Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 330

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О овогт Я-ийн Б

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, хариуцагч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Я.Б миний бие нь 2006 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тасралтгүй 10 гаран жил ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа авч, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 тоот “Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян зохион байгуулах тухай” тушаалын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн албаны хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын хэрэгжилтийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийт тэтгэвэр авагчдын хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолт, олголтын мэдээллийн бааз, нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн шалгалт хийсэн юм. Уг шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 28 дугаар зүйлийн 28.1.3, Засгийн газрын 52, 292 тоот тогтоолыг тус тус зөрчиж 45 хүнд 42.219.700 төгрөгийн тэтгэвэр илүү олгосон байдал илэрсэн ба тус хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актаар дээрх илүү олгосон тэтгэврийг нийгмийн даатгалын байцаагч болон байцаагчаар ажиллаж байсан холбогдох хүмүүсээр хариуцуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл уг актаар намайг “...ажиллаж байх хугацаандаа буюу 2012 оны 11 дүгээр сард иргэн Д.Бийн өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохдоо цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилд давхар оруулан тооцож тэтгэвэр тогтоосон зөрчил гаргасан” гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актаар 6,362,824 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан. Миний бие уг улсын байцаагчийн акт гарсныг мэдээгүй байсан бөгөөд энэ тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Уг актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/20 дугаар албан бичгээр “...шүүхэд гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой..” гэсэн хариу өгсөн болно.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар нь Төрийн захиргааны дэс түшмэл ангиллын ТЗ-6 гэсэн шатлалаар цалинждаг бөгөөд байцаагч нар ажил үүргийн хувьд иргэдээс ирүүлсэн өргөдөл материалыг хянаж үзээд тэтгэврийн бодолт хийсний дараагаар тэтгэврийн хяналтын байцаагч, үйлчилгээний албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга гэх мэт албан тушаалтнууд давхар хянаж шалгасны үндсэн дээр тэтгэврийн олголтын асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, хувийн хэрэг нээгдэж тэтгэвэр олголт эхэлдэг.

2. Иргэн Д.Бийн өндөр насны тэтгэврийг тогтоосны дараа буюу Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалтыг 2013 оны 2 сард хийсэн боловч уг шалгалтаар ямар нэг зөрчил дутагдалгүй гэсэн. Гэтэл 3 жилийн дараа намайг уг зөрчилд холбогдох мөнгийг төл гэж байгаа нь үндэслэлгүй.

3. 2013 онд би орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчаар томилогдон ажилласан бөгөөд миний ажлыг авсны дараа дараагийн тэтгэврийн байцаагч нар уг тооцооллыг шалгаж, засах боломжтой байсан.

4. Анх 2012 онд Д.Баатаржавын өндөр насны тэтгэврийг тогтооход дан ганц миний тооцооллоор гаргаагүй бөгөөд миний тооцооллыг тухайн үеийн хэлтсийн дарга, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар хянаж баталгаажуулж гарын үсэг зурсан болох нь тэтгэвэр тогтоолтын хуудсаар харагдана.

Миний бие Нийгмийн даатгалын байгууллагад 2006 оноос хойш тасралтгүй ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалттай биелүүлэн албаны аварга, хэлтсийн аварга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын жуух бичиг, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын жуух бичиг, Нийгмийн даатгалын “Хүндэт ажилтан” цол тэмдэг, Яамны жуух бичгээр тус тус шагнагдаж байсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актын Я.Бд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, түүний үндэслэлдээ: “Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсэгт Я.Б надад холбогдуулан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.5 заалтыг зөрчсөн, энгийн цэргийн жилд давхардаж орсон” гэсэн үндэслэлээр 6,362,824 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь иргэн Д.Б нь 1990 оноос эхлэн өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн байх ба түүний тэтгэврийг 2012 онд өөрчлөн тогтоохдоо буруу тогтоосон гэж надад холбогдуулан уг зөрчлийг зөвхөн миний алдаа мэтээр үзэж акт тавьсан. Өөрөөр хэлбэл Д.Бийн тэтгэврийг 2012 оны 12 дугаар тогтоосноос хойш миний бие 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар өөр албан тушаалд томилогдсон, түүнээс хойш 5 жилийн хугацаанд өөр өөр байцаагч нар ажиллаж байсан, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр авагчдын хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолт, олголтод удаа дараа буюу 2013 оны 02 /07/ сард /Д.Бийн хувийн хэрэг дэх шалгалт орсон тухай баримтын сар өдөр нь тодорхойгүй байх тул сарыг 02, гэж бичив./ Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалт орж “зөрчилгүй” гэсэн тэмдэглэгээ, улсын байцаагчийн тамга, гарын үсэг дарагдсан байхад тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо анх зөрчил үүсгэсэн гэх агуулгаар зөвхөн Я.Б надад холбогдуулан хариуцуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед дээрх зөрчлийг төлүүлсэн тохиолдолд 5 жилийн дараах байдлаар төлөх хэмжээний 6,362,824 төгрөг гарахгүй байсан.

Нөгөөтээгүүр маргаан бүхий актын хавсралтаас үзэхэд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.3.5 заалтыг зөрчсөн, энгийн цэргийн жилд давхардаж орсон” гэсэн үндэслэлийг дурдсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.3.5 гэсэн заалт байхгүйгээс гадна, актын тогтоох хэсэгт дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг буюу “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэснийг баримталжээ. Уг хуулийн заалтын агуулгаас үзвэл дээрх алдаа нь ганц тэтгэврийг өөрчлөн тогтоосон байцаагчийн биш, хяналт шалгалт хийж, зөрчилгүй гэж үзэн, олгохыг зөвшөөрч баталгаажуулсан бусад холбогдох албан хаагч, ажилтанд ч хамааралтай гэж үзэж байна. Холбогдох албан тушаалтан шалган олгохыг зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр тэтгэвэр олголт эхэлдэг.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2006 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад 2018 онд ажилдаа орохыг хүсэхэд надад ийм акт  гарсныг мэдсэн. Би энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ганцхан миний гарын үсгээр тэтгэвэр тогтоох, олгох, өөрчлөх ажиллагаа явагддаггүй. Анхан шатны баримтуудыг хүлээн авч хяналтын байцаагч, ерөнхий нягтлан бодогч нар хянаж шалгасан үндсэн дээр тэтгэврийг олгодог. Д.Бийн тэтгэвэр буруу олгогдсон. Энэ талаар маргаагүй. Гэхдээ би ганцаараа төлөхгүй гэдэг. Зөвхөн миний гарын үсгээр тэтгэвэр тогтоодоггүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Тэтгэвэр тогтоох баримтуудыг ерөнхий нягтлан болон бусад албан тушаалтнууд нэг бүрчлэн шалгаж үздэг. Тэтгэврийн байцаагч анхан шатны баримтуудыг хүлээн авдаг. Шийдвэрийг ганцаараа гаргадаггүй. Цааш нь хянуулж байгаад гаргадаг. Тэтгэврийн байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч тэтгэвэр буруу олгогдсон тохиолдолд хохирлыг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэсэн зохицуулалт байдаг. Бүгд зөвшөөрч байж тэтгэврийг олгодог.  Ажилласан жилийг давхардуулж бодсон гэдгээ мэдэж байгаа. Ажлын ачаалал их байдаг. Хяналтын байцаагч бодолтыг хянасны дараа ерөнхий нягтлан бодогч, тасгийн дарга давхар хянадаг. Мэргэжил, арга зүйн чиглэлээр зөвөлгөө өгч шалгадаг. 2012 онд үүссэн харилцаа. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуульд  хохирлыг төр хариуцна гэж заасан байдгийг харгалзаж үзэхийг хүсье.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Я.Б нь 13 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орохыг хүсэхэд маргаан бүхий акт гарсныг мэдсэн. 2018 оны 05 дугаар сард ажилдаа оръё гээд очиж уулзахад акт гарсан талаар огт дурдаагүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргаж хариуг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар тэтгэвэр тогтоохтой  холбоотой аян эхлүүлж, аяны дагуу шалгалтыг хийхэд Д.Бийн хувийн хэрэг дээр зөрчил гарсан учраас Я.Бд холбогдуулан 6,362.800 төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагчийн актын гарсан. Маргаан бүхий актад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг баримталсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлд тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг амьжиргааны өртгийн индекстэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийн өөрчлөлтийн хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Я.Б Д.Бийн тэтгэврийг тогтоосноос хойш 2014 оны 03 дугаар сарын 20, 2015 оны 03 дугаар сарын 10, 2015 оны 08 дугаар сарын 28, 2017 оны 04 дүгээр сарын 25 өдрүүдэд 4 удаа н.О, н.Ц байцаагч нар гарын үсэг зурж, холбогдох тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нь тэтгэврийн өөрчлөлтүүдийг баталгаажуулж байсан. Я.Бгийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тэтгэврийг өөрчилсөн хуудсан дээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт хийж, энэ материал нь “зөрчилгүй, шалгав” гэсэн тамгыг дарсан. Ажлын байрны тодорхойлолтод тэтгэврийн өөрчлөлтийг цаг тухайд нь үнэн зөв хийнэ гэж улсын байцаагчид холбогдох заалт байгаа. Дээрх заалт нь нийгмийн даатгалын бүх байцаагч нарт хамааралтай. Мөн тэтгэврийн бодолтыг хуулийн дагуу хийж тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар хянуулан эзэнд нь танилцуулдаг. 4 удаагийн өөрчлөлтийг хийсэн улсын байцаагч нарт ч энэ асуудал хамаатай. Маргаан бүхий актаар ганцхан нэхэмжлэгчид хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй. Зөрчлийг тухайн үед нь илрүүлж болох байсан. Гэтэл 5 жилийн дараа зөрчлийг илрүүлж акт тавьсан нь үндэслэлгүй. Хуулийн заалтыг буруу баримталсан. Зөрчлийн дүнтэй маргаагүй. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тэтгэврийг тогтоочихоод 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Я.Бгийн албан тушаал өөрчлөгдсөн. Энэ хугацааны үнийн дүнтэй маргахгүй. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт оруулсан байцаагч нар нь өөрсдөө хариуцах ёстой. Тооцооллын хувьд маргаагүй.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян зохион байгуулах тухай” А/11 дүгээр тушаалын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын хэрэгжилтийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр авдаг нийт тэтгэвэр авагчийн хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолт, олголтын мэдээллийн бааз, нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сангийн бүртгэлд тус тус үндэслэн шалгасан.

Шалгалтаар Дашжавын Баатардорж нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1 дэх “Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасан хугацааны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй” гэсэн заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дах “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэсэн заалтуудыг зэрэг ханган тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу тэтгэврийн байцаагч Я.Б нь тэтгэврийг тогтоохдоо цэргийн байгууллагад ажиллаж байсан нийт 8 жил 5 сарыг /1969.02.01-1977.07.25/ энгийн байгууллагад ажилласанд тооцон, энгийн байгууллагад ажилласан 14 жил 8 сарын хугацаан дээр нэмж, нийтдээ 21 жил 8 сараар тооцон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн заалтаар бүрэн тэтгэвэр тогтоосон байна.

Ийнхүү Д.Бид нийтдээ 6 362 824 /Зургаан сая гурван зуун жаран хоёр мянга найман зуун хорин дөрөв/төгрөгийг илүү олгосон зөрчил илэрсэн. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагч Я.Бгийн Ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд /3.3-т/ “Тэтгэврийн өөрчлөлтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийх” гэж заасан байдаг.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан тул Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актаар уг зөрчлийг Я.Бд хариуцуулан төлүүлэхээр тогтоосон байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Д.Б нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтуудыг зэрэг ханган тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу тэтгэврийн байцаагч Я.Б нь тэтгэврийг тогтоохдоо цэргийн байгууллагад ажиллаж байсан нийт 8 жил 5 сарыг энгийн байгууллагад ажилласанд тооцон, энгийн байгууллагад ажилласан 14 жил 8 сарын хугацаан дээр нэмж, нийт 21 жил, 8 сараар тооцон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар бүрэн тэтгэвэр тогтоосон. Ийнхүү Д.Бид нийт 6,362.824 төгрөгийг илүү олгосон зөрчил илэрсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.5 дахь заалтыг 4.3.5 гэж андуурч бичсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Я.Бгийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд “Тэтгэврийн өөрчлөлтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийх” гэж заасан. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан тул Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актаар зөрчлийг Я.Бд хариуцуулан төлүүлэхээр тогтоосон. 1 сард 103,903 төгрөгийн тэтгэврийг илүү олгосон. Нэмэгдлүүд нь нэмэгдсэн учраас он, оны мөнгөн дүнгүүд өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн үнийн дүн хувийн хэрэгт байгаа. 2017 оны эхний 3 сард сарын 136,000 төгрөг, нийт 6,362.800 төгрөг болсон. Цэргийн тэтгэврийн болзлыг хангасан 60 нас хүрсэн эрэгтэй хувь тэнцүүлж тэтгэврээ авдаг. Цэргийн, энгийн хоёр тэтгэврийг хоёуланг нь авах ёстой. 2012 оноос хойш давхар тэтгэвэр тогтоолгодог болсон. 6,362.800 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа. Тэтгэврийг нь зогсоогоод Д.Бтой уулзахад би төлөх ёсгүй гээд төлөөгүй. 2017 онд акт гарснаас хойш Д.Б нь багассан үнийн дүнгээр тэтгэврээ авч байгаа. Тэтгэврийн хэмжээг өөрчилсөн талаар Д.Б маргаагүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгах зааврыг батлан, энэ тушаалын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын хэрэгжилтийг бүх газар, хэлтсүүдэд нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгаж, тэр дунд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр авдаг нийт тэтгэвэр авагчийн хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолт, олголтын мэдээллийн бааз, нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сангийн бүртгэлд тус тус үндэслэн шалгаж, тэтгэвэр авагчид тэтгэврийг илүү, дутуу олгосон зөрчил илрүүлэн, нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгохоор, илүү олгосон мөнгийг төлүүлэхээр акт тавьжээ.

1990 оноос цэргийн алба хаасны тэтгэвэр, 2004 оноос өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгосон тэтгэвэр авагч Дашжавын Баатардорж нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1 дэх “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй цэргийн албан хаагч нь нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасан хугацааны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч ... шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэсэн заалтуудыг зэрэг ханган тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Я.Б нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр түүний тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо цэргийн байгууллагад ажиллаж байсан 8 жил 5 сарыг /1969.02.01-1977.07.25/ энгийн байгууллагад ажилласан 14 жил 8 сарын хугацаан дээр нэмж, нийтдээ 21 жил 8 сараар тооцон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн заалтаар бүрэн тэтгэвэр тогтоосон нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч ... шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж Д.Бид 6.362.824 /Зургаан сая гурван зуун жаран хоёр мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийн тэтгэврийг илүү олгосон зөрчил уг шалгалтаар илэрч нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай актын 3 дугаар хавсралтаар 6.362.824 төгрөгийн төлбөрийг хороо хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Я.Бгаар төлүүлэхээр тогтоожээ.

Тодруулбал энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 14 жил 8 сар буюу “10-аас 20 жил” гэсэн хугацааны талаарх нөхцөлд хамаарч нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэвэр авагчид цэргийн тэтгэвэрт тооцогдсон хугацаа болох 8 жил 5 сарыг давхардуулан нэмж 21 жил 8 сар болгон тооцсоноос “20-иос доошгүй жил” гэдэг нөхцөлд хамруулан нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг бүрэн тогтоож, үүнээс үүдэн тэтгэврийг илүү олгосон алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч Я.Б нь тэтгэвэр авагч Д.Бийн тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг зөрчиж цэргийн байгууллагад ажилласан хугацааг энгийн байгууллагад ажилласан хугацаан дээр давхардуулан нэмж тооцож илүү тэтгэвэр олгосон зөрчил гаргасан болохоо, түүнчлэн илүү олгосон тэтгэврийн хэмжээний тооцооллын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул шүүх зөрчлийн талаар буюу тэтгэвэр тогтоох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хэрхэн тооцсон болон актаар тогтоосон төлбөрийн хэмжээний талаар дүгнэх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч нь харин “тэтгэврийн байцаагч тэтгэврийн бодолтыг хийж, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар хянуулж эцсийн байдлаар тэтгэврийг тогтоодог, энэ алдаа нь ганц тэтгэврийг өөрчлөн тогтоосон байцаагчийн биш, хяналт шалгалт хийж, зөрчилгүй гэж үзэн, олгохыг зөвшөөрч баталгаажуулсан бусад холбогдох албан хаагч, ажилтанд ч хамааралтай,  “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэврийг гэм буруутай албан тушаалтан хариуцах”-аар заасан тул дан ганц Ч.Баярмаагаар төлүүлэхээр акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй, түүнчлэн ийнхүү тэтгэврийг илүү тогтоосноос хойш 2014 оны 03 дугаар сарын 20, 2015 оны 03 дугаар сарын 10, 2015 оны 08 дугаар сарын 28, 2017 оны 04 дүгээр сарын 25-нд тэтгэврийн өөрчлөлтүүдийг баталгаажуулсан, мөн тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгаж “зөрчилгүй” гэж үзсэн байсан тул тухайн үед нь зөрчлийг илрүүлсэн бол ийм хэмжээний төлбөр гарахгүй байсан” гэж маргаж, “нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэтгэвэр авагч Д.Бийн тэтгэврийг 2012 онд өөрчлөн тогтоох үедээ нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал болох Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны үндсэн зорилтод “өндөр насны тэтгэвэр, ... тогтоох, ...”, ажлын байрны гол үйл ажиллагаанд “тэтгэвэр тогтоолттой холбогдсон материалын үндэслэлийг тухайн иргэн үнэн зөв бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж, зөв бүрдэл болсон материалыг хүлээн авах, тэтгэврийн бодолтыг хуулийн зохих заалтын дагуу хийж тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар хянуулах, ... олгох, тэтгэврийн өөрчлөлтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийх” гэж зааснаар тэтгэврийн байцаагч нь тэтгэвэр тогтоох, тэтгэврийн өөрчлөлтийг хийх үндсэн чиг үүрэгтэй албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөв хэрэгжүүлээгүйгээс тэтгэвэр авагчийн тэтгэврийн өөрчлөлтийг буруу тогтоож, нийгмийн даатгалын санд хохирол учруулсан буруутай байна.

Хэдийгээр тэтгэврийн байцаагчийн тооцоолж тогтоосон тэтгэврийн бодолтыг тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга хянасны эцэст олгогддог гэх боловч тэдгээр албан тушаалтны хяналт тавих чиг үүрэг нь тэтгэврийн байцаагчийг үндсэн чиг үүргээ хуулийн дагуу гүйцэтгэхээс болон нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.” гэж зааснаар тэтгэврийн өөрчлөлтийг тогтоосон тэтгэврийн байцаагчаар илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.Бгийн гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ХАЛИУНА