Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 56

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг

          Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл

         Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Г , М.А , О.Г , А.О  нарт холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч “Х ” ХХК-ий төлөөлөгч Э.Э н давж заалдах гомдлоор 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Боржигон овгийн А.О , Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, .......................... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, .................... дугаар регистртэй.

Халзан овгийн М.А , Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, ........................... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ................... дугаар регистртэй.

Балдандаш овгийн О.Г , Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, ......................... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, .......................... дугаар регистртэй,

Утай овгийн Э.Г , Монгол улсын харьяат, 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг ........................................ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 01 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, ............................ дугаар регистртэй.

А.О  нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Х ” ХХК-ийн эзэмшлийн 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг завшиж, бусдад нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.А , О.Г , Э.Г  нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагч А.О г 13-76 БЧ чиргүүлтэй 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг яллагдагч А.О  нь  гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, бусдад шилжүүлж, "Х ” ХХК-нд нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор нь А.О гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.А , О.Г , Э.Г  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5/93 тоот яллах  дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Боржигон овгийн А.О г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Халзан овгийн М.А , Балдандаш овгийн О.Г , Утай овгийн Э.Г  нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.О д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, М.А , О.Г , Э.Г  нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 6 зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус хүлээлгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5. 6 дахь хэсэгт тус тус зааснаар А.О , М.А , О.Г , Э.Г  нар нь тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарлаж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О , М.А , О.Г , Э.Г  нараас 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.М ад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О , М.А , О.Г , Э.Г  нар нь иргэний нэхэмжлэгч Б.М ад учруулсан 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн хохирлыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.М ын нэхэмжилсэн 33,759,909 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх 9,759,909 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн хохирогч “Х  ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Э н нэхэмжилсэн 8,268,552 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураасан 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч “Х ” ХХК-д буцаан олгож, шүүгдэгч А.О , М.А , О.Г , Э.Г  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, А.О , М.А , О.Г , Э.Г  нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор

хүчинтэй болох бөгөөд А.О , М.А , О.Г , Э.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э давж заалдах гомдолдоо: “...Манай байгууллагын 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг А  овогтой О  гэгч 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хариуцаж аваад Монгол улсын хилээр орсон өдрөөс хойш сураггүй алга болсон.

          Манай компани 2017.12.20-дын үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн газарт тээврийн хэрэгсэл алдагдсан тухай гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага манай алдагдсан тээврийн хэрэгслийг эрэх хайх ажлыг яаравчлахгүй байсан учир бид бүхэн алдагдсан тээврийн хэрэгслээ бутраагаад зарчихаас нь өмнө олж авахыг зорин сураг тавьж А.О  болон манай тээврийн хэрэгсэлтэй адилхан машин хаана байна тэр газар нь өөрсдөө зардал гаргаж очиж үзэж эрж хайсан.

          Эрж хайх ажлыг 2017 оны 12 дугаар сарын сүүлээс 2018 оны 06 cap хүртэл үргэлжлүүлсэн. Эрлийн ажил удаан үргэлжлэхийг мэдээгүй учраас эхний 2, 3 удаагийн явалтын бензин шатахууны зардлын баримтаа тооцож цуглуулаагүй. 2018 оны 04 сараас хойш гарсан зардлаа тооцож нэхэмжилсэн байгаа.

           Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Цогтцэций сум, Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг, Бичигтийн боомт, Сайншанд, Чойр зэрэг газруудаар хэд хэдэн удаа явж эрж хайх ажлыг хийгээд манай хүмүүс А.О г Улаанбаатар хотоос, Нордбенз маркийн тээврийн хэрэгслээ Дорноговь аймгаас 2018 оны 06 сарын үед олж авсан.

          Энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн газартай хамтран ажилласан бөгөөд эрж хайх ажлыг компанийн зардлаар гүйцэтгэсэн.

          А.О  гэгч нь Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг авч сураггүй алга болоогүй байсан бол манай байгууллага энэ хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг тээвэрт ашиглаж өдий төдий орлого олох боломжтой байсан. Тэр олох ёстой байсан орлогоо тооцож нэхэмжлээгүй, алдагдсан тээврийн хэрэгслээ хүлээж авахад өчнөөн эвдрэл гэмтэл гарсан байсан зардлыг тооцож нэхэмжлээгүй. Зөвхөн А О  болон өөрийн тээврийн хэрэгслээ хаана байгааг олохоор эрж хайхад гарсан зардал болох 8268.552 төгрөгийн хохирлыг буруутай этгээд А.О гээс нэхэмжилсэн.

          Анхан шатны шүүх бидний хохирлыг барагдуулалгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Бид бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хүнд итгэж хөдөлмөрийн гэрээ байгуулан хүлээлгэн өгөөд алдаж өдий төдий хохирол хүлээгээд хохироод үлдэж байна.

          Мөн бусдын үнэтэй эд хөрөнгийг хэл сураггүй авч алга болоод компанид өчнөөн хохирол, хор уршиг учруулсан хүмүүст Ханбогд сумын анхан шатны шүүхээс хохирол

мөнгө төгрөгөө төлж барагдуулаагүй байхад ял оногдуулалгүй тэнсэж явуулсан нь тэдгээр хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохироогүй гэж хохирогч миний зүгээс үзэж байна” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид тодорхой хэмжээний хохирол учирсан нь ойлгомжтой. Тухайн тээврийн хэрэгсэл алдагдсан нь тээврийн хэрэгслийг хайж олох ажиллагаанд зардал гарсан нь ойлгомжтой. Хэдийгээр шүүх бүрэлдэхүүн прокурорын зүгээс тухайн хохирол төлүүлэх байр суурьтай байсан боловч “Х ” ХХК-аас ирүүлсэн дээрх нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Ирүүлсэн 8.268.552 төгрөгийн баримтууд нь НӨАТ-ын баримт. Тухайн төлбөртэй холбогдуулж гаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, бусад нотлох баримтаар тодорхой зардал гарсан нь нотлогдохгүй байна гэсэн байдлаар шүүх дүгнэлт хийж ерөнхий шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. Мөн тухайн баримтад авагдсан 1-118 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь үнэхээр нотлох баримтын шаардлага хангаагүй зүйл байдаг. Сая үндэслэлийг дурдахдаа тайлбарлаж байна. Энэ бол шууд бодит хохирол биш юм. Харин хор уршиг гэж үзэж болно. Үнэхээр гэмт хэргийн улмаас учраад байгаа гэм  хорын асуудлыг шийдвэрлэхэд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хохирогч талд байгаа. Иргэний хуулийн 497.1 –д заасан үндэслэлийг өмгөөлөгч тодорхой тайлбарласан. Энэ үндэслэлийн дагуу тухайн хэрэгт дотор авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Бусад нотлох баримтуудаар тухайн хэргийн оролцогчид нотлох баримтын үндэслэлийг гаргаж, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй. Иймээс прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан. Иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Гэм буруугийн асуудал ял хөнгөдсөн асуудлыг ярьсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч талаас хохирлын мөнгөтэй холбогдуулж, асуудлуудыг тавьсан. Энэхүү хохирол төлөгдөөгүй байхад тэнсэн харгалзах ял оногдууллаа гэж. Тухайлбал анхан шатны шүүх хуралдаан дээр холбогдогч А.О   авто тээврийн хэрэгсэлд  өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Мөн иргэний нэхэмжлэгчид учруулсан хохиролдоо төлөхөөр илэрхийлдэг. Мөн урьд нь ял шийтгэгдэж байсан эсэх, хувийн байдлуудыг харгалзаж үзээд улсын яллагчийн зүгээс ялын саналыг тавьсан. Анхан шатны шүүх хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэл байна гэж шүүхийн шийдвэр гарсан. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцоод, мөн эсэргүүцэл бичээгүйг та бүхэн мэдэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй байна. Тэнсэх харгалзах ял оногдуулах, албадлагын арга хэмжээнүүдийг авсан байгаа, гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэсэн байдаг. Тэгэхээр гаргасан гомдолтой холбогдуулж ял хөнгөдүүлсэн гэх байдалд прокурорын зүгээс санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хохирогчийн төлбөр төлүүлэх баримт дээр нотлох баримтын шаардлага хангагдаагүй зүйлд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж, гомдлын хавсралтад дурдагдсан зардал 8 сая гаруй төгрөг гаргаад тайлбарлаад байгаа боловч давхар нотлох баримтыг гаргаж ирээгүй. Энэ асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Яллагдагч А.О  2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  “Х ” ХХК-ийн эзэмшлийн 13-76 БЧ чиргүүлтэй 16-27 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой Гашуун сухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэхээр итгэмжлэн  хариуцаж бусдад 38 сая төгрөгийн хохирол учруулсан М.А , О.Г , Н.Г  нар бүлэглэн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсноо аль хэдийн мэдсэн боловч түүний хууль бус эх үүсвэрийг  далдлан нууж бусдад шилжүүлсэн мэдээллийг тус тус үйлдэж анхан шатны шүүхээр зохих шийтгэлийг оногдуулсан. Прокурорын зүгээс дээрх яллагдагч нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт  ял оногдуулсан байдал хуульд нийцэж байна гэж үзэж байгаа. Хохирогчоор гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой мөнгөн төлбөр 8268552 хохирлыг гаргахаар шийдвэрлээгүй гэдэг дээр гомдлыг гаргаж ирсэн. Анхан шатны шүүхээс дээрх хохирол төлбөр дээр гаргасан төлөөлөгчөөс ирүүлсэн, хохирол төлбөр төлүүлэхээр ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэмт хэргийн улмаас учирсан ямар хохирол болоод “Х ” ХХК-д учирсан бодит хохирлын хор уршигт тооцох талаар баримтууд нь тодорхой бус байгааг дээрх нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд дандаа НӨАТ-ын баримт байдаг. Мөн давж заалдах гомдолд хавсралтаар ирүүлсэн баримтыг нотлох баримт болон бусад нотлох баримтаар тогтоож чадсангүй. Иймд тухайн Х  ХХК нь тээврийн хэрэгслийг эрэл хайгуул хийж тодорхой хэмжээний  зардал гарсан нь ойлгомжтой. Ийм  учраас дээрх хохирлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар нээлттэй үлдээх саналтай байна гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлчлүүлэгч гомдлоо 2 үндэслэлээр гаргасан. Нөхөн олговор төлбөр гаргуулж авах, гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оногдуулсан ялтай эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн үндэслэлээр гомдлоо гаргасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн энэ хуулийн 2 дахь хэсэгт  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан байдаг. Хохирол гэснийг тодорхойлбол: Гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал гарц, эд хөрөнгө байх ёстой байдлаасаа дордсон, багассан, муудсан түүнчлэн тэдгээрээс үүдэн гарсан зардал олох ёстой байсан орлого зэргийг хохирол гэж үзэж болно. Манай үйлчлүүлэгчийн ХХК-ийн өөрийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 сарын 09-ний өдөр А.О д  хариуцуулж өгөөд тэрнээс хойш сураггүй алга болсон. Энд холбогдуулаад эрж, хайх ажлыг өөрсдөө  Цагдаагийн байгууллагад мэдэгдээд үүнээс хойш тээврийн  хэрэгслийн эзэмшлийн бүрэн бүтэн олж авахын тулд өөрсдийн санаачилгаар эрэл хайгуул хийсэн. Үүнтэй холбогдож ажилчдын байрлах буудлын мөнгө, хоол хүнсний зардал, унааны зардал, шатахууны зардал, нийт зардлын мөнгө 8268552 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрвээ тухайн хэрэг үйлдэгдээгүй А.О  гэх манай үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгслийг авч алга болгоогүй байсан бол манай үйлчлүүлэгчид энэ 8 сая гаруй төгрөгийн хохирол учрахгүй байсан. Иймд энэ хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол бол зайлшгүй мөн юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрх амь нас эд хөрөнгөд хууль бус санаатай болон болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээд бол гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Тийм учраас манай үйлчлүүлэгчийн учирсан гэмт хэргийн улмаас 8.268.552 төгрөгийг буруутай этгээдүүд төлж барагдуулах үүрэгтэй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн гэх нөхцөлөөр гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн 1, 3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг хуульчилсан байдаг. 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюул шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршиг шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. А.О  нь манай үйлчлүүлэгчийн итгэмжлэлээр хариуцуулж өгсөн тээврийн хэрэгслийг өөртөө ашиг хонжоо олох зорилгоор шууд санаатай үйлдэл нь хэл сураггүй авч, явж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан. Энэ учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй байхад анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулалгүйгээр тэнсэж 6 сараас 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн байдал нь гэмт хэргийн хор уршиг, учруулсан хор уршиг хохирлын шинж чанар, гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдалд нийцээгүй хөнгөдсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь  хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

          Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сум  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны  өдрийн 101  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь хохирогчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Г , М.А ,

О.Г , А.О  нарт холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу бүхэлд нь хянаж үзлээ.  

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй  байна. Үүнд:

  1. Прокурор нь Э.Г , М.А , О.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусган ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлджээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 03, 05, 07 дугаар хуудас/

Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан, ял сонсгож яллагдагчаас авсан мэдүүлгийн тэмдэглэл зэрэгт гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан талаар бичээгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 04, 06, 08, 70, 79, 83 дугаар хуудас/

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Э.Г , М.А , О.Г нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар тусгасан боловч тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт шүүгдэгч нарын үйлдлийг нэгтгэн зүйлчилсэн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгч нарыг дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийж, тогтоох хэсэгт мөн дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргажээ.

Шүүх яллах дүгнэлтэд заасан хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоохдоо уг үндэслэлээ заагаагүйг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гарсан гэж үзэв.

2. Гэмт хэргийн улмаас олсон, итгэмжлэн хариуцсан хөрөнгө гэж үзсэн “М ” ХХК гэж /хэргийн 1 дүгээр хавтас, 54 хуудасны ар тал/, шүүгдэгч А.О гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “...БНХАУ-ын нутаг Ганц модны боомтоор урагшаа орж машины эзэн хятад хүнээс өвөр монгол хөтчөөр хэлмэрчлүүлэн ...машиныгжолоодон тээвэрт явах болсон...” /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр хуудас/ гэж тусгагджээ. Иймээс уг чиргүүлийн эзэмшигч, өмчлөгч тодорхойгүй тул гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг зөв тогтоогоогүй гэж үзнэ.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.2-д  “шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд ...тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх...” асуудлыг хэлэлцээд гэм буруутай гэж үзвэл мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шүүх хуралдааны явц, дэс дарааллыг тогтоосон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэлгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн нь гэм буруугийн талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлтийг сонссоны дараа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг түр завсарлаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрээ танилцуулсан байдал тусгагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /хэргийн 2 дугаар хавтас, 169-171 дүгээр хуудас/

Ийнхүү шүүх хуралдааныг хуулиар тогтоосон дараалал, журмын дагуу явуулаагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэнтэй нийцээгүй байна.

4. Шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох тухай бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан байна. /хэргийн 2 дугаар хавтас, 162 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар хэлэх эрх өөрийгөө өмгөөлж байгаа шүүгдэгчид хуулийн энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар үүснэ.

Гэтэл шүүгдэгч нарыг дээрх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог олгосон байдал шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдохгүй байх тул шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг шүүхээс бүрдүүлээгүй гэж үзнэ.

5. Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтаар эд мөрийн баримтаар хураасан 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч “Х ” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн боловч чиргүүлийн жинхэнэ эзэмшигч, ашиглагч тодорхойгүйгээс гадна дээрх эд мөрийн баримтыг хаанаас, хэнээс авах талаар тогтоолдоо заагаагүй байна.

Дээрх тээврийн хэрэгсэл, чиргүүлийг 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.М аас Улаанбаатар хотод хурааж авсан тухай тэмдэглэл хэргийн 1 дүгээр

хавтасны 19-20 дугаар хуудсанд авагдсан боловч хураан аваагүй байхад эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч гаргасан байна. /хэргийн  дүгээр хавтас, 18 дугаар тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий  албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт хамгаалалтыг хариуцан, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргах ажиллагааг явуулахаар заасан байхад энэ тухай ямар нэг баримт хэрэгт авагдаагүй. Харин хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн санал, яллах дүгнэлтийн хавсралтад Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа болно гэж дурдсан байна. /хэргийн 2 дугаар хавтас, 134, 149 дүгээр хуудас/ Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, бэхэжсэн нотлох баримтуудад тусгагдсан дээрх мэдээллүүдийг дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна.  

6. Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэсэн атлаа хэрэглэх ёсгүй буюу оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 гэсэн заалтыг давхар хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл шүүх хорих ял оногдуулж тэнсэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялгаатай зохицуулалтыг анхаараагүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх үндэслэл болохгүй ч хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй дараах нөхцөл байдал, нотлох баримтын хууль зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 3, 16.1 дүгээр зүйлийн 13, 15 дахь хэсэгт нийцээгүйг магадлалд дурдах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Хэргийн 1 дүгээр хавтасны 250 дугаар хуудсанд А.О  нарт холбогдох хэрэгт хохирогч Т.Д аас гаргаж өгсөн хохирол, нэхэмжлэлтэй холбоотой гэх  20 хуудас, 38 ширхэг баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн тухай мөрдөгчийн тогтоол авагджээ. Гэтэл хэрэгт хохирогчоор Т.Д  гэх хүнийг тогтоосон шийдвэр байхгүй ба түүний гаргаж өгсөн гэх 20 хуудас, 38 ширхэг баримт хэрэгт авагдсан эсэх нь тодорхойгүй байна.

2. Эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний тайланд 16-27 дугаартай тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгдсэн он 2016 гэсэн атлаа Монгол Улсад бүртгэгдсэн оныг 2004 гэж,  13-76 БЧ чиргүүлийг 13000000 гэж үнэлсэн боловч үнэлгээний тайлангийн хавсралтад эд ангийг нэрлэн заасан байна. Энэ үнэлгээ гэх баримтаас тээврийн хэрэгсэл, чиргүүлийг зах зээлийн ханшаар үнэлсэн эсхүл эд ангиар үнэлсэн эсэх нь ойлгомжгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 53, 54 дүгээр хуудас/

3. Хил хамгаалах Ерөнхий газарт А.Н  гэх хүнийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх тухай мэдээллийг гаргуулахыг хүссэн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг хэрэгт авагдсан боловч тухайн байгууллагаас энэ талаар хариу ирээгүй  байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 118 дугаар хуудас/ О.Г , А.О , М.А  нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлээс А.Н  нь А тэй Г ийнд очихдоо ахынхаа нүүрс тээврийн том машиныг зарах тухай хэлж улмаар машиныг зарахаар А , Г , А.Н  гурав хотоос Дундговь аймаг руу О тэй уулзахаар явсан, А.О гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт мөнгөний зарим хэсгийг А.Н  А.О д өгсөн үйл баримтын талаар мэдээлэл авагдсан байх боловч А.Н аас гэрчээр мэдүүлэг аваагүй байна. /хэргийн 2 дугаар хавтас, 71, 75-76, 80 дугаар хуудас/

     4. Хэрэгт 16-27 дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “Х ” ХХК гэх баримт авагдсан боловч уг тээврийн хэрэгслийг түүний эзэн хятад хүнээс өвөр монгол хөтчөөр хэлмэрчлүүлэн авсан гэж А.О  яллагдагчаар мэдүүлсэн байхад эзэн, хөтөч гэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй байна.

Дээрх дутуу хийгдсэн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх, уг ажиллагаа хийгдсэнээр хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж үзлээ.

       Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зарим шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцээгүй байна. Үүнд:

  1.  Шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай ерөнхий шүүгчийн захирамжийг шүүгч С.Өлзий-Отгон нь ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн нэрээр гаргажээ. /хэргийн 2 дугаар хавтас, 152 дугаар хуудас/ Шүүгч нь Ерөнхий шүүгчийн эрх хэмжээний хүрээнд гарах захирамжийг түүнийг эзгүйд орлож байх хугацаандаа гаргах тохиолдол Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.9-т заасныг баримтлан өөрийн нэрээр захирамж гаргах боломжтой байхад хуульд байхгүй нэр томьёо, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй үүрэг гүйцэтгэгч гэх нэр хэрэглэсэн байна.  

2. Шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгааг бичээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

3. Монгол улсын Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар бичих нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой болох шаардлагад нийцэхээр байжээ.

Иймд хууль хэрэглээний дээрх асуудалд цаашид анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.8 дүгээр зүйлийн 1.6, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.Г , М.А , О.Г , А.О  нарт холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

           2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

         

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              П.ДОЛГОРМАА