Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 391

 

О.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ч.Алтансүх,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлээр О.Од холбогдох эрүүгийн 1806004390269 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О.О нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын орчим, эхнэртэй маргалдаж, доромжиллоо гэх шалтгаанаар И.Алтантулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Галзад овогт Очирын О.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.О нь торгох ялыг 3 /гурав/ хоногийн дотор төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.О нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, О.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “шүүх” гэж ... хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг” хэлнэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж тус тус заажээ. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг 3 /гурав/ хоногийн дотор төлөхөөр тогтоон, улмаар О.Огээр торгуулийн ялыг төлүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэснээр шүүх дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд анхан шатны шүүхийн шийдвэр нь “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц, давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан” тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохоор, мөн хуулийн 37.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн” шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр тус тус хуульчилжээ. О.О нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр торгуулийн ялыг төлснөөс үзвэл анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болоогүй байхад гүйцэтгэсэн эсэх, эсхүл уншиж сонсгосноос хойш буюу шүүхийн тогтоосон хугацаа хэтрүүлсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байх бөгөөд дээрх байдлаас дүгнэлт хийхэд О.Ог ял эдэлсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...ял шийтгэгдэж байгаагүй С.Пүрэвсүрэн даргалж...” гэж бичсэн, тодорхойлох хэсэгт хохирогч И.Алтантулгын нэрийг И.Алтанхуяг гэж өөрөөр бичсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх О.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан бол шүүх энэ асуудлыг хянан хэлэлцэж, хэрвээ залруулга хийх шаардлагатай гэж үзвэл шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн хэргийн хувьд захирамжаар, шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн хэргийн хувьд шүүхийн тогтоолоор шийтгэх тогтоолд залруулга хийнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэрийг залруулах зохицуулалтаас үзэхэд шүүхийн шийдвэрт залруулга хийж, дахин шийтгэх тогтоол гаргахаар хуульчлаагүй байна гэж үзлээ.

 

Гэтэл анхан шатны шүүх О.Огийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасны дараа уг шийтгэх тогтоолд залруулга хийж, дахин шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хоёр өөр процесс ажиллагаанаас тус тус шийтгэх тогтоол гаргасан нь шийтгэх тогтоолын агуулга, хуулийн зохицуулалттай зөрчилдөж байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Прокурорын бичсэн эсэргүүцэлд заагаагүй үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.