Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 426

 

М.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0673 дугаар магадлалтай, М.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.6, 114 дүгээр зүйлийн 114.1, 159 дүгээр зүйлийн 159.2, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Гэрэлтуяагийн Багануур дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0673 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгуулийн тухай хуулийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан.

Нэхэмжлэгч М.Гэрэлтуяа нь тухайн нийтлэлийг ямар нэгэн саналыг татах зорилгоор бус зөвхөн өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж бичсэн. М.Гэрэлтуяа нь өөрөө сэтгүүлч мэргэжилтэй, “Багануур ньюс” сонины эрхлэгчийн ажил эрхэлдэг, мэргэжлийн үйл ажиллагааныхаа дагуу сонинд нийтлэл тавьсан, уг нийтлэлээ өөрийн фэйсбүүк хуудас дээрээ нийтэлсэн юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана”. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, санаа бодлоо илэрхийлсэн. Тухайн үед М.Гэрэлтуяа нь сонгуулийн компанит ажилд оролцож байгаагүй, ямар нэг нам, нэр дэвшигчийн ухуулагч, шадар туслах, менежер хийж байгаагүй, зөвхөн сэтгүүлчийн ажлаа л хийж байсан юм.

“Сонгогчдын саналыг татах зорилгоор” тухайн нийтлэлийг бичсэн эсэхийг хэн ч хаанаас ч тогтоогоогүй. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Уг нийтлэлийг бичлээ, өөрийнхөө фэйсбүүк хуудсанд нийтэллээ гээд олон дагагчтай болоогүй, сонгуулийн санал хураалт, сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй, эсрэг намын саналаас хасагдсан эсэх нь тодорхойгүй байдаг. Бодит байдалд Монгол ардын нам сонгуульд ялсан үр дүн гарсан. Тиймээс Ардчилсан намаас санал татсан гэх нотолгоо, үр дүн харагдахгүй байгаа юм.

Багануур дүүргийн сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хэний, ямар гомдлыг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй. Мөн М.Гэрэлтуяаг нэр дэвшигчээр бүртгэсэн Багануур дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын М.Гэрэлтуяад холбогдох хэсэг хүчинтэй хэвээр байгаа, М.Гэрэлтуяаг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгосон ямар нэг тогтоол, шийдвэр гарсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт мөн авагдаагүй.

Санал хурааж дуустал гэдэг ойлголтыг шүүх буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой асуудлаар хууль зөрчсөн гэх үйлдлийг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбож тайлбарлаж байгаа нь буруу юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дууссан байсан. М.Гэрэлтуяаг нэр дэвшигчээс хасах үндэслэл болоод байгаа факт нь уг сонгуультай холбоотой байтал Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн сонгуультай холбосон нь хуулийг буруу хэрэглэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 дахь хэсгийг үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Багануур дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай М.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.  

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн ...70.1. ...-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэртийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлийг тодорхойлон, 70 дугаар зүйлийн 70.1.6-д “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор... хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан ...бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно”, 70.15.1-д “иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулах” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч М.Гэрэлтуяа нь  2016 оны 06 дугаар сарын 16, 19-ний  өдрүүдэд өөрийн фэйсбүүк хаягаараа бусдыг гүтгэн, хуурамч мэдээлэл тараасан зөрчилд  192,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэвэр хүчин төгөлдөр байна.

Дээрх шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчлийн талаар буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалалын бус асуудлаар тус шүүх үнэлэлт өгөх шаардлагагүй болно.

Иймд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн М.Гэрэлтуяаг “Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан” тус дүүргийн   Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол нь дээрх хуульд нийцсэн, хууль ёсны захиргааны акт учир “...нийтлэлийг ямар нэг санал татах зорилгоор бус зөвхөн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд бичсэн, ...сонгогчдын саналыг татах зорилгоор бичсэн гэдгийг хэн ч хаанаас ч тогтоогоогүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Мөн М.Гэрэлтуяаг дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа иргэн Ц.Нямцэрэнгээс ирүүлсэн гомдлыг сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцэж, шүүхийн 2016 оны 65 дугаар шийтгэвэрийг үндэслэн түүнийг нэрийн жагсаалтаас хассан тухай хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан, ийнхүү нэрийн жагсаалтаас хассан нь “Нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа ... 70.1. ...-д заасан үндэслэл тогтоогдвол ...” гэх дээр дурдсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг зөрчөөгүй байна.

Үүнээс гадна нэр дэвшигч нь хуульд заасан нөхцөлийг хангаж, бүртгэгдсэнээс хойш түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрч, нэрийн жагсаалтаас хассанаар М.Гэрэлтуяаг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй.

Учир нь ийнхүү хассанаас үүсэх эрх зүйн үр дагавар нь Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Саналын хуудас бичигдэхээс өмнө нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчийг саналын хуудаст нэрийг нь бичихгүй” гэж зааснаар тодорхойлогдоно. 

Иймээс “...03 дугаар тогтоолыг хэний гомдлыг үндэслэж гаргасан нь тодорхой бус, энэ талаар нотлох баримт байхгүй..., нэр дэвшигчээр бүртгэсэн 01 дүгээр тогтоолын М.Гэрэлтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, хүчинтэй хэвээр байгаа...” гэх гомдол мөн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл 70 дугаар зүйлийн 70.1-д заасан “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс санал хурааж дуустал...” гэдэг нь  2016 оны 06 дугаар сарын 29, 10 дугаар сарын 29-ний өдөр болсон Нийслэлийн болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн аль алинд нь хамааралтай нийтлэг зохицуулалт юм.

Гэтэл нэхэмжлэгч нь “...06 дугаар сарын 29-ний өдрийн сонгуультай холбоотой үйлдэл байхад үүнийг 10 дугаар сарын 29-ний өдрийн сонгуульд холбогдуулж байна...” хэмээн тайлбарлаж байгаа нь буруу байна.    

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0673 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ