Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/01577

 

Н.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00748 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2017/00031 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Э-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би “Д” ХХК-ийн менежер Батчимэгтэй 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр палкан байшингийн материал нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж 8:6 харьцаатай мансардгүй байшин бариулахаар гэрээ байгуулсан боловч хүүхэд маань томсгохоор тохиролцож 10:8 харьцаатай мансардтай байшин бариулахаар тохирч энэ хэмжээндээ тохирсон төлбөр болох 15 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Байшин барих явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байcан. Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани дутуу материалаа авчирч ажилчид нь барилгаа барьж эхэлсэн боловч өөрийнх нь өгсөн 30 палкнаас 10 палк дутаасныг сүүлд ажилласан бригадын хүмүүс хэлсэн. Барилгыг барихдаа зураг төслийн дагуу хийгээгүй маш чанаргүй буруу барьсан учраас хоёр удаа буулгаж дахин барьсан.

2015 оны 4 сард ашиглалтанд оруулна гэсэн боловч хойшлуулсаар одоог хүртэл байшинг барьж дуусгаагүй байна. Би дээврийн төмөр 800 000 төгрөгөөр, хар цаас 300 000 төгрөгөөр авч өгсөн. Үүнийг дээвэрт хэрэглэсэн боловч одоо дээвэр нь муруй, сарий хийгдсэн учраас дээврийг хуулж дахин хийлгэх шаардлагатай байна. Харин төмөр, хар цаас хуулахаар дахин ашиглах боломжгүй болох тул би хохироход хүрээд байна. Мөн нуруу модыг буулгаж дахин хийхдээ ухчихсан чанаргүй модоор хийсэн учраас хүчтэй салхи шуурганд тогтохгүй маш чанар муутай болсон. Ингэж байшинг хугацаанд нь чанартай бариагүйгээс бид барилгын дотоод засал бусад ажлаа гүйцээж байшиндаа орж чадахгүй хохирч байна. Энэ компани гэрээний үүргээ биелүүлээгүй нэг жил таван сарын хугацаа хэтрүүлээд байна. 3-4 удаа ажилчид нь ирж ажилласан боловч компани цалингаа өгөхгүй. Хоолны, тамхины мөнгөгүй байна гээд ажлаа хаячихаад яваад өгдөг байсан. Дээвэр чинь муруй байна гэж хэлэхээр ажилчид нь цахилгаан хөрөөгөө өөдөөс шидэж элдвээр доромжилж, зодох гэж заналхийлж байсан. Одоо гэрээний биелэлт 60 орчим хувьтай л гэж бодож байна. Манай гэр бүлийнхэн сэтгэл дундуур үнэхээр их гомдож байна. Гэрээгээр бид төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохирсон. Гэрээгээр хугацаандаа бариагүй удаашруулсан, хойшлуулсан тохиолдолд 5%-ийн хүүтэй төлбөр төлөхөөр тохиролцсон тул энэ төлбөр 5 500 000 төгрөг гаргуулахыг хүсч байна. Мөн дээврийн төмрийн үнэ 800 000 төгрөг, хар цаасны үнэ 300 000 төгрөг, ажилчдынх нь дутаасан 10 ширхэг палкны үнэ 350 000 төгрөг, нийт 6 950 000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгохыг хүсч өргөдөл гаргав гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тус компаниар угсруулсан барилгын чанар ашиглагдах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарлаа. Өөрөөр хэлбэл тухайн барилгад ашигласан материал нь чанаргүй шувуу нурууны мод нь цууралт үүссэн хэт нарийхан жигд бус хэмжээтэй мод хэрэглэснээс дээвэрт хотойлт үүссэн, ханын тэгш хэм алдагдсан цүлхийсэн, муруй ханын 4 тал доош унжсан, цонх, хаалга гажсан. Байшингийн суурь зарим хэсэгт нь хундаам цутгаагүй зэргээс бүх гажилт үүссэн. Энэ байдал нь иргэн хүн эрүүл, аюулгүй, аятай тохитой орон байр, орчинд амьдрах өөрийн хөрөнгөөр бариулсан орон байранд сэтгэл ханамжтай, тайван сайхан амьдарна гэж ямар ч баталгаагүй болсон байна.

Уг компанитай байгуулсан гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн материалын үнэ болон барих хөлс нийт 15 000 000 төгрөг, дээврийн төмрийн үнэ 800 000 төгрөг, хар цаас 300 000 төгрөг, нийт 16 100 000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Мөн 3 жилийн өмнө барьж дуусгах барилга өнөөг хүртэл дуусаагүй төдийгүй ашиглагдах боломжгүй хундаамнаас эхлэн дахин шинэчлэлт хийх шаардлагатай байна. Одоо барилгад ашигласан материал ямар ч чанаргүй 2 удаа буулгаж барьсан ч одоогийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд байгаа. Энэ компани ажилчид болон инженер нь мэргэжлийн төвшинд хүрч чадахгүй нь нотлогдсон тул дахин энэ компаниар ажил хийлгэх боломжгүй гэж татгалзах үндэс болсон тул тус компанитай анх тохиролцож байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа өгсөн өдрөөс эхлэн сарын 5 хувийн хүүтэй тооцож, өмнө өгсөн мөнгөө буцаан авна гэсний дагуу одоог хүртэл 15 000 000 төгрөгийн хүүг тооцвол 27 000 000 төгрөгийн хүү тооцогдохоор байгаа бөгөөд манай тал энэ хүүг гүйцэтгээгүй үүрэгтэй нь холбогдуулан Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тооцож 7 500 000 төгрөгийн хүүг нэхэмжилж байна. Тус барилгын ажил зохих ёсоор хийгдэж чадаагүй явдал захиалагч талаас шалтгаалаагүй бөгөөд эхний гэрээг хийсний дараа хэдхэн хоногийн дараа нэгэнт барилга бариулах гэж байгаа юм чинь гээд хэмжээгээ томсгож, мансардтай хийлгэе гэхэд, компанийн зүгээс боломжтой гээд зөвшөөрсөн. Анх байгуулсан гэрээн дээр нэмж 15 000 000 төгрөг болгосон. Манай талаас дам нуруугүй хийлгэнэ гэдэг санал хэзээ ч тавиагүй.

Иймд урьдчилан шилжүүлсэн 15 000 000 төгрөг дээврийн төмөр, хар цаасны үнэ 1 100 000 төгрөг, гэрээний дагуу төлөх хүү 7 500 000 төгрөгийн алдангитай тэнцэх нийт 23 600 000 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдэж өгнө үү. Анхны нэхэмжлэлд дурдсан палкны 350 000 төгрөгийг нэхэхгүй ба нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Д” ХХК-ийн менежер 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 8х6 харьцаатай мансардгүй байшин барихаар гэрээ байгуулсан боловч 10х8 харьцаатай мансардтай болгон барихаар тохиролцож 15 000 000 төгрөгийг бэлнээр авсан явдал нь үнэн. Солонгост ажилладаг хүүгийнх нь хэлсэн загвараар 10х8 хэмжээтэй мансардтай байшингаа 2014 оны 05 дугаар сарын сүүлээр барьж эхэлсэн. Энэ байшин нь дотор талдаа таазгүй дотор загвар нь Солонгос хэв маягтай бариулсан. Захиалагч байшингийн гадна болон дотор засвараа өөрсдөө хийж гүйцэтгэх байсан. Манай талаас зөвхөн захиалагчийн хүсэлтийн дагуу байшингийн торхыг л босгож өгөх байсан. Байшинг дээвэрлэх үед Сүхбаатар аймагт дээврийн төмөр байгаагүйн улмаас энэ айл дээврийн төмрөө гаргаагүй учир ажил зогссон бөгөөд бид байшинг орхиж явсан нь үнэн. Намар нь очиж гүйцээсэн. Палк мод нь 30 ширхэг яагаад дутсан бэ гэвэл 2х1.8м хэмжээтэй 3 ширхэг цонхтой 1.50-м цонх 1 ширхэг цонхны тавцангийн палк болон таазны палк нийт 30 ширхгийг бид нийлүүлсэн. Энэ айл өөрсдөө төмрөө нийлүүлэлгүй байж биднийг орхисон гэж Сүхбаатар аймгийн шүүхэд өгч 600 000 төгрөгийн хүү гаргуулах шийдвэр гаргуулсан.

Бид харьяаллынхаа дагуу Дорнодынхоо шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн боловч манай менежер Батчимэгийг дарамталж гарын үсэг зуруулж бид 600 000 төгрөгийг төлсөн. Манай ажилчдыг ялихгүй шалтгаанаар хэрэлдлээ гэж Сүхбаатар аймгийн Цагдаагаар баривчлуулна гэж айлган сүрдүүлж байсан. Манай компани энэ айлын байшинг боломжийн барьж өгсөн. Солонгос улсад ажилладаг хүү нь миний хэлснээр, миний санаснаар, миний бодсон шиг сайхан байшин боллоо гэж над руу утсаар талархан ярьж байсан. Энэ айл анх захиалга өгөхдөө дам нуруугүй бариулна, Солонгост ийм байдаг гээд бариулсан. Би 2014 оны 11 сард нь мужаанаа дахин явуулж байшингийн нэг хэсгийг дам нуруутай болгон балконтой болгон засаж өгсөн. Байшинг хүлээлгэн өгөх үедээ дам нуруугүй байгаа, хурдан дотоод заслаа хийгээрэй гэдгийг хэлсэн. Мэдээж дам нуруугүй байшин дотоод заслыг хийж доороос нь тулгуур хийж өгөхгүй бол хотойж суулт өгөх нь ойлгомжтой. Цонхны хэсгээр суулт өгсний учир нь эднийх том хэмжээтэй цонх захиалсан, мөн цонхоо хурдан хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Дээврийн модны хувьд бид байшингийн дээвэр хийдэг модоороо л хийсэн. Чанаргүй модоор хийгээгүй. Манай талаас чанаргүй барилгын материалаар уг байшингийн торхыг бариагүй, чанарын шаардлага хангасан өөрсдийн хэрэглэдэг модон материалаараа л барьсан. Энэ айл хурдан хугацаанд дотоод заслаа хийгээгүйгээс болж нойтон палк модонд цууралт өгч, цонхны хэсгээр суулт өгсөн гэж бодож байна. Бид хугацаандаа энэ айлын байшингийн торхыг барьж хүлээлгэж өгсөн учраас ажлын хөлсөндөө төлсөн мөнгийг буцааж төлж чадахгүй. Бид уг байшинд чанарын шаардлага хангасан материал хэрэглэсэн учраас дахин засварлаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Дээврийн төмөр болон хар цаасыг дахин ашиглаж болохгүй тухай дүгнэлт шинжээчийн дүгнэлтэд байхгүй. 5 хувийн хүү гэж нэхсэн мөнгө нийт 23 600 000 төгрөгийг манай компани төлөхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00748 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 238 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2017/00031 дүгээр магадлалаар хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 225, 226, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э-ы “Д” ХХК-иас 23 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тал шүүх хурлын зарыг танилцуулаагүй учир нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд орж мэтгэлзэл эрхээ хэрэгжүүлж чадаагүй. ...Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хариуцагч талд хуулийг ашигтайгаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзан үзээгүй байж үндэслэлгүй үгүйсгэсэн байна. Хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилогдож ...дүгнэлт гарсаар байтал давж заалдах шатны шүүх чанаргүй материалаар хийснээс болж ашиглах боломжгүй байгаа материалын талаар үнэлэлт өгөөгүй, чанаргүй материал нь захиалагчийн хүсэлтээс шалтгаалсан мэт ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Шинжээчийн дүгнэлтээр ...нарийн мод ашигласны улмаас хотойлт үүссэн гэснийг давж заалдах шатны шүүх тулаас хийгдээгүйгээс нь ганц болсон мэт дүгнэснийг зөвшөөрөхгүй.

...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхны гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг ажил гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрөөд тухайн ажлыг хийж эхэлсэн. Гэрээнд өөрчлөлт оруулах тухай захиалагчийн хүсэлт чанар муутай бүтээгдэхүүн нийлүүлэх, хотойлт үүсэх, ханын хэвтээ босоо тэнхлэгийн тэгш хэм алдагдах, цүлхийлт үүсэх ... зэрэгт нөлөөлөхгүй. Иймд байхад давж заалдах шатны шүүх нөлөөлсөн мэтээр дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

...Захиалагч бол ийм хэлбэр маягийн байшин бариулна гэж анх хүсэлт гаргаж нэмэлт төлбөрөө төлсөн бөгөөд гүйцэтгэгч барьж чадна гэж зөвшөөрсөн.

...Иймд давж заалдах шатны шүүх хэргийн бодит үйл баримтыг бүхэлд нь зөв үнэлэхгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны ирцийн талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна” гэж танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдааны товын талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн тухай баримт хэрэгт байхгүй байна. Харин шүүх хуралдааны товыг мэдэгдэх тухай баримт №9-д “нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа сувилалд явсан, утас нь холбогдохгүй байв” гэсэн тэмдэглэгээ байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаагүй байна.

Мөн зүйлийн 165.2.-т “энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүссэн этгээд ийнхүү түүнд шүүхээс мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх нь давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй талын шүүх хуралдааны товыг мэдэх, мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйгээс гадна шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн гэж дүгнэх эрхийг шүүхэд олгохгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 225, 226, 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар “Д” ХХК-иас 23 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар хариуцагч “Д” ХХК-иас 16 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ үүссэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай бүрэн үнэлж чадаагүй, улмаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч “Д” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “палкан байшингийн материал нийлүүлэх, худалдан авах” нэртэй гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь 8х6 мкв, мансардгүй палкан байшингийн хана, шувуун болон дам нуруу зэрэг бүх төрлийн модон материалыг 2 модон хаалгын хамт нийлүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үнэ 7 500 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн дансанд шилжүүлэх үүрэг тус тус хүлээжээ. Мөн гэрээнд хариуцагч материалыг нэхэмжлэгчид 2014 оны 05 дугаар сарын 17-18-ны өдөр хүргэж өгөх, материалыг гэрийн гадаа буух үед нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн, гэрээнд “барих хөлс 1 000 000 төгрөг, 57 хоногийн 4 ажилтны байр, хоолыг “Б” тал даана”, “бензиний ханшийг тухайн үед тохиролцоно”, “тохиролцсон хугацаанд барихгүй, удаашрах, хойшлуулах, хугацаа алдах тохиолдолд урьдчилгаа өгсөн мөнгөө өгсөн өдрөөс эхлэн сарын 5%-ийн хүүтэй тооцож буцааж авна”, “материал буух үед материалын үнийг өгөхгүй удаашруулбал “А” тал үлдэгдэл мөнгөө хоногийн 0,3%-иар алданги тооцож авна” гэж тус тус заасан байна. Гэрээний талуудын хэн нь “А”, “Б” тал болохыг гэрээнд тодорхой заагаагүй боловч гэрээний агуулгаас үзвэл “А” тал нь хариуцагч “Д” ХХК, “Б” тал нь Н.Э- байна.

Дээрх гэрээний нөхцлүүдийг бүрэн дүгнэхгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх,  гэрээнээс татгалзах нэхэмжлэгчийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах эсэхийг шийдвэрлэх боломжгүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг гэрээг ажил гүйцэтгэх гэж үздэг байна.

Зохигчдын байгуулсан гэрээнд эд хөрөнгө худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний аль аль шинж байгааг анхааран тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тогтоох шаардлагатай. Гэрээний агуулгаас үзвэл зохигчид:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх боломжтой. Гагцхүү энэхүү гэрээний зүйлийг худалдагч тал худалдан авагчид хүргэх, угсрах, суурилуулах үүрэг хүлээсэн ба угсралт суурилалтын хөлс худалдах-худалдан авах гэрээний үнээс тусдаа байна.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан захиалагчийн материалаар байшингийн торх босгох ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх боломжтой ба талууд материалын үнэ, ажлын хөлсийг тусдаа тохирсон.

3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3.-т заасан төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх боломжтой. Энэ тохиолдолд худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан хоёр гэрээг нэг бичгийн баримтад тусган байгуулсан байх боломжтой. Энэ тохиолдолд нэг гэрээний үүргийн биелэлт доголдолтой байх нь нөгөө гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлөхгүй юм.

Дээрх гэрээнүүдийн алинийг нь байгуулсан болохыг шүүх зөв тодорхойлсоноор нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн ямар зохицуулалтыг үндэслэл болгон хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохыг шийдвэрлэх боломжтой болно.

Нэхэмжлэгч Н.Э- нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг байшингийн торхыг буруу, дутуу барьснаас өөрт учирсан хохирлыг гэрээнд заасан алдангийн хамт нийт 6 950 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, гэрээнээс татгалзах, урьдчилан төлсөн материалын үнэ болон ажлын хөлсөнд төлсөн нийт 15 000 000 төгрөгийг өөрөөс гаргасан материалын үнэ 1 100 000 төгрөг, алдангитай тэнцэх хүү 7 500 000 төгрөг нийт 23 600 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч ямар төрлийн гэрээнээс татгалзаж байгаагаас шалтгаалан эрх зүйн үр дагавар өөр байх боломжтойг шүүх анхаараагүй байна. Худалдах-худалдан авах гэрээ нь өгсөн авснаар дуусгавар болдог хиймэгц биелэх гэрээ бол ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой хугацаанд хэрэгждэг урт хугацааны гэрээнд хамаарах тул гэрээнээс татгалзсаны үр дагавар, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл өөр байх юм.

Түүнчлэн, гэрээнээс татгалзах болсон шалтгаан нэхэмжлэгч, эсхүл хариуцагчийн хэнийх нь ямар үүргээ хэрхэн биелүүлээгүйгээс болсон нь баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн шаардлагыг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан гэж буруу тодорхойлсоноос гадна Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн “гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх” үүргийг орхигдуулан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангажээ. Нөгөө талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д зааснаар гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлахад л Иргэний хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэгийг анхаараагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д заасныг шийдвэр, магадлалын үндэслэл болгосон боловч энэ зүйлд заасан “учирсан хохирол” гэдэгт нэхэмжлэлийн аль хэсгийг хамааруулж байгааг тодорхойлоогүй, гэрээ цуцалснаас үүсэх шууд үр дагавраас зааглаагүй байна. Урт хугацааны гэрээг цуцласнаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан зохицуулалт нэгэн адил хамаарах мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6.-д заасан зохицуулалтыг үндэслээгүй байна.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээний хуулбар хувь дутуу хэвлэгдсэн, бүрэн уншигдахгүй байх тул хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00748 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2017/00031 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 238 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН