Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0627

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ш.Э

Нэхэмжлэгч: Ш.Э

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий боловсролын ШЭ сургуулийн захиргаа,

Нэхэмжлэлийн шаардлага: “1/ ШЭ сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэснийг илт хууль бус болохыг тогтоох, 2/ ШЭ сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/33 дугаартай 230363 бүртгэлийн дугаартай Ш.Э- овогтой Э- шалгуулагчийг хяналтын тоонд багтаан сургуульд элсүүлэх боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, 3/ 230363 бүртгэлийн дугаартай Ш.Э- овогтой Э-г ШЭ сургуульд элсүүлэхийг даалгах ”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 631 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0599/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 631 дүгээр шийдвэрээр:

Бага, дунд боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан 1/ ШЭ сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэснийг илт хууль бус болохыг тогтоох, 2/ ШЭ сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/33 дугаартай 230363 бүртгэлийн дугаартай Ш.Э- овогтой Э- шалгуулагчийг хяналтын тоонд багтаан сургуульд элсүүлэх боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, 3/ 230363 бүртгэлийн дугаартай Ш.Э- овогтой Э-г ШЭ сургуульд элсүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх заалтад “Шалгалтад нэхэмжлэгч Ш.Э-ийн хүүхэд Э.Э- 230363 бүртгэлийн дугаартайгаар оролцож 42 оноо авсан, түүнтэй ижил оноотой 9 шалгуулагчийн 6 нь хяналтын тоонд багтахаар байсан бөгөөд нэхэмжлэгч нь дүн засалттай холбоотой болон элсэлтийн шалгалтаар суралцагч элсүүлэх хяналтын тоог 47-оор тогтоосонтой маргаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад хяналтын тоог 48-аар тогтоосон байж 47 тоонд элсэлтийн шалгалт зарласан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс элсэлтийн шалгалтыг зохион байгуулах болон элсэлтийн хяналтын тоог 47-оор тогтоосонд маргаж, 48-аар тогтоосонд маргаагүй, тус нэг орон тоонд сурагч элсүүлээгүй нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурдагдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага биелэх боломжтой байна гэж үзэж байна. Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай” журмыг баталсан. Тус журмын 1.3 дахь хэсэгт “Сургуулийн удирдах зөвлөл нь олон улсын хөтөлбөрөөр хичээллэхэд тавих нийтлэг шаардлага, хичээлийн байр, анги, танхимын багтаамжид нийцүүлэн суралцагч элсүүлэх хяналтын тоо, элсэлтийн шалгалтын тов, босго оноог жил бүр тогтооно” гэж заасан. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын “ШЭ” сургуулийн Удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар “Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын ШЭ сургуулийн дүрэм”-ийн 3.11 дахь хэсэгт “Сургууль нь холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу суралцагчийг элсүүлэх...”, гэж тус тус заасан. ШЭ сургуулийн удирдах зөвлөлд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн элсэлтийн журам, ШЭ сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар суралцагч элсүүлэх хяналтын тооноос нийгмийн баталгааг дээшлүүлэх, хангах зорилгоор 1 орон тоог багшийн хүүхдэд давуу байдал олгож, шалгалтад оролцохгүйгээр элсүүлэх эрхийг олгоогүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн элсэлтийн журмын дагуу бүх сурагч тэгш эрхтэйгээр шалгалт өгч, өндөр оноо авсан сурагч элсэн оролцохоор заасан байх тул 47 сурагч элсүүлсэнтэй маргаж, 48 суралцагч суралцах ёстой гэж үзэж байна.

Үндэслэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “ШЭ сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор элсэлтийн шалгалтын товыг, 6 дугаар ангид элсүүлэх хяналтын тоог тогтоож, захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/13 дугаар тушаалаар элсэлтийн шалгалтын ажлын хэсэг байгуулж, Элсэлтийн шалгалтын дэг, удирдамжийг баталсан, Элсэлтийн шалгалтын дэгийн 2.3-т “Элсэлтийн шалгалтад оролцох сурагчдад тавих шаардлага, бүртгэл, бүрдүүлэх материал, шалгалтын зохион байгуулалт, засалт, дүнг мэдээлэх, санал хүсэлт шийдвэрлэх зэрэгтэй холбоотой мэдээлэл болон товыг элсэлтийн шалгалтын удирдамжид тусган нийтэл мэдээлнэ” гэж заасан. Мөн дэгийн 6.4-т болон элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрвээ хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ” гэж ижил оноотой шалгуулагчдыг хэрхэн дараалалд оруулж жагсаахыг нарийвчлан тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх илт бус байх үндэслэл байна. Тодруулбал, хуулиар эрх олгосноор салбарын сайд элсэлтийн журмыг баталсан. Захирлын тушаалаар элсэлтийн шалгалтын дэгийг батлахдаа шалгуулагчдыг элсэлтийн шалгалтын онооноос бусад үзүүлэлтээр дүгнэх тухай байгаа нь хуулиар сайдад олгогдсон эрх хэмжээнд халдсан байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар сургуулийн захиргааны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар нарийвчилж шалгалтын дэг, шалгалтын удирдамж гэх нэрийн доор сайдын чиг үүрэгт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байна. Мөн тухайн шийдвэрийн утга нь агуулгын илэрхий алдаатай байна. Өөрөөр хэлбэл, “Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх 4 үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ” гэж заасан нь нэг, нэгээр нь харьцуулж тооцох эсхүл 4 үнэлгээний дунджийг бодох гэсэн хоёрдмол утгатай байх бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээр байна.

2.2. Сургуулийн захиргааны чиг үүрэгт хамаарахгүй тухайд: Бага, дунд боловсролын тухай /2002/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт “Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Тус заалтын дагуу Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай” журмыг баталсан. Тус журмын 1.6 дахь хэсэгт “Элсэлтийн шалгалтын дэгт: шалгалт авах, хичээлийн агуулга, багтаамж, шалгалтын бэлтгэл, сэдэв боловсруулалт, нууцлал, шалгалтын үргэлжлэх хугацаа, шалгалтын явцын зааварчилгаа, зөвшөөрөх болон хориглох зүйлс, шалгуулагчийн болон шалгагчийн эрх үүрэг, хүлээх хариуцлага, шалгалтын засалт, дүнг мэдээлэх, санал гомдол шийдвэрлэх, тайлагнах, архивлах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна” гэж заасан.

Шалгалтын засалт гэдэг нь тухайн шалгуулагчийн боловсруулсан боловсруулалт, зөв, буруу хариултыг шалгах үйл явц юм.

Дүнг мэдээлэх гэдэг нь зөв, бурууг дүгнэсэн нийт дүнг олон нийтэд мэдээлэх үйл явц юм.

Бага, дунд боловсролын тухай хуулиар “Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуульд элсэн орох элсэлтийн журам”-ыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд эрх олгосон. Энэхүү эрх нь зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны сайдад олгосон эрх хэмжээ юм. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалын хавсралт “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ын 5.1 дэх хэсэгт “6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад явсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ” гэж заасан байна.

Шалгуулагчийн оноо тэнцвэл хэрхэн шийдвэрлэх, ямар шалгуур, дарааллаар элсүүлэх шийдвэр гаргах эрхийг хэн нэгэнд олгосон заалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, шалгалтад тэнцвэл хэрхэн шийдвэрлэх талаарх заалтыг гаргах эрх бүхий албан тушаалтан нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Харин сургуулийн захиргааны чиг үүрэгт хэн нэгэнд элсэх эрх, тэнцвэл хэрхэн шийдвэрлэх эрхийг тус тус журмаар олгоогүй, зөвхөн шалгалт хэрхэн авах, процессын асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байна. Эсвэл шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд шалгалтын сэдвийн хүрээнд хэн олон бодлого бодсон шалгуулагчийг урд эрэмбэлэх зэргээр зохицуулж болохоор байна.

Шалгалтын засалт, дүнг мэдээлэх эрхэд шалгуулагч нар тэнцвэл хэнийг элсүүлэх талаарх эрхийг олгоогүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх явцуу байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.3. Утга агуулгын илэрхий алдааны тухайд: Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн” гэх агуулгыг огт тайлбарлаагүй байна. Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4-т болон элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх 4 үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэж заасан байна.

Дэс дараалан харьцуулж тооцно гэсэн нь жилийн эцсийн дундаж үнэлгээ, улсын шалгалтын дундаж үнэлгээ, математикийн шалгалтын үнэлгээг хэрхэн яаж харьцуулж тооцох нь тодорхойгүй, тухайн 4 үнэлгээний дундаж гаргаж харьцуулах эсэх нь ойлгомжгүй байна. Дээрх 4 үнэлгээний дунджаар тооцож бодоход Э.Э- нь эрэмбийн 46 дугаар байранд орж хангалттай хяналтын тоонд багтаж байна. Тодруулбал,

Хэрэв дээрх 4 үнэлгээний дундаж үнэлгээгээр элсүүлэх бол жилийн эцсийн үнэлгээний дундаж-97.3, улсын шалгалтын дундаж-94, математикийн улсын шалгалт-97, шалгалтын оноо-42 гээд дундаж үнэлгээ нь 82.575 болсон байна.

Хяналтын тоонд багтсан шалгуулагч болох 230347-82.557 оноотой, 230265-80.542 оноотой шалгуулагчаас 230363 дугаартай Э.Э- нь өндөр оноотой байна.

Иймд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “... шалгалтын дүнгээр ижил 42 оноо авсан 9 сурагчаас 6 сурагчийг хяналтын 47 тоонд багтаан 5 дугаар ангийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр жагсааж элсүүлсэн нь яамны баталсан журмаас давсан, сургуулийн удирдах зөвлөл өөрт олгогдоогүй эрх эдэлж дэг, удирдамжаар хэм хэмжээ тогтоосон, ... дэг, удирдамжийн заалтын “Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ” гэх 2 өгүүлбэр хоорондоо утга агуулгын илэрхий алдаатай, хэрэв 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээний дунджаар тооцсон бол Э.Э-гийн үнэлгээ хяналтын 47 тоонд багтах байсан ... эхний хэсэг нь дөрвөн үнэлгээг дэс дараалан харьцуулж тооцно гэсэн байх боловч дараагийн өгүүлбэр нь дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноогоор тооцно гэсэн нь зөрчилтэй ... “Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай” ... сайдын тушаалын 2.2-т “6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ” гэж заасан байхад элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дахь заалтын 4 дэх хэсэг, дэгийн 6.4 дэх хэсэг нь элсэлтийн шалгалтын онооноос бусад сайдын тушаалд огт дурдагдаагүй үнэлгээнүүдээр эрэмбэлэх тухай байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна ...” гэх зэрэг үндэслэлээр “ШЭ сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэснийг илт хууль бус болохыг тогтоох, ШЭ сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/33 дугаартай 230363 бүртгэлийн дугаартай Ш.Э- овогтой Э- шалгуулагчийг хяналтын тоонд багтаан сургуульд элсүүлэх боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, 230363 бүртгэлийн дугаартай Ш.Э- овогтой Э-г ШЭ сургуульд элсүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... яамны баталсан элсэлтийн журмын дагуу шалгалтын дэг, удирдамжийг сургуулийн удирдах зөвлөл баталж мөрдсөн, хяналтын тоо ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдол гардаг тул элсэлтийн шалгалтын дэг, удирдамжаар хяналтын тоонд багтаан жагсаах үнэлэх шалгуурыг тогтоосон нь эрх хэмжээний хүрээнд, ... заалтын “... үнэлгээг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ” гэх өгүүлбэр хоорондоо утга агуулгын алдаагүй, 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно гэж заасан тул эхний шалгуур 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр жагсаалт гарч хяналтын тоонд багтаах шалгуулагчдын үнэлгээ тэнцээгүй, дараалсан тул дараагийн “5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ”-г харьцуулах шаардлага үүсээгүй, өгөгдлүүдийг программ хангамжаар харьцуулдаг тул хүний хүчин зүйл нөлөөлөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн ерөнхий боловсролын ШЭ дунд сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “2023-2014 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтын товыг, 6 дугаар ангид сурагч элсүүлэх хяналтын тоог 48 байхаар, 1 суралцагчийг сургуулийн багш, ажилтнуудын хүүхдээс элсүүлэх”-ээр тогтоож, шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, 47 хүүхдийг хяналтын тоонд багтаан элсүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. 

6. Тус шалгалтад элсэлтийн шалгалтад 43 оноо авсан 41 шалгуулагч, 42 оноо авсан 6 шалгуулагч элсэлтийн тоонд багтаж, нийт 47 сурагч 6 дугаар ангид элссэн байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Эийн хүүхэд Э.Э- 230363 бүртгэлийн дугаартайгаар оролцож, 42 оноо авсан бөгөөд түүнтэй мөн ижил оноотой 8 шалгуулагч сургуулийн элсэлтийн шалгалтын дэгийн 6.4-т зааснаар эрэмбэлэгдэж, сургуулийн зүгээс элсэлтийн шалгалтад тэнцэгсдийг жилийн эцсийн үнэлгээний дундаж, улсын шалгалтын дундаж, математикийн улсын шалгалтын оноогоор эрэмбэлсэн байх бөгөөд 230363 бүртгэлийн дугаартай Э.Э-той элсэлтийн шалгалтын адил 42  оноо авсан шалгуулагчдаас 230250, 230395, 230060, 230380, 230347, 230265,  бүртгэлийн дугаар бүхий 6 шалгуулагч элсэлтийн тоонд багтаж элссэн бол Э.Э- тэдгээрийн дундаас 8 дугаар эрэмбэлэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

7. Нэхэмжлэгчээс “ШЭ сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ” гэснийг хоорондоо зөрүүтэй агуулга илэрхийлж байгаа гэсэн шалтгаан үндэслэлээр “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж маргасан байх боловч дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноогоор буюу шалгалтын оноо 42, жилийн эцсийн дундаж үнэлгээний дундаж 97.3, улсын шалгалтын дундаж 94, математикийн улсын шалгалтын оноо 97, дөрвөн үнэлгээний дундаж 330.3:4=82.575, ... шалгалтын дэгийн ... заалтын дагуу тэнцсэн 6 сурагчийн 4 үнэлгээний дунджийг 230363 бүртгэлийн дугаартай Э.Э- 4 үнэлгээний дундажтай харьцуулж үзэхэд Э.Э- нь тэнцсэн 230347, 230265 бүртгэлийн дугаартай 2 шалгуулагчаас өндөр оноотой ... хяналтын тоонд багтаж элсэлтийн шалгалтад тэнцсэн болох нь харагдаж байна ...” гэж маргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл зөрүүтэй байхад шүүх эцэслэн тодруулаагүй, 230347, 230265 бүртгэлийн дугаартай 2 шалгуулагчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс ШЭ сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгуулахаар маргасан атлаа тус заалтын “Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, уг заалтын “Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн” гэсний дагуу “5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ” гэсэн дөрвөн үнэлгээний дунджаар тооцож эрэмбэлэх байсан гэж маргасан нь ойлгомжгүй байхад шүүх тодруулаагүй нь буруу байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... сургуулиас 6 дугаар ангид элсэн сурагчдын хяналтын тоог 47 гэж тогтоосонтой маргаагүй, элссэн 47 сурагчтай маргахгүй” гэж тайлбарласан байх боловч давж заалдах гомдол энэ талаар маргаж байгаа агуулгыг тусгасан нь зөрчилтэй, дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй мөн зөрчилтэй, нэгэнт сургуулиас хяналтын тоог 47 гэж тогтоосонтой маргахгүй атлаа 2023-2024 оны хичээлийн жилийн 6 дугаар ангид элссэн 47 сурагчийн аль нэгнийг нь хасахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрхэн хангагдах, 230363 бүртгэлийн дугаартай Э.Э-г хэрхэн ямар шалгуураар тэнцүүлээгүй гэж үзэх, улмаар түүнийг элсүүлэхээс татгалзсаныг буруу гэж үзэх, сургуульд элсүүлэхийг даалгах нь ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

10. Бага дунд боловсролын тухай хууль /2002 оны хууль/-ийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 20 дугаар зүйлд 20.1.1-д “Захирал нь дараах эрхтэй: холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 20.2.8-д “Захирал нь дараах үүрэгтэй: хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах” гэж, Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.11-д “Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бүх түвшний үнэлгээ, элсэлтийн шалгалт зохион байгуулах, хүний мэдлэг, чадвар, чадамжийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, үнэлгээний хөгжлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.12-д “Энэ хуулийн 17.11-д заасан үнэлгээ, элсэлтийн шалгалтын журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” тус тус заажээ.

11. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Элсэлтийн журам батлах тухай” А/78 дугаар тушаалаар Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг шинэчлэн баталж, дээрх журмыг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд мөрдүүлэхээр баталсан байна.

12. Уг элсэлтийн журмын 1 дүгээр зүйлийн 1.5-д “Элсэлтийн шалгалтын дэгийг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар баталж мөрдөнө”, 1.6-д “Элсэлтийн шалгалтын дэгт: шалгалт авах хичээлийн агуулга, багтаамж, шалгалтын бэлтгэл, сэдэв боловсруулалт, нууцлал, шалгалтын үргэлжлэх хугацаа, шалгалтын явцын зааварчилгаа, зөвшөөрөх болон хориглох зүйлс, шалгуулагчийн болон шалгагчийн эрх үүрэг, хүлээх хариуцлага, шалгалтын засалт, дүнг мэдээлэх, санал гомдол шийдвэрлэх, тайлагнах, архивлах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна” гэж Олон Улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн шалгалтын дэгийг тухайн сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэхээр тусгаж, шалгалтын дэгт хамаарах асуудлуудыг тухайлан тодорхойлж заасан байна.

13. Нийслэлийн ерөнхий боловсролын ШЭ сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/13 дугаар тушаалаар тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, элсэлтийн шалгалтын дэгийг хавсралтаар баталж, дэгийн 2.3-т “Элсэлтийн шалгалтад орох сурагчдад  тавих шаардлага, бүртгэл, бүрдүүлэх материал, шалгалтын зохион байгуулалт, засалт, дүнг мэдээлэх, санал хүсэлт шийдвэрлэх зэрэгтэй холбоотой мэдээлэл болон товыг шалгалтын удирдамжид тусган нийтэд мэдээлнэ”, 6.4-т “Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2-р хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ” гэж тус тус заажээ.

14. Нэхэмжлэгчээс “... сургуулийн элсэлтийн шалгалтын ажлын хэсэг нь Бага, дунд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны ... А/78 дугаар тушаалаар олгоогүй эрх хэмжээг хэрэглэж, элсэлтийн шалгалтыг зохион байгуулсан ... элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дэх хэсгийн 4 дэх хэсэг, 6.4 дэх хэсэг нь элсэлтийн шалгалтын онооноос бусад сайдын тушаалд огт дурдагдаагүй үнэлгээгээр эрэмбэлсэн нь ... илт хууль бус ...” гэж маргаж, “... ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу ... Сайдын тушаалаар 2023 оны  03 дугаар сарын 03-ны өдөр баталсан “Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай” журмын 1.6 дахь хэсэгт “Элсэлтийн шалгалтын дэгт: ... гэж заасан ... Олон Улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуульд элсэн орох журмыг батлах эрх хэмжээ зөвхөн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгогдсон ... журмын 5.1 дэх хэсэгт “6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ” гэж заасан ... шалгуулагчийн оноо тэнцвэл хэрхэн шийдвэрлэх, ямар шалгуур дарааллаар элсүүлэх шийдвэр гаргах эрхийг хэн нэгэнд олгосон заалт байхгүй ... тэнцвэл хэрхэн шийдвэрлэх талаарх заалт гаргах эрх бүхий албан тушаалтан нь Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна ... сургуулийн захиргаа зөвхөн шалгалт хэрхэн авах, процессын асуудлыг шийдвэрлэх эрхтэй ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

15. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээр дурдсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг батлах эрх хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хадгалагдсан, сургуулийн хувьд шалгалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах процессын асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байхад суралцагч элсүүлэх асуудал болон шалгалтад тэнцвэл хэрхэн шийдвэрлэх, ямар шалгуур дарааллаар элсүүлэх шийдвэр гаргах талаар шийдвэр гаргасан нь буруу” гэж маргасан үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

16. Түүнчлэн нэхэмжлэгчээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/78 дугаар тушаалаар баталсан журамд зааснаар 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90.0 хувь, түүнээс дээш байх, 6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтаан шалгуулагчдыг элсүүлэхээр заасан байхад сургуулийн зүгээс элсэлтийн шалгалтын онооноос бусад сайдын тушаалд огт дурдагдаагүй үнэлгээнүүдээр эрэмбэлэхээр заасан тул шалгалтын удирдамжийн 5.4, дэгийн 6.4 дэх хэсэг илт хууль бус” гэж маргасан нь “зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны элсэлтийн журмын хүрээнд элсэлтийн шалгалтад оролцогчдыг үнэлэх байсан, энэ журмын дагуу үнэлсэн бол 230363 бүртгэлийн дугаартай Э.Э- хяналтын тоонд багтаж элсэх боломжтой байсан” гэсэн агуулгыг илэрхийлж байгаа эсэх, эсхүл “... дэгийн 6.4 дэх хэсэгт заасан 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ” гэсэн дөрвөн үнэлгээний дунджаар тооцож эрэмбэлэх байсан гэж маргасан эсэх, мөн “... сайдын тушаалын хүрээ, хэмжээнд элсэлтийн шалгалтын бодлогын хоёрдугаар хэсгийн бодолтоос илүү оноо авсан дарааллаар ижил оноо авсан сурагчдыг эрэмбэлэх боломж байсан ...” гэж маргасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байхад эдгээрийг нэг мөр тодруулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

17. Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ШЭ сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Элсэлтийн шалгалтын хураамжийг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолоор тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтоож, 6 дугаар ангид сурагч элсүүлэх хяналтын тоог 48 байхаар, үүнээс багш, ажилтны нийгмийн баталгаа, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтын дагуу 1 багш, ажилтны хүүхдийг элсүүлэн сургахыг сургуулийн захиралд зөвшөөрсөн байна.

18. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/78 дугаар тушаалаар баталсан Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмын 2.2-д “6 дугаар ангид элсэхийг хүсэгчийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90.0 хувь, түүнээс дээш байх”, 5.1-д “6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ” гэж заасан байна.

19. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад “багш ажилчдын нэг хүүхэд шалгалтгүй элсэн суралцахаар журамласантай маргахгүй “гэж тайлбар гаргах боловч “... хяналтын тоог 48-аар тогтоосон байж 47 тоонд элсэлтийн шалгалт зарласан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан ... хяналтын тоог 47-оор тогтоосонд маргаж, 48-аар тогтоосонд маргаагүй, тус нэг орон тоонд сурагч элсүүлээгүй нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурдагдсан ... нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой ... сайдын тушаалаар баталсан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай журам”-ын 1.3-т сургуулийн удирдах зөвлөл ... суралцагч элсүүлэх, хяналтын тоо, элсэлтийн шалгалтын тов, босго оноог жил бүр тогтооно”, сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар суралцагч элсүүлэх хяналтын тооноос нийгмийн баталгааг дээшлүүлэх, хангах зорилгоор 1 орон тоог багшийн хүүхдэд давуу байдал олгож, шалгалтад оролцохгүйгээр элсүүлэх эрхийг олгоогүй байна ... хуульд зааснаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн элсэлтийн шалгалтын журмын дагуу бүх сурагч тэгш эрхтэйгээр шалгалт өгч, өндөр оноо авсан сурагч элсэн орохоор заасан байх тул 47 сурагч элсүүлсэнтэй маргаж, 48 суралцагч суралцах ёстой гэж үзэж байна ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа багш ажилчдын хүүхдийг уг орон тоонд хүүхэд элсүүлэн аваагүй. Тухайн 1 орон тоонд суралцах хүүхэд тодорхой болсон бөгөөд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх үед авахаар хүлээж байгаа” гэж тайлбарласан байна.

20. Хариуцагчаас “... ШЭ сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.3-т “тус сургуульд гурваас дээш жил үр бүтээлтэй, амжилттай ажилласан удирдлага, багш, ажилтны төрсөн хүүхдийг тухайн насны ангид орон тоо байгаа тохиолдолд сургуулийн захирлын тушаалаар тус сургуульд элсүүлэн оруулж болно” гэж заасны дагуу 1 сурагчийг багш ажилтны хүүхдүүдээс давуу эрхийг эдлүүлж, элсэлтийн шалгалтгүйгээр элсүүлнэ” гэж тайлбарласан байх тул шүүх нэхэмжлэгчийн энэ талаарх маргаж буй үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулж, нэхэмжлэгчээс энэ талаар маргаж байгаа тохиолдолд тус сургууль багш ажилчдын нэг хүүхдийг шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахаар журамласан нь хууль, журамд нийцсэн эсэх, хяналтын тоог 48 гэж тогтоосон эсэх, уг орон тоонд суралцагч элсэн суралцаж байгаа эсэх, элсэн суралцаагүй тохиолдолд шалгуулагчдаас онооны дарааллаар элсүүлэн суралцуулах боломжтой эсэх, энэ хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой эсэхийг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

21. Шүүх нэхэмжлэгчээс “хяналтын тоонд багтсан шалгуулагч болох 230347-82.557 оноотой, 230265-80.542 оноотой шалгуулагчаас 230363 дугаартай Э.Э- өндөр оноотой гэж маргаж байгаа эсэх, эсхүл Боловсрол шинжлэх ухааны сайдын баталсан журмын дагуу элсэлтийн шалгалтын оноогоор зөвхөн эрэмбэлэгдэх байсан гэж маргаж байгаа эсэх, нэг орон тоонд багшийн хүүхдэд давуу байдал олгож, шалгалтад оролцохгүйгээр элсүүлэх эрхийг олгоогүй гэх зэрэг үндэслэлүүдээр маргасан эсэх, Э.Э- ямар шалгуур, үнэлгээгээр хяналтын тоонд багтаж элсэн суралцах байсан гэж маргаж байгаа үндэслэлийг тодруулсны үндсэн дээр  шаардлагатай баримт нотолгоог бүрэн дүүрэн тодруулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг тодруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 631 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ