Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0651/З |
Дугаар | 221/МА2023/0658 |
Огноо | 2023-11-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2023/0658
Б.Нгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0609 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ш.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2021/0651/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” -аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0609 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 609 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 4. Нэхэмжлэгч Б.Нгаас маргаан бүхий 432 м.кв газрыг 2004 оноос эхлэн хашаалан амьдарч байгаа гэх боловч тухайн газрыг эзэмших хүсэлтийг огт гаргаж байгаагүй, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин гуравдагч этгээд Ц.Б-, түүнээс өмнөх эзэмшигч нар болох С.Э-, С.Г нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 100 дугаар, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/232 дугаар захирамжийн үндсэн дээр эзэмшсээр ирсэн болох нь тогтоогдоно...” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б-, дээр нэр дурдагдсан С.Э-, С.Г нар нь маргаж буй газрыг нэг ч өдөр эзэмшиж ашиглаагүй, хашаа хатгаагүй, энэ олон жилийн турш газар дээрээ ирж байгаагүй, 2021 он хүртэл газартай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол хүсэлт гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.
Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх тухайн газрыг Ц.Б-, С.Э-, С.Г нарыг эзэмшиж байсан мэтээр үнэлж дүгнэн Газрын тухай хуулийн 31, 35 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 609 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 8. Иймд нэхэмжлэгч Б.Н нь маргаан бүхий 432 м.кв газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тухайн газрыг эзэмших эрхгүй атлаа хашаалснаар газар эзэмших эрх үүсэхгүй тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Б.Н-гийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна...” гэжээ.
Анхан шатны шүүх маргаж буй газрыг нэхэмжлэгч Б.Н нь 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл хашаалан амьдарч байгаа талаар үнэн зөв дүгнэлт хийсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т иргэн, хуулийн этгээд нь зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Н-гийн 2004 онд хашаа хатгаж, харж хамгаалж өнөөдрийг хүрсэн газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 609 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 10. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар авто замын зурвас газарт гуравдагч этгээд Ц.Б-н эзэмших эрх бүхий газар хамаарч байх боловч энэ нь нэхэмжлэгч Б.Нд хамааралгүй, түүний хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй...” гэжээ.
2017 оны Авто замын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь авто замыг төлөвлөх, барих санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Н нь өдөр болгон гэр лүүгээ орж гарах бүрдээ гуравдагч этгээд Ц.Б-н эзэмших эрхтэй гэх газартай давхцаж буй авто замын зурвас газраар дайран өнгөрч эзэмшиж ашиглаж байгаа болно.
Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх Б.Н-гийн хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 609 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Мөн нэхэмжлэгчээс орц гарц хаасан гэх боловч хэрэгт авагдсан газрын кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтүүдээр орц гарц хаасан болох нь тогтоогдохгүй...” гэжээ.
Газрын тухай хууль, Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар гуравдагч этгээд Ц.Б-н эзэмших эрхтэй гэх газар нь бусдын орц гарцыг хаах ёсгүй. Нөгөө талаас хариуцагч нь маргаж буй газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн орц гарцыг шийдвэрлэж өгөөгүй байдаг.
Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх цуглуулаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
Эдгээрийг харгалзан үзэж “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Н-гаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Зуунмод хаягт байрлах, нэгж талбарын 1501310412 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 432 м.кв газрыг С.Э-аас Ц.Б-д шилжүүлэн эзэмшүүлсэн” А/386 дугаар захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “... уг газрыг 2003 оноос эхлэн хашаалан амьдарч байгаа, энэ хугацаанд гуравдагч этгээд, түүний өмнөх эзэмшигч нараас нэг ч удаа газар дээр ирж байгаагүй, ... дүүргийн Засаг даргаас тухайн газарт өөр этгээд амьдарч байгаа эсэх, тухайн этгээдийн орц гарцыг хаах боломжтой эсэхийг хээрийн судалгаа хийж судлахгүйгээр шийдвэр гаргасан, мөн энэ газар нь авто замын зурвас газарт хамаарч байхад газар эзэмших эрх олгосон нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.3-т “... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1 ...-т заасан болон ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг .... тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаснаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан буюу газрыг уг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ гарсан бол тухайн этгээдийг хууль ёсоор газар эзэмшигч гэж үзэхээр байна.
2.2. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Н-гийн эзэмшлийн 500 м.кв газар болон гуравдагч этгээд Ц.Б-н эзэмшлийн 432 м.кв газрууд нь хоорондоо давхцалгүй, харин нэхэмжлэгч Б.Н нь нийт 1350 м.кв газрыг хашаалахдаа гуравдагч этгээд Ц.Б-н эзэмших эрх бүхий 308 м.кв газрыг оруулан хашаалсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс эдгээрийг баримтаар няцааж маргаагүй байна.
2.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Н-гаас гуравдагч этгээдийн эзэмшлийн 432 м.кв газрыг “2004 оноос эхлэн хашаалан амьдарч байгаа” гэж тайлбарласан байх боловч эрх бүхий этгээдэд хандаж уг газрыг эзэмших тухай хүсэлтийг гаргаж байгаагүй, энэ үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй, харин гуравдагч этгээд Ц.Б-н өмнөх эзэмшигч С.Э-, С.Г-н газар эзэмших эрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 100 дугаар, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/232 дугаар захирамжийн үндсэн дээр үүссэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд гуравдагч этгээдийн эзэмшлийн 432 м.кв газрыг хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр бус хашаалан амьдарч ирснээр нь нэхэмжлэгч Б.Нг уг газрыг эзэмших эрх бүхий этгээд гэж үзэх, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн улмаас түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
2.4. Нэгэнт нэхэмжлэгч Б.Н нь маргаан бүхий актаар эзэмших эрх нь үүссэн гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг эзэмших талаар өмнө нь хуульд заасан журмын дагуу өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр хууль ёсоор эзэмших эрх үүссэн газрууд давхцалгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул маргаан бүхий А/386 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн “... Ц.Б- нь газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй учраас Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой, ... тухайн газар нь авто замын зурвас газарт хамаарч байгаа тул эзэмших эрх олгох үндэслэлгүй байсан ...” гэх зэрэг үндэслэлээр маргасныг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... гуравдагч этгээд ... нар нь маргаж буй газрыг ... эзэмшиж ашиглаагүй, хашаа хатгаагүй, ... ирж байгаагүй ... 2021 он хүртэл ... эрх бүхий албан тушаалтанд өргөдөл, гомдол хүсэлт гаргаагүй ... байхад шүүх Газрын тухай хуулийн 31., 35 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ... нэхэмжлэгч Б.Нгийн 2004 онд хашаа хатгаж, хамгаалж өнөөдрийг хүрсэн газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй талаар дүгнэлт өгөөгүй ... нэхэмжлэгч ... өдөр бүр ... гуравдагч этгээдийн эзэмших эрхтэй гэх газартай давхацсан авто замын зурвас газраар дайран өнгөрч эзэмшиж, ашиглаж ... байхад шүүх Б.Нгийн хувьд зөрчигдөх эрх, ... ашиг сонирхол байхгүй гэж дүгнэсэнд гомдолтой ... маргаж буй газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн орц гарцыг шийдвэрлэж өгөөгүй ... энэ талаарх баримтыг шүүх цуглуулаагүй ...” гэх давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.
2.5. Түүнчлэн анхан шатны шүүх “... 432 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Н нь 2004 оноос хойш хашаалан амьдарч байгаа гэх атлаа гуравдагч этгээд Ц.Б-г газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж маргах боломжгүй ... эзэмших эрх олгох ёсгүй газар байсан, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил гаргасан гэдэг ... нь эрх зүйн өөр үр дагавартай ... хэрэгт авагдсан баримтаар авто замын зурвас газарт гуравдагч этгээд Ц.Б-н эзэмших эрх бүхий газар хамаарч байх боловч энэ нь нэхэмжлэгч Б.Н-д хамааралгүй, түүний хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй ..., нэхэмжлэгчээс ... орц, гарц хаасан ... гэх боловч хэрэгт авагдсан газрын кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтүүдэд орц, гарц хаасан болох нь тогтоогдохгүй, тэдгээрийн эзэмших эрх бүхий газрууд нь хоорондоо давхцалгүй болох нь тогтоогдсон ...” гэх зэрэг агуулга үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчээс эдгээр үндэслэлүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, баримтаар үгүйсгэж маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ