Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0594

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Баярбат

Нэхэмжлэгч: “И- ББСБ” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын улирлын санхүүгийн тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүгийн тайланг хүлээж авах, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны актыг гаргахыг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 588 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Л.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2022/0746/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 588 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5, 28.10 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 30.6 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.1, 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И- ББСБ” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан   ““И- ББСБ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И- ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авах мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Анхан шатны шүүх нь нэгдүгээрт, тайланг хүлээж авахаас татгалзаж буцаах, тайлангийн зөрүү арилгахыг шаардах гэсэн харилцан өөр ойлголтыг хольж буруу дүгнэсэн тухайд:

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “Татвар төлөгч нь холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй” байдаг.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татварын тайлангаа өөрөө гаргах ба гаргасан тайлангийн үнэн зөвийг зөвхөн өөрөө хариуцна. Татварын алба нь татвар төлөгчийн тайланд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэзээ ч шалгах эрхтэй бөгөөд татвар төлөгчийн тайлан үнэн зөв бус байвал татвар төлөгч өөрөө хариуцна. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон холбогдох бусад хэм хэмжээний актаар татвар төлөгчийн гаргасан тайланг хүлээн авахаас татгалзах, буцаах эрхийг Татварын албанд хуулиар олгоогүй. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар “Татварын алба нь энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Татварын алба нь энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ, 30.5 дахь хэсэгт “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна гэж тус тус заасан. Татварын хэлтэст аливаа байгууллагын татварын тайланг хүлээн авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд гагцхүү тайлан зөрүүтэй бол уг зөрүүг арилгах шаардлага гаргах эрхтэй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, татварын тайланг буцаасан нь илэрхий байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ “...хүлээн авахаас татгалзах буцааж шийдвэрлэх эрх хэмжээтэй байна” гэж буруу дүгнэсэн.

2.2. “И- ББСБ” ХХК-ийн татварын тайланд ямар нэг мэдээллийн зөрүү байхгүй тухайд:

Хариуцагч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... “И- ББСБ” ХХК нь тухайн жилд 449 сая төгрөгийн зардал тайланд тусгасан ч и-баримтаар нотлогдсон зардал нь 49 сая төгрөгийн зардал бөгөөд бусад зардал нь и-баримтаар нотлогдоогүй. Иймд и-баримтаар нотлогдоогүй зардлыг тайланд тусгасан учраас тооцооллын алдаатай гэж үзэж тайланг буцаасан” гэх тайлбар өгсөн байдаг. Татвар төлөгч нь баримтаар нотлогдоогүй зардлыг тайланд тусгах нь тайланг тооцооллын алдаатай тайлан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Татвар төлөгчийн зардал баримтаар нотлогдох эсэх нь “мэдээлэл зөрүүгүй байх”-аас тусдаа ойлголт бөгөөд татвар төлөгчийн зардал нотлогдох эсэхийг хянах үе шат нь татварын харилцаанд тусдаа яригдана. Татварын хэлтэс нь татвар төлөгчийн тайланд хэдэн төгрөгийн зардал тусгах, хэдэн төгрөгийн зардал тусгахгүй байхыг заах, зардлыг хасуулах эрхгүй бөгөөд учир нь татвар төлөгч нь гаргасан тайлангийн үнэн зөвийг зөвхөн өөрөө хариуцдаг билээ. Татвар төлөгчийн гаргасан тайланг татварын хэлтэст хүлээн авч буй нь татварын тайланг “бүртгэж буй” үйлдэл бөгөөд татварын тайланг хүлээн авснаар тухайн татварын тайлан үнэн зөв алдаагүй болохыг баталгаажуулж буй хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, татварын хэлтэс нь татвар төлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр тайланг буцаах эрхгүй ба энэ нь мэдээллийн зөрүүд тооцогдохгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0588 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “... “И- ББСБ” ХХК нь 2021 оны 04 дүгээр улирлын тайлангаар 649.946.663.78 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилсан тул хуульд заасны дагуу 90 хувийн албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй, ... албан татварын хөнгөлөн буцаан авахаар 15.316.072.31 төгрөгийг буцааж авах хүсэлтийг 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хамт etax.mta.mn- ээр хүргүүлсэн, ... манай байгууллагыг “ebarimt шивээгүй” гэх үндэслэлээр татварын тайланг хүлээж аваагүй буцаасан ... манай байгууллагад татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээс татгалзсан, ... Татварын ерөнхий хуульд зааснаар татварын алба нь тус хуулийн 30.3-т зааснаар тайланг хянаад мэдээлэл зөрүүгүй бол тайланг хүлээж авах үүрэгтэй, шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардах эрхтэй, мөн татварын ерөнхий газрын даргын баталсан журамд ... мэдээлэл зөрсөн тохиолдолд тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэхээр журамласан. Харин Татварын албанд санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй, гагцхүү зөрүүтэй бол зөрүүг арилгахыг шаардах эрхтэй ... байхаар заасан  байхад татварын алба ямар нэгэн баримт шаардаагүй, тайлбар авалгүйгээр манай тайланг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус ... Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн төлсөн зээлд хэрхэн и баримт олгох талаар программ хөгжүүлэлт дуусах шатандаа явж байгаа ... манай байгууллагын үйлчлүүлэгч нарт дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгдөг эсэх асуудал нь тусдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл энэ үндэслэлээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлт эдлэхэд саад болох үндэслэл болгож тайланг хүлээж авахгүй буцааж байгаа нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын улирлын санхүүгийн тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүгийн тайланг хүлээж авах, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны актыг гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Харин хариуцагчаас “... Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн ирүүлсэн тайлангийн үзүүлэлт хоорондоо тохирч байгаа эсэхэд нь хяналт тавиад, үзүүлэлт хооронд ямар нэгэн асуудалгүй, үзүүлэлтийн арифметик томьёоллоор асуудалгүй тохиолдолд татварын тайланг баталгаажуулаад тооцоолол хоорондоо зөрүүтэй тохиолдолд татвар төлөгчид буцаана гэсэн заалтуудын дагуу улсын байцаагч тухайн татвар төлөгчид татварын тайланг буцаасан, ... тайлангаа хуулийн хугацаанд гаргаж ирүүлсэн боловч зөрүүг арилгаагүй, эцсийн тооцоо хийгээгүй тул хөнгөлөлт эдлэх боломжгүй ... татвар төлөгчийн ирүүлсэн 649 сая төгрөгийн орлоготой тайланд 449 сая төгрөгийн зардлыг тусгасан байх боловч И-баримтын төлбөрийн дугаараар баталгаажсан дугаараар баталгаажаагүй байсан тул Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.5, 30.2.6, 30.2.9-д заасныг удирдлага болгон татварын байцаагч тайланг баталгаажуулахаас татгалзсан ... татварын тайлангийн зөрүүгээ арилгаагүй, тайлан нь баталгаажигдаагүй тул татварын хөнгөлөлтийн тайлангийн хүсэлт буцаагдсан ...” гэж нэхэмжлэлийн эс зөвшөөрч маргасан байна.

4. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “И- ББСБ” ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын 649.946.663.78 төгрөгийн ногдолтой, 449.768.062.60 төгрөгийн хасагдах зардалтай татварын тайланг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст цахимаар илгээж, албан татварыг хөнгөлөн буцаан авахаар тооцсон дүнг 15.316.072.31 төгрөгөөр тайлагнаж, мөн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөнгөлөлтийг буцаан олгуулахаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүсэлт гаргасан байх боловч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/605 дугаар “Тайлан буцаах тухай” албан бичгээр “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн “13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:, 13.1.4. доор дурдсан бараа ажил үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдөж байгаа тул тайланг хүлээн авах боломжгүй” гэж хариу хүргүүлсэн байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”,107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “И- ББСБ” ХХК-ийн  “... татварын алба тайланг хүлээж аваад “дахин давтагдашгүй төлбөрийн баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдсөн” гэж тайланг хүлээж авахгүй буцаасан нь хууль бус, тайланд зөрүү илэрсэн бол залруулахыг шаардах эрхтэй байхад  энэ талаар биш Зөрчлийн хуулиар шийдвэрлэгдэх дахин давтагдашгүй төлбөрийн баримтаар баталгаажаагүй гэсэн үндэслэлээр татварын тайланг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь хууль бус” гэж маргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, хариуцагчаас ийнхүү татварын тайланг хүлээж авахаас татгалзаж буцаах болсон  шалтгаан үндэслэл нь хууль ёсны эсэх, ямар баримтаар хэрхэн тогтоогдсон эсэхэд хамаарал бүхий ач холбогдолтой баримт нотолгоог хэрэгт цуглуулж тэдгээрт тулгуурлан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

8. Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ” гэж заасан байх тул уг хуулийн зүйл заалтад заасан үндэслэлийн хүрээнд татварын алба татвар төлөгчийн тайланд хянан боловсруулалт хийх боломжтой байна.

Харин татвар төлөгчийн тухайд мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдөрт багтааж татварын албаны шаардсан зөрүүг арилгаж, тайланг тушаах үүрэгтэй, ийнхүү зөрүүг арилгаж дахин илгээсэн тайланг татварын алба хүлээн авах үүрэгтэй байхаас гадна татвар төлөгчөөс татварын албаны шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл тайлбараа цахимаар болон бичгээр гаргаж мөн 3 өдөрт багтаан татваны албанд ирүүлэх үүрэгтэй харин шаардсан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхээр байх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудлаар татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болох талаар мөн хуулийн  30 дугаар зүйлийн 30.3, 30.4, 30.5, 30.6, 30.7, 30.8-д зааж хуульчилжээ.

9. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч  “И- ББСБ” ХХК-ийн тайланг хүлээж аваад “... зардал нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдсөн” гэсэн үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж хариу хүргүүлсэн үйл баримттай холбогдуулан хариуцагчийн энэхүү үйлдэл нь дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.2.6-д “татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх”, 30.2.8-д “тайланд тусгасан татварын тооцооны үлдэгдэл болон тухайн тайлангийн хугацаанд төлсөн татварын дүн татварын албаны бүртгэлтэй тохирч байгаа эсэх”, 30.2.9-д “тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх” гэж заасан аль үндэслэлийн дагуу тайланг хүлээн авахаас татгалзаж буцаасныг тодруулж, ийнхүү буцаасан нь хууль ёсны эсэх, үндэслэлтэй эсэх, шалтгаан үндэслэл нь хэрхэн ямар баримтаар тогтоогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх байжээ.

 

 Өөрөөр хэлбэл, татварын алба нэхэмжлэгч “И- ББСБ” ХХК-ийн тайланг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно” гэж заасантай нийцсэн эсэх, өөрөөр хэлбэл, татварын тайлангийн мэдээлэл зөрүүтэй гэж үзсэн эсэх, анхан шатны болон бусад холбогдох баримт шаардсан эсэх, тайлангийн дүн хоорондын үзүүлэлтийн дүн, хавсаргасан баримт, мэдээллийн дүнтэй тохироогүй гэж үзсэн эсэх, эсхүл тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх тухайд хянан боловсруулалт хийгдсэний улмаас тайланг засварлуулахаар буцаасан эсэх, ийнхүү буцаасан нь үндэслэлтэй, хууль ёсны эсэхэд дүгнэлт хийх байжээ.

10. Гэтэл анхан шатны шүүх “... залруулсан тайланг тушаах үүргээ биелүүлээгүй байхад татварын байгууллага тайланг хүлээн авах, татварын хөнгөлөлттэй холбоотой аливаа шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй ... тайланг хууль зүйн үндэслэл дурдаж буцаасан нь тогтоогддог ... буцаасан тохиолдолд тайланг залруулан дахин илгээх бодит боломж татвар төлөгчид байсан талаар тайлбарлаж өгсөн ... тайлбар, залруулгын алийг нь ч хийхээр хүсэлт гаргаагүй, ... тайланг залруулан тушаагаагүйтэй холбоотой асуудалд тайланг хүлээн авахаас татгалзсан гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй ...” гэж хэргийн оролцогчдын маргаж буй “тайланг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь үндэслэлтэй эсэх”-д дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. 

11. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хариуцагчаас нэхэмжлэгчид тайланг нь хүлээн авах боломжгүй гэж хариу хүргүүлсэн нь тайланг хүлээн авахаас татгалзаж буцааж байгаа хэлбэр мөн эсэх, үндэслэлтэй эсэх, эсхүл тайлангийн зөрүү арилгахыг шаардсан эсэх, зөрүү байсан эсэх, татварын албаны шаардлага үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх байтал энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. 

12. Анхан шатны шүүх “... Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойг ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна” гэж заасны дагуу залруулсан тайланг тушаах үүргээ биелүүлээгүй байхад татварын байгууллага тайланг хүлээн авах, татварын хөнгөлөлттэй холбоотой аливаа шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй ...” гэж нэхэмжлэгч “И- ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын тайланг зөрүүтэй гэж үзсэн хариуцагчийн татгалзлыг зөв гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байх боловч энэхүү зөв гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүх хэргийн үйл баримтыг тодруулж маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

13. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү алдааг нөхөн засаж маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ