Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 726

 

А.Бд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Г.Батбаяр,

            Нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Бд холбогдох эрүүгийн 1810002020159 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.Б нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 184 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 184 дүгээр шүүгчийн захирамжаар 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан

 

А.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин Холдинг дэлгүүрийн бэлэн хувцасны Терранова брендийн тасгаас эрэгтэй цамц, өмд, куртик зэрэг эд зүйлс хулгайлж, 647.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Ариунаагийн А.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Бгийн эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хэрэгт холбогдохын өмнө барилга дээр өдрийн 20.000 төгрөгийн цалинтай ажил хийж, ар гэрээ тэжээдэг байсан. Би элэгний цириоз гэх хүнд өвчтэй эхийн хамт амьдардаг. Чих нь сонсдоггүй, хөгжлийн бэрхшээлтэй эх минь харж хандах хүнгүй ганцаараа үлдэж байгаад маш их санаа зовж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх А.Бд хорих ял оногдуулахдаа түүний өмнө үйлдсэн буюу 2010, 2011 онуудад үйлдсэн гэмт хэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлд заасан 8 жилийн ялтай байдлын хугацаа дуусаагүй гэж үнэлэлт, дүгнэлт өгч "....өмнө нь хулгайн гэмт хэрэгт 2 удаа, дээрэмдэх гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал ..." зэргийг харгалзан үзээд А.Бд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих оногдуулах нь зохимжтой гэж үзсэнийг түүний өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бүхэлд нь хасч, ялтай байдлын ойлголт хамаарахгүй болсон, шүүгдэгчийн сүүлчийн 2011 онд үйлдсэн гэмт хэргээс хойш цаг хугацаанд удаа дараа Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн” 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар "... Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно..." гэж заасны дагуу өршөөлд хамрагдсан хугацааг хүндрүүлэх нөхцөлөөр үнэлж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр хохирогч байгууллага нь хохиролд 647.100 төгрөг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч А.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 12-нд 3 ширхэг цамц хулгайлсан гэдэг нь хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан камерын бичлэг, мөн хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан хохирогч Д.Болормаагийн мэдүүлэг зэргээр тогтоогддог бөгөөд тус өдөр үйлдсэн гэмт хэргийн хохирлыг хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан үнэлгээнээс тооцвол 220.050 төгрөг болно. 2018 оны 1 дүгээр сарын 14-нд саарал өнгийн 1 ширхэг куртик, 1 ширхэг биеийн тамирын өмд хулгайлсан гэдэг нь хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан гэрч Ж.Баярцэцэгийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тус өдөр үйлдсэн гэмт хэргийн хохирлыг хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан үнэлгээнээс тооцвол 224.730 төгрөг болно. 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хоёр талдаа халаастай өмд 1 ширхэг, мөн саарал өнгийн куртик 1 ширхэг тус бүрийн үнийг хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан үнэлгээнээс тооцвол 202.320 төгрөг болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс А.Бгийн 2018 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдрийн гэмт үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд тус тусдаа гэмт хэргийн шинжийг агуулсан, тус бүр эхлэл төгсгөлтэй гэмт хэрэг гэж үзэж байна. Харин 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн үзэл баримтлалаас үзвэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэсэн хуулийн үзэл баримтлалаас дүгнэн үзвэл шүүгдэгч А.Бгийн 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Баярцэцэг, хохирогч Д.Болормаа нарын мэдүүлгээр түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт үйлдэл нь туйлдаа хүрээгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд зааснаар эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах боломж бүрдээгүй, тухайн үйлдлийн улмаас гэмт хэргээ төгсгөж чадаагүй байдал нь гэмт хэргийг төгсөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно..." гэсэн хуулийн үзэл баримтлалаас үзвэл А.Бгийн 2018 оны 1 дүгээр сарын 12, 13-ны үйлдэл нь өмчлөгчийн эд хөрөнгийг тус бүр өөр цаг хугацаанд нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр бүрэн мөсөн авч захиран зарцуулах болж бүрдсэн тул гэмт хэргийг төгссөн гэж үзэж байгаа. Шүүгдэгч А.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 220.050 төгрөгийн, мөн оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 202.320 төгрөгийн, мөн оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 224.730 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй, мөн хуулийн зүйлд заасан тайлбарт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй...” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...”  гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх А.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 12-нд Terranova брэндийн 88 гэсэн бичигтэй хоёр ширхэг цамц /71820 төгрөг/, 13-нд Terranova брэндийн 88 гэсэн бичигтэй нэг ширхэг цамц /35910 төгрөг/,  Terranova брэндийн гавлын ясны зурагтай цамц /53910 төгрөг/, 14-нд Calliope брэндийн саарал өнгийн куртик /152910 төгрөг/, Calliope брэндийн саарал өнгийн биеийн тамирын өмд /35910 төгрөг/ зэргийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин Холдинг дэлгүүрийн бэлэн хувцасны Терранова брендийн тасгаас хулгайлж, нийт 350460 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Харин шүүгдэгч А.Бгийн хувцас солих өрөөнд үлдээсэн хувцаснуудыг хулгайд алдсан зүйлд тооцож, үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй байх тул Terranova брэндийн 58410 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цамц, Terranova брэндийн 62910 төгрөгийн үнэ бүхий даавуун өмд, Terranova брэндийн 139410 төгрөгийн үнэ бүхий куртик, Calliope брэндийн 35910 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн биеийн тамирын өмд зэргийг  хулгайлсан нь тогтоогдохгүй байна гэж үзэж, нийт хохирлын хэмжээ болох 647100 төгрөгөөс хасч, хохирлын хэмжээг өөрчлөв. 

 

Шүүгдэгч А.Бгийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн хохирлын хэмжээ багасаж өөрчлөгдсөн ч хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсээгүй болно. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа нь эд зүйлээ алдсан цаг хугацаа, газар байршил, алдагдсан эд зүйлсийн шинж онцлог, өртөг үнийн талаар /хх-ийн 32-33/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Ж.Баярцэцэгийн /хх-ийн 20-21, 36/, А.Бгийн яллагдагчаар өгсөн /хх-ийн 49-51, 52-53/ мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 40-42/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

А.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг нууцаар  авч, өөрийн эзэмшилд оруулсан шинжтэй байдаг бөгөөд А.Бгийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд нь тохируулан А.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            А.Бгийн 2018 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Номин Холдинг дэлгүүрийн бэлэн хувцасны Терранова брендийн тасгаас удаа дараа эд зүйлс хулгайлан авсныхаа дараа 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дахин тухайн дэлгүүрээс эд зүйлс хулгайлж байгаад баригдсан үйлдлийг нэг газраас хэд хэдэн удаагийн үйлдлээр, нэг санаа зорилгоор, нэг төрлийн хохирол учруулсан гэж үзэж, нийт хохирлын хэмжээгээр нь нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч урьд 2 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэн хорих ял шийтгүүлж, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг удаа дараа тэнссэн байхад тэрээр өөрийн гэм бурууг ухамсарлаж, засарч хүмүүжилгүй дахин гэмт хэрэгт холбогдсон байдлыг нь харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.