Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00570

 

М.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02050 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2429 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Э-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч “К банк” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, Н.Борхүү, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие К банкны Дархан дахь салбарын захирлаар томилогдож, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Дархан салбарын хувьд 2015, 2016, 2017, 2018 онуудад эх үүсвэрээ тогтмол нэмэгдүүлж ажилласан бөгөөд 2015, 2016, 2017, 2018 онуудад хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийг бууруулан 2017 онд К банкны хэмжээнд хамгийн өндөр дүнгээр чанаргүй зээл авлагаа барагдуулсан нэгж болж байсан.

Гэтэл Дархан салбарын ахлах теллер Е.Мөнхболор, Хээтэй хороолол тооцооны төвийн ахлах теллер Б.Баярхишиг нар нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед банкны харилцагчдын мэдээллийг хувийн зорилгоор ашиглахаар ажлын компьютерээс татаж авч, мөн албаны мэйлээр гадагш явуулсан тухай төв банкнаас мэдэгдэж тухайн 2 ажилтанг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч банкинд ямар хэмжээний бодит хохирол учирсан нь тодорхой бус гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд надад энэ талаар банкны зүгээс ерөөсөө мэдэгдэж байгаагүй, шүүх дээр ирээд надад 3 удаа сахилгын шийтгэл оногдуулж байсан гэх 3 тушаалтай танилцаж байна. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дээрх 2 ажилтанд хяналт тавьж ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан тухай дотоод мэйлээр мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн хууль болон банкны дотоод журмыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байхад шууд намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний ажлын хариуцлагатай ямар нэгэн байдлаар холбоогүй, банкны 2 ажилтнуудын хийсэн үйлдэлд намайг буруутгаж байна гэж үзэж байна.

Иймд К банкны Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... М.Э-ы хувьд ээлжийн амралттай байгаа ажилтныг дуудан ирүүлж ажиллуулсан. Харьяалах нэгжийн ахлах теллер нь чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Чингис хаан банкны харилцагчийн менежерээр ажилд орсон байсан бөгөөд үүнийг нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн гэж тайлбарыг өгдөг хэрнээ хүний нөөцийн газарт мэдэгдээгүйн улмаас Б.Баярхишиг нь ажлын бус цагаар теллер Е.Мөнхболорын компьютерээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн оройны 20 цаг 41 минутад К банкны 2173 харилцагчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, 900 орчим зээлдэгчийн зээлийн тухай мэдээллийг Ехсеl файл хэлбэрээр [email protected] хаягаар өрсөлдөгч банкруу илгээсэн байдаг.

Үүний дагуу банк тухайн 2 ажилтныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд энэ 2 ажилтанд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байдаг.

... Нэхэмжлэгч М.Э- нь ажиллаж байх хугацаандаа салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь сүүлийн нэг жилийн хугацаанд түүнд ногдуулж байсан сахилгын шийтгэлүүдээс харагдаж байна.

Үүнд: 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын 438 тоот тушаалаар өдөр тутмын шат дараалсан хяналт, шалгалтыг хийгээгүй, гарсан зөрчил дутагдлыг тухай бүр нь арилгах арга хэмжээ авч ажиллаагүй гэж сануулах сахилгын шийтгэл,

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын 541 тоот тушаалаар нэгжийн зээлийн багцын чанарыг зохих түвшинд удирдан зээлийн мэргэжилтнээ мэргэжлийн зөвлөгөө зааварчилгаагаар хангаагүй, зээл төлүүлэх төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтсон хугацаанд хангаагүй хөдөлмөрийн контракт, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул сануулах сахилгын шийтгэл,

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 тоот тушаалаар ажлын цагийг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. Нэхэмжлэгч М.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн дотоод журам, сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу тушаал гаргасан бөгөөд банкны зүгээс холбогдох шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс дахин ийм төрлийн алдаа дахин давтан гаргасаар байсан тул ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авсан.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлын М.Э-ыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02050 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Э-г урьд эрхэлж байсан ажил буюу К банк ХХК-ийн Дархан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 3 471 975 төгрөгийг хариуцагч К банк ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар цалинтай тэнцэх хэмжээний олговор 3 471 975 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч М.Э-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч К банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч К банк ХХК-иас 70 502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2429 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч К банк ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч М.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч К банк ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 501 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... 2429 дугаартай магадлалын хянавал хэсгийн 6 дугаар талд “Нэхэмжлэгч М.Э-ы захирлаар нь ажиллаж байсан салбарын ахлах теллер байсан Б.Баярхишиг, Е.Мөнхболор нарын үйл ажиллагаанаас хэрэглэгчдийн мэдээлэл алдагдах нөхцөл байдал бүрдсэн болох нь тогтоогдсон тул энэ нь өөрөө хөдөлмөрийн дотоод журамдаа заасан сахилгын ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзнэ. Иймд ажил олгогчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай №33 тогтоолын 15.4.2-т заасны дагуу ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд урьдчилан тохиролцохыг шаардаж байна.

... давж заалдах шатны шүүх талууд Хөдөлмөрийн контрактаар ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тохиролцсон эсэхийг нягтлаагүй, харин нэхэмжлэгчид танилцуулаагүй Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 дугаартай тушаалын 1-р хэсэгт ... “2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай." гэж заасан нь тухайн тушаал нь хөдөлмөрийг гэрээг цуцлаад байгаа тушаал мэтээр ойлгогдож байх ба талууд Хөдөлмөрийн контракт байгуулснаар өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байх учиртай.

Хэрэв контрактыг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7. контрактад заасан үндэслэл буй болсон., мөн талууд контрактыг цуцлах нөхцөлийг хэрхэн тохиролцсон.

... Хариуцагчаас гаргасан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 тоот тушаал нь талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Хөдөлмөрийн контрактын 9 дүгээр зүйлд заасан цуцлах нөхцөлийг баримтлаагүй, үндэслэх хэсэгт ямар дүрэм журамд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тодорхойлсон зүйл заалтыг тусгаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа мэт агуулгатай зэрэг хэлбэрийн болон агуулгын хувьд зөрчилтэй тушаал болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

... К банк 2016 онд батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг надад танилцуулаагүй ба танилцуулсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Хэрэв тухайн дотоод журмыг надад танилцуулсан бол ажлаас чөлөөлөх тушаалд тусгах байсан ба ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэгт К банкны Хөдөлмөрийн дотоод журмын 12.10.3 дахь заалт тусгагдаагүй болно.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2429 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч М.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “К банк” ХХК-ийн Дархан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг шаардсан байна.

Хариуцагч “К банк” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч,  М.Э- үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлдэг, сахилгын шийтгэл удаа дараа хүлээж байсан, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч М.Э- нь “К банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б\425 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар Дархан салбарын захирлын ажлаас чөлөөлөгдсөн байна. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журам, Сахилгын шийтгэл ногдуулах журам, хөдөлмөрийн контрактын тодорхой зүйл заалтыг үндэслэсэн байна.

“К банк” ХХК-ийн Дархан салбарын ахлах теллер Е.Мөнхболор, Б.Баярхишиг нар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр санхүүгийн тайлан гаргаж байхдаа банкны мэдээллийн сангаас 2 173 харилцагчийн мэдээллийг Чингис хаан банкинд цахим шуудангаар илгээж, банкны мэдээллийн нууцыг алдагдуулсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч М.Э- нь салбарын захирлын хувьд өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудад хяналт тавьж ажиллаагүй, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилд орж буй ажилтныг мэдсээр байж амралтын өдөр ажиллуулан тайлан гаргуулсан үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийжээ.

“К банк” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 12.10.3.-т “газар, салбар нэгжийн захирал нь өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүйн улмаас банкны болон харилцагчийн мэдээлэл алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн, банкны нууцад хамаарах мэдээ, мэдээллийг ажилтан нь зөвшөөрөлгүй олж авсан, хувийн зорилгоор ашигласан” бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч М.Э-ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2429 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН