Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0605

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А

Нэхэмжлэгч: Н.Б-

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн зүгээс аймгийн хүүхдийн больниц барих явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 14 дэх заалтыг болон Иргэний хуулийн 101 дүгээр 1 дэх заалтаар олгосон эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох,

Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтууд, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 1, 8 дахь заалтыг иш үндэс болгон Хүүхдийн больництой одоогийн байдлаар хамтран эзэмшиж, ашиглаж байгаа 100 м урттай, 150 мм голчтой хуванцар шугам хоолойн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэмд заасны дагуу нэгж жишиг үнэлгээний 50 хувийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэдгээр шалтгаалан гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгах”,

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 0021 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр,

Хэргийн индекс: 121/2023/0016/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 0021 дүгээр шийдвэрээр:

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 19 дүгээр зүйлийн 19.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-аас Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст холбогдуулан гаргасан 1. Аймгийн зүгээс Аймгийн хүүхдийн больниц барих явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 14 дэх заалтыг болон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 заалтаар олгосон эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтууд, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 1, 8 дахь заалтыг иш үндэс болгон Хүүхдийн больництой одоогийн байдлаар хамтран эзэмшиж, ашиглаж байгаа 100м урттай, 150 мм-ийн голчтой хуванцар шугам хоолойн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэмд заасны дагуу нэгж жишиг үнэлгээний 50 хувийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэдгээр шалтгаалан гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Анхан шатны шүүх Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Одоо хүүхдийн больниц ашиглаж байгаа бохирын шугам сүлжээ нь нэхэмжлэгчийн өмч болохыг “Онги-Ус” ТӨК болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд оролцсон гэрч нотолсон байдаг. Төрийн захиргааны байгууллага нь өөрийн хууль бус шийдвэрээр иргэний эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлсэнгүй.

2.2 Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс нь Арвайхээр сумын төвд хүүхдийн больниц барихдаа нэхэмжлэгч Н.Б-ын эзэмшлийн газар дахь бохирын шугамыг ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр дайруулан барьсан нь нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд халдаж, төрийн байгууллага иргэнд эзэмшүүлсэн газарт барьж байгуулсан өмчийг дайчлан авах зайлшгүй шаардлага гарсан бол нөхөн төлбөр олгох тухай холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.          

2.3. Нэхэмжлэгч Н.Б- нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 15 дугаар зүйлийн 15.1.10, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хүүхдийн больницын барилгын бохирын шугам хоолойг өөрийн өмчлөлийн бохирын шугамд холбуулахаас татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн бохирын шугамыг төрийн мэдэлд шилжүүлэхдээ хуульд заасан нөхөн төлбөр төлүүлэх, тухайн шугамыг үнэ төлбөргүй ашиглаж хүүхдийн больницоос ашиглалтын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөлгүй, зөвхөн нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасан байна.

Иймд “Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.Б-аас “Аймгийн зүгээс аймгийн хүүхдийн больниц барих явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 14 дэх заалтыг болон Иргэний хуулийн 101 дүгээр 1 дэх заалтаар олгосон эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтууд, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 1, 8 дахь заалтыг иш үндэс болгон Хүүхдийн больництой одоогийн байдлаар хамтран эзэмшиж, ашиглаж байгаа 100 м урттай, 150 мм голчтой хуванцар шугам хоолойн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэмд заасны дагуу нэгж жишиг үнэлгээний 50 хувийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэдгээр шалтгаалан гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.1. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад юуны өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэхийг нягтлан шалгаж, хэрэг хангагдаагүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн  53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасны дагуу хугацаа тогтоож нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах шаардлагатай.

2.2. Нэхэмжлэгчээс Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, . 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3.Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна”, 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн ... Хүүхдийн больництой хамтран эзэмшиж байгаа шугам хоолойн ... нэгж жишиг үнэлгээний 50 хувийг ...  Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэсэн шалтгаанаар гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.3. Хариуцагчаас “... Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд барьж ашиглалтад оруулсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил нь хуульд заасан шаардлага, барилгын стандарт ...ийн хүрээнд хийгдсэн ... И- зочид буудлын бохир ус татан зайлуулах шугам нь нийтийн эзэмшлийн талбайд угсрагдаж БОЭТ-ийн баруун хойд талын бохирын худагт холбогдсон байсан. Тухайн газар 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын суурь таарсан тул бохир усны шугамыг шилжүүлэх шаардлага гарсан тул ханган нийлүүлэгч байгууллага болох “Онги ус суваг” ... үйлдвэрийн газрын 2019 оны 17 дугаар техникийн нөхцөлийн дагуу бохир усны шугамыг баруун зүгт нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн угсарч ашиглалтад оруулсан. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 196 дүгээр зүйлийн 19.1-т “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, ... бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ ... төрийн болон орон нутгийн өмчид байна” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх боломжгүй ... тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэж тайлбарлан маргасан байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Онги Ус суваг” ОНӨҮГ-аас 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаар “Бохир усны шугамд холбох техникийн нөхцөл олгох тухай” албан бичгээр И-ХХК-д “Арвайхээр сумын төвийн зүүн хэсэгт баригдах үйлчилгээний төвийн барилга нь бохир шингэнээ зайлуулахдаа одоо ашиглаж байгаа БГГХӨЭС Албаны бохир шингэн зайлуулдаг Х*3 худагт (ф150 гүн 2 м) холболт хийхийг зөвшөөрч техникийн нөхцөл олгов” гэжээ.

2.5. Нэхэмжлэгч Н.Б- нь “И” ХХК-тай хэрхэн хамааралтай буюу тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа эсэх, эсхүл иргэний хувиар нэхэмжлэл гаргасан эсэх, тус компанийн хөрөнгөөр барьж байгуулсан усны шугамыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 ортой эмнэлгийг барих явцад шилжүүлсэнтэй маргасан эсэх, эсхүл “уг шугамын техникийн нөхцөл олгоход тохирсон хөрөнгийн асуудлыг одоо хүртэл шийдвэрлэхгүй байна” гэж маргаж байгаа эсэх, уг шугам сүлжээний өмчлөгч мөн эсэх, эмнэлгийн байгууллагатай бохирын шугамыг дундаа хамтран өмчлөхөөр маргаж байгаа эсэх, уг шугам сүлжээний зураг төсөл, төсвийн зардлын зохих хувийг өөртөө гаргуулан авахаар маргасан эсэх, эсхүл “Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 ортой эмнэлгийн барилгын бүдүүвч зураг, техникийн нөхцөл”-үүдийг эс зөвшөөрч маргаж байгаа эсэх, эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс бүхэлд нь хариуцах нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс  өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар маргаж байгаа эсэх, хамтран эзэмшиж байгаа гэх шугам хоолойн өмчлөгч мөн эсэх, эсхүл уг шугам хоолойг барьж байгуулсны зардлыг гаргуулахаар маргаж байгаа эсэх, энэ талаар шаардах эрх бүхий этгээд мөн эсэх, “зардал гаргуулах” тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй нь тодорхой бус байхад шүүх “эсэхийг тодруулж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна. 

2.6. Мөн нэхэмжлэгчээс “... өөрийн эзэмшлийн бохирын шугамыг төрийн мэдэлд буюу Хүүхдийн больницын хэрэгцээнд шилжүүлэхдээ хуульд заасан нөхөн төлбөр төлүүлэх, тухайн шугамыг үнэ төлбөргүй ашиглаж Хүүхдийн больницоос ашиглалтын зардал гаргуулах” гэсэн нь захиргааны ямар байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай маргаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

2.7. Ийнхүү нэхэмжлэгчээс бохирын шугамыг шилжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдлийг хууль бус гэж маргасан эсэх, уг шугам түүний өмчлөлийн зүйл мөн эсэх, нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр эрх, хууль ёсны  ашиг сонирхлоо хэрхэн сэргээлгэхээр маргасан нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.” гэж зааснаар захиргааны байгууллагаас хохирол гаргуулахаар маргаж байгаа эсэх, хариуцагчийн ямар хууль бус эс үйлдэхүйтэй маргаж байгаа эсэхийг тодруулсны дараа уг маргааны захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй тохиолдолд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

2.8. Анхан шатны шүүх дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг бүрэн тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээж засах боломжгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ