Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа  даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Х.Анхбат, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаяр,

Иргэний хариуцагч Ц.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Анхбатад холбогдох, эрүүгийн 201624000122 дугаартай хэргийг 2016 оны 7 сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Сумчин овогт Хишгээгийн Анхбат: Монгол улсын иргэн, 1990 оны 3 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 4 хэсэг 61 дүгээр гудамжны 1835 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 4 сарын 07-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлэн, оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны хяналтыг зогсоосон, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн /РД:УД90031417/

 

Шүүгдэгч Х.Анхбат /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 02 сарын 16-ны өдөр 15 цаг 11 минутын орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг 10 дугаар байрны зүүн талын замд Nissan cube маркийн 17-30 УНЛ услын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Шинэбаярыг мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Х.Анхбат шүүх хуалдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач нь манай төрсөн аав юм. Бидэнд 11.570.000 төгрөгийн хохирол учирсанаас 5.800.000 төгрөгийг өмнө авсан. Өнөөдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр авлаа. Үлдэгдэл хохирол болох 4.000.000 төгрөгөнд дүйцүүлэн газар авахаар болж ар гэрийнхэнтэй нь тохиролцсон. Одоо надад эдийн засгийн хувьд нэхэмжлэх хохирол байхгүй, шүүгдэгчид гомдол саналгүй. Мөн онгоцны тийзийн мөнгөө нэхэмжлэхгүй. Одоо шүүгдэгчээс нэг ч төгрөг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг.

 

Иргэний хариуцагч Ц.Мөнхсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Уг ослыг гаргасан машиныг уг нь би ах, эгч хоёртоо зарсан байсан боловч нэрээ шилжүүлээгүй байсан юм. Ах, эгч хоёр маань тэр машиныг унаж байгаад хүү, охин хоёртоо өгсөн юм байна лээ. Тэр машин нь миний нэр дээр байсан бөгөөд одоо хүртэл миний нэр дээр байгаа. Учир нь зээлийн барьцаанд тавьсан байсан юм. Би иргэний хариуцагчийн хувьд 1.200.000 төгрөгийг хохиролд бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Н.Дэлгэрцэцэгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Тэр өдөр би нөхөр Х.Анхбатын хамт Хавдар судлалын үндэсний төв дээр найзтайгаа уулзах гээд гэрээсээ 13 цагийн үед ах Мөнхсайханы эзэмшлийн 17-30 УНЛ улсын дугаартай автомашиныг нөхөр маань жолоодон гарсан. Жанжин клубын тэндээс найз Сайхнааг суулгасан. Тэгээд бид нар зүүн дөрвөн замаас урагшаа эргээд хавдар судлалын үндэсний төв уруу уруудаад явж байгаад Халдвартын автобусаны буудлын хойд талаар ертөнцийн зүгээр баруун тийшээ эргэж хороололын дундах зам уруу орсон. Дөнгөж эргээд ороход өөдөөс машин гараад ирсэн. Ямар нэгэн зөрөх боломж байхгүй байсан болохоор нь Х.Анхбат машинаасаа буугаад замын нөхцөл байдлыг харсан. Гэтэл өөдөөс тулж зогссон машины цаанаас 2 машин хүрээд ирсэн. Тэгээд нөхөр маань за би л ухрах хэрэгтэй юм байна гэж хэлээд ухарсан. 2 алхамын зайтай ухраад зогссон. Урд талд нь зогсож байсан саарал өнгийн жийп машин жаахан урагшилж байсан. Би тухайн үед автомашины урд суучихсан хойшоо хараад Сайхнаатай юм яриад явж байсан ба нөхөр маань дахиад ухрахад нь би “хүн” гэж хэлсэн тэр даруйд нөхөр маань зогсоох арга хэмжээ авсан. Тэгээл бид гурав машинаас буугаад тэр хүн дээр очсон.. гэсэн мэдүүлэг /хх 60-62/

 

Гэрч М.Цогтсайханаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Хавдар судлалын ард талын гарцаар баруун эргэж ороод дахиж баруун эргэтэл урд талаас нь 3-н машин ороод ирсэн. Анхбат машинаасаа бууж ард болон урд талаа харчихаад машиндаа суугаад ухартал зүүн хойд талд зогсож байсан суудлын машинд ойртоод ирэхээр нь машинаа зогсоосон, тэр үед урд талаас ирсэн саарал өнгийн Т.Ланд-200 маркийн машин урагшилаад гэрлээрээ дохиход нь Анхбат машинаа дахин ухраасан тэр үед Дэлгэрцэцэг бид хоёр юм яриад явж байсан би ард талын суудал дээр голлоод сууж байсан Дэлгэрцэцэг жолоочийн хажуу талын суудал дээр суугаад хойшоо хараад надтай юм яриад явж байсан, Дэлгэрцэцэг хүн гээд л хэлсэн. Анхбат машинаа зогсоогоод бид гурав машинаас буугаад ирэхэд нэг өвөө машины ард талд унасан байсан.. гэсэн мэдүүлэг /хх 65-66/

 

Гэрч Д.Нарантунгалагаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би Хавдар судлалын хойд талын урд талд байх “Ач фарм” эмийн сангаас эм аваад гарч байхад машин хүчтэй юм мөргөх “түг” гээд чимээ сонсогдсон зүг болох хойд зүг рүү хартал миний хажууханд цагаан өнгийн Ниссан маркийн машин ухарч байхдаа нэг настай өвөөг мөргөсөн байсан. Өвөө машины ард талд ертөнцийн зүгээр толгой хэсэг урагшаагаа харсан байрлалтай биеийн баруун гар хэсэг нь газарт зүүн тал дээшээ харсан буюу баруун гараа дараад унасан байсан.. гэсэн мэдүүлэг /хх 68-69/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош ..Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр тархины 2 тал бөмбөлөгийн суурь болон баруун зүүн тал бөмбөлөгийн засвар, баруун тал бөмбөлөгийн дух зулай чамархай дагзны орой хэсгээр тархмал гүн зузаан зүүн тал бөмбөлөгийн дух зулай чамархай дагзны хажуу хэсгээр тархмал гүн зузаан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины баруун зүүн тал бөмбөлөгийн дух баруун тал бөмбөлөгийн суурийн чамархайн эдийн няцрал, бага тархины баруун зүүн мөчрийн зөөлөн бүрхүүл доор тархмал гүн цус харвалт, зүүн чамархайн хатуу бүрхүүл доорх шингэн цусан хураа, ховдлын цус нэвчилт, дагзны ясны баруун хонхроос баруун чулуулаг ясыг дайрч баруун чамархайн яс баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хуйх, гавлын оройн шар хальсанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ.. гэсэн дүгнэлт /хх 71-77/

Техникийн шинжээчийн 129 дугаартай: ..Ниссан куб маркийн 17-30 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Х.Анхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ..Явган зорчигч Ч.Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.. гэсэн дүгнэлт /хх 92/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Анхбат 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны хороололд Ниссан Куб маркийн 17-30 УНЛ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан…бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр газарт аюулгүй байдал хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө…шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй…гэснийг зөрчиж нийтийн хэрэгслийн замд ухрах хөдөлгөөн хийх үедээ явган зорчигч 71 настай Ч.Шинэбаярыг мөргөж гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлгийн суурь болон баруун зүүн тал бөмбөлгийн завсар, баруун тал бөмбөлгийн дух, зулай чамархай дагзны оройн хэсгээр тархмал гүн зузаан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, баруун тал бөмбөлгийн суурийн чамархайн эдийн няцрал, бага тархины баруун зүүн мөчрийн зөөлөн бүрхүүл доор тархмал гүн цус харвалт, зүүн чамархайн хатуу бүрхүүл доорхи шингэн цусан хураа, ховдлын цус нэвчилт, дагз ясны баруун хонхороос баруун чулуулаг ясыг дайрч баруун чамархайн яс баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал,  хуйх, гавлын оройн шар хальсанд цус хуралт бүхий гавал тархины битүү гэмтлийн улмаас хохирогчийн амь насыг хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд…шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаяр мэдүүлэхдээ…талийгаач Шинэбаяр бол миний төрсөн аав юм…эцэг эх хоёр маань салаад би ээж дээрээ үлдэж хойд эцгээрээ овоглосон юм…би шүүгдэгчээс 11 570 000 төгрөг нэхэмжилсэн ба 5 800 000 төгрөгийг түрүүчийн шүүх хурлын өмнө авсан…сая энэ хурлын өмнөхөн 1 500 000 төгрөг авлаа…үлдэх 4.000.000 төгрөгөнд бид хоорондоо тохиролцож  газар авахаар болсон…онгоцны тийзийг нэхэмжлэхгүй …миний хувьд одоо хохирол арилсан гэж үзэж байна. Анхбатад аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гомдолгүй яагаад гэвэл надтай адилхан залуу хүн бага насны хүүхдүүдтэй учир амьдрал ахуйг нь харж үзэхийг хүсье гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Анхбатын шүүх хуралдаанд өгсөн…би хэргийн талаар маргах зүйл байхгүй…техникийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрч байна…үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна…группэд байдаг аав ар гэрийн амьдралыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оноож өгөөч…гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Мөнхсайхан мэдүүлэхдээ…энэ Ниссан маркийн 17-30 машин миний нэр дээр байгаа…би Вишн Фаунд ББСБ-д барьцаанд тавьж зээлээ төлсны дараа машинаа ах, эгч 2-т зарсан…ах эгч 2 унаж байгаад Анхбатад зарсан …одоогийн байдлаар иргэний хариуцагчийн хувьд 1 200 000 төгрөг хохирогчид төлсөн…гэсэн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл хх-хэрэг гарсан газрын байдлыг эд мөрийн баримтаар бэхжүүлж авсан фото зургийн үзүүлбэрүүд хх 04-07, тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл хх 17, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн…талийгаачийн биед тархины битүү гэмтэл /тухайлбал авто ослын үед үүсэх нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нэг цаг хугацаанд үүссэн шинэ амь насанд аюултай гэмтлүүд байна…талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр ерөнхий судас хатуурах өвчин бүхий архаг хууч өвчин тогтоогдсон ба үхэлд хүргээгүй болно…цусанд спиртийн агууламж илрээгүй байна…эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэмтлүүд гэсэн шинжээчийн 383 тоот дүгнэлт хх 71-73,техникийн шинжээчийн…Х.Анхбат нь ЗХД ийн 7.17-д заасан бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрөх ба шаардлагатай үед бусдын тусламжаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлаа хангах үүргээс чөлөөлөгдөхгүй…гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй…явган зорчигч Ч.Шинэбаяр нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна…Ниссан Куб маркийн 17-30 УНЛ дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үнэдслэлгүй байна…гэсэн 129 тоот дүгнэлт хх 92, талийгаачийн гэмтэл согогийн үндэсний төвд эмчлүүлж байсан 15588 тоот өвчний түүх, 146-151, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, факт тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Х.Анхбат нь нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслээр зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын заалтыг зөрчсөн болох нь замын цагдаагийн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.        

 

Х.Анхбат дээрхи гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаяр хэргийн улмаас оршуулах үйл ажиллагаа буюу  уламжлалт зан үйлтэй холбоотой зардал нийт 11.570.000 төгрөг нэхэмжилнээс 5.800.000 төгрөгийн шүүгдэгч төлсөн, шүүх хуралдааны өмнө 1.500.000 төгрөг нөхөн төлсөн үлдэх 4.000.000 төгрөгөнд газар авах болсон тухайгаа мэдүүлж одоо ямар нэгэн  хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул Х.Анхбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаяр нь 1979 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Цэцэгээ талийгаач Ч.Шинэбаяр  нарын гэр бүлээс төрсөн болох нь хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан 1005 тоот төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.           

 

Одоо С.Мөнхбаяр хойд эцгээрээ овоглосон хэдий ч талийгаачийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэж үзэв.

 

 Хэрэгт Ц.Мөнхсайханыг иргэний хариуцагчаар татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.200.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан ач холбогдол бүхий нотлох баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. 

 

 Шүүгдэгч Х.Анхбат 2015 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсгээр 03 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн боловч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн тул түүнийг анх удаа хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, уг хэрэгтээ чин санаасаа гэмшиж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж гомдолгүй” гэдгээ илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.