Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 748

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалан 3-4 тоотод оршин суух, Жарантай овгийн Намжилдоржийн Энхсайханы /РД:УК67042001/ нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 9-21 тоотод байрлах, “Дорнын Мөнх Нар” ХХК-д /РД:3374874/ холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 23600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа

Хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дорнын Мөнх Нар ХХК-ны менежер Батчимэгтэй 2014 оны 04 сарын 30-ны өдөр палкан байшингийн материал нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж 8:6 харьцаатай мансартгүй байшин бариулахаар гэрээ байгуулсан боловч хүүхэд маань томсгохоор тохиролцож 10:8 харьцаатай мансардтай байшинг бариулахаар тохирч энэ хэмжээндээ тохирсон төлбөр болох 15000000 төгрөгийг бэлнээр төлсөн. Байшин барих явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байcан. Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани дутуу материалаа авчирч ажилчид нь барилгаа барьж эхэлсэн боловч өөрийнх нь өгсөн 30 палкнаас 10 палк дутаасныг сүүлд ажилласан бригадын хүмүүс хэлсэн. Барилгыг барихдаа зураг төслийн дагуу хийгээгүй маш чанаргүй буруу барьсан учраас хоёр удаа буулгаж дахин барьсан. 2015 оны 4 сард ашиглалтанд оруулна гэсэн боловч хойшлуулсаар одоог хүртэл байшинг барьж дуусгаагүй байна. Би дээврийн төмөр 800000 төгрөгөөр, хар цаас 300000 төгрөгөөр авч өгсөн. Үүнийг дээвэрт хэрэглэсэн боловч одоо дээвэр нь муруй, сарий хийгдсэн учраас дээврийг хуулж дахин хийлгэх шаардлагатай байна. Харин төмөр, хар цаас хуулахаар дахин ашиглах боломжгүй болох тул би хохироход хүрээд байна. Мөн нуруу модыг буулгаж дахин хийхдээ ухчихсан чанаргүй модоор хийсэн учраас хүчтэй салхи шуурганд тогтохгүй маш чанар муутай болсон. Ингэж байшинг хугацаанд нь чанартай бариагүйгээс бид барилгын дотоод засал бусад ажлаа гүйцээж байшиндаа орж чадахгүй хохирч байна. Энэ компани гэрээний үүргээ биелүүлээгүй нэг жил таван сарын хугацаа хэтрүүлээд байна. 3-4 удаа ажилчид нь ирж ажилласан боловч компани цалингаа өгөхгүй. Хоолны, тамхины мөнгөгүй байна гээд ажлаа хаячихаад яваад өгдөг байсан. Дээвэр чинь муруй байна гэж хэлэхээр ажилчид нь цахилгаан хөрөөгөө өөдөөс шидэж элдвээр доромжилж, зодох гэж заналхийлж байсан... Одоо гэрээний биелэлт 60 орчим хувьтай л гэж бодож байна. Манай гэр бүлийнх нь сэтгэл дундуур үнэхээр их гомдож байна. Гэрээгээр бид төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохирсон. Үүргээ биелүүлсэн... Гэрээгээр хугацаандаа бариагүй удаашруулсан, хойшлуулсан тохиолдолд 5%-ийн хүүтэй төлбөр төлөхөөр тохиролцсон тул энэ төлбөр 5500000 төгрөг гаргуулахыг хүсч байна.Мөн дээврийн төмрийн үнэ 800000 төгрөг, хар цаасны үнэ 300000 төгрөг, ажилчдынх нь дутаасан 10 ширхэг палкны үнэ 350000 төгрөг. Нийт 6950000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгохыг хүсч өргөдөл гаргав гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Энхсайхан нь хариуцагч Дорнын Мөнх Нар ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйн төлөө урьдчилан төлсөн төлбөрийн мөнгөө сарын 5 хувийн хүүтэйгээр буцаан авна гэсэн заалтын дагуу 5500000 төгрөгийн хүү, дээврийн төмрийн үнэ 800000 төгрөг, хар цаасны үнэ 300000 төгрөг нэхэмжилсэн. Мөн палкны үнэ 350000 төгрөг нийт 6950000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тус компаниар угсруулсан барилгын чанар ашиглагдах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарлаа. Өөрөөр хэлбэл тухайн барилгад ашигласан материал нь чанаргүй шувуу нурууны мод нь цууралт үүссэн хэт нарийхан жигд бус хэмжээтэй мод хэрэглэснээс дээвэрт  хотойлт үүссэн, ханын тэгш хэм алдагдсан цүлхийсэн, муруй ханын 4 тал доош унжсан, цонх, хаалга гажсан. Байшингийн суурь зарим хэсэгт нь хундаам цутгаагүй зэргээс бүх гажилт үүссэн. Энэ байдал  нь иргэн хүн эрүүл аюулгүй аятай тохитой орон байр орчинд амьдрах өөрийн хөрөнгөөр бариулсан орон байранд сэтгэл ханамжтай тайван сайхан амьдарна гэж ямар ч баталгаагүй болсон байна. Иймд уг компанитай байгуулсан гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн материалын үнэ болон барих хөлс нийт 15000000 төгрөг, дээврийн төмрийн үнэ 800000 төгрөг, хар цаас 300000 төгрөг нийт 16100000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Мөн 3 жилийн өмнө барьж дуусгах барилга өнөөг хүртэл дуусаагүй төдийгүй ашиглагдах боломжгүй хундаамнаас эхлэн дахин шинэчлэлт хийх  шаардлагатай байна. Одоо барилгад ашигласан материал ямар ч чанаргүй 2 удаа зааж буулгаж барьсан ч одоогийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд байгаа. Энэ компани ажилчид болон инженер нь мэргэжлийн төвшинд хүрч чадахгүй нь нотлогдсон тул дахин энэ компаниар ажил хийлгэх боломжгүй гэж татгалзах үндэс болсон тул тус компанитай анх тохиролцож байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа өгсөн өдрөөс эхлэн сарын 5 хувийн хүүтэй тооцож өмнө өгсөн мөнгөө буцаан авна гэсний дагуу одоог хүртэл 15000000 төгрөгийн хүүг тооцвол 27000000 төгрөгийн хүү тооцогдохоор байгаа бөгөөд манай тал энэ хүүг гүйцэтгээгүй үүрэгтэй нь холбогдуулан Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тооцож 7500000 төгрөгийн хүүг нэхэмжилж байна. Тус барилгын ажил зохих ёсоор хийгдэж чадаагүй явдал захиалагч талаас шалтгаалаагүй бөгөөд эхний гэрээг хийсний дараа хэдхэн хоногийн дараа нэгэнт барилга бариулах гэж байгаа юм чинь гээд хэмжээгээ томсгож, мансаарттай хийлгэе гэхэд, компанийн зүгээс  боломжтой гээд зөвшөөрсөн. Анх байгуулсан гэрээн дээр нэмж 15000000 төгрөг болгосон. Манай талаас дам нуруугүй хийлгэнэ гэдэг санал хэзээ ч тавиагүй. Яаж барихыг барилгын ажил гүйцэтгэгч тал шийдсэн болно. Бид анхнаасаа болохгүй байгааг нь хэлж засуулах гэж оролдсон. Дээврийн төмөрөө хар цаасны материалаа аваад ир бид хийгээд өгье гэхэд нь авч өгсөн. Одоо дахин хуулж авч ашиглах боломжгүй болсон учир нэхэж байгаа болно. Энэ барилгаас болж захиалагчид үүнээс ч илүү зардлаар хохирол учирсан. Иймд урьдчилан шилжүүлсэн 15000000 төгрөг дээврийн төмөр, хас цаасны үнэ 1100000 төгрөг гэрээний дагуу төлөх хүү 7500000 төгрөгийн алдангитай тэмцэх нийт 23600000 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдэж өгнө үү. Анхны нэхэмжлэлд дурьдсан палкны 3500000 төгрөгийг нэхэхгүй ба нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү өөрчилж байна гэв.

 

 

 

Хариуцагч “Дорнын Мөнх Нар” ХХК-ийн төлөөлөгч, тус компанийн дэд захирал ажилтай Д.Чулуунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнын Мөнх Нар ХХК-ны менежер 2014 оны 04 арын 30-ны өдөр 8х6 харьцаатай мансартгүй байшинг барихаар гэрээ байгуулсан боловч 10х8 харьцаатай мансарттай болгон барихаар тохиролцож 15000000 төгрөгийг бэлнээр авсан явдал нь үнэн. Солонгост ажилладаг хүүгийнх нь хэлсэн загвараар 10х8 хэмжээтэй мансаартай байшингаа 2014 оны 5 сарын сүүлээр барьж эхэлсэн. Энэ байшин нь дотор талдаа таазгүй дотор загвар нь Солонгос хэв маягтай бариулсан. Захиалагч байшингийн гадна болон дотор засвараа өөрсдөө хийж гүйцэтгэх байсан. Манай талаас зөвхөн захиалагчийн хүсэлтийн дагуу байшингийн торхыг л босгож өгөх байсан. Байшинг дээвэрлэх үед Сүхбаатар аймагт дээврийн төмөр байгаагүйн улмаас энэ айл дээврийн төмөрөө гаргаагүй учир ажил зогссон бөгөөд бид байшинг орхиж явсан нь үнэн. Намар нь очиж гүйцээсэн. Палк мод нь 30 ширхэг яагаад дутсан бэ гэвэл 2х1.8м хэмжээтэй 3 ширхэг цонхтой 1.50-м цонх 1 ширхэг цонхны давцангын палк болон таазны палк нийт 30 ширхгийг бид нийлүүлсэн. Энэ айл өөрсдөө төмөрөө нийлүүлээлгүй байж биднийг орхисон гэж Сүхбаатар аймгийн шүүхэд өгч 600000 төгрөгийн хүү гаргуулах шийдвэр гаргуулсан. Бид харьяаллынхаа дагуу Дорнодынхоо шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн боловч манай менежер Батчимэгийг дарамталж гарын үсэг зуруулж бид 600000 төгрөгийг төлсөн. Манай ажилчдыг ялихгүй шалтгаанаар хэрэлдлээ гэж Сүхбаатар аймгийн цагдаагаар баривчлуулна гэж айлган сүрдүүлж байсан.

Манай компани энэ айлын байшинг боломжийн барьж өгсөн. Солонгос улсад ажилладаг хүү нь миний хэлснээр, миний санаснаар, миний бодсон шиг сайхан байшин боллоо гэж над руу утсаар талархан ярьж байсан. Энэ айл анх захиалга өгөхдөө дам нуруугүй бариулна, Солонгост ийм байдаг гээд бариулсан. Би 2014 оны 11 сард нь мужаанаа дахин явуулж байшингийн нэг хэсгийг дам нуруутай болгон полконтой болгож засаж өгсөн. Байшинг хүлээлгэн өгөх үедээ дам нуруугүй байгаа, хурдан дотоод заслаа хийгээрэй гэдгийг хэлсэн. Мэдээж дам нуруугүй байшин дотоод заслыг хийж доороос нь тулгуур хийж өгөхгүй бол хотойж суулт өгөх нь ойлгомжтой. Цонхны хэсгээр суулт өгсний учир нь эднийх том хэмжээтэй цонх захиалсан, мөн цонхоо хурдан хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Дээвэрийн модны хувьд бид байшингийн дээвэр хийдэг модоороо л хийсэн. Чанаргүй модоор хийгээгүй. Манай талаас чанаргүй барилгын материалаар уг байшингийн торхыг бариагүй, чанарын шаардлага хангасан өөрсдийн хэрглэдэг модон материалаараа л барьсан. Энэ айл хурдан хугацаанд дотоод заслаа хийгээгүйгээс болж нойтон палк модонд цууралт өгч, цонхны хэсгээр суулж өгсөн гэж бодож байна. Бид хугацаандаа энэ айлын байшингийн торхыг барьж хүлээлгэж өгсөн учраас ажлын хөлсөндөө төлсөн мөнгийг буцааж төлж чадахгүй, Бид уг байшинд чанарын шаардлага хангасан материал хэрэглэсэн учраас дахин засварлаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Дээврийн төмөр болон хар цаасыг дахин ашиглаж болохгүй тухай дүгнэлт шинжээчийн дүгнэлтэд байхгүй, 5 хувийн хүү гэж нэхсэн мөнгө нийт 23600000 төгрөгийг манай компани төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Н.Энхсайхан нь хариуцагч “Дорнын Мөнх Нар” ХХК-д  холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6950000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул байшин бариулах ажлын хөлс болон учирсан хохирол, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний хүүнд нийт 23600000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар талуудын дунд 2014.04.30-ны өдөр захиалагч буюу Н.Энхсайхан нь 8х6 м2 талбай бүхий мансартгүй, шувуун оройтой палкан байшингийн торх бүхий барилгыг бариулах, барьсны дараа гадна болон дотор заслыг өөрөө хариуцах, гүйцэтгэгч тал буюу “Дорнын Мөнх нар” ХХК нь байшингийн торхыг босгох бүх модон материал болон 2 цонх, хаалгыг нийлүүлж, байшингийн торхыг босгож барих, захиалагч нь ажил гүйцэтгэсний хөлсөнд 7500000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар тэдний дунд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Талууд гэрээ байгуулагдсаны дараа захиалагчийн саналын дагуу байшингийн хэмжээг 10х8 хэмжээтэй, мансардтай болгон өөрчилж, ажлын хөлсөнд нийт 15000000 төгрөгийг төлөхөөр тохиролцон гэрээнд нэмэлт оруулж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид ажлын хөлсөнд 15000000 төгрөгийг 2014 оны 5 сарын 17-ны өдөр төлсөн байх ба талууд өөрсдийн дунд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээнд нэмэлт оруулсан, ажлын хөлсөнд 15000000 төгрөгийг төлсөн талаар тус тус маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь байшингийн торхыг барихдаа чанаргүй материалаар барьсаны улмаас одоо ашиглах боломжгүй болсон, ашиглах боломжгүй байшингийн торхыг энэ компаниар дахин засуулах хүсэлгүй байгаа учраас гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 15000000 төгрөгөө буцаан авах,  гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол буюу дээврийн төмөр болон хар цаасанд зарцуулсан 1100000 төгрөг, мөн гэрээнд заасны дагуу байшинг хугацаандаа барихгүй удаашрах тохиолдолд төлөх хүүг алдангийн хэмжээгээр дүйцүүлэн үндсэн мөнгөний тавин хувиар тооцож 7500000 төгрөг, нийт 23600000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунбаатар нь бид байшинг чанар муутай материалаар хийгээгүй, харин захиалагч тал гадна дотор заслаа цаг тухайд нь хийгээгүйгээс болж чанарын доголдол үүссэн, бид хугацаандаа байшингийн торхоо барьж ашиглалтанд хүлээлгэж өгсөн учраас дээрх мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч буюу захиалагч Н.Энхсайхан нь Монгол Улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар барилга байшингийн доголдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болох бөгөөд уг хугацааг хэтрүүлээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагч талын хүсэлтээр томилогдсон шинжээч, барилга угсралтын мэргэшсэн инженер М.Ганхүүгийн дүгнэлтэд “...барилгын дээврийн шувуу нурууны дүнз нь дээврийн дээрээс ирэх ачааг /хүн дээр нь гарч засвар хийх, байгалийн зурвас хүчтэй салхи, шуурга гэх мэт/ даах боломжгүй нарийн бөгөөд тус дүнзний ханатай бэхлэгдсэн хэсгээс шувуу нурууны үзүүр хэсэгрүү нарийссан, хагаралт, цууралт үүссэн модоор угсарсан тул солих шаардлагатай, Тухайн барилгын дээврийн шувуу нурууны дүнз цууралт үүссэн, тулаас хийгдээгүй, нарийн мод ашигласны улмаас хотойлт үүссэн, ханын палк босоо хэвтээ тэнхлэгийн тэгш хэм алдагдаж, гадагш цүлхийсэн тул одоогийн байдлаар дотоод засал хийж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, ...тус барилгын шувуу нуруунд төмөр бэхэлгээ болон босоо тэнхлэгийн дагуу тулаас хийгээгүй нь модон хийцэд нөлөөлж хотойлт үүссэн, ...хаалганы зүүн ханын уулзвар бүхий буланд суурь цутгаагүй модон дэр тавьсны улмаас суулт үүсэн хананд хэт завсар гарсан...” гэж тус тус дүгнэснээс үзвэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-т зааснаар ажил гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл талуудын дунд байгуулагдсан гэрээгээр талууд дээрх байшингийн дээврийг дам нуруугүйгээр босгохоор тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байхаас гадна ажил гүйцэтгэгч тал нь барилгын ажил гүйцэтгэгч компанийн хувьд мэргэжлийн үүднээс байшингийн дам нуруугүй хэсэгт нэмэлт төмөр бэхэлгээ болон босоо тулаас хийх шаардлагатай болохыг мэдсээр байж дээрх ажлыг гүйцэтгээгүй байна. Мөн хариуцагч нь “захиалагч тал байшингаа дам нуруутай хийлгэнэ гэж хэлээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч байшинг дам нуруутай, нуруугүйгээр хийлгэх тухай тохиролцоогүй байсан ч уг байшинг зориулалтын дагуу ашиглах боломжтой байх нь тухайн эд хөрөнгө долголдолгүйн шинж учраас хариуцагчийг захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгч өөрийн санал болон зардлаар уг доголдлыг арилгах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгэж өгөх үүрэгтэй боловч хариуцагч нь “чанарын шаардлага хангаагүй материал хэрэглээгүй учраас дахин засварлах үүрэггүй” гэж тайлбар гаргасан, мөн нэхэмжлэгч нь нэгэнт уг байшингийн торх мод дахин ашиглах боломжгүй болсон, мөн хариуцагч компаниар дахин ажил гүйцэтгүүлэхгүй гэх үндэслэлээр өөрсдийн дунд байгуулагдсан гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна. 

  Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон ажлын үр дүн болох байшингийн торх мод баригдсан хэдий ч хариуцагч чанарын шаардлага хангахгүй материалаар байшинг барьсны улмаас байшинг одоо ашиглах боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан, мөн хариуцагч нь шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар байшинг засварлахаас татгалзаж байгаа зэргээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзахад хүрчээ.

Иймд нэхэмжлэгч нь Монгол Улсын Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд өгсөн авснаа буцаах үр дагаврыг үүсгэж байна.

Нэхэмжлэгч нь уг байшингийн дээврийг хар цаасаар доторлож, төмрөөр дээвэрлэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр байшингийн дээвэр чанар муутай материалаар хийгдсэнээр одоо уг хар цаас, төмөр дээврийг хуулж авч ашиглах боломжгүй учраас хар цаас болон төмөр дээвэрт зарцуулсан 1100000 төгрөгийг хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Дорнын Мөнх нар” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт  гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 15000000 төгрөг,  хар цаас болон дээврийн төмрийн үнэ 1100000 төгрөг ба нийт 16100000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхсайханд олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хариуцагч нь гэрээнээс татгалзсаны үр дагавар болох өөрийн барьж өгсөн байшингийн торх модыг нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрхтэй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын дунд байгуулагдсан гэрээгээр  ажил гүйцэтгэгч хугацаандаа үүргээ биелүүлээгүй, удаашруулсан тохиолдолд төлсөн мөнгөө 5 хувийн хүүтэйгээр тооцон буцаан авах тухай тохиролцсон учраас 15000000 төгрөгийн 5 хувийн хүүг алдангитай дүйцүүлэн тавин хувиар нь тооцон 7500000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. Гэвч нэхэмжлэгч нэгэнт гэрээнээс татгалзсан тохиолдолд үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдэн гарах шаардах эрх дуусгавар болдог тул гэрээний хүү болох 7500000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Дорнын Мөнх нар” ХХК-иас  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16100000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7500000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Энхсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дорнын Мөнх нар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 238450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН