Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, М.Э /РД:/-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, , К.Б ХХК /РД:/-д холбогдох

 

Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие К.Бны Дархан дахь салбарын захирлаар томилогдож 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

 

Миний бие Дархан салбарын захирлаар ажиллах хугацаандаа тус банкны дотоод журмыг баримтлан үүрэгт ажлаа зохих ёсоор нь гүйцэтгэж байсан бөгөөд 2015 оны Дархан-Уул аймаг дахь Арилжааны банкнуудын шилдэг захирал болж байсан. Дархан салбарын хувьд 2015, 2016, 2017, 2018 онуудад эх үүсвэрээ тогтмол нэмэгдүүлж ажилласан бөгөөд 2015, 2016, 2017, 2018 онуудад хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийг бууруулан 2017 онд К.Бны хэмжээнд хамгийн өндөр дүнгээр чанаргүй зээл авлагаа барагдуулсан нэгж болж байсан.

 

Гэтэл Дархан салбарын ахлах теллер Е.Мөнхболор, Хээтэй хороолол тооцооны төвийн ахлах теллер Б.Баярхишиг нар нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед банкны харилцагчдын мэдээллийг хувийн зорилгоор ашиглах зорилгоор ажлын компьютероос татаж авч, мөн албаны мэйлээр гадагш явуулсан тухай төв банкнаас мэдэгдэж тухайн 2 ажилтанг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч банканд ямар хэмжээний бодит хохирол учирсан нь тодорхой бус гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болсон.

 

Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд надад энэ талаар банкны зүгээс ерөөсөө мэдэгдэж байгаагүй, шүүх дээр ирээд надад 3 удаа сахилгын шийтгэл оногдуулж байсан гэх 3 тушаалтай танилцаж байна. Хэрвээ энэ тушаалуудыг нь цаг тухайд нь гомдол гаргах байсан. Банкны зүгээс эдгээр тушаалуудыг нөхөн гаргасан байх гэж бодож байна.

 

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дээрхи 2 ажилтанд хяналт тавьж ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан тухай дотоод мэйлээр мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Дээрх 2 ажилтны гаргасан үйлдлийг хууль хяналтын байгууллага шалган гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.

 

К.Бны гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 тоот тушаалыг би Хөдөлмөрийн хууль болон банкны дотоод журмыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байхад шууд намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний ажлын хариуцлагатай ямар нэгэн байдлаар холбоогүй, банкны 2 ажилтнуудын хийсэн үйлдэлд намайг буруутгаж байна гэж үзэж байна.

 

Иймд учраас К.Бны Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч К.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байсан М.Эг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Б/425 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

 

М.Эы хувьд ээлжийн амралттай байгаа ажилтныг дуудан ирүүлж ажиллуулсан. Харьяалах нэгжийн ахлах теллер нь чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Чингис хаан банкны харилцагчийн менежерээр ажилд орсон байсан бөгөөд үүнийг нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн гэж тайлбарыг өгдөг хэрнээ хүний нөөцийн газарт мэдэгдээгүй улмаас Б.Баярхишиг нь ажлын бус цагаар теллер Е.Мөнхболорын компьютероос 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн оройны 20 цаг 41 минутад К.Бны 2173 харилцагчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, 900 орчим зээлдэгчийн зээлийн тухай мэдээллийг Ехсеl файл хэлбэрээр [email protected] хаягаар өрсөлдөгч банкруу илгээсэн байдаг.

 

Үүний дагуу банк тухайн 2 ажилтныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд энэ 2 ажилтандЗзөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Банкны салбар нь бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ нь харилцагчдын итгэл дээр суурилсан үйлчилгээ байдгаараа бусад салбарыг бодоход илүү эмзэг салбар байдаг бөгөөд үүнийг удирдан ажиллаж буй салбарын захиралын хувьд маш ноцтой алдаа гаргаж дээрх нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн байдаг.

 

Нэхэмжлэгч М.Э нь ажиллаж байх хугацаандаа салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь сүүлийн нэг жилийн хугацаанд түүнд ногдуулж байсан сахилгын шийтгэлүүдээс харагдаж байна. Үүнд:

 

2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Гүйцэтгэх захирлын 438 тоот тушаалаар өдөр тутмын шат дараалсан хяналт, шалгалтыг хийгээгүй, гарсан зөрчил дутагдлыг тухай бүр нь арилгах арга хэмжээ авч ажиллаагүй гэж сануулах сахилгын шийтгэл,

 

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын 541 тоот тушаалаар нэгжийн зээлийн багцын чанарыг зохих түвшинд удирдан зээлийн мэргэжилтнээ мэргэжлийн зөвлөгөө зааварчилгаагаар хангаагүй, зээл төлүүлэх төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтсон хугацаанд хангаагүй хөдөлмөрийн контракт, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул сануулах сахилгын шийтгэл,

 

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 тоот тушаалаар ажлын цагийг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан.

 

Нэхэмжлэгч М.Эыг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн дотоод журам, сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу тушаал гаргасан бөгөөд банкны зүгээс холбогдох шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс дахин ийм төрлийн алдаа дахин давтан гаргасаар байсан тул ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авсан.

 

Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлын М.Эыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч К.Б ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын давтан болон ноцтой зөрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч М.Э нь К.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 тоот Ажилд томилох тухай тушаалаар тус банкны Дархан салбарын захирлын үүрэгт ажилд түр томилогдож 6 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 591 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдож, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байгаад Дархан салбарын захирлын үүрэгт ажилд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн контрактыг 3 жилийн хугацаатай байгуулсан байна. /хх-ийн 4, 5, 12-14, 17-18, 19-22 х/

 

 

 

К.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.30, 12 дугаар зүйлийн 12.10.2, 12.10.3, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.2.1, 9.2.2, Хөдөлмөрийн контрактын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон М.Эыг К.Б ХХК-ийн Дархан салбарын захирлын үүрэгт ажлаас тушаалаас чөлөөлжээ. /хх-ийн 6 х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана гэж заасны дагуу М.Э нь К.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд гомдлоо 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулдаг ба контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд гэдэгт Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд заасан өмчийн бүх төрөл, хэлбэрийн хуулийн этгээд, байгууллага, тэдгээрийн төлөөлөгч хамаарах боловч мөн зүйлийн 22.2-т заасан контракт байгуулж, иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалт нь төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд, байгууллага, төрийн бус байгууллагад хамааралтай ба өмчийн бусад төрлийн хуулийн этгээд, байгууллагын хувьд энэ жагсаалтад ороогүй байдал нь контракт байгуулахад саад болохгүй юм.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзвэл зохигч талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн контрактын гэрээ нь бичгээр хийх хуулийн шаардлага хангасан, гэрээний үргэлжлэх хугацаа болон ямар ажил албан тушаалд ажиллуулахыг тохирсон, ажилтанд олгох хангамж хөнгөлөлт, нэмэгдэл ахуй хангамж, урамшуулал бусад нөхцөлийн талаар хавсралтаар тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан контрактын гэрээнд тавигдах шаардлагыг хангасан байна.

 

Ажилтны өндөр ур чадвар мэргэшсэн байдлыг ашигласны төлөө түүнд ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгох, автомашин унах зэргээр тухайн байгууллагын бусад ажилтнаас илүү өргөн нөхцөл тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан контрактын гэрээний харилцаа үүссэнийг нотолж байна.

 

 

 

Хариуцагч нь ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа ...Дархан салбарын захирал М.Э нь ээлжийн амралттай байгаа ажилтныг дуудан ирүүлж ажиллуулсан мөн харьяалах нэгжийн ахлах теллер нь чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилд орсныг мэдсэн атлаа холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ аваагүй, эдгээр ажилтнуудыг ажлын бус цагаар ажиллуулсаны улмаас банкны харилцагчийн нууц мэдээлэл алдагдах нөхцөл байдалд хүргэсэн бөгөөд нэгжийн дотоодод шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй зөрчлийг давтан гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.30, 12 дугаар зүйлийн 12.10.2, 12.10.3, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.2.1, 9.2.2, Хөдөлмөрийн контрактын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн учраас К.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 дугаар тушаал хуульд нийцсэн гэж маргаж байна.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл: ээлжийн амралттай байгаа ажилтныг дуудан ирүүлж ажиллуулсан, харьяалах нэгжийн ахлах теллер нь чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилд орсныг мэдсэн атлаа холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ аваагүй, эдгээр ажилтнуудыг ажлын бус цагаар ажиллуулсаны улмаас банкны харилцагчийн нууц мэдээлэл алдагдах нөхцөл байдалд хүргэсэн бөгөөд нэгжийн дотоодод шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй зөрчлийг давтан гаргасан.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.30-д гүйцэтгэх захирал тушаал гаргана, 12 дугаар зүйлийн 12.10.2-т цалин болон албан тушаал бууруулах, сануулах сахилгын шийтгэлтэй ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан сахилгын зөрчил гаргасан, 12.10.3-т газар салбар нэгжийн захирал нь өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүйн улмаас банкны болон харилцагчийн мэдээлэл алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн, банкны нууцад хамаарах мэдээ, мэдээллийг ажилтан нь зөвшөөрөлгүй олж авсан, хувийн зорилгоор ашигласан, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.2.1-д Цалин болон албан тушаал бууруулах сахилгын шийтгэлтэй ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа энэ журмын 7.2, 8.2, 9.2-т заасан сахилгын зөрчил гаргасан, 9.2.2-т удирдах буюу хяналт тавих эрх бүхий албан тушаалтан нь уг журмын 8.2.8-д заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй бол, Хөдөлмөрийн контрактын 5 дугаар зүйлийн 5.1-д салбарын захирал хариуцсан салбар, харьяа нэгжийн захирал, ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг банкны дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Удирдлагын хорооны үйл ажиллагааны журам, газрын болон салбарын үйл ажиллагааны журам, ажлын байрны тодорхойлолт, холбогдох бусад дүрэм журам, заавар, стандарт, тогтоосон хэм хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулна, 5.2-д салбар нэгжийн захирал 5.1-д заасан дүрэм, журам, зааврыг уншиж судлан удирдлагын тогтолцоо, тайлагнах зарчим, эрх үүрэг, хариуцлага, хориглох зүйлсийн талаар бүрэн мэдээлэл, ойлголтыг авч мөрдлөг болгон ажиллана, 7 дугаар зүйлийн 7.2-т салбар нэгжийн захирал гэрээгээр хүлээсэн салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг гүйцэтгэх захирлын орлогч болон газрын захирлын өмнө биечлэн хариуцна, 7.3-т салбар нэгжийн захирлын хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн баталсан дүрэм, гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр холбогдох бусад журам, заавар газар нэгжийн үйл ажиллагааны журам, ажлын байрны тодорхойлолт, энэ гэрээ болон банкны Хөдөлмөрийн дотоод журмын дагуу зохицуулж шийдвэрлэнэ, 8 дугаар зүйлийн 8.3-т салбар нэгжийн захирал салбар түүний харьяа нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг зөв зохистой удирдаж ажиллаагүй, хяналт шалгалтыг хангалтгүй хэрэгжүүлсэн, түүний гэм буруутай үйл ажиллагааны улмаас ... эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах хэлбэрээр банканд эд хөрөнгийн хохирол учруулсан, хяналтыг зохих хэмжээнд тавиагүйгээс банкны эд хөрөнгө бусдад ашиглагдсан, үрэгдсэн, учирсан хохирлыг цаг тухайд нь барагдуулах арга хэмжээ аваагүйгээс үр дүн гараагүй, гарах боломжийг алдсан бол өөрийн хувь хөрөнгөөр хариуцлагыг хүлээж төлбөрийг барагдуулна. Ноцтой тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөлд талуудын хоорондох хөдөлмөрийн харилцаа шууд дуусгавар болохоор зохицуулсан байдаг.

 

Хариуцагч нь М.Эд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 438 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 541 тоот, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар 2 удаа сануулах, 1 удаа үндсэн цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авагдсан учраас ажил олгогчийн санаачлагаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн контрактыг цуцлах нэг үндэслэл болсон гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг мэдээгүй, надад гардуулж өгөөгүй, хэрвээ мэдэж байсан бол би тухайн үед нь гомдол гаргаад явах байсан, шүүх дээр ирээд л энэ талаар мэдсэн гэж маргасан бол хариуцагч нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.14-т заасны дагуу ажилтан нь лотус нотес програмыг байнга хэрэглэн шинэ мэдээ, мэдээлэлтэй тухай бүр танилцаж байна гэж заасан учраас сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус маргасан.

 

Талуудын хооронд анх 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.14-т лотус нотес програмыг байнга хэрэглэн шинэ мэдээ, мэдээлэлтэй тухай бүр танилцаж байна гэж заасан байх ба 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн контрактыг байгуулснаар 2015 оны 01 дүгээр сарын 15 болон 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр М.Этай байгуулсан өмнөх Хөдөлмөрийн гэрээнүүдийн харилцаа дуусгавар болжээ.

 

 

 

Хариуцагчийн хүсэлтээр К.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын туслахын компьютер дээрх Sainjargal Tserendejid гэсэн нэр бүхий и мейл хаягийн inbox-т үзлэг хийхэд хариуцагчаас үзлэг хийлгэхээр гаргаж өгсөн 2017.09.19 гэсэн огноо бүхий Сахилгын шийтгэл ногдуулах М.Э М.Ганчимэг гэсэн файлыг илгээсэн цаг хугацааны хувьд 9/13/2017, 3 цаг 41 минут гэсэн байх ба уг и мейлийг явуулсан гэх комьпютер дээр үзлэг хийхэд М.Эы хүлээн авсан гэх и мейлийнх нь inbox-ууд нь нээгдээгүй, 9/18/2017 гэсэн огноо зөрүүтэй байх тул 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн сануулах сахилгын шийтгэлийг түүнд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл, 134, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал ба бүрэн хариуцлага хамаарах бөгөөд ажилтан контрактад тусгагдсан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйд гэм буруутай байх нөхцөлийн аль хэлбэрт нь сахилгын ямар шийтгэл ногдуулах болон бусад хариуцлагыг ямар хэмжээгээр хүлээлгэхийг талууд гэрээгээрээ харилцан тохиролцдог.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудын үйл баримтыг нотолсон баримтыг хариуцагч нь нотлох баримтаар гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч М.Эыг ээлжийн амралттай байгаа ажилтныг дуудан ирүүлж ажиллуулсан мөн харьяалах нэгжийн ахлах теллер нь чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилд орсныг мэдсэн атлаа холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ аваагүй, эдгээр ажилтнуудыг ажлын бус цагаар ажиллуулсны улмаас банкны харилцагчийн нууц мэдээлэл алдагдах нөхцөл байдалд хүргэсэн бөгөөд нэгжийн дотоодод шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5/56 тоот Прокурорын мэдэгдэл-ээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 137 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд ...Д.Пүрэвсүрэнгийн бодит хохирол учраагүй байна гэх мэдүүлэг зэргээр Б.Баярхишиг, Е.Мөнхболор нар нь К.Бны 2,173 харилцагчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа 900 орчим зээлдэгчийн зээлийн тухай мэдээллийг задруулж, ашиглах субьектив санаа зорилгогүй, ажил үүргийн хүрээнд тайлан гаргахдаа ажлаа хялбарчлах зорилгоор и мейл хаяг руу илгээсэн мэдээллийг гадагш нь задруулаагүй, харилцагч нарыг урвуулан аваагүй, бодит хор уршиг учраагүй нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй байна... гэсэн байх ба 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5/56 тоот Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай прокурорын мэдэгдэлд ...Дархан салбарын ахлах теллер ажиллаж байсан Е.Мөнхболор, Б.Баярхишиг нар нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр санхүүгийн тайлан гаргаж байхдаа тус банкны мэдээллийн санд байсан 2,173 харилцагчийн мэдээллийг Чингис хаан банкны [email protected] и мейл хаяг руу илгээсэн үйлдлийн улмаас банкны мэдээллийн нууцлал алдагдаж, банкинд болон харилцагч нарт хохирол, хор уршиг учруулж болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн байна... гэжээ.

 

Тус банкны Дархан салбарын ахлах теллерээр ажиллаж байсан Б.Баярхишиг, Е.Мөнхболор нар нь Зөрчлийн тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус бүр 300,000 төгрөгөөр торгуулсан болох нь хэрэгт авагдсан 0017550, 0017551 тоот Зөрчилд шийтгэл ногдуулах тухай хуудсаар тогтоогдож байгаа хэдий ч дээрх үйлдэл нь М.Эы зөвшөөрөл буюу гарын үсэгтэйгээр харилцагчийн нууц мэдээлэл алдагдах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл К.Б ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.10.2, 12.10.3, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.2.1, 9.2.2-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг тодорхойлсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээ болон контрактаар хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байдаг.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээндээ нэрлэн заасан байх ёстой бөгөөд ажил олгогчоос гаргасан дүрэм, журамд тусгагдсан ажлын байрны тогтоосон горим журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээ болон контракттай адилтган үзэх боломжгүй юм.

 

Мөн ажилтны ажлаас хоцрох, таслах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд түүний цалингаас тодорхой мөнгөн дүнгээр хасалт хийж, ажилтны ажилласан хугацаанд нь тохирсон цалин хөлсийг олгох нь ажил олгогчийн эрх бөгөөд нэхэмжлэгч М.Эы ажил тасалсан гэх зөрчлийн хувьд хариуцагчаас 1, 2, 3 дугаар саруудын сарын эцсийн цалингийн мэдээлэл, цалингийн тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

Цалингийн тодорхойлолтоор нэхэмжлэгч нь сарын 1,300,000 төгрөгийн цалинтай байх 2018 оны 02, 03 дугаар саруудын цалингийн мэдээлэл гэх баримтат М.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/114 тоот тушаалын дагуу 2018.02.20-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд үндсэн цалингаас 20 хувь суутгав гэж бичсэн байх ба энэхүү хугацаанд 1,040,000 төгрөг авч байсан болох нь Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн цалин бууруулах сахилгын шийтгэлийг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд оногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн контрактын 9 дүгээр зүйлээр гэрээ цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байх ба хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд нь энэхүү контрактын аль ч заалтад хамаарахгүй байна.

 

Иймд М.Эыг К.Б ХХК-ийн Дархан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу М.Эы ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,148,429 төгрөг /3,445,287 : 3 сар = 1,148,429/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 53,415 /1,148,429 : 21.5 хоног = 53,415/ төгрөг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу 2018 оны 4, 5, 6 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно , мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан учраас М.Эы ажлаа хүлээлгэж өгсөн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны буюу ажлын 65 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,471,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч К.Б ХХК-д цалинтай тэнцэх хэмжээний олговор 3,471,975 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч М.Эы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Эг урьд эрхэлж байсан ажил буюу К.Б ХХК-ийн Дархан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 3,471,975 төгрөгийг хариуцагч К.Б ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Эд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар цалинтай тэнцэх хэмжээний олговор 3,471,975 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч М.Эы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч К.Б ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч К.Б ХХК-иас 70,502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Х.ДАШДЭЧМАА