Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0611

 

 

 

 

 

 

 

П.Б-нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч  Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 тоот дүгнэлтийн П.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Э.З, Э.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 159/2023/0032/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 тоот дүгнэлтийн П.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-“Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай” 7593 дугаартай дүгнэлтийн П.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар: Шүүхээс үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай иргэн Д.Н-н өмчлөлийн 338м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон нэхэмжлэгчийн өмчлөлийн 125м.кв үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн баз хүргэн Д.Н- нь “Э-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч 2003 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр тохирсон мөнгөн дүнгийн зохих хэсгийг хүлээн авсан энэхүү үйлдэлд нэхэмжлэгч татгалзаагүй бөгөөд тухайн үед үнэ тохирвол зарах зөвшөөрлийг хүргэн Д.Н-д олгосон байна” гэжээ. Анхан шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь П.Б-өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийг “Э-” ХХК-д албан ёсоор шилжээгүй бөгөөд иргэн П.Б- нь “Э-” ХХК-тай гэрээ байгуулаагүй зохих төлбөрийг хүлээн аваагүй тул энэ асуудлыг зөвхөн Д.Н-н тайлбарт тулгуурлан дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлт байна.

3.2 Улсын байцаагч нарын 7539 дугаартай дүгнэлтийн талаар: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”, 6.6-т “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж тус тус зааснаар шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийг хүчингүй болгохоор заасан байхад улсын бүртгэгч нараас үндэслэлгүйгээр иргэн П.Б-өмчлөх эрхэд халдаж, хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Төрийн өмчийн хороо болон хариуцагч нараас тухайн үед мөрдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан заалтыг үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хэрэв Б.Ч-тухайн барилгыг бүхэлд нь албадан дуудлагаар худалдан авсан гэж үзвэл тухайн барилгын газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудал яригдах бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээр заасан тул энэ ч утгаараа Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас Б.Ч- тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баттай баримт байхгүйн улмаас удаа дараа Б.Ч-ийн өмчлөлийн хөрөнгийг бүртгэхээс татгалзаж байсан тул нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх нь үндэслэлгүй.

3.3 Анхан шатны шүүхээс маргаанд холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр хуралдааны тогтоолын 4 дэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь хэсгийн “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах” гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай адил утгаар ойлгож хэрэглэхээр байна. Тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн үр дагавар нь мөн хуулийн 106.5 дахь хэсэгт заасантай ижилд буюу “шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж үзнэ” гэжээ.

    Энэхүү тайлбараас үзвэл, иргэн Б.Ч- нь тухайн үл хөдлөх хөрөнгө дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах асуудлаар өөрөө татгалзсан байхад П.Б-үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Т-” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хувь оруулсан гишүүддээ оруулсан хэмжээгээр салгахаар шийдвэрлэж нэхэмжлэгчид дэлгүүрийн барилга ... цахилгаан тогоо зэрэг хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өмчлөх эрх нь баталгаажаагүй, 4.2 дахь заалт болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх төрийн өмчид шилжээгүй, уг өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул П.Б-өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэхгүй юм.

3.5 Мөн анхан шатны шүүх үндэслэл болгосон Санхүү, эдийн засгийн сайдын тушаал, Төрийн өмчийн хорооны тогтоолууд болон түүний талаар шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалуудыг үндэслэл болгож байгаа тохиолдолд хамгийн сүүлд буюу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрийг баримтлах шаардлагатай гэж үзэж байна.

3.6 Санхүү, эдийн засгийн сайдын тушаал, Төрийн өмчийн хорооны тогтоолууд болон холбогдох баримтуудад иргэн П.Б-өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1303000150 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тухай нэг ч үг, өгүүлбэр байгаагүй болохыг анхааралдаа авна уу. Иймд “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын байцаагч Э.Ц-, Э.З- нар гомдлын шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа:

4.1 “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шийдвэрт “...хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Э-” ХХК-ийн өмчлөлд албан ёсоор шилжээгүй байхад татварын өрөнд тооцон авах тушаал гаргасан буруутай байх боловч, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Э-” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байх тул Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаар тушаал нь бодит нөхцөл байдалд тохирсон байх захиргааны эрх зүйн зарчимд нийцсэн байна.

4.2 Иргэн П.Б-өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг төрийн өмчид шилжүүлэн авсан тухай Санхүү, эдийн засгийн сайдын тушаал, Төрийн өмчийн хорооны тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Д.Н-, П.Б- нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шат шатны шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгөө “Э-” ХХК-д шилжүүлсний төлбөрөө нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, П.Б-өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарыг тодотгож ирүүлсэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-1/2435 дугаартай албан бичиг, дуудлага худалдааны болон бусад өргөдөлд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан учраас нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй үзэж байна.

4.3 Гуравдагч этгээд иргэн Б.Ч-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2, Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлд эрх шилжүүлж бүртгэх үндэслэлээр Ү-1303000149, Y-1303000150 бүртгэл тус бүрт өмнө нь олгогдсон зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дүгнэлт гаргасан тул өмчлөх эрхийн Y-1303000150 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 дугаар дүгнэлтээр Пунцагийн Баасандагвын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-1303000150 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сум хаягт байршилтай, 125 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000324483 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгон ...” шийдвэрлэсэн байна.

2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 дугаар дүгнэлтийн П.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шүүхийн шийдвэрээр Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” 190 дүгээр тушаалын “Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа, үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 292.500.000 мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авахаар шийдвэрлэсэн” заалт болон уг шийдвэрийг үндэслэн “...“Баянчандмань-АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай барилга байгууламжийг худалдах 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны ялагч Б.Ч- нь ... дэнчин ... үлдсэн төлбөр ... төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн ...” гэсэн үндэслэлээр Б.Ч-ийн нэр дээр барилга байгууламжийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэн П.Б-, Д.Н- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0332 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн тус шийдвэрт хууль хэрэглээний болон үг зүйн найруулгын зохих өөрчлөлт оруулж, шийдлийг зөв гэж үзэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2/9330 дугаар албан бичгээр “тус хэрэг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй” талаар тодорхойлсон үйл баримтууд тогтоогдсон байна.

2.4. Түүнчлэн Төрийн өмчийн хороо “Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаанаас “Баянчандмань-АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай барилга байгууламжийг 93.572.532 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлсөн” гэх үндэслэлээр гуравдагч этгээд Б.Ч-т 00545 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон байна.

2.5. Маргаан бүхий актаар дээрх үйл баримтуудтай холбогдуулан “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 242 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0332 дугаар магадлал хүчин төгөлдөр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор барилгыг татварын өрөнд төрийн өмчид авсан болон иргэн Б.Ч- нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож, тухайн цогцолбор барилгыг худалдан авсныг баталгаажуулсан баримт бичгийг шүүхээс бодит нөхцөл байдалд тохирсон ... захиргааны эрх зүйн зарчимд нийцсэн гэж дүгнэсэн ... иргэн Чинзориг нь нээлттэй дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тухай нотлох баримтын улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой тодорхойгүй байдал ... эрхийн улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаарыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-1/2435 дугаартай албан бичгээр нэмэлтээр тодруулж ирүүлсэн ... Б.Ч- ... нарыг байлцуулан явуулсан сонсох ажиллагааны явцад өргөдөлд дурдсан хүсэлттэй холбогдуулан хууль хяналтын байгууллага, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа аливаа хэрэг, маргаан байхгүй болох нь оролцогчдын тайлбараар нотлогдсон, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны ... захирамжаар өмчлөх эрхийн ... дугаар бүртгэлтэй холбоотой түдгэлзүүлсэн эрхийг сэргээсэн ...” гэж дүгнэж П.Б-өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-1303000150 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сум хаягт байршилтай 125 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000324483 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтыг няцааж үгүйсгэх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.  

 

2.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай ... нэхэмжлэгч П.Б-өмчлөлийн 125 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг “Э-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч 2003 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээгээр тохирсон мөнгөн дүнгийн зохих хэсгийг хүлээн авсныг эс зөвшөөрч нэхэмжлэгч П.Б- татгалзаагүй, ... Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” тушаалаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай цогцолборыг 292.500.000 төгрөгөөр тооцож “Э-” ХХК-аас улсын төсөвт төлөх 613.597.300 төгрөгийн өмнөх жилүүдийн татварын өрөнд тооцож, Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бүртгэлд авах тухай” тогтоолоор “Э-” ХХК-иас улсын төсөвт төлөх татварын өрөнд авсан Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай худалдаа үйлчилгээний цогцолборыг 292.500.000 төгрөгөөр үнэлж төрийн өмчийн бүртгэлд авахыг Төрийн өмчийн бүртгэл хяналтын газарт даалгасан … Баянгол сумын Засаг даргын Тамгын газарт 2003 онд хүлээлгэн өгч, 2004 оноос хойш төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар оруулах хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлж байсан … 2006 оноос Төрийн өмчийн хорооны шийдвэрээр ... “Баянчандмань-АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэгдэж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, ... Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар 93.572.532 төгрөгийн үнийн санал өгч дуудлага худалдааны ялагч болсон ... Б.Ч-той 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн өмчийн хорооноос худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ... хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолоор “Баянчандмань-АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ... Баянгол суманд байрлалтай барилга байгууламжийг дуудлага худалдааны ялагч Б.Ч-т өмчлөх эрхийг шилжүүлэн олгож, 00545 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон … иргэн П.Б- нар нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны ... 190, Төрийн өмчийн хорооны 2015 оны ... 698 дугаар ... тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг ... шүүхэд гаргасан, ... шүүхийн ... шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ... давж заалдах шатны шүүхийн магадлалаар ... нэхэмжлэгч ... нарын гомдлыг хангахгүй орхисон ... шүүхийн уг шийдвэр магадлал хүчин төгөлдөр ... “ гэж хэрэгт авагдсан маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтад үнэн зөв дүгнэлт хийсэн байна.

 

 2.7. Түүнчлэн Төрийн өмчийн хорооны 2004 оны 468 дугаар тогтоолоор уг маргаан бүхий актын нэхэмжлэгчид хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэж авснаар өмнөх буюу нэхэмжлэгч П.Б-өмчлөх эрх нь дуусгавар болсон байх тул анхан шатны шүүх “... тухайн үед уг харилцааг зохицуулж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж заасны дагуу Төрийн өмчийн хороо 2015 он хүртэлх хугацаанд төрийн өмчид бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй талаар болон “... нэхэмжлэгч ... П.Б- маргаан бүхий 125 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь өмчлөлийнх гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ... нэхэмжлэгч П.Б- нь маргаан бүхий 125 м.кв үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшлийн гэж маргах үндэслэлгүй ... Төрийн өмчийн хорооны 2004 оны 468 дугаар тогтоолоор тус үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчид бүртгэж авснаар өмнөх өмчлөх эрх буюу П.Б-өмчлөх эрх дуусгавар болсон …” гэж зөв дүгнэсэн байна.

 

2.8. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасны дагуу хяналтын улсын байцаагч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолоор П.Б-өмчлөлд байсан 125 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэснээр өмчлөх эрх нь дуусгавар болсон П.Б-өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1303000149 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байршилтай 125 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000324483 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.9. Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий 7593 дугаар  дүгнэлтийг гаргахаас өмнө улсын байцаагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийг оролцуулан хийсэн талаар болон иргэн Б.Ч-ийн гомдлыг шалгахдаа нотлох баримт цуглуулж, үнэлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулж талуудын байр суурийг сонссоны үндсэн дээр дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн талаар тус тус хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

2.10. Мөн Б.Ч-оос Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улмаар Б.Ч-оос “Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай “Баянчандмань-АЗЗА” ТӨХК-ийн хөрөнгөнд бүртгэлтэй байсан худалдаа үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Б.Ч-ийн нэр дээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргасан, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 232 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байх боловч гуравдагч этгээд Б.Ч-эдгээр шүүхийн тогтоол шүүгчийн захирамжаар дурдагдсан асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Б.Ч- нь эдгээр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлаар буюу тухайн үед гаргасан нэхэмжлэлтэй адил нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргах боломж хязгаарлагдах үндэслэлтэй болохоос бус тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон асуудлаар өөр бусад төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй.

2.11. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий акт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дугаар тушаал, Төрийн өмчийн хорооны 2015 оны 698 дугаар тогтоолын талаар дүгнэж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 242 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0332 дугаар магадлал, Төрийн өмчийн хорооны 2015 оны Б.Ч-т өмлөх эрхийн гэрчилгээ олгосон, барилга байгууламж хүлээлцсэн зэрэг маргаан бүхий акт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үйл баримтуудыг үгүйсгэх баримт нотолгоог гаргаж маргаагүй байна.

2.12. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан “... иргэн Б.Ч- тухайн маргаж буй үл хөдлөх хөрөнгийн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан ... өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээсээ татгалзсан ... үл хөдлөх хөрөнгөө шаардах эрхгүй ... шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Санхүү, эдийн засгийн сайдын тушаал, Төрийн өмчийн хорооны тогтоолууд болон түүний талаар шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалуудыг үндэслэл болгож байгаа тохиолдолд хамгийн сүүлд Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрийг баримтлах шаардлагатай ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.13. Ийнхүү дээр дурдсан болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

  ШҮҮГЧ                                            Н.ДОЛГОРСҮРЭН

  ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ