Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00194

 

М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00292 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1950 дугаар магадлалтай

Мрын нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө 2 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Өлзийжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сунхар, Э.Бат-Оюун, Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 тоот тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800 000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 000 000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 500 000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Н” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. Иймд дээрх хувь хэмжээний дагуу хөрөнгө төлөх талаар “Н” ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот албан бичгийг явуулж байсан. Гэтэл хариуцагч шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл хуулиар хүлээсэн албан татварт ногдуулах хөрөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Харин “Н” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 34 дүгээр тогтоолоор цуцлагдсан. Иймд “Н” ХХК нь 2011, 2012 онд үйл ажиллагаа явуулаагүй байх тул 2 800 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан. Харин 2008, 2009, 2010 оны төлбөр 2 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдаад ачаа илгээх, хүлээн авах /каргоны/ үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрлийг мөн ондоо Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан. Үйл ажиллагаагаа 2008 оны цагаан сар хүртэл явуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй ба тусгай зөвшөөрөл сунгах тухай хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаагүй. Би цуцлагдсан гэж бодсон. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З.-т зааснаар тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу сунгаж байж манай компани Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлбөр төлөх үүрэг үүсэх ёстой гэж үзэж болно. Ер нь манай компани тусгай зөвшөөрөл авахдаа Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулсан. Энэ гэрээнд санд төлбөр төлөхөөр ямар нэг үүргийн талаар заагаагүй байсан. Мөн Хар болон сантай ямар нэг гэрээ байгуулаагүй. Энэ талаар хэн ч мэдэгдээгүй. Харин 2017 онд ирсэн албан бичгээр мэдсэн. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг сунгаагүй, цуцлалгүй байж байгаад 2010 онд цуцалсны хариуцлагыг манай компани хүлээх ёсгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00292 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 82 дугаар зүйлийн 82.1,-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Хар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1950 дугаар магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Өлзийжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдөр Хар нь “Н” ХХК-д холбогдуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Хар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “”Н” ХХК-д 2008 оноос 2012 оны хооронд үүссэн хэргийг шийдвэрээр 2 600 000 төгрөгийн авлага” хуулиар хүлээсэн үүрэг болох хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлж нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг барагдуулж өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

“Н” ХХК нь 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ачаа илгээх, хүлээн авах үйл ажиллагаа явуулах чиглэлээр тусгай зөвшөөрөл авч 2007 он хүртэлх хугацаанд тухайн үйл ажиллагаа явуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа зөвшөөрлийг сунгуулах талаар хүсэлт гаргаагүйн зэрэгцээ Ачаа илгээх, хүлээн авах үйл ажиллагаа дахин явуулаагүй нь Монгол улсын хилийн бүх боомтоор нотлогдож байгаа тул нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн Хрын нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох 1950 дугаартай иргэний хэргийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Мар “Н” ХХК-д холбогдуулан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө 2 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч “Н” ХХК нь  2008-2010 онд харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч “Н” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан, Ачаа илгээх, хүлээн авах үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрлийг 2005 онд авч, 2008 оны цагаан сар хүртэл явуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаа эрхлээгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй,   хариуцагч нь Улаанбаатар-Сөүл, Ансан хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан талаар маргаагүй боловч хариуцагчийн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй гэх хугацаа тодорхойгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй, энэ талаар маргаантай байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1950 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Өлзийжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД