмэх, Д.Шийпэл нар нь бусдад төлөх өр төлбөртэй байсан хэдий ч тэр өрөндөө бүхэл бүтэн төсөл хэрэгжих газрын нэг хэсгийг хаа хамаагүй хүнд өгөөгүй, төслөө цааш нь хэрэгжүүлж, үргэлжлүүлэх үүднээс төсөлд хамтарч ажиллаж байсан хүн болох хариуцагч С.Б-эд газраа барьцаалж, байсан байдаг бөгөөд тийм биш байсан бол өөр огт танихгүй хүнд шилжээд төсөл хэрэгжих боломжгүй болох нөхцөл байдал үүсэх байсан. Түүнчлэн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “Санаачлага хороолол”-ын 210 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлэгч нь “Санаачлага хороолол” ХХК болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн боловч нөгөө талаараа уг төслийг бусдад буюу МСЛ ХХК-д худалдаад байгаа хариуцагч Д.З- нь төслийг хэрэгжүүлэгч, эзэмшигч гэдэг баримт ч мөн хэрэгт байхгүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талаас нь үндэслэлгүйгээр дүгнэсэн байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар “Санаачлага хороолол” ТББ нь төслийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Санаачлага хороолол ХХК-д, Санаачлага хороолол ХХК нь нэхэмжлэгч У.Ө-т шилжүүлж байгаагаа илэрхийлж, албан бичиг үйлдэж байснаа хэрэгт өгсөн байгааг анхан шатны шүүхээс мөн буруу үнэлж дүгнэсэн байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Болд “Санаачлага хороолол” ТББ-ын тэргүүн болох нь тогтоогдохгүй байна гэж дурдсан байх бөгөөд тухайн үед буюу 2006 онд үйлчилж байсан, одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн бус байгууллагын тухай /1997/ хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй болохыг заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Г.Болдыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгосон гэх баримт ч хэрэгт авагдсан байгаа, мөн “Санаачлага хороолол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч нь Д.Уламнэмэх болохыг хэрэгт авагдсан баримтаас тогтоох боломжтой байхад нотлох баримтыг буруу үнэлсэн. Хариуцагч Д.З-гийн зүгээс хариуцагч МСЛ ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан “Санаачлага хороолол” төслийг худалдах үед Санаачлага хороолол ХХК-ийн нэр дээр 1 жилийн хугацаанд хүчинтэй, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000000150 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” хүчинтэй байсныг харгалзан үзээгүй байна. Дээрх дурдсан үндэслэлүүдээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг бүрэн тогтоож шалгаагүй бөгөөд төслийг хариуцагч Д.З- бусдад худалдах эрхтэй байсан эсэхийг тодруулаагүй, төслийг хэн өмчлөх, захиран зарцуулах эрхтэй байсан, бэлэглэлийн гэрээг ямар зорилгоор байгуулсан болох, төсөл хэрэгжих газар дээрх барилгын холбогдох зөвшөөрлүүдийг төрийн байгууллагаас олгоод байдаг, гэтэл доорх газар нь төсөл хэрэгжүүлэгчийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байгаад байгаа нь ямар шалтгаантай болох, хариуцагч нар нь төсөлд ямар ч хамааралгүй этгээдүүд юм бол яагаад Санаачлага хороолол ХХК газар дээр нь төсөл хэрэгжүүлж эхлээд байсан, тэдний хооронд ямар хамаарал байсан болох зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс шалгаж тогтоосны үндсэн дээр энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байхад энэхүү асуудлуудыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч У.Ө-ын хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж, дахин хэлэлцэгдэж эхлээд байгаа болно. Энэ нь уг иргэний хэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцааны гэрээтэй байсан газрыг хариуцагч С.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн шүүхийн шийдвэр хүчингүй болсноор төслийг газрын хамт худалдсан нь хууль бус болж, улмаар газрын үнийг тооцон нэхэмжилж байгаа энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхэд нөлөөлөх нөхцөл байдал гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалуудыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

У.Ө- нь анх С.Б-, Д.З- нарт холбогдуулан “...бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан тул 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, газрыг буцаан олгуулах” нэхэмжлэл гаргасан байна. /1-хх-1-2/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “барьцаагаар бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, газрын өмчлөх эрхийг У.Ө-ын нэр дээр шилжүүлэхийг даалгах” /1-хх-229/ гэж, дараа нь хамтран хариуцагчаар МСЛ ХХК-г татаж, 3 хариуцагчаас газрын үнэ болон барилга барих төслийн үнэд 742.028.561 төгрөг гаргуулах /2-хх-52/ гэж, сүүлд бэлэглэлийн гэрээ нь зээлийн барьцааны гэрээг халхавчилсан тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэлцлээс үүссэн үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн С.Б-, Д.З- нараас нэг хашааны газрын үнэ тус бүр 185.571.140 төгрөгийг гаргуулах, Д.З-, С.Б- нар нь Санаачлага хороолол төслийг эзний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан тул гэм хорын хохиролд МСЛ ХХК, Д.З- нараас тус бүр 185.571.140 төгрөг гаргуулах гэж тус тус өөрчилжээ. Хариуцагч С.Б-, Д.З- нар “У.Ө-ын аав Д.Уламнэмэх бусдад өртэй, шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр гаргуулах ажиллагаа хийж байсан, өрөө төлөх зорилгоор газраа худалдсан” гэж, МСЛ ХХК “нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсээгүй” гэсэн тайлбар гаргаж, талууд мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн баримтад үндэслэн зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

1. У.Ө- өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 19-443 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газраа хариуцагч С.Б-эд 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, тухайн гэрээний зүйлийг С.Б- 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр эхнэр Д.З-д, Д.З- газрыг МСЛ ХХК-д шилжүүлэхээр өмчлөх эрхээс 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр татгалзсанаар хариуцагч Морининг стар лэнд ХХК-д маргааны зүйл болсон газар шилжиж, тухайн газар, бусад 7 айлын газарт барилга барьсан үйл баримт тогтоогджээ.

Түүнчлэн У.Ө-, Д.Уламнэмэх, Д.Шийпэл нар С.Б-ээс 2007 онд 30.000.000 төгрөг зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар У.Ө-ын өмчлөлд бүртгэлтэй байсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 19-443А тоот хаягт байрлах 542 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан, талуудын хооронд үүссэн зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг шүүх 2011 онд шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар барьцааны зүйл худалдан борлогдсон үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, “дээрх 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн У.Ө-аас С.Б-эд ...443 тоотод байрлах 700 м.кв газар шилжүүлсэн   бэлэглэлийн гэрээ нь мөн өдрийн У.Ө-, Д.Уламнэмэх, Д.Шийпэл нарын С.Б-ээс зээлсэн гэх 30.000.000 төгрөгийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийгдсэн тухайлбал, 2 газрыг барьцаалахаар болж, 443А тоотын газрыг барьцааны, 443 тоотыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн тул  гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус, зээлийн үүрэг нь өөр барьцаагаар хангагдсан, газрыг бусдад дамжуулан худалдсан тул газрын үнийг гаргуулах” агуулгаар  тайлбарлажээ.

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Бэлэглэлийн гэрээ нэг талын хүсэл зоригоор хийгддэг, бэлэглэлийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө бол бэлэг хүлээн авагчид эд хөрөнгийн эзэмшил болоод өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэснээр хуучин өмчлөгчийн эрх дуусгавар болж шинэ өмчлөгчид өмчлөх эрх шилждэг үр дагавартай. Эдгээр үйлдлүүд хийгдэж У.Ө-ын өмчлөх эрх дуусгавар болж, С.Б-эд өмчлөх эрх үүссэнээр хариуцагч тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болж улмаар цааш дамжуулан худалдсан нь тогтоогджээ.

Ийм үр дагаврыг нэхэмжлэгч У.Ө- хүсээгүй гэх нөхцөл хэргийн баримтаар үгүйсгэгдсэн, тодруулбал, талууд бэлэглэлийн гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байх  бөгөөд нотариатч Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т зааснаар  иргэн, хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахад нь үйлчлэх, тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулж, зөвлөгөө өгөх буюу бэлэглэлийн гэрээний үр дагаврыг гэрээний талуудад тайлбарлаж өгсөн тухай баримт хэрэгт авагдсан байна. /1-хх-121/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У.Ө-ын нэхэмжлэлийн үндэслэлд зааж буй  халхавчлагдсан гэх барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдсан, зохигчийн хүсэл зориг нэгдсэн гэж үзэх нөхцөл, барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллээ өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх болсон  үндэслэл, шаардлага байсан  нь нотлогдоогүй байна.

Мөн хариуцагч бэлэглэлийн гэрээ байгуулсан үндэслэлийг, У.Ө-ын аав Д.Уламнэмэх бусдад өртэй, өрөө төлөх зорилгоор газраа худалдсан гэх агуулгаар тайлбарлан маргаж, 3-р хавтас, 34-95, 131-р талд авагдсан Д.Уламнэмэхэд мөнгө зээлдүүлсэн гэх баримтыг заасныг нэхэмжлэгч няцааж чадаагүй, зээлийн гэрээтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэхэд 443 тоотын газрын талаар яригдаагүй, 443А тоот газрыг зээлд барьцаалсныг шүүх тогтоосон байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч С.Б-, Д.З- нар бусдын газрыг буцаан шилжүүлэх үүргийг хүлээх, улмаар газар нь дамжигдан худалдагдсанаас тухайн хөрөнгийн үнийг төлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж үзнэ.

2. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заажээ. Гэм хорыг хариуцахын тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, гэм хор болон гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай.

Хариуцагч МСЛ ХХК нь Санаачлага хороолол төсөлд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн дагуу барилгыг барьсан, хариуцагч С.Б-, Д.З- нар тухайн төслийг хариуцагч МСЛ ХХК-д худалдсан нь тогтоогдоогүй тул гэм хорын хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй, дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу тайлбарласан гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.032.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ