Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2018/02628

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Г-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Н /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0686/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 07-нд мөнгө шаардлагатай байгаа улмаас нэхэмжлэгч Р.У-т хандаж 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн эргэн төлөх хугацаа дуусч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэсээр 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2017 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулах тухай баталгааг бичгээр хийж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Л.Г-д шаардлагатай хугацааг олгосоор ирсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийхгүй явсаар иргэн Р.У-ийг хохироож байх тул аргагүйн эрхэнд шүүхийн байгууллагад хандаж байна. Иймд Л.Г-ээс үндсэн зээлд 5,000,000 төгрөг, алдангид үндсэн зээлийн 50 хувь болох 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахад 10,500,000 төгрөг гэсэн нь тооцооллын алдаатай байсан тул 3,000,000 төгрөгөөр бууруулж байгаа болно. Мөн нэхэмжлэлд хүүнд мөнгө шаардсан нь техникийн алдаатай буюу алдангид шаардсан болохыг залруулж байна гэв.

Хариуцагчийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.У-ийн Д.Б-тай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тул уг гэрээнийхээ дагуу 10,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт шаардах эрх нь байгаа. Хэрэв 2017 оны 5 дугаар сарын 08-нд бичсэн хэлцлийн дагуу түүнд мөнгө гаргаж өгсөн тохиолдолд тэрээр Д.Б-тай байгуулсан гэрээний дагуу дахин мөнгө гаргуулах боломжтой. Сүүлд бичсэн баталгааг дарамтлан бичүүлсэн тул уг хэлцлийн дагуу үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Г-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.У нь Д.Б гэх хүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч Л.Г Р.У-ээс зээл аваагүй ба энэ талаараа ч 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан баталгаандаа хамтран зээлдэгчээр ороогүй хэмээн бичсэн. Гэвч Р.У нь мөнгө төлнө гэж бич, бичихгүй бол залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлж, казакстаны нөхрийн хамт хориулна хэмээн дарамтлаад байсан тул түүний хэлсэн үгийг нь бичсэн. Ийнхүү дарамтад орсны нотолгоо нь доороосоо 5 болон 6 дахь мөрөнд нэг утга бүхий холбоос үгийг давтан бичсэн байгаа. Иймд аваагүй мөнгөө төлөх нь шударга ёсонд нийцэхгүй тул Р.У-тэй байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нэхэмжлэлээр Д.Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардаагүй. Д.Б-ыг хариуцагчаар татаагүй, Л.Г-г хариуцагчаар татсан. Д.Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг өөр шүүхэд нэхэмжлэл гарган 5,000,000 төгрөгийг төлүүлэхээр болж, үүрэг дуусгавар болсон байна. Зээлийн гэрээ яриад байна. Р.Уранчимэг нь буцаагаад мөнгө нэхнэ гэж яриад байна. Л.Г-ийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэл нь Д.Б-тай байгуулсан гэрээтэй холбоогүй. Өөрөөр хэлбэл Д.Б-ын авсан гэх 10,000,000 төгрөгөөс гадна Л.Г 5,000,000 төгрөг авсан тул үүнийг шаардаж байгаа. Хариуцагч мөнгөө хэзээ өгөх талаар нотариатаар баталгаажуулаад өгсөн. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлийг дарамталж хийлгэсэн. Ийнхүү дарамталсан болохыг хэлцлийн 5-6 дахь мөрөн дээрхийг давтаж бичсэн гэж хэлж байна. Нэхэмжлэгч нь ийм хүн биш. Хариуцагч өөрөө сайн дураараа нотариат орж, баталгаажуулж өгсөн. Иймд дарамталж, хүч хэрэглэж хийлгэсэн гэдэг нь тогтоогдохгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.У нь хариуцагч Л.Г-ээс зээлийн гэрээний төлбөрт 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний төлбөрт 5,000,000 төгрөг, хүүд 5,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулна гэсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3,000,000 төгрөгөөр бууруулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Л.Г-ийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гаргасан баталгааг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгох ба баталгаанд Л.Г миний бие Д.Б-ын хамт иргэн Р.У-ээс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг авч жи тайм сүлжээнд оруулсан нь үнэн. Тухайн үед хамтран зээлдэгчээр ороогүй... Авсан мөнгөө 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг өгч дуусгана, хүүтэй нь өгнө. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцуулна хэмээсэн нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэжээ.

 

Хариуцагч тал 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан баталгаанд Л.Г гарын үсэг зурсан гэх үйл баримтын тухайд маргаагүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг дарамтласан буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүч хэрэглэж хийсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэжээ.

Нэхэмжлэгч Р.У, хариуцагч Л.Г нарын хооронд үүргийн харилцаа үүссэн эсэх, үүссэн бол үүргийн ямар төрлийн харилцаа болох, үүрэг үүсэхэд алдаа мадаг гарсан буюу хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл буй эсэх тухай хэргийн үйл баримтыг бодитой тогтоохын тулд зохигчид тухайн цаг үед ямар харилцаа холбоотой байсан, тэдний хэрэгцээ шаардлага юу байсан талаарх хэрэгт хамаарал бүхий нөхцөлийг тодруулах нь ач холбогдолтой гэж үзлээ.

Нэг. Зээлийн гэрээний үндсэн төлбөрийн тухайд

Нэхэмжлэгч Р.У нь Д.Б-д 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар, хүүгүй зээлдүүлж, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. Гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг Д.Б бэлнээр хүлээн авсан талаар тэмдэглэл үйлджээ. /хх-6/

Хариуцагч Л.Г-ийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн баталгаанд Д.Б-ын хамт 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн, гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Р.У, Д.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний зүйл, огноо, оролцогчтой таарч байх тул энэхүү гэрээний үүрэг гүйцэтгэгч Л.Г мөн гэж үзэхээр байна. Гэхдээ баталгаанд 6 дугаар сарын 30-ны дотор 5,000,000 төгрөгийг төлнө гэснээс үзвэл гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасанчлан Л.Г-ийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн баталгаа нь 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 5,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцахаар тохирсон болохыг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хариуцагч нь нэхэмжлэгч Р.У-т Мөнгө төлнө гэж бич. Бичихгүй бол залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлж, казакстан нөхрийн хамт хориулна гэж дарамтлуулсны улмаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн баталгааг бичсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулна, ийнхүү дарамтлуулсан нь баталгааны доороосоо 5, 6 дугаар мөрөнд нэг утга бүхий холбоос үгийг давтан бичсэн байдлаар тогтоогдоно гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасныг үндэслэл болгожээ. Тодруулбал, хариуцагч дарамтлуулсан гэдгийг хуулийн уг заалтын хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх нөхцөлд хамааруулжээ. Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь хэлцэл хийгч этгээд болон түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны хүнд эсхүл эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснээр хэлцэл хийгч этгээд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргахад нөлөөлсөн байх ойлголт.

Баталгаа дахь гарын үсгийн үнэн зөвийг нотариат тухайн өдөр гэрчилснээс дүгнэхэд төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрч бөгөөд эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг нотариат гүйцэтгэдэг тул хариуцагчийг заналхийллийн улмаас хүсэл зоригоо үнэн зөвөөр илэрхийлж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс хариуцагчийн гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй.

Гурав. Алдангийн тухайд

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгч 2,500,000 төгрөгийн алдангийг хэлцэлд ...хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцуулна гэж заасныг үндэслэн шаарджээ. Хэлцэлд ийнхүү ...хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5хувийн алданги тооцуулна... гэж бичигдсэнийг хоног тутам, эсхүл сар тутам тооцохын аль нь болох тодорхойгүй тул алдангийн талаарх хэлцэл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул алданги тохиролцсон гэх хэлцэл /сүүлийн өгүүлбэр/ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож болох тухай зохицуулалт нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг тогтоох эрх зүйн үндэслэл болох боловч үүрэг гүйцэтгэх шинэ үндэслэл бий болгодоггүй. Өөрөөр хэлбэл, өмнө хийсэн зээлийн гэрээг баталгаажуулсан шинжтэй болохоос алданги төлөх үүргийг бий болгоогүй болохыг тэмдэглэж байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.У-т олгож, үлдэх 2,500,000 төгрөгийн шаардлага, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.