Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00657 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Мягмарсүрэнд холбогдох,

“Барааны үнэ 2.700.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Чойжилсүрэн овогтой Мягмарсүрэн нь тус компанийн оруулан ирж худалдан борлуудаг Кирби Сентриа 2 хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 09 сарын 23-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6 200 000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 3 000 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 200 000 төгрөгөөр тооцоо хийж 16 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон 4 удаагийн төлөлтөөр нийт 4 400 000 төгрөг төлсөн боловч 2015.04.13-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэсэн хариу хэлдэг. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2016 оны 01 сарын 18-ны өдөр дуусгавар болсоноос хойш нийт 434 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 7.3-ийн дагуу тооцвол алданги 900 000 болсон байна.

Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 1 800 000 төгрөг болон алданги 900 000 төгрөг, нийт 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа: Миний бие 2013 онд Төгөлдөр Бьюти Кейр" ХХК-тай зээлийн гэрээ хийж тоос сорогч худалдан авсан нь үнэн. Тухайн үед уг тоос сорогчийг 5 000 000 /таван сая/ төгрөгөөр бодож урьдчилгаа 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг урьдчилгаа төлж үлдсэн 1 800 000 нэг сая наиман зуун мянга/ төгрөгийг дараа төлөхөөр тохирсон. Тэр үед манай гэр лүү олон дахин утасдаж манай бараа 30 жилийн баталгаатай онгоцны хөдөлгүүртэй гэх мэтээр сайхан зүйл ярьсаар гэрээ хийх болсон. Гэтэл бараагаа яг авах болохоор одоо байхгүй байна, Улаанбаатар хотоос захиж авчруулна гэсэн ба авчирч өгөхдөө хуучин хайрцаганд хийсэн гадуураа гялгар уут, баглаа боодол лац, тэмдэггүй байсан.

Ажиллуулж үзээд болж байхаар нь авсан гэтэл жил бололгүй ремень нь тасарсан хөдөлгүүр нь гацдаг болсон зэргээр гэмтэл гарах болсон. Тэгээд дараа нь судалж үзэхэд манайд зарсан марк төрлийн тоос сорогч АНУ-д манай мөнгөөр 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй ба бусад айлуудад угаагч шингэн нилээд олон бусад дагалдах хэрэгслийн хамт зарсан байсан. Манайд бол 2 ш хогын уутны хамт л өгсөн. Би тус компаний операторын 94.... дугаартай утсаар 2 удаа залгахад нэг эмэгтэй нэг эрэгтэй утас авсан дээрх байдлыг хэлж энэ тоос сорогчоо буцаая эсхүл шинийг авъя гэж хэлэхэд ямар нэгэн хариу өгөөгүй. Тэр байтугай намайг дарамталж хэдэн танхай залуучууд миний албан өрөөнд дайран орж ирэн ширээн дээр байсан бичиг баримт авч шидлэн хэлэх хэлэхгүй үгээр доромжилж ...Мөнгө өг муу п гэх мэтээр хэлж зодсон. Тухайн үед ажил төрөл ихтэй байсан учир нааш цааш нь ярьж гомдол чирэгдэл болоогүй өнгөрсөн. Энэ байдлаас болоод би эхнэртэйгээ ярилцаад үлдсэн мөнгийг өгөхгүй байя асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр, мөн энэ компанийг ийм байдлаар шүүхэд хандах байх гэж бодоод хүлээзнэж байсан юм. Би эсрэг талын нэхэмжилж байгаа 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь төлөхөөс татгалзан наймаагаа буцах саналтай байна. Учир нь энэ бараа зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байсан, хуучин баглаа боодолтой иж бүрдэл дутуу, хуучин тоос сорогч байсан. Одоогийн байдлаар тоос сорогч ажиллаж байгаа, ременийг нь сольж хийсэн. Ремень нь замнаасаа гарчаад байдаг, тэрийг нь заманд нь оруулчихвал зүгээр ажилладаг. Маш өндөр үнэтэй зарсан байсан... гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00657 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Мягмарсүрэнгээс 2 700 000 төгрөгийг гаргуулан Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 58 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Мягмарсүрэн давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00657 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учир дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган төгрөг/

2.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу худалдаж авсан бүтээгдхүүний доголдолыг арилгуулахаар “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК 2 ч удаа дуудлага өгсөн боловч ирж ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй . Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч тодорхой гэрчгүй гэсэн үндэслэлээр манай саналыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

3.Худалдагч байгууллага бараагаа зарахдаа 30 жилийн баталгаа гаргасан ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагчийн гаргасан баталгаат хугацаанд бүтээгдэхүүнийхээ доголдолыг арилгаж өгөх байтал дээр нь 2 700 000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК нь хариуцагч Ч.Мягмарсүрэнгээс хивс цэвэрлэгч төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй 2.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ч.Мягмарсүрэн нь хивс цэвэрлэгч машиныг маш өндөр үнэтэй зарсан, ремен нь тасарч гэмтсэн, иж бүрдэл дутуу хуучин тоос сорогч өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээн дээр үндэслэн тодорхойлжээ.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж Кирби брендийн хивс цэвэрлэгч тоос сорогч машиныг 6.200.000 төгрөгөөр худалдан авах 3.000.000 төгрөгийг урьдчилан төлж үлдэх төлбөрийг 16 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн үндэслэлээр хариуцагч Ч.Мягмарсүрэнгээс үндсэн төлбөр алдангийн хамт 2.700.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын талаар зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Ч.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ч.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ