Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0002/З |
Дугаар | 221/МА2023/0655 |
Огноо | 2023-11-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0655
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Н” ХХК
Хариуцагч нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд “А” СӨХ
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, Б
Хариуцагчийн өмгөөлөгч Х
Гуравдагч этгээд “А” СӨХ-ны гүйцэтгэх захирал М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Г, Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0002/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “Н” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн, гуравдагч этгээд “А” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э би Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалнямын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0606 шийдвэрт гомдолтой байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э би "А" СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 захирамжийн "Н" ХХК-ны Орон сууц, Сургуулийн цогцолборын 1.99 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах хэрэгт, “Н" ХХК нь гуравдагч этгээдээр татагдаад, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яг идэвхтэй явагдаж байх тэр үед, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулж шийдвэр гарч, энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 захирамжийн "Н" ХХК-ийн Орон сууц. Сургуулийн цогцолборын 1.99 га газрын эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 захирамж гарсан. Энэ Нийслэлийн Засаг даргын А/1463 захирамж бол ердөөсөө л манай "А" СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хангаж шийдвэрлэсэн захирамж байсан. Гэтэл "Н" ХХК нь манай “А” СӨХ-ны нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаад 4 сар болж байх үедээ, энэ хэрэгтэйгээ давхардуулж өөрөөр хэлбэл “Адилхан 1 хэргийн үйл баримттай хэрэгт” дахин захиргааны хэрэг нээлгэж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 захирамжийг хүчингүй болгосон, Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хууль бус 0606 шийдвэр гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь шүүхийн журам зөрчсөн хууль бус үйлдэл гэж бид нар үзэж байна. Үүнийг маш энгийнээр зүйрлэвэл “1 хүн хэзээ ч өөртөө 2 иргэний үнэмлэх авдаггүй" Нийслэлийн Засаг даргын А/548 ба А/1463 гэсэн 2 захирамж бол, хойд талын захирамж нь урд талынхаа захирамжийг хүчингүй болгосон захирамжууд бөгөөд хоёулаа үйлчлэх хүрээ, чиглэх хүчинтэй объект нь бол ганцхан "Н" ХХК-ны Орон сууц, Сургуулийн цогцолборын 1.99 га газар эзэмших хэсэг юм.
2.2. Мөн архитектур төлөвлөлтийн Хот байгуулалт, Хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М3Х2021/14-008 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хавтаст хэрэгт хавсаргаагүй бөгөөд нэхэмжлэгч “Н” ХХК нь зөвхөн цэцэрлэг, сургууль барина гэж шүүхэд худлаа мэдүүлсэн ба хүчингүй болгосон акт, хувийн хэрэг байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 барилга барих тухай 2 журам зөрчсөн, мөн Нийслэлийн Засаг дарга “Б”-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө А/1148 захирамжийн орон сууцны барилга барихгүй гэсэн заалтууд тус тус маш их ноцтой зөрчигдсөн. Манай “А” СӨХ-ны нийт 3000 гаруй оршин суугчдын эрх ашиг буюу нийтийн эрх ашиг маш их ноцтойгоор зөрчигдөж, оршин суугчид маань төрийн 101, 102, 103 гэсэн шуурхай үйлчилгээ авч чаддаггүй, бас яг өнөөдрийн байдлаар манай “А” СӨХ-ны цэцэрлэгийн насны 489 хүүхдийг цэцэрлэггүй болгосон. Цэцэрлэгийн барилгын хашааг “Н” ХХК нь хууль бусаар 3 удаа сунгаж томсгосон учраас явган хүний замгүй шахам болгосон байдлаас болж цэцэрлэгийн хашааны баруун хойд хэсгээр сургуульдаа явж байсан 2 хүүхэд автомашинд дайруулж амь насаа алдсан. Мөн авто машины зогсоол байхгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй бусад олон янзын байдлаараа 32 жил хохироогоод байхад, "Н" ХХК-ны ерөнхий захирал Б нь 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохдоо, Оросуудын 80% гүйцэтгэлтэй барьж үлдээсэн цэцэрлэгийн барилгыг бариулж дуусгана гэсэн амлалтыг, манай нийт оршин суугчдад өгч, Улсын Их Хурлын гишүүн болсон боловч цэцэрлэгийн барилгыг бариулж дуусгаагүй, харин ч бүр эсрэгээрээ Улсын Их Хурлын гишүүн болоод ардчиллын далбаан дор, өмч хувьчлал нэрээр олон газар, объектыг бүгдийг нь үнэгүйдүүлж, луйвардаж авсан юм. Үүнд: 1) Хүүхдийн 100 дэлгүүрийн барилга, 2) Энхтайваны гүүрэн доорх объект 3) Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, цэцэрлэгийн барилга, 4) Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 2 дугаар байрны 1 давхрын объект, 5) Баянзүрх дүүрэг, Амгаланд объект, 6) Улсын Их дэлгүүрийн баруун талын гоо сайхны дэлгүүрийн барилга, 7) Эрэгтэйчүүдийн барааны дэлгүүрийн барилга.... гэх мэт. Мөн "Н" ХХК нь манай "А" СӨХ-ны эзэмшил газрын ойролцоо эргэн тойрон орчмын газрыг 3 удаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар, эзэмшил газраа 1.99 га болтол сунгаж чадсан. Гэтэл манай оршин суугчид бид нар бүгд нийлж бодоод, одоо ч бид нар зөв бодож чаддаггүй юм. Бид нар одоо 1.71 га газар болгоод л үлдсэн 0.28 га газрыг өөрсдийнхөө амьдардаг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хайгаад ч олж чаддаггүй юм. Бас 3 удаа газар сунгасан захирамж дээр тусгагдсан хэмжээ болон байрлал нь байнга өөрчлөгдөж байдаг учраас өөрөөр хэлбэл кадастрын зураглал дээр зурагдсан барилгууд нь зурагдсан газар байршил дээрээ баригддаггүй, газар байршлаа солиод өөр өөр азар баригдсан байдаг юм. Гэтэл Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0606 шийдвэрээр, Нийслэлийн Засаг даргын А/1463 захирамжийг хүчингүй болгосон ч дахин манай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд барилга барихыг хориглосон, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 64 тогтоол гарсан. (Нотлох баримт-1, 2х)
2.3. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй" болгож өгөхийг хүсье” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Х нарын дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар бүхий шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17 ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.1. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд
3.1.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтад “2000 онд дээрх 20 дугаар байрны ерөнхий төлөвлөгөөг батлуулж, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 458 дугаар захирамжаар 1200 мкв газрыг олгож, 2012 онд 20 дугаар байрыг бүрэн ашиглалтад оруулсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 34 хуудсанд авагдсан нотлох баримтаар "Н ХХК-ний доороо гражтай 24 айлын орон сууцны барилгыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 23 дугаар байрны баруун талд байрлуулан 0.12 га газрыг олгосон, тус хавтаст хэргийн 185 дугаар хуудсанд авагдсан төлөвлөлтийн хязгаарын схем зургаас 23 дугаар байрны баруун талд байрлах 0.12 га газрын байршлыг тогтооход тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/Ш32023/3501 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд маргаан бүхий газарт үзлэг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Гуравдугаар хавтаст хэргийн 194-213 хүртэлх хуудсанд авагдсан нотлох баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт үзлэг хийсэн боловч ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулж чадаагүй, тус үзлэгээр “Н” ХХК-ний доороо гражтай 24 айлын орон сууцны барилгыг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 23 дугаар байрны баруун талд байрлуулан 0. 12 га газрыг олгосон газрын байршлыг тогтоох шаардлагатай байсан, өөрөөр хэлбэл “Н” ХХК 23 дугаар байрны баруун талд байрлах газрыг ашиглаагүй 21 байр 22 дугаар байрны дунд байрлах газарт өөрсдийн эзэмшлийн газрыг андуурч өнөөдрийг хүртэл олгосон газрыг сунгаж үйл ажиллагаа явуулж байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, 2 жил дараалан ашиглаагүй сургалтын цогцолбороор олгосон газрыг өнөөдрийг хүртэл төлбөртэй машины зогсоолоор газар ашиглаж байгааг үзлэгээр тогтоож баталгаажуулаагүйд гомдолтой байна. Үндэслэх хэсгийн 15 дахь заалтад “Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т нийгмийн дэд бүтэц гэж соёл, боловсрол, худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолбор гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК нь тухайн газарт орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаад түүнийгээ цуцалж, сургууль цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөж байгаад түүнийгээ цуцалж, сургууль цэцэрлэгийн цогцолбор барихаар холбогдох хууль дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл авсан нь дээрх хуулийн дагуу нийгмийн дэд бүтцийн барилга гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэгт "Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол" гэж заасныг үндэслэж “Н” ХХК-ийн эзэмшиж буй газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан нь хоёрдугаар хавтаст хэргийн 8-28 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
3.1.2. Үндэслэх хэсгийн 19 дэх хэсэгт "Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаас үзвэл нийслэлийн Засаг даргын 2015 оны А/548 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийг 10 жилээр сунгаж, орон сууц, сургуулийн цогцолборын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, тухайн газартаа 2012 онд 8 блок барилга барих эскиз зураг батлуулан зураг төсөл хийлгэсэн байсныг 2021 онд өөрчлөн сургууль цэцэрлэгийн цогцолбор, багш ажилчдын орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг хийлгэн магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж, бусад холбогдох зөвшөөрлүүдийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудаас авч барилгын ажлаа эхлүүлсэн байх тул хариуцагч талын “...нийт 19980 м.кв газраа ашиглаагүй зарим хэсгийг нь ашиглаж байгаа...” гэх тайлбар үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Нэгдүгээр хавтаст хэргийн 22-26 хуудсанд нотлох баримтаар 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.60 га газрыг зөвхөн сургалтын цогцолбороор ашиглах эрхийг л олгосон. Тус хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар он сар, гарын үсэггүй нотлох баримтаар сургалтын цогцолбор, орон сууц зориулалт гэж орон сууцаар ашиглах зориулалтыг ямар үндэслэл шийдвэрээр нэмж оруулсан нь тодорхойгүй байдлаар 42 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар орон сууц, сургалтын цогцолбороор газар эзэмшихийг зөвшөөрсөн байна. Тус газрын зориулалт нь анхнаасаа орон сууц барих зориулалтгүй, өмч хувьчлалын үед сургалтын цогцолбор барих зориулалтаар өмчлөгдсөн газрыг шүүхээс анхаарч үзээгүй. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/548 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаас хойш сургалтын цогцолбор барих зориулалтыг огт ашиглаагүй байна. Холбогдох газруудтай гэрээ байгуулсан нь газрыг ашигласан гэж үзэх боломжгүй. Тухайн гэрээ хэрэгжихгүй байх боломжтой юм.
3.2. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар бүхий шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч У давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: ““Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, “А” СӨХ гуравдагч тэр оролцож байгаа захиргааны зэрэгт хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд энэхүү тайлбарыг гаргаж байна.
4.1. “А” СӨХ-ны давж заалдах гомдлын тайлбар.
4.1.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 тоот захирамжаар “Н” ХХК-ийн эзэмшил газрын 9076 м.кв газрыг хасаж, 2021 оны М3Х2021/14-008 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 612/2022 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон. Үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад өөрт нь гомдол гаргасан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/6598 дугаар албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй гэх хариуг өгсөн.
4.1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж заагаад 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эх зөвшөөрсөн бол;” шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар заасан. Тиймээс хуулийн дагуу "Н" ХХК нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь ямар нэгэн хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй. Маргаан бүхий акт нь зөвхөн Нийслэлийн Засаг даргын А/548 дугаар захирамжийг хүчингүй болгохоор гараагүй газрын зарим хэсгийг хүчингүй болгож, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон байхад шууд Нийслэлийн Засаг даргын А/548 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэрэгтэй нэг хэрэг гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн маргаан нь газраа үндэслэлгүй сунгасан гэх маргаан болно.
4.1.3. Нэгдүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М3Х2021/14-008 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байна. Тиймээс гаргаж буй акттай холбоотой акт хэрэгт авагдаагүй гэх гуравдагч этгээдийн гомдол нь үндэслэлгүй байна. "Н" ХХК-ийн эзэмшил газрын ойр орчмын байрнуудын оршин суугчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан бөгөөд мэргэжлийн хяналтын газраас баригдах барилга ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан, стандарт зөрчсөн зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/3608 дугаар албан бичгээр 21, 22Б байрны оршин суугчдад хариу мэдэгдсэн байдаг. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05/1000 дугаар албан бичгээр гомдолд дурдсан хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй талаар оршин суугч нарт хариу мэдэгдсэн байдаг.
4.1.4. Гуравдагч этгээдийн зүгээс “Н” ХХК эзэмшил газраа 3-н удаа сунгасан хэмээн гомджээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны дөрийн 1/1847 дугаар албан бичигт хавсаргасан 2005-2007, 2014, 2016-2017, 2019, 2021 оны сансрын хургийн хил заагт эзэмшил газрын хил заагтай давхцуулсан зургууд хавсаргагдсан байх бөгөөд 2005 оноос 2021 он хүртэл ямар нэгэн байдлаар газраа сунгаагүй газрын хэмжээ нэмэгдээгүй байдаг. Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08/4801 дүгээр албан бичгээр "A" СӨХ-ны Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1104 дүгээр захирамжаар ашиглаж буй 1330501496, 1330501497 нэгж талбарын газартай “Н" ХХК-ийн эзэмшил газар давхцалгүй байна гэсэн” хариу өгсөн байдаг. Тодруулбал хил зааг зөрчсөн, давхацсан асуудал байхгүй болно.
4.1.5. “Н” ХХК нь анх Улаанбаатар хотын барилга Хөрөнгө оруулалтын газраас 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 13-р хорооллын барьж эхлэхээр төлөвлөж байсан 48-н айлын 2 сууц 20, 19-р байруудыг худалдан авсан. Мөн өмч хувьчлалын комиссын 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 82 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын цэцэрлэгийн дуусаагүй барилгыг худалдан авч №377 дугаар Эрхийн гэрчилгээг 1993 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан байдаг. Үүний дараагаар түүнд хамаарах газрыг баталгаажуулж гэрчилгээ олгох хүсэлт 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тавьсан. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 1,6 га газар ашиглах эрхээр авсан. Нэмээд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 458 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 23 дугаар орны баруун талд байрлуулан доороо гражтай 24 айлын орон сууцны барилгыг 0,12 га газрын хамт эзэмших болсон. 2009 онд тус хоёр газрыг нийлүүлэн нарийвчлан хэмжүүлэхэд 19980 м.кв байсан бөгөөд зөрүү талбайг Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сандаа бүртгэн авч газар ашиглах гэрээ болон гэрчилгээг сунгах талаар хүсэлт гаргасан. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжаар 19980 м.кв газар эзэмшсэн байдаг. 2009-2023 он буюу одоог хүртэл энэхүү газрын хэмжээгээр эзэмшиж байна. Эдгээр бүх хугацаанд ямар нэг байдлаар газрын хэмжээгээ үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн зүйл байхгүй баримтаас харагдаж байгаа болно.
4.2. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын талаар.
4.2.1. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 458 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 23 дугаар байрны баруун талд байрлуулан доороо гражтай 24 айлын орон сууцны барилгыг 0,12 га газрын хамт эзэмших болсон. 23 дугаар байрны дугаар өөрчлөгдөж 22Б болсон бөгөөд нэгдүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд байгаа зөвшилцлийн зургаас харахад 1-ээр тэмдэглэгдсэн нь Орон сууцны 23 дугаар байр, 2-р тэмдэглэгдсэн нь Сургууль цэцэрлэгийн комплекс, 3-р тэмдэглэгдсэн нь “Н” компанийн сууц, 4-р тэмдэглэгдсэн нь Шинээр барих гражтай сууц байна. Үүнээс үзэхэд 23 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд доороо гражтай 24 айлын орон сууцны барилга байх бөгөөд түүний газар нь 0,12 га байхаар байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 458 дугаар захирамж нь газрын байршлын хувьд зөв гарсан байна. Тиймээс хариуцагчийн 23 дугаар байрны баруун талд байрлах 0,12 га газрын байршлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх, мөн үзлэгээр 0,12 га газрын байршлыг тогтоогоогүй гэсэн гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч гомдолдоо "Н” ХХК-ийн эзэмшиж буй газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан нь хоёрдугаар хавтаст хэргийн 8-28 дугаар хуудсанд иргэдийн 11-11 төвд гаргасан гомдол л байх бөгөөд хууль болон барилгын норм дүрэм стандартыг зөрчсөн гэх ямар ч баримт байхгүй байна.
4.2.2. Хариуцагч ““Н” ХХК-ийн эзэмшиж буй газар нь анхнаасаа орон сууц барих зориулалтгүй, өмч хувьчлалын үед сургалтын цогцолбор барих зориулалтаар өмчлөгдсөн газрыг шүүх анхаарч үзээгүй” хэмээн маргажээ. “Н” ХХК нь анх Улаанбаатар хотын барилга Хөрөнгө оруулалтын газраас 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3-р хороололд барьж эхлэхээр төлөвлөгдөж байсан 48-н айлын 2 сууц 20, 19-р байруудыг худалдан авсан. Мөн Өмч хувьчлалын комиссын 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 82 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын цэцэрлэгийн дуусаагүй барилгыг худалдан авч №377 дугаар Эрхийн гэрчилгээг 1993 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан байдаг. Үүний дараагаар түүнд хамаарах газрыг баталгаажуулж гэрчилгээ олгох хүсэлт 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дотор тавьсан. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 сарын 06-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 1,6 га газар ашиглах эрхээр авсан. Нэмээд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 458 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 23 дугаар байрны баруун талд байрлуулан доороо гражтай 24 айлын орон сууцны барилгыг 0,12 га газрын хамт эзэмших болсон. 2009 онд тус хоёр газрыг нийлүүлэн нарийвчлан хэмжүүлэхэд 19980 м.кв байсан бөгөөд зөрүү талбайг Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сандаа бүртгэн авч газар ашиглах гэрээ болон гэрчилгээг сунгах талаар хүсэлт гаргасан. Тиймээс газрын хувьд сургалтын цогцолборыг газрын хамт, орон барилгын сууриудыг газрын хамт худалдан авсан бөгөөд хоёр газрыг ингэж 2009 онд Нийслэлийн даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжаар 19980 м.кв газрыг сургуулийн цогцолбор, орон сууц зориулалтаар эзэмшсэн байдаг. Түүнчлэн эзэмшил газар дээрээ барилгын ажил гүйцэтгэж буй компанийн ажилчид болон барилгатай хамаарал бүхий ажилчид машинаа байрлуулж байсан нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үзэх үндэслэл болохгүй болно. Тиймээс хариуцагчийн гаргаж буй зориулалтын дагуу ашиглаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр гуравдагч, хариуцагч нар нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 тоот захирамжийн үндэслэл, түүнд хамаарах асуудлаар мэтгэлцэх, давж заалдах гомдол гаргах атал маргаан бүхий захирамжид хамаарахгүй маргаж буй асуудалтай холбоогүй зүйлийн талаар гомдол гаргасан нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг зөрчиж байна.
4.3. Иймд дээрх байдлаар гуравдагч этгээд “А” СӨХ болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
1. Нэхэмжлэгч “Н” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь А/1463 дугаар захирамжид Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1, 2, Арванзургадугаар зүйлийн 2, Арванесдүгээр зүйлийн 1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 8 дугаар зүйлийн 8.3.3, 22 дугаар зүйлийн 22.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 92 дугаар зүйлийн 92.1, 98 дугаар зүйлийн 98.1.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.6, 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/Т4 дүгээр тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар баталсан ‘Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01,04”-ийн 2.1.4-д заасныг үндэслэжээ.
2.1. Уг захирамжийн нэг дэх заалтаар тус компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэж өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 м.кв газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчилж,
хоёр дахь заалтаар “эзэмшиж буй газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан бөгөөд холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн” гэж үзэж, Нийслэлийн Ерөнхий архитекторын 2021 оны МЗХ2021/14-008 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 612/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож,
гурав дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаар захирамжийн хавсралтын 39 дэх заалтыг хүчингүй болсонд тус тус тооцсон байна.
Уг захирамжийн тэргүү, үндэслэсэн хууль, шийдвэрлэсэн асуудал болон сонсох ажиллагаа явуулахаар хүргүүлсэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01-08/5241[1] дүгээр албан бичиг, хариу тайлбар зэргээс үзвэл “А” СӨХ-ны 21, 22-р байрны оршин суугч иргэдээс “Н” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах газар эзэмших эрх, газар дээрээ барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотой гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэжээ.
3. Анхан шатны шүүх хариуцагчийг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангасан эсэхэд дүгнэлт өгөлгүй, “... эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрөл олгохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх эсэх асуудлыг шалгаж, дээрх нөхцөл байдал тогтоогдвол зөвшөөрөл олгохоос татгалзахаар байх боловч тухайн нөхцөлд орчны оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй ..., барилга байрлаж байгаа, барилгын зөвшөөрөл авахтай холбоотой ажиллагаанууд хийж байснаас үзвэл газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4. Гуравдагч этгээд “А” СӨХ-ны давж заалдах гомдолд “... адилхан нэг үйл баримттай хэрэгт 660 дугаар шийдвэр гаргасанд гомдолтой, шүүхийн журам зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна ...” гэжээ.
4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “А” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын А/548 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
4.2. Үүнээс үзвэл уг хэрэгт Нийслэлийн Засаг дарга нь хариуцагчаар, “Н” ХХК нь гуравдагч этгээдээр тус тус оролцож байгаа атлаа “А/548 дугаар захирамжийг хүчингүй болгуулах талаарх “А” СӨХ-ны оршин суугч иргэдийн гомдлыг урьдчилан шийдвэрлэж маргаан бүхий захирамжийг гаргасан, гэвч “А” СӨХ нь оршин суугчдын эрх бүрэн сэргээгүй гэж үзэж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
4.3. Захиргааны нэг актын талаар ижил эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг явагдсан нь ойлгомжгүй нөхцөлийг үүсгэсэн талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг үгүйсгэхээргүй байна.
5. Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий А/1463 дугаар захирамжийг гаргахдаа “Н” ХХК-ийн эзэмшиж байсан газрын өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 м.кв газрыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.
5.1. Учир нь “Н” ХХК нь 1993, 1996 онд өмч хувьчлалаар худалдан авсан гэх зарим объект (20, 19 дугаар байрны суурийг гүйцэтгэлээр нь худалдан авсан) нь одоо байгаа эсэх, хаана байршилтай нь ойлгомжгүй, одоо баригдаж ашиглалтад орсон 77 айлын орон сууц, 69 айлын 2 блок орон сууцны барилга зэрэг нь маргаан бүхий актаар шийдвэрлэсэн газрын алинд нь хамаарч байгаа нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
5.2. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын аль хэсгийг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн, тухайн газраа ямар шалтгаанаар ашиглаагүй, тухайн шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөн гомдол гаргасан иргэдийн ямар, эрх ашиг сонирхлыг зөрчсөнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, захиргааны шийдвэр гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй, гүйцэд хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 95, 98 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгаж тогтоохоор заасныг зөрчжээ.
5.3. Харин анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад газраа ашиглахаар барилга барихтай холбоотой зөвшөөрлүүдийг авч байсан, зарим газартаа барилга барьсныг “2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй” гэж нийт 19980 м.кв газарт нь хамааруулж дүгнэсэн дүгнэлт нь бүхэлдээ үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна.
6. Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “гуравдагч этгээд СӨХ-ны оршин суугч иргэдийн өргөдлийг хүлээн авсан бүртгэл хяналтын карт”-аас үзвэл “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны урд цэцэрлэг баригдах байсан талбайд “Н” ХХК 16 давхар 3 блок байшин барих гэж байна. Анх энэ газрыг өмчилж авахдаа цэцэрлэг, сургуулийн зориулалтаар барилга барина гэж зөвшөөрөл авсан байна. Энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж энэ барилгын ажлыг зогсоож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэдээс 11-11 төв, 1800-1200 дугаарын утсанд гаргажээ.
6.1. Уг иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан иргэдийн эсэргүүцэл маргаан үүссэн асуудлыг судлан, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нь талуудыг оролцуулан хуралдаан хийж, зарим асуудлыг тодруулах, зарим барилгын зөвшөөрлийн тухайд дахин авч хэлэлцэх талаар дахин хуралдахаар шийдвэрлэсэн[2] боловч маргаан бүхий актад дурдсан “газраа 2 жил дараалан ашиглаагүйтэй” холбоотой хэлэлцээгүй, барилгын зөвшөөрөлтэй холбоотой хүн амын нягтрал хэтэрсэн талаар баримт цуглуулаагүй, төлөвлөж буй 3 барилгын аль нь барилгын норм, стандартыг хэрхэн зөрчсөн, үүний улмаас иргэдийн ямар эрх, ашиг хэрхэн зөрчигдсөн талаар тогтоосон баримт материалыг бүрдүүлээгүй байна.
6.2. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэдийн гомдлын дагуу иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, “Н” ХХК-ийн барилга барьсан, барихаар төлөвлөсөн болон өмч хувьчлалаар худалдан авсан газрууд нь хэрхэн зааглагдаж байгаа, аль хэсгийн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн, барихаар төлөвлөсөн аль барилгыг бариулах нь хүн амын нягтралыг хэрхэн ихэсгэх зэрэг бөгөөд захирамжид баримталсан Монгол Улсын Үндсэн хууль, Барилгын тухай, Газрын тухай болон Захиргааны ерөнхий хуулийн заалтуудад заасан “иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн” гэх нөхцөл байдлыг гүйцэд тогтоогоогүй байхад маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна: 95.1.1.захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах” гэж, 95.4.5-д “мэргэжлийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримт” гэж, 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана: 98.1.2.гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдолд “... эзэмшиж буй газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан нь 2 дугаар хавтаст хэргийн 8-28 хуудаст авагдсан нотлох баримтаар (иргэдийн санал, гомдол) тогтоогдож байна...” гэх боловч 8-28 дугаар хуудаст иргэдийн гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар тэмдэглэсэн Бүртгэл хяналтын картууд авагдсан байх тул гомдол үндэслэлгүй.
8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “.... Тус газрын зориулалт нь анхнаасаа орон сууц барих зориулалтгүй, өмч хувьчлалын үед сургалтын цогцолбор барих зориулалтаар өмчлөгдсөн газрыг шүүхээс анхаарч үзээгүй. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/548 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаас хойш сургалтын цогцолбор барих зориулалтыг огт ашиглаагүй байна. Холбогдох газруудтай гэрээ байгуулсан нь газрыг ашигласан гэж үзэх боломжгүй...” гэж гомдол гаргасан боловч хариуцагч нь өмч хувьчлалаар авсан обьектууд нь хичнээн хэмжээтэй байсан, түүнд хамааруулж сургууль цэцэрлэгийн зориулалтаар 19960 м.кв газар эзэмших эрх олгосон үндэслэл, орон сууц барьсан болон барихаар төлөвлөж зориулалтыг өөрчилсөнтэй холбоотой маргаан бүхий актыг гаргаагүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.
9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан захиргааны шийдвэр гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, иргэдийн гаргасан өргөдөл гомдлын дагуу шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн сэргээсэн нь ойлгомжгүй, газар эзэмшигч болон иргэдийн хоорондын маргааныг бүрэн шийдвэрлэж чадаагүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Харин энэхүү шийдвэр нь анхан шатны шүүх “А” СӨХ-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын А/548 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэхэд саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, өмгөөлөгч Х болон гуравдагч этгээд “А” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э”-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ