Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00795

 

О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02404 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 199 дүгээр магадлалтай,

О гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн боловсролын газарт холбогдох

Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын О д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтад ажилтан залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч нь 2018 оны 04 сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 сарын 07-ны өдөр оролцсон. Сонгон шалгаруулалтын сүүлийн өдрийн үнэлгээг эс зөвшөөрсөн тул уг дүнг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд дараах үндэслэлээр 2018 оны 04 сарын 19-нд гомдол гаргасан. Тухайн сонгон шалгаруулалт явагдах зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд журмын 3.1-т заасны дагуу байрлуулаагүйгээс шалтгаалан зарын талаар хугацаа алдаж мэдсэн тул шалгалтад бэлдэх хугацаа бага байсан. Зааврын 3.1.3-т ярилцлагын шалгалтад хамаарах хөтөлбөр, төслийн танилцуулга хийх хугацааг тухай бүр өрсөлдөгч бүрт ижил хугацаатай байхаар тогтоож өгөх хэмээн заасан байхад хугацааг ижил тогтоогоогүй. Сонгон шалгаруулалтын үнэлгээг эс зөвшөөрсөн тул холбогдох материал болон үнэлгээтэй танилцъя гэхэд танилцуулаагүй. Гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхисон тул 2018 оны 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлыг хянан хэлэлцэх 2018 оны 07 сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд миний бие оролцож амжаагүй ба тогтоолоо 2018 оны 07 сарын 17-ны өдөр гардан авч, хэргийн материалтай танилцахад Нийслэлийн Боловсролын газрын тогтоол гарсан болохыг мэдсэн. Сонгон шалгаруулалтын үндэслэл муутай үнэлгээг баталгаажуулсан уг тогтоолыг үндэслэн намайг ажлаас чөлөөлж, Г.Түвшинжаргалыг томилох нөхцөл бүрдсэн тул сонгон шалгаруулах комиссыг байгуулсан Нийслэлийн Боловсролын газрыг хариуцагчаар татан ажлаа чөлөөтэй сонгох эрх зөрчигдөхөөс хамгаалуулах зорилгоор Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Иймд сонгон шалгаруулах комиссын 2018 оны 04 сарын 08-ны 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын О д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан  тайлбарт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 сарын 17-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/159 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ойдовын Чимэдцэрэнг тус сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд томилсон. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай А/31 дүгээр тушаалаар нийслэлийн төрийн өмчийн ерөнхий Боловсролын зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 11, цэцэрлэгийн эрхлэгчийн 23, нийт 34 ажлын байранд сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 3 дугаар хэсгийн 3.1-д заасны дагуу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх тухай 01/222 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн цахим хуудсанд байрлуулах талаар мэдэгдэж сайтад байрлуулсан. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 3 дугаар хэсгийн 3.1-д заасан аргуудаар сонгон шалгаруулалтыг явуулсан. Ингэхдээ 3 дугаар хэсгийн 3.1.3-т заасны дагуу ярилцлагыг шалгалтад хамаарах хөтөлбөр төслийн танилцуулга хийх хугацааг тухай бүр өрсөлдөгч бүрт ижил хугацаатай байхаар буюу 10 минут байхаар тогтоож оролцогч бүр ижил хугацаанд танилцуулга хийж ярилцлага хийх боломж олгосон. Сонгон шалгаруулалтын үнэлгээг эс зөвшөөрч оролцогч нараас 1 хүн гомдол гаргасны дагуу холбогдох материал үнэлгээг үзүүлсэн бөгөөд нэхэмжлэгч О  нь ямар нэг гомдол санал гаргаагүй ба Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөж 61.33 оноо авсан бөгөөд Г.Түвшинжаргал 69,96 оноо авч тус сургуулийн захирлын албан тушаалд тэнцсэн. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 6 дугаар хэсгийн 6.4, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 5 дугаар хэсгийн 5.1-д зааснаар дүнг жагсаахад нэгдүгээр байранд Г.Түвшинжаргал, хоёрдугаар байранд О  орсон байна. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 6 дугаар хэсгийн 6.1-д зааснаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг уг албан тушаалд томилуулахаар 2018 оны 04 сарын 08-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын хурлын Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг батлах тухай 18/01 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг баталж, тайлан, дүнг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02404 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч О д олгож шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 199 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.23-ны өдрийн 199 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Миний бие давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасан боловч ямар үндэслэлээр хангахаас татгалзсан талаар дүгнэлт хийгээгүй хэмээн дурдсан гэвч давж заалдах шатны шүүхээс уг гомдолд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Магадлалд “... сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ, сонгон шалгаруулалт зохион байгуулсан ажлын тайлан зэрэг баримтууд авагдсан байхын зэрэгцээ, бусад холбогдох материалыг шүүхэд хүсэлт гаргах журмаар хариуцагч шаардан авч болох байтал гэжээ. Гэтэл хариуцагчид байгаа зүйлийг хариуцагч шаардан авна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч О  хариуцагч Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан сонгон шалгаруулах комиссын 2018 оны  04  сарын 08-ны  өдрийн 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын  өөрт  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага  гаргасан ба сонгон  шалгаруулалт болох хугацааг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байрлуулаагүйгээс бэлтгэх хугацаа бага байсан, ярилцлагын шалгалтын хугацааг өрсөлдөгч бүрт ижил тогтоож өгөөгүй, үнэлгээг эс зөвшөөрч холбогдох материалтай танилцах гэсэн боловч танилцуулаагүй гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/159 захирамжаар Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О  томилогдон ажилласан байх бөгөөд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А30 тушаалаар Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах комисс байгуулагдсан байна.

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтын бүртгэл хийгдэж, шалгалт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09.00 цагт эхэлж, удирдах ур чадварын түвшин тогтоох болон ярилцлагын шалгалт авахаар төлөвлөгдсөн ба Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад Г.Түвшинжаргал, О  нар оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагч байгууллагыг 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна. 

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн боловсролын газар нь дээрх журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах, тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, бүртгэл явагдах хугацаа зэргийг тодорхой тусгасан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/222 тоот албан бичгийг хавсралтын хамт Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхдээ  сонгон шалгаруулалтын зарыг цахим хуудсанд байрлуулахыг мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагчийг сонгон шалгаруулалт болох хугацааг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулаагүй гэж буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх  дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 3.1.3-т ярилцлагыг асуулт, хариулт, эрхлэх ажил, албан тушаалтай холбоотой даалгавар өгөх, нэг ярилцагчтай ярилцах хугацаа 15 минутаас хэтрэхгүй гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтад оролцогчдоос авах ярилцлагын хувиараас үзэхэд Багшийн хөгжлийн ордны 501а тоот өрөөнд 10-19 цагийн хооронд зохион байгуулагдах, шалгалтад оролцогч тус бүр 10 минут хамрагдах, ... Г.Түвшинжаргал 18.40 цагт, нэхэмжлэгч О  18.50 цагт тус тус ярилцлагад орохоор товлогдсон байх тул нэхэмжлэгчийн ярилцлагын хугацааны талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нь шалгалтын материалтай танилцах талаар хэзээ, хаана, хэнд хандсан талаарх холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж давж заалдсан гомдлыг хангахгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02404 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 199 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН