Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2018/01677/И |
Дугаар | 001/ХТ2019/00213 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2019/00213
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1949 дүгээр магадлалтай
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
М.Жд холбогдох
Дараа тайлангаар авсан бэлэн мөнгөний тооцооны зөрүү 6 376 897 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, С.Эрдэнэцэцэг, Ж.Золзаяа, хариуцагч М.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, П.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ж нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд аж ахуйн менежер, аж ахуйн ахлах менежерээр А ХХК-д ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа дараа тайлангаар бэлэн мөнгө авч бараа материал авах, автомашин тэрэг засуулах, аж ахуйн материалуудыг авдаг байсан. Манай компаниас дотоод хяналт шалгалт явуулж, М.Жийн гаргаж ирүүлсэн тайлан тооцоог, түүний гаргаж ирүүлсэн анхан шатны санхүүгийн баримттай тулгаж, хяналт шалгалт хийхэд М.Ж нь дараа тайлангаар авсан тооцооны зөрүү 6 376 897 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ талаар акт үйлдэж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уг төлбөрийг 2 хувааж төлөхөөр буюу 2018 оны 3 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах хуваарь гаргаж, М.Ж нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл уг хугацаа болсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул дээрхи төлбөрийг гаргуулж өгнө үү. Энэ хүн төлбөр тооцоогоо дуусгачих юм бол бид холбогдох тооцоог дуусгаж, бичиг баримтыг өгөхөд татгалзах зүйл байхгүй бөгөөд ажилтны цалин хөлснөөс төлбөр тооцоог хасч, тооцож авах эрх бидэнд байхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тус компанид Аж ахуйн албаны ахлах менежерийн албан тушаалд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 жил 5 сарын хугацаанд ажилласан. Ажилд анх ороход А ХХК нь хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг ганцхан хувь үйлдэж гарын үсэг зуруулж авсан. Надад 1 хувийг өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт "Байгууллагад учирсан хохирлыг хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно" гэж заасан боловч А ХХК-ийн зүгээс хохирлыг бодитой гаргаагүй. Ажилдчын хоолны зардалд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 7 369 180 төгрөгийг дараа тайлангаар авч 7 369 180 төгрөгийн хоол хүнсний худалдан авалтын баримт бүхий тайланг компанид гаргаж өгсөн. Гэтэл үндэслэлгүйгээр материалын килограмм, тоо, хэмжээний зөрүү худалдан авалтын зөрүүнээс үүссэн төлбөр гэж надаас 2 846 222 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би уг килограммын зөрүүг хариуцах үндэслэлгүй ажил үүргийн хувьд бараа материалын худалдан авалт хийн тайлангаа гаргаж, тогоочид хүлээлгэн өгсөн. Уг мөнгөөр авахаар төлөвлөсөн ширээ нь эвдэрсэн байсны улмаас 8 хүний 2 хос ширээг 8800 юаниар ханш 368 ханшаар бодож нийт 3 238 400 төгрөгийн үнэ бүхий ширээг 1 800 000 төгрөгийн урьдчилгааг төлж, Хятад улсаас захиалсан. Тээврийн зардал нь 305 000 төгрөг болж байгаа. Ширээ Хятад улсаас нийлүүлэхэд бэлэн болсон ч үлдэгдэл төлбөр 1 438 400 төгрөгийг төлөөгүй байх тул ширээгээ авч чадаагүй байгаа. Би ажил үүргийн дагуу ширээ захиалж төлбөрийн зохих хувийг хийсэн байхад надаас нэхэмжлэх үндэслэлгүй. Би тус компанид ажиллах байх хугацаандаа өдөр бүр илүү цагаар ажилладаг байсан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ложистик төвийн төслийн зохицуулагч, агуулах хариуцсан менежерийн албан тушаалыг тус тус давхар хийж гүйцэтгэж байсан боловч ажил олгогчийн зүгээс нэмэгдэл цалин хөлсийг бодож олгож байгаагүй. 2017 оны 12, 2018 оны 01, 02 сарын цалин болон ээлжийн амралтын мөнгө олгоогүй. Эрсдэлийн сангийн мөнгийг буцаан олгоогүй. Мөн хувиасаа компаний өмнөөс гаргасан зардал зэрэг авлагыг барагдуулаагүй. А ХХК нь намайг ажлаас чөлөөлөгдөхөд миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, диплом, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гаргаж өгөөгүй. Үүнээс болоод би нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирч байгаа. А ХХК-ийн зүгээс дарамт шахалт үзүүлсний улмаас би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төлбөрийн актыг барагдуулах хуваарьт гарын үсэг зурсан. Тус актад "хуваарийн дагуу төлөх төлбөрийг ажилтны үндсэн, нэмэгдэл болон ээлжийн амралтын цалин, эрсдлийн сан, төрөхийн өмнөх ба төрсний дараах, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, шагнал урамшуулал, бусад орлогоос суутгаж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно" гэж заасны дагуу миний авлагаас суутган тооцож, төлбөрийг тэглэхээр заасан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Жээс 6 376 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116 980.35 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Жээс улсын тэмдэгтийн хураамжинд 116 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1949 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 116 981 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 1949 дүгээр магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар:
Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил хамаардаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний талаар зохицуулсан. 21. Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно үүнд 21.1.1 ажлын байр буюу албан тушаалын нэр, 21.1.2 ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, 24 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар заасан байх бөгөөд 24.1 ажил, олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан.
“А" ХХК нь ажилтан болох М.Жтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч нэг хувийг өгөөгүй, ажлын байрны тодорхойлолттой танилцуулаагүй байна. “А” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ нь хэт урт буюу 15 хуудас, ажлын байрны тодорхойлолт 5 хуудас, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ 4 хуудас, Байгууллагын нууцын баталгаа 2 хуудас, хөдөлмөрийн дотоод журам хэдэн хуудас тодорхойгүй хавтаст хэрэгт өгөөгүй /хөдөлмөрийн гэрээ 15 хуудас байгаа бол дотоод журам түүнээс ч олон байх магадлалтай/, дунджаар 15 хуудас гэж авахад нийт 40 хуудас материалтай бүрэн танилцах боломж олгоогүй, ямар эрх, үүрэгтэй болохыг мэдэх боломжгүй нөхцөл байдалтайгаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Байгууллагын нууцын баталгаан дээр М.Жээр гарын үсэг зуруулсан байх боловч нэг хувийг нь өгөөгүй, өгсөн баримт хэрэгт авагдаагүй, ажлын байрны тодорхойлолтыг сүүлд байгууллагаас М.Жийн хийж байсан бүх ажилд нь нийцүүлж шинээр бичиж шүүхэд ирүүлсэн байх магадлалтай, М.Жд танилцуулаагүй байна.
“А" ХХК-ийн дээрх 40 хуудас материалыг ажилд орж байгаа хуулийн мэдлэггүй жирийн нэг ажилтан байтугай хуулийн мэдлэгтэй хууль хэрэглэдэг хүн хүртэл өдөр тутам бүрэн хэрэглэхэд нэг удаа танилцсанаар хэрэглэх боломжгүй, хэт их үүрэг хүлээлгэсэн, баримтууд харагдаж байна. Дээрх баримтыг нэг бүрчлэн мөрдүүлж хэрэглүүлэхээр бол бүгдийг нэг хувь үйлдэж ажилтан тус бүрд олгох, ном товхимол байдлаар хэвлэж хэрэглүүлвэл сая нэг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ашиглах боломжтой болно гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.
М.Ж нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ямар эрх, үүрэгтэй оролцох, маргаан гарвал хэд хоногийн дотор хаана хандах нь тодорхойгүй, нэг үгээр хэлвэл хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байсан байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2018/1 тоот акт нь хх-ийн 17-20 дугаар талд авагдсан нотлох баримт нь “А” ХХК-ийн ямар эрх бүхий албан тушаалтны хэд дугаар тушаалаар батлагдсан хяналт шалгалт болох нь тодорхойгүй, акт огноо байхгүй, хэн хэн ямар эрх үүрэгтэй оролцсон нь тодорхойгүй, актад бичсэнээс харахад Наранцэцэг, Эрдэнэцэцэг гэдэг хүмүүсийг томилсон байтал уг хүмүүс актад гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй байдал харагдаж байна. Зөвхөн комиссын гишүүн бус эрх олгогдоогүй этгээд болох Ганбаяр нь гарын үсэг зурсан, бүрэн албажаагүй хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэж төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Уг хүчин төгөлдөр бус актад үндэслэж гаргасан төлбөрийн актыг барагдуулах хуваарийн огноог харахад 2018 оны 01 сарын 31-ний өдөр хийсэн мэт харагдаж байна.
2018/1 хүчин төгөлдөр бус актыг хянавал хамрагдах хугацааг харахад 2017 оны 04 сараас 2017 оны 10 сарын хоорондох тайланд дүгнэлт гаргасан харагдаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлэх маргааныг тодорхойлж, 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацааг заасан. 129 дүгээр зүйлийн 129.1 Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зэрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар заажээ. Нэхэмжлэгч нь гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад мэдэх ёстой байсан хугацаанаас хойш 3 сарын дотор гаргах ёстой байсан.
Нэхэмжлэгч “Ази фарма” ХХК нь 2018 оны 05 сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзвэл 2018/1 дугаар акт нь хүчин төгөлдөр бус тул мэдэх ёстой, мэдсэн хугацаанаас хойш 3 сар өнгөрсөн үйл баримт харагдаж байна.
Мөн хариуцагч М.Ж нь нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 хүний ажлыг зэрэг гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байсан бөгөөд нэхэмжлэгчээс энэ тайлбарыг үгүйсгээгүй ажлын ачаалалтай ажиллаж байсныг хүлээн зөвшөөрдөг. “А” ХХК нь М.Жд ажлын 8 цагт багтахааргүй буюу хэт их ажил даалгаснаас оногдсон ажлыг хийж гүйцэхгүй байдал үүссэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэж заасны дагуу хохирол шаардах эрхгүй юм.
М.Ж нь тухай бүр нь дараа тайлан гаргахаар авсан эд хөрөнгүүдийг тайлагнаж байсан бөгөөд тухай бүр нь нягтлангууд шалгаж авах үүрэгтэй байсан, нэг бүрчлэн задлавал ажилчдын хоолны дараа тайлангаар бүх санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгч тухай бүр ажилчид хоолонд бүрэн хамрагдаж явсан байхад албан ёсоор хүлээлцсэн гарын үсэггүй тогоочийн гар бичмэлийг үндэслэж гаргасан нь үндэслэлгүй юм.
4 хос ширээ худалдан авах дараа тайлангаар М.Жд уг 4 хос ширээ худалдан авах хүсэл зориг байгаагүй бөгөөд зөвхөн өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу компанийн нэрийн өмнөөс БНХАУ-ын ширээ зардаг хүнтэй холбогдож худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Мөн хамт явж байсан компанийн удирдлагын зөвшөөрснөөр ширээний мөнгөний урьдчилгааг шилжүүлсэн. “А” ХХК нь ширээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлснээр ширээг хүлээн авах боломжтой байсан атал шилжүүлээгүйн улмаас ширээ ирээгүй. Иймд “А” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн байх тул үүнд М.Ж хариуцлага хүлээх үндэслэлгүй юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр, магадлалын үндэслэл болон тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмын талаар заасан. 6 дугаар зүйлийн 6.4 зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно, 40 дүгээр зүйл нотлох баримтыг үнэлэх, 40.1.3 шүүх урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан.
Анхан шатны шүүхээс 2018 оны 07 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас үзлэг хийлгэх хүсэлт, сөрөг нэхэмжлэл болон нотлох баримт гаргаж өгсөн. Гэтэл шүүх 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 8484 дүгээр захирамж гаргахдаа гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаан үргэлжилж байхад хариуцагч талд буцаан өгсөн. Ингэж өгөхдөө хэрэгт хавсаргуулахаар өгсөн 33 хуудас баримтын хамт буцаан өгч нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан болно. Мөн нэхэмжлэгч талаас маргааны гол зүйл болох акт гэх баримтыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэн шийдвэрээ гаргасан болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, 172.2.2-т шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 1949 дүгээр магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А” ХХК нь М.Жд холбогдуулан дараа тайлангаар авсан бэлэн мөнгөний тооцооны зөрүү 6 376 897 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Ж нь “А” ХХК-д аж ахуйн ахлах менежерээр ажиллаж байхдаа дараа тайлангаар бэлэн мөнгө авч, бараа материал авах, машин засуулах, аж ахуйн материалыг худалдаж авах зэрэгт зарцуулдаг байсан бөгөөд компанийн дотоод хяналтаар ажилчдын хоолны зардлын зөрүү, агуулах доторхи тохижилтын зардлын зөрүү, эм ханган нийлүүлэх төвийн засварын зөрүү, бичиг хэргийн материалын зөрүү, 4 хос ширээ худалдан авахаар авсан 2 210 200 төгрөг, нийт 6 376 897 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр дээрх төлбөрийг гаргуулахаар “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тооцооллыг үндэслэлгүй гаргасан, 2 210 200 төгрөгөөр 8 хүний 2 хос ширээг БНХАУ-аас авахаар захиалсан байгаа. Ширээ Хятад улсаас нийлүүлэхэд бэлэн болсон ч үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүйгээс авч чадаагүй байхад ширээний үнийг надаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, байгууллагад учруулсан хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1., 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч хариу тайлбараа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцээгүй гэж үзлээ.
Тухайлбал, нэхэмжлэгч нь байгууллагын албан ажлын хэрэгцээнд 2 210 200 төгрөгөөр ширээ захиалсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул дээрх хэмжээгээр байгууллагад хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байна. Харин бусад төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь нотлох баримтад үндэслэгджээ.
Иймд ширээний төлбөрт төлсөн 2 210 200 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах нь зүйтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө сөрөг нэхэмжлэл гаргах, үзлэг хийлгэх боломжтой байсан бөгөөд шүүх хуралдаан дээр дээрх хүсэлтийг гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантайг баримтаар нотлоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1949 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 376 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай” гэснийг “...4 166 697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 210 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “М.Жээс улсын тэмдэгтийн хураамжид 116 980 төгрөгийг” гэснийг “М.Жээс 81 617 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116 981 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД