Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00596

 

Р.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02628 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2470 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Р.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Г- нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Р.У-ээс 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн эргэн төлөх хугацаа дуусч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад хойшлуулсаар байгаад 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах тухай баталгаа бичиг хийж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Л.Г-д шаардлагатай хугацааг олгосоор ирсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй Р.У-ийг хохироож байна. Иймд Л.Г-гээс үндсэн зээлд 5 000 000 төгрөг, алдангид үндсэн зээлийн 50 хувь болох 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч Р.У- Д.Баяржаргалтай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тул уг гэрээнийхээ дагуу 10 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт шаардах эрх нь байгаа. Хэрэв 2017 оны 05 дугаар сарын 08-нд бичсэн хэлцлийн дагуу түүнд мөнгө гаргаж өгсөн тохиолдолд тэрээр Д.Баяржаргалтай байгуулсан гэрээний дагуу дахин мөнгө гаргуулах боломжтой. Сүүлд бичсэн баталгааг дарамтлан бичүүлсэн тул уг хэлцлийн дагуу үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Р.У- нь Д.Баяржаргалтай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч Л.Г- Р.У-ээс зээл аваагүй ба энэ талаараа ч 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан баталгаандаа хамтран зээлдэгчээр ороогүй хэмээн бичсэн. Гэвч Р.У- нь мөнгө төлнө гэж бич, бичихгүй бол залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлж нөхрийн хамт хориулна хэмээн дарамтлаад байсан тул түүний хэлсэн үгийг нь бичсэн. Ийнхүү дарамтад орсны нотолгоо нь доороосоо 5 болон 6 дахь мөрөнд нэг утга бүхий холбоос үгийг давтан бичсэн байдлаас харагдана. Зээлж аваагүй мөнгийг төлөх нь шударга ёсонд нийцэхгүй тул Р.У-тэй байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нэхэмжлэлээр Д.Баяржаргалтай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, Д.Баяржаргалыг хариуцагчаар татаагүй, Л.Г-г хариуцагчаар татсан. Д.Баяржаргалтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг өөр шүүхэд нэхэмжлэл гарган 5 000 000 төгрөгийг төлүүлэхээр болж, үүрэг дуусгавар болсон байна. Л.Г-гийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэл нь Д.Баяржаргалтай байгуулсан гэрээтэй холбоогүй. Өөрөөр хэлбэл, Д.Баяржаргалын авсан гэх 10 000 000 төгрөгөөс гадна Л.Г- 5 000 000 төгрөг авсан тул үүнийг шаардаж байгаа болно. Хариуцагч өөрөө сайн дураар нотариат орж, уг хэлцлийг баталгаажуулж өгсөн. Иймд дарамталж, хүч хэрэглэж хийлгэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02628 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Г-гээс 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.У-т олгож, үлдэх 2 500 000 төгрөгийн шаардлага болон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 183 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2470 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Р.Гүрсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

.... Р.У- болон Д.Баяржаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр уг зээлийн гэрээтэй холбоотойгоор өөр шүүхэд нэхэмжлэл гарган зээлийн гэрээний үүргийг хангуулахаар болсон хэмээн хэлсэн үүнээс үзэхэд уг гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Г-гийн хөнгөн хайхрамжгүй байдлыг ашиглаж өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “баталгаа гаргах нь хэмээх бичгийг” бичүүлж авсан ба үүгээрээ далимдуулж Д.Уранчимэгээс уг зээлсэн мөнгөө авах болсон атлаа нэмж хариуцагчаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Харин Д.Баяржаргал нь Иргэний хуульд заасны дагуу хариуцагч Л.Г-гээс уг зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрх нь нээлттэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. .

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.У- нь хариуцагч Л.Г-гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, үндсэн зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүнд 5 500 000 төгрөг нийт 10 500 000 төгрөг нэхэмжилжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагыг 3 000 000 төгрөгөөр багасгаж, зээлийн хүү биш харин алданги шаардсан гэж нэхэмжлэлийн зарим үндэслэлийг өөрчилсөн байна.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Р.У- нь Д.Баяржаргалтай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, баталгааг дарамтлан бичүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна өрийг хүлээн зөвшөөрсөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн баталгаа бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Р.У- сөрөг шаардлагыг эс зөвшөөрч, Д.Баяржаргалтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, Д.Баяржаргалын зээлийн гэрээний үүргийн талаар өөр шүүхэд нэхэмжлэл гарган 5 000 000 төгрөгийг төлүүлэхээр болж, үүрэг дуусгавар болсон, Л.Г-гийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэл нь Д.Баяржаргалтай байгуулсан гэрээтэй холбоогүй гэж сөрөг нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Р.У- нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Баяржаргалтай зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлүүлж, мөнгийг бэлнээр зээлдэгч Д.Баяржаргал хүлээн авчээ. Хариуцагч Л.Г- 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Р.У-т баталгаа гаргаж өгсөн байх ба энэхүү баталгаагаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Баяржаргалын зээлсэн 10 000 000 төгрөгийг зээлийн гэрээнд зээлдэгчээр ороогүйгээр сүлжээнд оруулахаар авсан талаар дурдаж, 05 дугаар сарын 30-нд 5 000 000 төгрөг, 06 дугаар сарын 30-нд 5 000 000 төгрөгийг хүүтэй нь өгч, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор заажээ.

Хоёр шатны шүүх дээрх баталгааг үндэслэн хариуцагч Л.Г-гээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар 5 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Алдангийн талаарх шаардлагыг шүүх Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл дээрх баталгаа бичгээс өөр баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д заасан зохицуулалтыг үндэслэн уг баталгаа бичгийн алдангийн талаарх заалтыг хүлээн зөвшөөрөөгүй атлаа үндсэн зээлийн талаарх заалтыг гэрээний тохиролцооны адил авч үзсэн нь ойлгомжгүй болжээ. Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байх тухай Иргэний хуулийн зохицуулалт зээлийн гэрээний үндсэн үүргийг тодорхойлох боловч нэмэлт үүргийг тодорхойлохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийн эрх зүйн үндэслэл ойлгомжгүй болжээ. Өрийг хүлээн зөвшөөрсөн баримт буюу баталгааг шүүх нэг талаас үүрэг үүсгэх үндэслэл гэж үзсэн атлаа нөгөө талаас үүрэг үүсгэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.    

Түүнчлэн, зээлийн гэрээ Р.У-, Д.Баяржаргал нарын хооронд байгуулагдсан бөгөөд мөнгийг зээлдэгч Д.Баяржаргал хүлээн авсан болох нь тогтоогдсон, энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал зохигчийн маргааны зүйл биш тохиолдолд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д заасан зохицуулалт тухайн маргаанд хамааралтай эсэх нь тодорхой бус байна.

Хариуцагч Л.Г-гийн баталгаа нь зээлийн гэрээгээр Р.У-ийн өмнө Д.Баяржаргалын хүлээсэн үүргийн тухай бол Л.Г- ийнхүү баталгаа гаргах бүрэн эрхтэй эсэх нь тодорхой бус байна. Л.Г- өөрийн үүргийг хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан гэж үзвэл зээлдэгч Д.Баяржаргалын үүргийг хэрхэх асуудал тодорхой бус үлджээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон баталгаа нь нэг үйл баримт буюу Р.У- болон Д.Баяржаргалын хоорондох зээлийн гэрээний харилцааны талаар заасан гэж үзэхээр байхад нэхэмжлэгч Р.У- нь “Д.Баяржаргалын авсан 10 000 000 төгрөгөөс гадна Л.Г- 5 000 000 төгрөг авсан тул үүнийг шаардаж байгаа” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь ойлгомжгүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч Р.У- Д.Баяржаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар тухайн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж тайлбартаа дурдаж мэтгэлцсэн боловч энэ талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй учир зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ зээлийн гэрээний зүйл болох мөнгө ямар нэг сүлжээний хураамж байх магадлалтай талаарх тайлбаруудыг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Нөгөө талаар, зохигчийн хэн алин нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн бус харин төлөөлөгчөөр дамжуулан оролцсон нь хууль зөрчөөгүй боловч зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчид маргааны үйл баримтын талаар тодорхой мэдээлэл дутмаг байгааг шүүх анхаарах шаардлагатай.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан оновчтой хэрэглэж чадаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02628 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2470 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 95 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН