Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 560

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Э х х у б П.Д, Г.М, Х х у б Х.Б, Б х з г м М.Г, Э х х т а и Т.Н,

Гуравдагч этгээд: С с,

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01-59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Л.Н, хариуцагч П.Д, М.Г, Т.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ц, Р.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Л.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий боловсролын С сургуулийн захирал Д.З-тэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад Д.З нь санхүүжилтийг гэрээний дагуу төлөөгүйгээс манай компани өөрсдийн нөөц бололцоогоор барилгыг зоорийн хамт З давхар хүртэл барьсан. Гэтэл Д.З 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцлан манай компанийг барилгын талбайд оруулахгүй болсон бөгөөд дутуу хийгдээгүй ажлыг хувь хүмүүсээр гүйцэтгүүлж дуусгасан байдаг.

Д.З нь манай компанийн ажлын хөлс болон оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөхгүйн тулд барилгын цахилгааны ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгээгүй гэж маргаж, ингэхдээ хууль бус дүгнэлт гаргуулах зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрчим хүчний яаманд дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яамны Бодлогыг зохицуулах газрын даргын шийдвэрээр Мэргэжлийн хяналтын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д зөрчил арилгах албан шаардлагыг гаргасан байдаг. П.Д нь уг албан шаардлагыг гаргахдаа тухайн барилга дээр огт очиж үзээгүй атал газар дээр нь шалгаж, уг шаардлагыг гаргасан мэт хууль бус, хуурамч албан шаардлага гаргасанд гомдолтой байна.

Тухайн үед тухайн барилгын ажлын материалын үлдэгдэл болон ажлын хөлсний үлдэгдэл нийт 500 сая төгрөг байсан. Иймд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Иргэний хэргийн шүүхэд тус 500 сая төгрөгийг шаардан нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байхад Д.Б би Ерөнхий боловсролын С сургуулиас гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдсан. Үүний дараагаар тус хуулийн 111 дүгээр зүйлд заасан хүний нэр төр гутаасан, 171 дүгээр зүйлд заасан чанаргүй барилга барьсан гэх гэмт хэргүүдэд гүтгэгдэн шалгагдсан. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр залилан мэхэлсэн болон хүний нэр төрд халдсан гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Харин чанаргүй барилга барьсан гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийг уг хэргийн маргаан бүхий Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлага болон дүгнэлтэд үндэслэсэн байсан. Гэтэл тус актуудад заасан алдаа дутагдал бодит байдалд байгаагүй, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус ба захиргааны байгууллагын албан тушаалтан өөрт хамааралгүй асуудлаар акт гаргасан байсан тул тус актуудыг шалгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс тус актуудыг илт хууль бус гэж үзсэн боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс мэргэжлийн хяналтын байцаагч нар акт гаргасан байх тул хүчинтэй акт байна хэмээн шийдвэрлэсэн. Иймд би Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу шалгаад тухайн дүгнэлтийг Төрийн хяналт шалгалт хийх хуулийг зөрчсөн гэж үзэн байцаагч нарын эрхийг цуцалсан. Мөн тухайн байцаагч нар тус эрхээ хууль бусаар авсан болохыг мэдсэн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс эдгээр байцаагчид нь эрчим хүчний улсын байцаагчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр бус “Хамтран ажиллах” гэрээний дагуу олгосон болохыг тогтоож, эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон.

Хариуцагч эрчим хүчний байцаагч нар шүүх хуралдаануудад тухайн захиргааны актуудыг гаргаснаар эрсдэлээс хамгаалж олон хүүхдийн амь насыг аварсан гэх тайлбарыг гаргасан. Хэрэв Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шалгалт хийгдсэн бол эдгээр байцаагчид нь тухайн шалгалтын дараагаар албан шаардлагын гүйцэтгэлийг шалгах ёстой байсан. Мөн П.Д болон С.Ц нар нь Д.З-ийн гуйлтаар буюу 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ерөнхий боловсролын С сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу 03 дугаар сарын 03-ны өдөр болох /1 хоногийн дараа/ тухайн барилгад биечлэн очиж шалгалгүйгээр тухайн актыг үйлдсэн юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нар шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Ерөнхий боловсролын С сургуулиас 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 92 тоотоор ирүүлсэн албан хүсэлтийн дагуу Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас өгсөн шийдвэрээр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд Эрчим хүчний тухай хуулийн 34.1, 34.1.1, 34.1.3 заалт, Цахилгаан байгууламжийн дүрмийн 6.2.15, 6.2.16, 6.2.18, 6.2.19, 6.2.22, 6.2.38 заалт, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн 5.10.1-5.10.6 заалтуудыг зөрчсөн зөрчлийг арилгуулах зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01-59-07-002 тоот хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн. Монгол улсын MNS 5140-1:2011 Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн 1 дүгээр хэсэг, Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт стандартад албан шаардлага гэж хууль, тогтоомжийг чанд мөрдөх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар шуурхай арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж хүргүүлсэн баримт бичиг гэж томъёолсон байдаг.

Иймд 2015/01-59-07-002 дугаар албан шаардлагаас нь ямарваа нэгэн хохирлын хэмжээг тогтоогоогүй ба өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжийг мөрдүүлэхийг уг өргөтгөлийн барилгын захиалагч болох Ерөнхий боловсролын С сургуульд мэдэгдэж хүргүүлсэн баримт бичиг бөгөөд хуурамч, хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.

Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор баталсан Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийн 5.1-д гомдол гаргах эрх бүхий субьект нь шалгуулсан байгууллагын эрх бүхий албан тушаалтан байна гэж заасан байх тул уг асуудлаар гомдол гаргах үндэслэлгүй байна.

Ерөнхий боловсролын С сургуулиас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 тоот албан бичиг ирүүлснээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/2016 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны самбарын угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэхэд шалгалт хийж, тус сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил нь Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн экспертизээр хянагдан батлагдсан, “А К” ХХК-ийн АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийгдээгүй гэж дүгнэлт гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1-д “холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шнжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэж заасны дагуу Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарыг уг хяналт шалгалтын ажилд оролцуулсан бөгөөд энэ нь дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно. Тус барилгын цахилгааны монтаж ажлын зургийн дагуу хийгдээгүй буюу зөрж гүйцэтгэгдсэн байсан. Иймд П.Д болон Г.М нар байцаагчийн эрхтэй байсан бөгөөд тэрхүү эрхийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ерөнхий боловсролын С сургуулийн төлөөлөгч Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ц, Р.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний улсын байцаагч нар Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг зургийн дагуу хийсэн эсэхийг шалгаад албан шаардлага болон дүгнэлт гэсэн 2 акт гаргасан байдаг бөгөөд энэ хоёр акт нь цаг хугацааны хувьд бараг жилийн зайтай, хяналт шалгалт хийсэн бүрэлдэхүүний хувьд өөр өөр, захиргааны актын хэлбэрийн хувьд 2 өөр юм. Харин энэ хоёр акт нь агуулгын хувьд нэг ижил зөрчлийг тогтоосон байдаг. Энэ нь Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил батлагдсан зургийн дагуу хийгдээгүй" болохыг тодорхойлж, эдгээр зургийн дагуу хийгдээгүй зөрчлүүдийг тоочсон байдаг.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Барилга байгууламжид тавих шаардлагыг тодорхой заасан бөгөөд 14.1.1-д "батлагдсан зураг төслийн дагуу баригдсан байх" гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.1-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь "хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих" бүрэн эрхтэй байхаар хуульчилсан байна.

Энэ хуулиар заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь албан шаардлага, дүгнэлтийг гаргаж, барилгын цахилгааны ажлыг зургийн дагуу хийгээгүй зөрчлийг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон” Барилгын цахилгааны ажил зургийн дагуу хийгдээгүй" зөрчил бодит байдал дээр байсныг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас гадна хэрэгт нотлох баримтаар авагдсан. Бодит байдал дээр зөрчил байгаа бол төрийн хяналт шалгалтын хүрээнд тэдгээр зөрчлийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах талаар зохих захиргааны актыг гаргах бүрэн үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1,-д заасан "утга, агуулгын илэрхий алдаатай" гэдэг нь ямар асуудлыг яаж шийдвэрлэсэн нь жирийн иргэнд ойлгогдохгүй байхыг хэлнэ. 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Албан шаардлага нь ямар асуудлыг, яаж шийдвэрлэсэн нь маш тодорхой байна. Үүнд "цахилгааны ажлыг зургийн дагуу хийгээгүй зөрчлийг тоочиж, уг зөрчил нь холбогдох дүрэм, журмыг зөрчсөн болохыг тодорхойлж, зөрчлийг арилгуулах шаардлага" тавьсан байна.

П.Д байцаагч очсон эсэх асуудал нь тухайн хяналт шалгалтыг гүйцэтгэх арга хэлбэр, процесстой холбоотой байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.3-т "Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдлыг биеэр очиж үзэх эсхүл цугларсан нотлох баримтаар тогтоох эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй байхаар хуульчилсан байна.

Иймд П.Д байцаагчийн хувьд өөрт цугларсан зураг, нотлох баримтын хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтоож, албан шаардлага гаргасан нь уг захиргааны актыг "илт хууль бус"-д тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хяналт шалгалт хийхдээ журам зөрчсөн эсэх асуудал нь "эрх зүйн зөрчилтэй захиргааны акт"-ын хувьд яригдах асуудал болохоос илт хууль бус захиргааны актын хувьд яригдах үндэслэл биш. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус" гэдэг нь хэнд хаяглагдсан нь тодорхой бус мэдэгдэхгүй байхыг хэлнэ. 2015.03.03-ны өдрийн албан шаардлага нь Ерөнхий боловсролын С сургуульд хаяглагдсан нь маш тодорхой байна.

Барилгын тухай хуулийн 37.1.8-д Захиалагч нь "барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, заваарчилгааг биелүүлэх" үүрэгтэй болохыг заасан байна. Захиалагч нь өөрөө эсхүл гүйцэтгэгч компаниар энэ алдаа зөрчлийг арилгуулах үүрэгтэй. Энэ албан шаардлага гаргасан үед буюу 2015 оны 3-р сард "Б" ХХК нь аль хэдийн гүйцэтгэгч биш болсон байсан. "Б" ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдлийг гаргаж, барилгын ажлыг орхиж явсан байсан. Тийм учраас өнөөдрийг хүртэл хугацаанд Мэргэжлийн хяналтын байцаагчийн актад дурдсан зөрчлийг засаж өгөөгүй. Ерөнхий боловсролын С сургууль өөр шинэ гүйцэтгэгч буюу "М х" ХХК-аар эдгээр зөрчлүүдийг арилгуулах, засуулах арга хэмжээ авсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэдэг нь захиргааны актын зохицуулалтын зүйл нь хэн ч хийж чадахааргүй байхыг хэлнэ. Гэтэл бодит байдал дээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага болон дүгнэлт дээр заасан зөрчлийг захиалагч Ерөнхий боловсролын С сургууль нь "М х” ХХК-иар засуулж арилгуулсан.

Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан нь шалгасан асуудлаар тухай этгээдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээ авхуулж, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэн асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт бичих, акт, албан шаардлага гаргах зэргээр шийдвэрлэх эрхтэй.

Төрийн хяналт шалгатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д “мэргэжлийн хяналтын байгууллага нь хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих" бүрэн эрхтэй, 10.9.1-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь "хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэнд хяналт тавих бүрэн эрхтэй”, 10.9.8-д "хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" бүрэн эрхтэй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон Мэргэжлийн хяналтын байцаагчийн дээр дурдсан эрх, чиг үүргийн хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн дүгнэлтийг гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т "Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно" гэж заасны дагуу М.Г болон Т.Н нарыг оролцуулах хууль зүйн үндэслэлтэй. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд татан оролцуулсан этгээдээр гарын үсэг зуруулахыг хориглосон заалт байхгүй.

Эрчим хүчний тухай хуулийн 1.1 -д "Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино", 34.1-д "Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч дараахь чиглэлээр мэргэжлийн хяналт тавина" 34.1.1-д "эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих" 34.1.2-д "эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхэд болон шугам сүлжээг хамгаалах шаардлагыг мөрдүүлэхэд хяналт тавих" гэж заасны дагуу эрчим хүчний улсын байцаагч нь хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны тоног төхөөрөмжийн усгалт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавих эрх, чиг үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч талаас хүчингүй болгуулахаар шаардаж буй ажлын хэсгийн дүгнэлт, албан шаардлага нь хууль, журмын дагуу хийгдсэн. Ерөнхий боловсролын С сургуулийн захиалгаар Эрчим хүчний яам ажлын хэсэг томилж тус шалгалтыг хийсэн. Ерөнхий боловсролын С сургуулийн зүгээс Эрчим хүчний яамд хүсэлт гаргасан юм. “Б” ХХК нь Ерөнхий боловсролын С сургуулийн барилгын өргөтгөлийг гүйцэтгэхээр хуурч мэхлэн гэрээ байгуулсан ба алдаа, дутагдал гаргаж, тухайн барилгын ажлыг хийж чадахгүй болмогц барилгын ажлыг хаяж явсан. Маргаан бүхий акт тухайн үед мөрдөгдөж байсан хууль дүрмийн дагуу гарсан.

“Б” ХХК тус барилгын ажлын олон гүйцэтгэлийг буруу хийсэн ба нэг алдаа нь энэхүү цахилгааны асуудал юм. Цахилгааны утсыг ажлын зурагт зааснаар 2х2.5мм бус 2х1.5мм хэмжээтэй утсаар сольж хэмнэсэн тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад боломжгүй гэх хариу өгсөн ба холбогдох олон байгууллагад хандсан. Харин Эрчим хүчний яам хүсэлтийг хангаж мэргэжлийн ажлын хэсэг томилж, цахилгааны ажил зургийн дагуу хийгдсэн эсэхийг шалгасан.

Д.Б-ийг яллах зорилгоор албан шаардлага, дүгнэлт хийгдсэн гэх тайлбар худлаа бөгөөд эрүүгийн хэрэгт удаа дараа өөр шинжээч томилогдон шалгахад хариуцагч нарын гаргасан дүгнэлттэй адил дүгнэлтүүдийг гаргасан. Харамсалтай нь Улсын Дээд шүүхээс гэм буруу байгаа боловч иргэний хэргийн маргаан байна хэмээн шийдвэрлэсэн. Д.Б-ийн үйлдлээс шалтгаалан одоог хүртэл Ерөнхий боловсролын С сургуулийн сурагчид болон ажилчид цаг хугацаа алдсан, биеийн тамирын заал байхгүй зэргээр хохирч байна.

Уг хэргийг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас шийдвэрлэснээс хойш шинээр илэрсэн баримт буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, мөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын цагаатгах тогтоол гарсан. Маргаан бүхий актаар Ерөнхий боловсролын С сургуулийн барилгын ажлын цахилгаан хангамжийг шалгаж, тус сургуульд хаяглагдан дүгнэлт гарсан бөгөөд “Б” ХХК-д үүрэг оногдуулаагүй. Өмнөх гурван шатны шүүхэд нэхэмжлэгч нь намайг эрүүгийн хэрэгт маргаан бүхий актаар буруутгаж яллаж байгаа хэмээн зөрчигдөж буй хууль ёсны эрх ашгаа тодорхойлсон. Гэтэл 2018 онд эрүүгийн хэргийг 2 байгууллагын гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” хэмээн захиргааны актыг илт хууль бус болгох нэхэмжлэлийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гаргах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна. Иймд хэрэв эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт “ ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан”  гэж зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Мөн тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь гарсан цагаас буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх тул тухайн цаг хугацаанаас хойш хариуцагч болох эрчим хүчний байцаагч нар байцаагчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох ёстой. Иймд шийдвэр гаргахаас өмнө буюу 2015 онд албан шаардлага гаргахад ба 2016 онд дүгнэлт гаргахад тухайн байцаагч нар байцаагчийн хууль ёсны эрхтэй байсан гэж үзнэ.

Эдгээр мэргэжлийн хяналтын байцаагчид нь байцаагчийн эрхтэйгээр ажиллах хугацаандаа зөвхөн Ерөнхий боловсролын С сургуулийг шалгаагүй. эрчим хүчний техник, хэрэглээ зэрэгтэй холбоотойгоор олон аж ахуй нэгж, иргэнд акт гаргасан байх бөгөөд тухайн актууд бүгд хүчингүй болох уу. Цаашид буруу практик тогтоохгүйн тулд шүүхээс анхаарна уу.

Гуравдагч этгээд нь төрийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийнхээ дагуу олон байгууллагад хандсан бөгөөд Эрчим хүчний яамнаас хүсэлтийг шийдвэрлэн дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч маргаан бүхий актуудыг илт хууль бусад тооцуулахаар чиг үүрэгт хамааралгүй асуудлаар акт гаргасан, гүйцэтгэх этгээд тодорхой бус, бодит байдалд биелүүлэх боломжгүй гэх гурван үндэслэлийг дурдсан.

Чиг үүрэгтэй хамааралгүй болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбон тайлбарлаж байгаа боловч тус шийдвэр нь иргэний эрх зүйн харилцааны хүрээнд “Б” ХХК-ийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар диспозитив зарчмын үндсэн дээр шийдвэрлэгдсэн юм. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул захиргааны байгууллагын илт хууль бус акттай холбоогүй юм. Өөрөөр хэлбэл тухайн акт нь гэрээний дагуу улсын байцаагчийн эрх олж авах заалт байхгүй тул хууль бус байна гэх шийдвэр гарсан. Бодит байдалд Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан улсын байцаагчийн эрх, үүрэг болон хариуцагч байцаагч нарын ажлын байрны үүрэг нь тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын улсын байцаагчийн эрх олгосон шийдвэрийн дагуу чиг үүргийн хамааралтай байх тул чиг үүргийн хамааралгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Үүрэг хүлээсэн этгээд нь тодорхойгүй гэх асуудлыг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Ерөнхий боловсролын С сургуульд чиглэсэн ба захиалагч нь холбогдох алдаа дутагдлыг арилгах үүрэгтэй байна хэмээн дүгнэсэн.

 

Бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актад хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэгдэхгүй болохыг мөн давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн.

Шалгалтад улсын байцагчийн эрхгүй 2 албан тушаалтан оролцсон гэх тайлбарын тухайд Төрийн хяналт шалгалтын 5 дугаар зүйлд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болохоор зохицуулсан тул хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчид 500 сая төгрөгийг өгөхгүйн тулд Ерөнхий боловсролын С сургууль эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн тайлбарласан. Гэтэл тус мөнгийг одоог хүртэл 6 жилийн хугацаанд шаардаж байгаагүй. Мөн эрүүгийн хэрэгт маргаан бүхий актууд нотлох баримт болсон гэсэн боловч тухайн актуудыг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гаргаагүй.

Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг маргаан бүхий захиргааны актууд зөрчсөн тухайд дараах 2 зүйлийг тайлбарлах шаардлагатай. Үүнд энэхүү албан шаардлага, дүгнэлт нь Ерөнхий боловсролын С сургуулийн захирал Д.Зургаанжин танаа хэмээн хаяглагдсан бөгөөд “Б” ХХК-д хаяглагдаагүй юм. Мөн тус ажлын хэсэг тухайн барилгын цахилгааны монтаж батлагдсан зураг төслийн дагуу хийгээгүй болохыг тогтоосон бөгөөд “Б” ХХК-ийг ямар нэгэн байдлаар буруутгаж, үүрэг даалгавар өгөөгүй юм.

Барилгын тухай хуульд зааснаар захиалагч нь барилгын ажилд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт тавиулж дүгнэлт гаргуулах, гарсан зөрчлийг арилгуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу тухайн зөрчлийг “М х э” ХХК-д төлбөр төлж засуулан барилгыг улсын комисст өгсөн баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл тухайн албан шаардлага, дүгнэлтээр “Б” ХХК-д ямар нэгэн үүрэг хариуцлага оногдуулаагүй.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь  тус шүүхэд Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарт холбогдуулан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, уг захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй “ гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анх 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий боловсролын С сургууль нь “Б” ХХК-тай “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд орших Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх “ 13/02 дугаар гэрээ[1] байгуулсан байх бөгөөд дээрх гэрээний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад Ерөнхий боловсролын С сургуулийн захирал Д.З нь 2015 оны 03 дугаар сарын 02 өдрийн  92 дугаар албан бичгээр[2] Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын дарга Ц.Б-т хандан Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны гүйцэтгэлийн ажилд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар хандсан, дээрх хүсэлтийн дагуу Эрчим хүчний хяналтын байцаагч П.Д нь Ерөнхий боловсролын С сургуулийн цахилгаан хангамжийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэлийг 1 хоногт багтаан шалгаж, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр  “Зөрчил арилгуулах тухай” 2015/01/59-07-002 дугаар албан шаардлагыг [3] бичсэн, Ерөнхий боловсролын С сургуулийн захирал Д.З нь дахин 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр [4] “ тус сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн ... ажилд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах”-аар Эрчим хүчний яаманд  хандсан, дээрх хүсэлтийн дагуу Эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга Д.Д-ын баталсан ” Хяналт шалгалтын удирдамж” [5]-ийн дагуу тус сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил нь батлагдсан зураг төслийн дагуу хийгдсэн эсэхэд шалгалтыг явуулж, улсын байцаагч нар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  “Цахилгааны монтажийн угсралтын тухай “ 01/2016 дугаар дүгнэлтийг[6] гаргасан, уг дүгнэлтээр “ цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй” гэж дүгнэсэн үйл баримтууд тогтоогджээ.

Нэг:  Нэхэмжлэгчийн “ ... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”  гэсэн үндэслэлийн тухайд :

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “ тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар бүрэн эрх олгоогүй, өөрийн чиг үүрэгтээ огт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан байхыг ойлгох ёстой. 

Маргааны үйл баримтуудаас үзэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар хуулиар улсын байцаагчийн эрх олгож болохоор заасан байгууллагуудын нэр бүхий албан хаагчдад 2012 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн улсын байцаагчийн эрх олгосон байх бөгөөд уг тушаалын хавсралтаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан Г.М / хувийн дугаар 55-07-002 /, Эрчим хүчний газрын ажилтан П.Д / хувийн дугаар 59-07-002/  нарт эрчим хүчний хяналтын улсын байцаагч, мөн газрын ажилтан Х.Бекболатад / хувийн дугаар 59-06-004/ хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн эрхийг тус тус олгосон байх бөгөөд дээрх тушаалаар эрх олгогдсон улсын байцаагч нарын эрхийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4,  Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг зөрчсөн гэж үзэж, дээрх улсын байцаагч нарт эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын Г.М, П.Д, Х.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон, дээрх шүүхийн  шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул улсын байцаагч Г.М / хувийн дугаар 55-07-002 /,  П.Д / хувийн дугаар 59-07-002/ , Х.Б /хувийн дугаар 59-06-004/  нарыг Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд хяналт тавих эрхгүй буюу тодруулбал Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт явуулж, албан шаардлага, дүгнэлт гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

Тодруулбал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар хяналт шалгалтыг гагцхүү хуулиар эрх олгосон хяналтын шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар 5.1-д зааснаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан  хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтыг явуулах бөгөөд  мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8-д зааснаар эрх олгогдсон улсын байцаагчид нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавьж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах бүрэн эрхтэй байна..

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар зохицуулагчид эрчим хүчний улсын байцаагчийн эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтэд буюу эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад эрх олгогдсон улсын байцаагчийн эрхтэй зохицуулагчид мэргэжлийн хяналт тавих хуулийн зохицуулалттай байна.

Гэтэл Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрхгүй этгээд болох Г.М, П.Д, Х.Б нар нь Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт явуулж, зөрчлийг тогтоосон албан шаардлага, дүгнэлт гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг ““хуулиар бүрэн эрх олгоогүй этгээд” захиргааны актыг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.      

Дээрхээс дүгнэн үзвэл улсын байцаагч нарыг “ өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан “ гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлийг хүлээн авах хуульд зүйн боломжтой байна.

Хоёр:  Нэхэмжлэгчийн “ ... уг захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэсэн үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.5-д  зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон, захиргааны актыг,  сөрөг нөлөө бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг  бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгохоор байна. 

Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэдэгт эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээд тодорхой бус  /хэнд эрх олгосон, ашигтай байдлыг бий болгосон, хэнд үүрэг болгосон, хэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нь тодорхойгүй/  байхыг хэлнэ.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиалагчийн хувьд Ерөнхий боловсролын С сургууль нь барилгын өргөтгөлийн нэг хэсэг болох цахилгаан угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийлгэсэн, улсын байцаагч нар нь албан шаардлага, дүгнэлтээ захиалагчид хандан гаргасан, дээрх дүгнэлт, албан шаардлагаар илэрсэн зөрчлийг захиалагч нь хариуцан арилгах үүрэг хүлээсэн, тодруулбал эрх зүйн үйлчлэл нь Ерөнхий боловсролын С сургуульд чиглэсэн, маргаан бүхий улсын байцаагч нарын албан шаардлага, дүгнэлт нь нэхэмжлэгч “Б” ХХК-д чиглэгдээгүй байна.

Тодруулбал Барилгын тухай/ 2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар барилгын захиалагч нь барилгын ажлын үе шат, чанар , гүйцэтгэлд хяналт тавих, илэрсэн зөрчлийг хариуцан арилгуулах үүрэгтэй байх бөгөөд хууль тогтоомжоор олгосон энэхүү үүргийнх нь дагуу улсын байцаагч нар нь шаардлага, дүгнэлтийг Ерөнхий боловсролын С сургуульд хаяглаж хүргүүлсэн, энэхүү захиргааны актаар зөвхөн цахилгааны тоног, төхөөрөмж холбогдох норм, дүрэмд нийцэж байгаа эсэхийг тодорхойлсон байх тул “ гүйцэтгэх эрхтэй этгээд тодорхой бус” гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч “ Б” ХХК-ийн “  улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг гүйцэтгэх этгээд тодорхой бус “ гэсэн үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн  боломжгүй байна гэж үзлээ.

3. Нэхэмжлэгчийн “ ... захиргааны актыг  бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол уг захиргааны акт илт хууль бус болох бөгөөд  мөн хуулийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй  болно.

“Захиргааны актыг  бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэдэгт тухайн захиргааны актаар үүрэг болгосон, эрх олгосон, эрх хязгаарласан аль ч тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх, тухайн захиргааны акт биелэх боломжгүй байхыг хэлнэ.

Дээрх хуулийн зохицуулалтыг энэхүү маргааны үйл баримттай  холбогдуулан авч үзвэл эрчим хүчний барилга, байгууламж, тоног төхөөрөмжид  хяналт шалгалт явуулах эрхгүй буюу хуульд заасны дагуу эрх олгогдоогүй албан тушаалтнууд Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөлийн барилгын нэг хэсэг болох цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчилд улсын байцаагчийн шаардлага, дүгнэлт бичсэн, энэхүү захиргааны актууд нь илт хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон тул дээрх захиргааны актыг “бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх үндэслэлтэй байна .

Учир нь илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болох тул дээрх захиргааны акт буюу  улсын байцаагчийн шаардлага, дүгнэлтийг гаргасан цаг хугацаанаас нь эхлэн аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтан биелүүлэх / хэрэгжүүлэх / үүрэггүй учраас  түүнийг бодит байдалд биелүүлэх  боломжгүй гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т  “  захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байх”-аар заасан байх тул тухайн захиргааны акт буюу улсын байцаагчийн шаардлага, дүгнэлтийг гаргасан субъектүүдэд хуульд заасны дагуу эрх олгогдоогүй нь нэгэнт тогтоогдсон тул  энэхүү үндэслэлийг  тухайн захиргааны актыг гаргах буюу илт хууль бус болох гол үндэслэл гэж үзэж, тухайн захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. 

Дээрх үндэслэлүүдээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь “ илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулж байх тул дээрх  улсын байцаагчийн  албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус  болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Захиргааны акт нь маргаан бүхий захиргааны акт, илт хууль бус захиргааны акт гэж 2 хэлбэртэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй / хүчингүй/ болдог бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  маргаан бүхий захиргааны акт нь цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон тул тухайн цаг хугацаанаас хойш эрчим хүчний  улсын байцаагч нар байцаагчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох ёстой. Улсын байцаагч нар 2015 онд албан шаардлага гаргахад болон 2016 онд дүгнэлт гаргахад тухайн  байцаагч нар хууль ёсны эрхтэй байсан “ гэсэн  тайлбар үндэслэлгүй болно.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “ ... эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлан маргаж байх ба Ерөнхий боловсролын С сургууль, “Б” ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд  байрлалтай Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга, угсралтын  ажлыг гүйцэтгэх гэрээгээр “Б” ХХК нь гүйцэтгэгчээр ажилласан, уг гэрээний зүйл болох сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны ажил батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэхэд улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, зөрчлийг тогтоосон улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт гаргасан нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч компани болох ” Б” ХХК-ийн субъектив эрхийг зөрчсөн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах  хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч “... улсын байцаагч газар дээр нь очиж үзээгүй, улсын байцаагчийн шаардлага, дүгнэлтэд заасан зөрчил, дутагдал бодит байдалд байгаагүй, хяналт шалгалтын журам зөрчсөн” гэх тайлбарууд нь маргаан бүхий захиргааны актад хамааралтай болохоос илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар  улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ц.БАТСҮРЭН

 


[1] 1 дүээр хавтаст хэргийн 10-16 дугаар хуудсанд 

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудсанд