Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Д.С-

Нэхэмжлэгч: Д.С-

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч А.Баттүшиг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх”,

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 126/2023/0467/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчид холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Хэрэгт авагдсан нотлох баримт болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчин Коронавируст халдвар /ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаа дууссан нэрийдлээр төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн байхад хууль тогтоомж, дүрэм зөрчиж шийдвэрээ гаргасан байна. Шүүгч 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар “Коронавируст халдвар /ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэж томилогдсон байна. Уг хуулийн үйлчлэлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэж заасны дагуу дээрх хуулийн үйлчлэх хугацаанд сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрхийг олгосон байна” гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл болон 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангасан мөн хуулийн 6.1.2-т заасан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч гэдгийг огт харгалзаж үзэлгүйгээр Коронавируст халдвар /ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэж томилогдсон байна гэж нэг талыг баримтлан шийдвэр гаргасан байна.

2.2 Миний бие төрийн албанд 24 жил ажилласан бөгөөд төрийн захиргааны албаны дэс түшмэлд 15 жил, төрийн захиргааны удирдлагаар 6 жил ажилласан иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байхад дэс түшмэлээр ажиллаж байсан, Төрийн албаны тухай хууль, журамд заасан шаардлагыг ханган, шилжиж ажилласан байдал болон Ковид-19 гээд улс орон даяар сонгон шалгаруулалтыг хориглосон нөхцөл байдал зэргийг үл харгалзан эрх мэдэлт албан тушаалтны талд шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2.3 Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар хуралдааны тогтоолоор Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ... “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх” үүрэг чиглэлийг өгч байсан бөгөөд аймгийн Төрийн албаны салбар зөвлөл сумдын Иргэдийн хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга, Засаг дарга, засаг даргын Тамгын газрын дарга, агентлаг байгууллагын дарга нарт хандсан бичиг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13/07 дугаартай албан бичгийн дагуу болон Төрийн албаны зөвлөлөөс гаргасан мэдэгдлийн дагуу чөлөөлсөн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан хууль зөрчөөгүй шүүх шийдвэр гаргасанд хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.4 Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дах хэсэгт  “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, төрийн жинхэнэ хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 5.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг шилжүүлж сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хариуцна гэх мэт хууль тогтоомж зөрчин гаргасан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дугаар сарын 31 өдрийн Б/06 захирамжийг хүчингүйг болохыг тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарыг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангуулж Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт бүрэн дүүрэн хийгээгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудад зөрүүтэй дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдох маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар “ Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэн төрийн албан тушаалд томилогдсон албан хаагчийг чөлөөлж Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах тухай Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийн дагуу Төрийн албаны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13/07 дугаар албан бичиг ирсэн ба Захирагчийн ажлын албаны даргыг томилох үед цар тахлын улмаас сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан тул улсын бүртгэгч Дулмаагийн С-ыг улсын бүртгэлийн ерөнхий газрын даргатай зөвшилцөн Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс шилжүүлэн томилсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага шаардсан тул Захирагчийн ажлын албаны дарга Д.С-ыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэсэн байна.

3.2. Нэхэмжлэгчээс “... Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын дагуу шилжин ажилласан, ... Захиргааны ерөнхий хууль тогтоомж зөрчиж сонсох ажиллагаа хийлгүй, эзгүй хойгуур ковидын хуулийн үйлчлэл дууссан нэрийдлээр шийдвэр гаргасан, ... сонгон шалгаруулалт зарлагдах хүртэлх хугацаанд ажиллуулах байсан ...цалин хөлсгүй хохирсон ...” гэж маргажээ.

3.3. Хариуцагчаас “... Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс ковид-19 цар тахлын үед ерөнхий болон тусгай сонгон шалгаруулалтгүй томилсон албан тушаалтнуудыг чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай хугацаатай албан бичиг ирүүлсний дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ...” гэж тайлбарлан маргаж байна.

3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/482, 1/484 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/502 дугаар албан бичгүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус хандан “... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын дагуу шилжүүлэх” хүсэлтийг хүргүүлж, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д.С-ыг шилжүүлэх тухай” Б/250 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Хатгал тосгоны улсын бүртгэгч Дулмаагийн С-ын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд шилжүүлж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/14 дүгээр “Дулмаа овогтой С-ыг ажилд томилох тухай” тушаалаар Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилсон болох нь тогтоогдож байна.

3.5. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анх Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасанд хамаарах эсэх, нэхэмжлэлийн “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд тус актад “Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон” гэж хариуцагч ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхойлсон байх тул Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусгавар болох нь төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу шилжиж ажилласан албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах үндэслэл болох эсэх, шилжүүлэн ажиллуулсан албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан эсэх, нэхэмжлэгчээс буцаж уг албан тушаалд томилуулахаар маргаагүй харин цалин хөлс гаргуулахаар шаардаж, өөр ажилд томилогдсон гэж тайлбарлаж байх тул цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон шимтгэл төлүүлэх шаардлагыг  хэзээнээс тооцож, хэрхэн хангуулахаар маргаж байгааг тодруулж, эдгээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийх байжээ.

3.6. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... сонгон шалгаруулалт зарлах хүртэл ажиллуулах байсан” гэж маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагчаас “ ковид-19 цар тахлын үед ерөнхий болон тусгай сонгон шалгаруулалтгүй томилсон албан тушаалтнуудыг чөлөөлж төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай хугацаатай албан бичиг ирүүлсэн” гэж тайлбарлаж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн тус захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдах хүртэлх хугацаагаар үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан эсэх талаар тодруулалгүй, дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан байна

3.7. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ