Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 09

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж,

Иргэдийн төлөөлөгч П.Батбаатар

Улсын яллагч В.Отгончимэг,

Хохирогч Ж.Сугаржамц

Шинжээч эмч М.Аригуунтөгс,

Шинжээч Ө.Тамирмаа,

Гэрч Г.Оюунгэрэл, Э.Хашбаяр, Б.Гансүлд,

Шүүгдэгч Г.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Мөнхдалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Боржигон овогт Галсангийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030155 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Давст суманд 1978 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү Мөнхбаатар, түүний эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14/б-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Галсангийн Мөнхбат /РД:ОВ78090213/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 23-24 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гесак” караоке пабад “гар базлаа, ам руу алгадлаа” гэх шалтгаанаар танхайн сэдэлтээр хохирогч Ж.Сугаржамцыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бодит байдлыг ухамсарлах, дүгнэх чадваргүй буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүний хөлийг нь хавирч плитан шалан дээр толгойгоор нь унагах, гар, тохойгоороо нүүр рүү нь цохих, хоолойг нь гарын шуу хэсгээрээ боож сэгсэрч толгойгоор нь газар унагаах зэргээр зодож, зүүн чамархай ясанд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархай зулай хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын чамархайд тархины эдийн няцрал, цус хуралт, 2 талын чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, чээж, баруун бугалганд цус хуралт зэрэг хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар ирсэн CD бичлэгийг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сарын 23-ны орой 9-10 цагийн хооронд найз Хашбаяр намайг “Гесак” пабд дуудсан. “Гесак пабд очиход Э.Хашбаяр, Ж.Сугаржамц нар архи уугаад сууж байсан. Намайг “архи уух уу” гэхээр нь би “уухгүй” гэсэн. Тэгээд доод талд нь байдаг нийтийн караокед орж суусныхаа дараа 1 шил архи хувааж уусан. Тэгтэл Сугаржамц нэлээн согтчихсон хэл амаар доромжлоод “хоёулаа барилдчих уу” гэхэд “барилдахгүй” гэсэн. Тэгээд найз Гансүлдийг дуудаж ирүүлсэн. Гансүлдийг ирснээс хойш Сугаржамц над руу салавч гаргаад, хэл амаар доромжлоод байхаар нь сууж байсан ширээн дээрээс татаж босгоод 1 удаа хавирч унагаасан гэв.

Шүүгдэгч Г.Мөнхбат мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Яармагийн 3 дугаар буудлын “Гесак” караокед намайг очиход Хашбаяр, Сугаржамц нар бармены текний хажууд зогсож байсан. Хашбаяр намайг юу авч уух юм бэ гэхээр нь “уухгүй хөгшинийх нь бие муу байгаа” гэж хэлэхэд “за тэгвэл найзыгаа дагаад доошоо караоке руу хамт оръе” гэхээр нь би дагаад ортол 0,75 литрийн “Сархад” архи 0,5 литрийн цэвэр ус 3 ширхэгийг аваад караоке орсон. Хашбаяр авсан архиа задлаад надад хийж өгөхөөр нь би уухгүй гэж хэлтэл зүгээрээ ганц удаа уучих гэхээр нь би уусан. Хашбаяр, Сугаржамц нартай хамт архи уугаад юм яриад байж байтал Сугаржамц над руу дайраад хэл амаар доромжлоод, салаавч гаргаад байхаар нь “миний найз ингэж их архи уудаг болсон юм уу зүгээр сайхан суугаад архиа уу л даа, хэрвээ ууж чадахгүй байгаа бол миний найз сандал дээрээ хэвтээд жаахан амар” гэж хэлсэн. Тэгтэл Сугаржамц үгэнд орохгүй миний өөдөөс шүлсээ хаяад, өөр ширээнд сууж байсан хүмүүст агсан согтуу тавиад өөрийнхөө ууж байсан шилтэй пивоо газар унагаад хагалсан. Хэсэг хугацааны дараа над дээр ирээд “хоёулаа гар барилдах уу” гэхээр нь барилдаад гарыг нь би 3 удаа дарсан. Тэгтэл Сугаржамц намайг “чи муу хулгайч худлаа хулхидаад байна” гээд над руу дайраад байсан. Сугаржамцыг “хэрвээ чи эр хүн юм бол босож ирээд нэг барилдчих” гэхэд босохгүй суугаад байхаар нь гараас нь чирч бүжгийн талбай дээр авчраад хавирч унагаад дээр нь сууж байхдаа нүүр рүү нь 2 удаа алгадаад “миний хөгшөөн битгий ингэж жүжиглээд бай” гэж хэлсэн. Тэгтэл Сугаржамц миний араас босож ирээд “за хөгшөөн намайг уучлаарай найздаа 1 шил пиво аваад өгөөч” гэхээр нь 4 шил “Боргио” пиво авсан. Сугаржамц, Хашбаяр хоёр авсан пивоноосоо уугаагүй. Сүүлдээ Гансүлд бид пивоо ууж дуусгаад гарах гэтэл Хашбаяр, Сугаржамц хоёр түрүүлж гараад гудамж руу алхаад яваад өгсөн. Араас нь хараад байж байтал замдаа унаж босоод яваад байсан. Маргааш нь ажил дээрээ байж байхад Хашбаяр над руу залгаад Сугаржамцтай сая утсаар ярьсан. Бие нь өвдөөд байна гэхээр нь би 100.000 төгрөг өгчихлөө гэхээр нь “чи яасан гэж мөнгө өгч байгаа юм бэ, чи тийм их мөнгөтэй юм уу” гэтэл Хашбаяр үгүй Сугаржамцын бие нь өвдөөд байна гэхээр нь өгсөн гэж байсан гэжээ. /хх-ийн 150-151-р хуудас/,

Хохирогч Ж.Сугаржамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Гесак” пабд Хашбаяр бид хоёр 2 хүүхэнтэй хамт нэг ширээнд суугаад 4 шил пиво уугаад согтсон байсан. Нийтийн караокед орж пиво уусан цаашаа юу болсноо санахгүй байна. Би өөрөө хэл амаар доромжилсон юм шиг байна лээ. Гомдол саналгүй гэв.

           Хохирогч Ж.Сугаржамц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед гэр рүүгээ явж байхад манай найз Хашбаяр залгаад чи хаачих гэж байгаа юм бэ хоёулаа хамт дүүрэг яваад ирье гэхээр нь би дүүгээ явуулчихаад Хашбаяртай Яармагийн 2 дугаар буудал дээр уулзсан. Хашбаярын машинд 2 танихгүй эмэгтэй сууж байсан. Хашбаяр машинаа тавиад дэлгүүрээс пиво аваад нөгөө 2 хүүхэнтэй нь хамт уусан, Хашбаяр уугаагүй. Тэгтэл Хашбаяр надад 50.000 төгрөг байна энд тааруулаад караоке орж дуулъя гээд “Гесак” нэртэй караокед бид 4 орсон. Ороод 750 граммтай архи авч хувааж уусан. Архи талдаа орж байхад нөгөө 2 хүүхний 1 нь яваад өгсөн, нөгөө хүүхэн нь явахгүй байхаар нь би яв гээд явуулчихсан. Явсаных нь дараа Хашбаяр бид хоёр 500 граммтай архи аваад хувааж уусан. Архи ууж байхад Хашбаяр Мөнхбат руу яриад дуудаж байх шиг байсан. Би түүнээс хойш тасарчихсан байна лээ юу ч санахгүй байгаа. ...Ухаан ороод хартал би ээжийндээ Нисэхэд ирчихсэн өглөө 10 цаг өнгөрч байсан. Толгой их өвдөж, нүд хөхөрчихсөн байсан. Би ээжээсээ хэдэн цагт орж ирсэн талаараа асуухад шөнө 01 цаг өнгөрч байхад орж ирсэн гэж хэлсэн. Тэр өдрөө гэрээс гараагүй өдөржингөө хэвтсэн. Маргааш нь өглөө сэрээд дахиад толгой тасралтгүй өвдөөд тэсэхээ болиод Хараагүйчүүдийн төв орж толгойгоо бариулаад гэртээ ирээд унтсан. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагт босоод толгой өвдөөд байхаар нь эмийн сангаас дусал авч хийсэн. Тэгсэн дахиад толгой өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэг орж зургаа авахуулсан чинь тархинд цус хурсан, харвалттай байна хэвт гээд хэвтүүлсэн. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 60-62-р хуудас/,

 

           Гэрч Б.Гансүлд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал 21 цагийн орчимд найз Бямбаа буюу Мөнхбат над руу утсаар яриад Яармагийн 3 дугаар буудал дээр байдаг “Гесак” пабад хүрээд ирээч хамт пиво ууя гэхээр нь би 22 цаг 30 минутын орчимд яваад очтол Мөнхбат, Хашбаяр, Сугаржамц нартай хамт байсан. Намайг ирэхэд Сугараа, Хашаа 2 нилээн согтсон байсан. Тэр гурвын ууж байсан 0,75 литрийн архинаас Сугараа, Хашаа хоёр нэг нэг уучихаад дахиад уугаагүй. Үлдсэн тал шил архийг би Мөнхбаттай хувааж уусан. Архиа ууж дуусчихаад байж байтал Сугараа, Мөнхбат, Хашаа гурав дээд давхарт байрлах пабаас ахиад 4 шил пиво аваад ирсэн. Тэгээд Сугараа, Хашаа хоёр нилээн согтсон байсан учраас авсан пивоо ууж чадаагүй. Сугараа бүжиглэнэ гээд бүжгийн талбай руу яваад хөл дээрээ сайн тогтож чадахгүй газар унахдаа гартаа байсан шилтэй пивоо хагалчихсан. Дараа нь Сугараад архи хийж өгсөн чинь шүлэг уншина гээд босох гэж байгаад дахиад газар унаад гартаа байсан хундагаа хагалчихсан. Намайг караокед дуулж байх үед миний өөдөөс хараад сууж байсан Сугараагийн гарнаас Мөнхбат татаж босгоод аваад явсан. Би дуулж байсан болохоор юу болж байгааг анзаараагүй. Дуулж байгаад эргээд хартал Сугараа, Мөнхбат хоёр газар уначихсан ноцолдоод байсан. Намайг очиход Сугараа газар уначихсан харин Мөнхбат нэг хөлөөрөө газар суучихсан байхаар нь би Мөнхбатыг Сугараагаас салгаад Сугарааг сууж байсан ширээн дээр авчирч суулгасан. ...Шөнийн 00 цаг болоход паб хаана гээд бид дөрөв гараад Хашаа, Сугаржамц 2 хамт явсан. Харин Мөнхбат бид 2 гэр рүүгээ явсан гэжээ. /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

           ...Сугаржамц их согтчихсон Мөнхбат руу салаавч гаргаад хоёулаа энд барилдах уу гээд байсан. Мөнхбат тоохгүй суугаад байсан. ...Ямар шалтгаанаар газарт унагаасныг мэдэхгүй Сугаржамц согтчихоод нэлээн агсам тавиад байсан. Тэр шалтгаанаар байж магадгүй, намайг дуу дуулж байхад Мөнхбат босоод Сугаржамцыг босгоод чирээд ширээнээс холдуулаад явсан. Тэгээд дуулж байгаад эргээд хартал Сугаржамцын дээр Мөнхбат гарчихсан цохиж байсан. Би очоод Мөнхбатыг салгаж аваад газарт унасан пивоны шилийг авч байтал дахиад Мөнхбат Сугаржамцыг цохиод газарт унагачихсан. Тэгээд би очоод Мөнхбатыг салгасан чинь Сугаржамц ухаан алдаад уначихсан байсан. Мөнхбат бид хоёр Сугаржамцыг дамжилж өргөөд буйдан дээр тавьсан гэжээ. /хх-ийн 65-68 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16-17 цагийн үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн манай “Гесак” пабад орж ирсэн. Тэд нар VIP караокед ороод 0,75 граммтай нэг шил архи, ус, ундаа захиалж авсан. 19 цаг хүртэл тэндээ сууж байгаад хажуу талын нийтийн караоке руу ороод 0,5 граммтай нэг шил архи захиалж авсан. 30 минут орчмын дараа 2 эмэгтэй нь гараад явсан, орой 21 цагийн үед 1 залуу тэр хоёр дээр нэмэгдэж ирсэн, 20-оод минутын дараа дахиад нэг залуу нэмэгдэж ирсэн. 22 цагийн үед дахид 0,75 граммтай нэг шил архи нэмж авсан. Би архи өгөхгүй гэж хэлсэн чинь эхлээд манайд орж ирсэн хоёр залуугийн нэг нь буюу бор урт түрийтэй гуталтай залуу нь хөргөгч онгойлгоод дураараа пиво авч уугаад байсан. Сүүлд нэмэгдэж ирсэн хоёр ах нь бид хоёр эрүүл байна зүгээр өгчих гэхээр нь би архиа нэмж өгсөн. 23 цаг 50 минутын үед манайх хаах цаг боллоо та хэд гараарай гэж хэлээд тэд нарыг гаргасан. ...Би хоёр давхартаа байсан, намайг доошоо орж архи, пиво, ундаа өгөх үеэр ямар нэгэн зодоон болоогүй. Зодоон болсон талаар огт мэдээгүй, хэд хоногийн дараа цагдаагаас хүмүүс ирээд камерийн бичлэг шүүх үед харсан. ...Эхэлж орж ирсэн хоёр хүн бол нэлээн согтуу байсан. Сүүлд орж ирсэн хоёр хүн нь гайгүй байсан. Нөгөө хоёрыгоо сугадаад гарч байсан. ...Сугаржамц гэдэг хүнийг нь бол би танихгүй, гэхдээ хохирогч гэдгийг бодоход камерийн бичлэг дээр зодуулж байсан бор урт түрийтэй гутал өмссөн хүнийг хэлээд байх шиг байна. Караоке дотор үйлчлүүлж байхдаа чанга чанга дуугараад шүлэг уншаад яваад байсан, дахиад архи авна гээд байхад нь би өгөхгүй та согтсон байна гэж хэлсэн чинь өөрөө шууд хөргөгчнөөс пиво авч уусан. Энэ хүн нэлээн согтуу байсан гэхдээ караокенаас гарахдаа хөл дээрээ гишгээд гарч байсан гэжээ. /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

           Гэрч Э.Энхтүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...өвчтөн Сугаржамц нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хэвтсэн. Харин 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хатуу хальсны дээрхи цусан хуралтыг авах мэс засалд орсон. Анх ирэхэд өвчтөний бие хүнд, тархины ясны хүнд гэмтэлтэй, хатуу хальсан дээр цус хурсан гэсэн оноштой байсан. ...Гавлын ясны гэмтэлтэй. Яг ямар шалгаанаас болж үүссэнийг мэдэхгүй гэжээ. (хх-ийн 72 дугаар хуудас),

 

           Гэрч Э.Хашбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Яармагт иртэл Сугаржамц “хөгшөөн нэг пиво уух уу” гэхээр нь би машин барьж байна уухгүй гэтэл Яармагийн 2 дугаар буудлын нэг дэлгүүрээс 2,5 литрийн пиво нэгийг аваад Сугаржамц, Ука түүний найзтай хувааж уусан. Пиво ууж байх хооронд би “Гесак” караоке руу ороод цаг нь хэд юм гээд нөгөө хэдийг дуудаад 2 цаг дуулахаар болсон. Уг караокены вип өрөөнд эхлэж очоод 0,75 литрийн “Экс” архи нэг шилийг, 0,5 литрийн “Сэнгүр” пиво 1 шилийн авсан. Захилсан архи, пивоо уугаад байж байтал манай авсан цаг дуусчихлаа гээд зөөгч эмэгтэй орж ирээд та нар авсан юм чинь дуусаагүй байгаа юм чинь нийтийн караокед суучих гэхээр нь бид нарыг өрөөнөөс гараад нийтийн зааланд суусан. Орой 20 цагийн орчимд Ука явсан. ...Сугаржамц бид хоёр ярилцаж байгаад дахиад нэг шил архи авахаар болоод 0,5 литрийн Сархад архи нэг шилийг аваад хувааж ууж байгаад манай найз Бямбаатай (Мөнхбат) ярьтал харих гээд явж байна гэсэн. Тэгэхээр хүрээд ир гэхэд 30 минутын дараа Бямбаа ороод ирсэн. Бямбаа ирээд авсан архинаас хамт уусан. ...Архи дууссаны дараа Бямбаа дахиад нэг шил архи авчихаач гэхээр нь би дээшээ гарч нэг давхарт байсан зөөгчтэй уулзаж өөрийн машины бичиг баримтыг барьцаалж 0,75 литрийн шилтэй архи нэг шилийг, яг хэдэн шил пиво авсанаа мэдэхгүй байна. Тухайн үед би нэмж архи ууж чадахааргүй байсан болохоор авсан архинаас Сугаржамц бид хоёр уугаагүй гэсэн. Тэрнээс хойш би юу болсон талаар огт мэдэхгүй байгаа юм, хэсэг хугацааны дараа би ухаан ортол Бямбаа Сугаржамц руу дайраад байх шиг байсан. Ямар асуудлаас болоод дайраад байсныг мэдээгүй. Ухаан орох үед би ганцаараа Яармагийн шинэ эцсийн хавьд гудамжинд явж байсан. ...2 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сугаржамцтай утсаар ярьтал толгой аймар өвдөөд байна би толгойгоо яасан юм бэ Бямбаа намайг цохьсон юм уу гэхээр нь би юу ч санахгүй байна, чи бид хоёр яаж салсан юм бэ гэж асуухад Сугаржамц бас мэдэхгүй байсан. Сугаржамц намайг чи яах гэж Бямбааг дуудсан юм бэ гээд уурлаад байсан. Бямбаа руу залгаад юу болсон талаар асуухад Сүлдээ (Гансүлд) бид хоёр урд замаас такси бариад Сугаржамц та хоёрыг суулгаад явуулсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Сүлдээ рүү залгаад би өчигдөр яасан юм бэ та нараас хэзээ, хаанаас яаж салсан талаар асуутал Сугараа та хоёр пабаас гараад нэг нэгнийгээ сугадаад хойшоо гудамж руу унаж босоод яваад өгсөн гэж надад хэлсэн. Намайг анх Сугаржамцтай уулзах үед нүд нь хөхөрч гэмтсэн зүйл байхгүй байсан. Намайг нэг ухаан орох үед Бямбаа Сугаржамц руу дайраад чи муу гөлөг минь гээд зандарсан загинасан байдалтай яриад байсан. Сүлдээ ирсэн талаар би огт мэдээгүй, сүүлд Бямбаагаас мэдсэн. ...Би гэртээ шөнийн 00:30 минутын орчимд ирсэн гэж манай эхнэр Наранчимэг, хадам эх Алтай нар надад хэлсэн гэжээ. /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

 

           Гэрч О.Санжмядаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед Шувуун фабрикаас найз Маралмаагийн хамт хот руу явж байтал Хашбаяр ах над руу залгаад хаашаа явж байгаа юм гэхээр нь би Улаанбаатар хот руу Шувуунаас явж байна гэтэл Нисэхийн байрны буудал дээр уулзая гэж хэлсэн. Бид хоёрыг иртэл машиндаа ганцаараа хүлээж байсан. Дараа нь банкнаас мөнгө аваад Сугаржамц ахтай уулзаад бид дөрөв дэлгүүрээс том савтай нэг пиво аваад машин дотроо хувааж уугаад “Гесак” караокед орсон. Караокений өрөөнд нэг цаг орж дуулаад нийтийн заал руу нь орсон. Нийтийн зааланд 20-30 минут сууж байгаад би Маралмаа найзтайгаа хамт гараад гэртээ харьсан. ...Ямар нэгэн зодоон цохион, маргаан гараагүй. Сугаржамц ах Хашбаяр ах хоёр хоорондоо маргалдаагүй гэжээ. /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

           Гэрч О.Маралмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би найз охин Санжмядагийн хамт Шувуун фабрикаас Яармаг руу 16 цаг өнгөрч байхад ирсэн. Бид хоёрыг ирж байхад замд манай найз охин руу Хашбаяр ах залгаад уулзъя гээд бид нар Нисэхийн байран дээр уулзсан. Хашбаяр ах машинтай ганцаараа ирсэн. Бид 3 Яармагт ирээд Мишээл экспо орж Хашбаяр ах банкнаас мөнгө аваад Сугаржамц ахтай уулзаад Сугараа ах машинд суусан. Бид дөрөв Яармагийн 2 дугаар буудлын “Гесак” нэртэй караокений хажууд очоод машин дотроо 2 литрийн савтай пиво нэгийг хувааж уугаад караоке руу ороод 1 цаг дуулаад дараа нь нийтийн заал руу нь орж суусан. Бид нар 750 граммын нэг шил архи, пиво аваад хувааж ууцгаасан. Нийтийн зааланд орсноос хойш 30 минутын дараа 21 цагийн үед явсан. Бид хоёрыг караокед байхад өөр хүн нэмэгдэж ирээгүй гэжээ. /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

           Гэрч Г.Мөнхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...хоол идээд сууж байтал ахын найз Хашбаяр утас руу нь залгасан. Ах аваад утасныхаа чанга яригч дээр тавиад ярьсан. Тэгэхэд Хашбаяр Яармагийн 2 дугаар буудал дээр “Гесак” бааранд Сугаржамц бид хоёр байна чи хүрээд ир гэж хэлж байсан. Ах хоолоо идчихээд гараад явсан. Шөнийн 01 цагийн үед Мөнхбат ах гэрт орж ирсэн, согтуу байсан гэж эхнэр нь хэлсэн би бол унтаж байсан. Маргааш өглөө нь ах бид хоёр хамт ажилдаа яваад ажлаа хийсэн. ...Ямар нэгэн юм яриагүй нөгөөдөр нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед ажил хийж байхад ах руу Хашбаяр утсаар ярьж байсан. Утсаар ярьж дуусаад “Хашбаяр ярьж байна, Сугарааг намайг зодсон гэнээ тархины зургийг авахуулах гэсэн юмаа 100.000 гаран төгрөг хэрэгтэй гэж байна гэж хэлээд ах Гансүлд рүү залгаад асуусан чинь Сугаржамц нь агсан тавиад байсан гэсэн. Тэгээд манай ах босож ирээд нэг алгадаад, нэг хавсарч унагаасан, би та хоёрыг салгасан гэж Гансүлд хэлсэн байсан. Маргааш өдөр нь цагдаагаас дуудаад гэртээ ирээгүй шууд хоригдсон. ...Би Гансүлдтэй ярьсаных нь дараа ахаас яасан юу болсон юм бэ, тийм их уусан юм уу гэж асуухад үгүй нэг шил архи л хувааж уусан, Сугаржамц өөрөө согтуу агсан тавиад орилж хашгираад над руу дайраад тэр хавийн хүмүүс нь хүртэл ямар овилгогүй ах вэ гэж хэлээд байхаар нь Сугаржамцыг боль гээд нэг алгадаад хавсраад унагаасан гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

 

           Гэрч Л.Наранчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад би ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Манай нөхөр Хашбаярын гаднах байдал нь зүгээр байсан, хувцас нь урагдаж шороо тоос болоогүй байсан, нүүр ам нь ч зүгээр, цус болоогүй шалбараагүй байсан. Харин нэлээн согтуу байсан. Юм яриагүй нэлээн согтуу байсан болохоор шууд орондоо ороод унтаад өгсөн. Би маргааш өглөө нь босоод ажилдаа явахаасаа өмнө хаагуур яваад хэнтэй архи уусан бэ гэж асуутал Сугараа, Бямбаа хоёртой 3 дугаар буудлын караокед архи уусан гэж хэлсэн.

           ...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би ажилдаа байж байтал нөхөр над руу залгаад ”Сугаржамцын эхнэр над руу ярьсан, Сугаржамц шар ногоо өнгийн юмаар бөөлжөөд байна, тархи толгой нь өвдөөд байна” гэж байна гээд надад хэлсэн. Тэгээд маргааш нь бас намайг ажил дээрээ байхад манай хүн над руу залгаад Сугаржамц гэмтлийн эмнэлэг дээр байна би ирчихсэн байна гэж хэлсэн, би яасан юм бэ гэж асуутал тархиндаа гэмтэл авсан байна гэж хэлсэн.

           ...Яг юунаас болж гэмтэл авсныг нь би цагдаагийн хэлтэс дээр ирээд Мөнхбат зодсон гэдгийг мэдсэн гэжээ. /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

           Гэрч Ж.Гэлэгбанзад мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14-15 цагийн хооронд манай хүү Сугаржамц дүүтэйгээ хамт ажилд бүртгүүлнэ гээд гэрээсээ гарсан, дүү нь 17 цаг өнгөрч байхад ганцаараа гэртээ ирсэн, ах чинь яасан гэж асуутал Хашбаяр ахтай уулзана гээд үлдчихлээ гэж хэлсэн. Шөнө 00 цагийн үед манай хүү яриад намайг ирж авах хүн байна уу гэж хэлэхээр нь би дүү чинь байхгүй гараад явчихсан байна гэж хэлсэн, өөрийгөө тэнд энд байна гэж надад хэлээгүй. Тэгээд 01 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нүдээд би очиж онгойлгосон чинь манай хүү нэлээн согтуу гэртээ орж ирээд шууд бие засах өрөө рүү ороод бөөлжсөн ирээд дахиад л бөөлжөөд огиод, миний толгой руу хэн цохичихвоо толгой өвдөөд байна гээд байсан. Би дотроо хүнтэй зодоон хийсэн юм байхдаа гэж бодсон. Шөнө ерөөсөө унтаагүй үүрийн 5 цаг хүртэл ёооё гэж байгаад жаахан унтсан.

           ...Маргааш нь өдөржингөө толгой өвдөөд байна гэж хэвтээд байсан би дотроо архиндаа шартаад хэвтээд байна, толгой нь өвдөөд байна гэж бодоод тоохгүй байсан. Тэгээд 15 цагийн үед эхнэр нь ирээд толгой нь өвдөөд болохоо байгаад 21 цагийн үед толгойгоо бариулсан чинь хавантай байна битгий хөдөлгөөн хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл дахиад толгой нь өвдөөд байсан, би хүүдээ дусал залгаж өгсөн. Маргааш нь дахиад толгой нь өвдөөд байхаар нь орой нь эмнэлгээр явъя гээд эмнэлэг очоод зураг авахуултал тархиндаа гэмтэлтэй байна гээд хагалгаанд орно гэсэн. ...Гэртээ орж ирэхдээ өмссөн хувцас нь гайгүй байсан, шороо болоогүй байсан, нүд нь бага зэрэг хөхөрчихсөн өөр гэмтэл шарх харагдаагүй. Миний хүү ямар нэгэн юм яриагүй, ярих ч ухаан байгаагүй, бөөлжөөд огиод байсан гэжээ. /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Хорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Галсангийн Мөнхбат гэж хүнийг танихгүй. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би найз Энхтуяагийн хамт “Гесак” караокед 21-22 цагийн үед орсон. Бид хоёрыг ороход караоке дотор 4 залуу нэг ширээнд сууж байсан. Бид хоёр караокед нэг цаг гаран сууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд 00 цаг болохоос өмнө гарсан. ...Тэр дөрвөн залуугийн өндөр туранхай залуу нь нэлээн согтуу байсан. Бид хоёр дээр ирээд бүжиглэе гээд байсан, ганцаараа юм яриад эргэлдээд байсан. ...Малгайтай махлаг залуу нь их согтсон өндөр залуугаа ширээнээс нь босгож ирээд зодоод байсан, яг юунаас болж зодсоныг бол мэдээгүй, хоорондоо юу ярьсныг нь ч мэдэхгүй. Юмаар цохихыг нь хараагүй, гараараа цохиж зодож байсан, толгойгоор нь газарт унагааж байхыг харсан. Зодсоныхоо дараа жаахан байж байгаад бид хоёр дээр малгайтай залуу нь үнэртэй ус байна уу гэж асууж байсан. Хохирогчийг малгайтай залуугаас өөр хэн нэгэн цохиж зодоогүй гэжээ. /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

 

           Гэрч С.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр найз Хорлоогийн хамт “Гесак” караокед 22 цагийн үед орсон. Бид хоёрыг ороход хажуугийн ширээнд 4 залуу байсан. Тэр дөрвөн залуугийн 1 залуу нь их согтчихсон босож ирээд бүжиглэх үү гэж асуугаад байсан би бүжиглэхгүй чи цаашаа ширээндээ очоод суу гэсэн чинь ширээн дээрээ очоод суучихсан, хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтсон байсан. Тэгээд бид хоёр караоке хаахаас өмнөхөн 23 цаг 50 минутын үед гараад явсан. Согтуу залуу пивоны шил аваад малгайтай махлагдуу залуу руу шидсэн чинь нөгөө шил оноогүй газарт унаад хагарсан чинь зөөгч нь цэвэрлэж байсан, нөгөө махлагдуу залуу явъя, харъя чи их согтсон байна гээд их согтсон залуудаа хэлээд байсан. Тэгээд согтуу залуугаа ширээн дээрээс нь чирээд холдуулаад газарт унагаачихсан. Би сүртэй зүйл болоогүй болохоор нь дуу руугаа анхаараад байсан, малгайтай залуу нь чи муу ууж чадахгүй байж яах гэж далчиганаад байгаа юм бэ явъя гээд байхад чинь гэж хэлж байсан, нөгөө согтуу залуу нь юу ч хэлэхгүй байсан. Тэгээд газарт унагачихаад дахиад гараараа цохиод байсан. Толгойгоор нь газарт савуулаад байсан. Их согтсон залуу нь бор өнгийн түрийтэй гуталтай, туранхай өндөр залуу байсан. Малгайтай залууг харахад эрүүл байсан. Архи уусан гэж харагдахгүй байсан. Малгайтай залуугийн өөдөөс хохирогч Сугаржамц зодуулах үедээ бол юу ч хэлээгүй, зодуулахаасаа өмнө бол ганцаараа чанга чанга хашгираад орилоод ширээгээ цохиод байсан, би хүртэл чимээгүй тайван суумаар байна гэж хэлсэн. Тэр залуу ер нь бол их тавьтаргүй байн байн босож ирээд ганцаараа орилоод дуулаад байсан. Нөгөө хамт явж байсан залуучууд нь боль гэж хэлээд л байсан, тэгээд болихгүй байсан.

           ...Хохирогч Сугаржамцыг өөр хэн ч цохиогүй, ганцхан малгайтай махлаг залуу ширээнээс чирч шалан дээр гаргаад газарт толгойгоор нь 2-3 удаа унагаагаад сүүлд нүүр рүү нь цохиж байсан. ...хохирогчийн биед учирсан гэмтлийг хараагүй, зодоон болоод удаагүй байхад бид хоёр гараад явсан. Суулгахгүй орилж хашгираад байна больё гээд гарсан. Хохирогч зодуулсныхаа дараа ерөөсөө дуу чимээ гаргаагүй, газраас өргөж сандал дээр нь аваачиж хэвтүүлсэн, би унтаж байна гэж бодсон гэжээ. /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

ХХа

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн 1699 дугаартай дүгнэлтэд:

           1. Ж.Сугаржамцын биед зүүн чамархайн ясанд хугарал, баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархайн зулай хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын чамархайд тархины эдийн няцрал, цус хуралт, 2 талын чамархайн   хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, чээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна.

           4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           5. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 102 дугаар хуудас/,

           Хохирогч Ж.Сугаржамцын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 128 дугаар хуудас/,

  “Гесак” баарны 2016 оны 01 дүгээр сарын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 188-193, 194-202 дугаар хуудас/,

шүүгдэгч Г.Мөнхбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнхбатыг “танхайн сэдэлтээр” “хохирогч Ж.Сугаржамцыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд: шүүгдэгч Г.Мөнхбатын гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа танхайрах сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулах санаа зорилго агуулаагүй, харин хохирогч  Ж.Сугаржамцын  “гарыг нь базаж, ам руу алгадах, салаавч гаргах” зэргээр согтуурхсан үйлдлийг шүүгдэгч Г.Мөнхбат олон нийтийн газар зохисгүй байдал гаргалаа, өөрийг нь басамжилж байна хэмээн дургүйцэж хохирогч Ж.Сугаржамцын эсрэг чиглэсэн зорилготой үйлдлийг төлөвлөж хийсэн нь:

Гэрч Б.Гансүлдын “...Сугаржамц их согтчихсон Мөнхбат руу салаавч гаргаад хоёулаа энд барилдах уу гээд байсан. Мөнхбат тоохгүй суугаад байсан гэх,

Гэрч Д.Хорлоогийн “ ...Тэр дөрвөн залуугийн өндөр туранхай залуу нь /хохирогч Ж.Сугаржамц/  нэлээн согтуу байсан. Бид хоёр дээр ирээд бүжиглэе гээд байсан, ганцаараа юм яриад эргэлдээд байсан гэх,

Гэрч С.Энхтуяагийн “...Согтуу залуу пивоны шил аваад малгайтай махлагдуу залуу руу шидсэн чинь нөгөө шил оноогүй газарт унаад хагарсан чинь зөөгч нь цэвэрлэж байсан, нөгөө махлагдуу залуу явъя, харъя чи их согтсон байна гээд их согтсон залуудаа хэлээд байсан. Тэгээд согтуу залуугаа ширээн дээрээс нь чирээд холдуулаад газарт унагаачихсан, би сүртэй зүйл болоогүй болохоор нь дуу руугаа анхаараад байсан, малгайтай залуу нь чи муу ууж чадахгүй байж яах гэж далчиганаад байгаа юм бэ явъя гээд байхад чинь гэж хэлж байсан, нөгөө согтуу залуу нь юу ч хэлэхгүй байсан гэх мэдүүлгүүд, “Гесак” караокены камерийн бичлэг  болон хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон гэмт этгээдийн сэтгэхүйн байдлаар тодорхойлогддог. 

Гэтэл хохирогч Ж.Сугаржамц нь караокед үйлчлүүлж байсан бусад үйлчлүүлэгч нарын ширээ рүү очих, бусдыг бүжигт урих, өөрөө бүжиглэх, Г.Мөнхбаттай гар барилдаан хийх, салаавч гаргах зэргээр тодорхой үйлдэл хийж, бусадтай харьцаж байсан тул шүүгдэгч Г.Мөнхбатад хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсэн гэх субьектив тал тогтоогдохгүй байна. 

 

Харин шүүгдэгч Г.Мөнхбат нь хувийн таарамжгүй харьцаанаас буюу хувийн сэдэлтээр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гесак” караоке пабад  2016 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 23-24 цагийн хооронд  хохирогч Ж.Сугаржамцыг хөлөөрөө хавсарч шалан дээр хүчтэй унагааж, толгой руу нь цохих зэрэг  үйлдлээрээ хохирогчийн бие махбодид учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь :

           Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар шинжлэн судалсан “Гесак” караокены хяналтын камерийн бичлэгээс “...23 цаг 21 минут 52 секунтад Г.Мөнхбат нь зүүн гартаа гар утас бариад ярьж байхдаа баруун гараараа хохирогч Ж.Сугаржамцын зүүн гарнаас татаж босгоод чирээд буйдангийн зүүн талд авчираад шууд хөлөөрөө хавсарч маш хүчтэйгээр дээр нь дарж унаад толгой руу цохьсон. Мөн 23 цаг 23 минут 05 секунтанд хохирогч Ж.Сугаржамцыг ар талаас нь хоолойг нь гарын тохой хэсгээр боож 4 удаа хүчтэй сэгсэрч байгаад шалан дээр толгой хэсгээр нь хүчтэй унагаасан” нөхцөл байдал, түүнчлэн

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн 1699 дугаартай дүгнэлтэд:

           1. Ж.Сугаржамцын биед зүүн чамархайн ясанд хугарал, баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархайн зулай хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын чамархайд тархины эдийн няцрал, цус хуралт, 2 талын чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, чээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна.

           4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хх-ийн 102 дугаар хуудас/ дүгнэлт,

Шинжээч эмч М.Аригуунтөгс шүүхийн хэлэлцүүлэгт “...Ж.Сугаржамцын биед учирсан гэмтлүүд нь 1-ээс дээш удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчийн биед учирсан зүүн чамархайн ясанд хугарал гэмтэл нь хүчний улмаас үүсгэгдэх боломжтой. Харин хохирогч өөрөө хальтарч унахад үүсэх боломжгүй. Зүүн чамархайн хугарал зүүн чамархайн зулай хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт гэмтэл нь нэг удаагийн хүчнээс үүснэ. Мөн баруун талын чамархайд тархины эдийн няцрал гэмтэл нь зүүн талд хүч үйлчилсний улмаас үүсгэгддэг гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ж.Сугаржамцын “... би ээжиндээ Нисэхэд ирчихсэн өглөө 10 цаг өнгөрч байсан, толгой их өвдөж, нүд хөхөрчихсөн байсан. Би ээжээсээ хэдэн цагт орж ирсэн талаараа асуухад шөнө 01 цаг өнгөрч байхад орж ирсэн гэж хэлсэн. Тэр өдрөө гэрээс гараагүй өдөржингөө хэвтсэн. Маргааш нь өглөө сэрээд дахиад толгой тасралтгүй өвдөөд тэсэхээ болиод Хараагүйчүүдийн төв орж толгойгоо бариулаад гэртээ ирээд унтсан. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагт босоод толгой өвдөөд байхаар нь эмийн сангаас дусал авч хийгээд дахиад толгой өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэг орж зургаа авахуулсан чинь тархинд цус хурсан байна, харвалттай байна хэвт гэхээр нь хэвтсэн гэх мэдүүлэг /хх-ийн 60-62-р хуудас/,

           Гэрч Б.Гансүлдын “...Мөнхбат босоод Сугаржамцыг босгоод чирээд ширээнээс холдуулаад явсан. Тэгээд дуулж байгаад эргээд хартал Сугаржамцын дээр Мөнхбат гарчихсан цохиж байсан. Би очоод Мөнхбатыг салгаж аваад газарт унасан пивоны шилийг авч байтал дахиад Мөнхбат Сугаржамцыг цохиод газарт унагачихсан. Тэгээд би очоод Мөнхбатыг салгасан чинь Сугаржамц ухаан алдаад уначихсан байсан. Мөнхбат бид хоёр Сугаржамцыг дамжилж өргөөд буйдан дээр тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 дугаар хуудас/,

             Гэрч Ж.Гэлэгбанзадын “... 01 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нүдээд би очиж онгойлгосон чинь манай хүү нэлээн согтуу гэртээ орж ирээд шууд бие засах өрөө рүү ороод бөөлжсөн ирээд дахиад л бөөлжөөд огиод, миний толгой руу хэн цохичихвоо толгой өвдөөд байна гээд байсан. Би дотроо хүнтэй зодоон хийсэн юм байхдаа гэж бодсон. Шөнө ерөөсөө унтаагүй үүрийн 5 цаг хүртэл ёооё гэж байгаад жаахан унтсан. Маргааш нь өдөржингөө толгой өвдөөд байна гэж хэвтээд байсан би дотроо архиндаа шартаад хэвтээд байна, толгой нь өвдөөд байна гэж бодоод тоохгүй байсан. Тэгээд 15 цагийн үед эхнэр нь ирээд толгой нь өвдөөд болохоо байгаад 21 цагийн үед толгойгоо бариулсан чинь хавантай байна битгий хөдөлгөөн хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл дахиад толгой нь өвдөөд байсан, би хүүдээ дусал залгаж өгсөн. Маргааш нь дахиад толгой нь өвдөөд байхаар нь орой нь эмнэлгээр явъя гээд эмнэлэг очоод зураг авахуултал тархиндаа гэмтэлтэй байна гээд хагалгаанд орно гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Хорлоогийн “...Малгайтай махлаг залуу нь их согтсон өндөр залуугаа ширээнээс нь босгож ирээд зодоод байсан, яг юунаас болж зодсоныг мэдээгүй, хоорондоо юу ярьсныг нь ч мэдэхгүй. Юмаар цохихыг нь хараагүй, гараараа цохиж зодож байсан, толгойгоор нь газарт унагааж байхыг харсан. Зодсоныхоо дараа жаахан байж байгаад бид хоёр дээр малгайтай залуу нь үнэртэй ус байна уу гэж асууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Энхтуяагийн “... Согтуу залуу пивоны шил аваад малгайтай махлагдуу залуу руу шидсэн чинь нөгөө шил оноогүй газарт унаад хагарсан чинь зөөгч нь цэвэрлэж байсан, нөгөө махлагдуу залуу явъя, харъя чи их согтсон байна гээд их согтсон залуудаа хэлээд байсан. Тэгээд согтуу залуугаа ширээн дээрээс нь чирээд холдуулаад газарт унагаачихсан, би сүртэй зүйл болоогүй болохоор нь дуу руугаа анхаараад байсан, малгайтай залуу нь чи муу ууж чадахгүй байж яах гэж далчиганаад байгаа юм бэ явъя гээд байхад чинь гэж хэлж байсан, нөгөө согтуу залуу нь юу ч хэлэхгүй байсан. Тэгээд газарт унагачихаад дахиад гараараа цохиод байсан. Толгойгоор нь газарт савуулаад байсан. Их согтсон залуу нь бор өнгийн түрийтэй гуталтай, туранхай өндөр залуу байсан.          ...Хохирогч Сугаржамцыг өөр хэн ч цохиогүй, ганцхан малгайтай махлаг залуу ширээнээс чирж шалан дээр гаргаад газарт толгойгоор нь 2-3 удаа унагаагаад сүүлд нүүр рүү нь цохиж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/ ХХазэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хохирогч Ж.Сугаржамц “Гесак” караокенээс хэрхэн гарсан, гараад явсан замыг шалгаагүй орхигдуулсан. Хэрэгт шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “Гесак” караокены камерийн бичлэгт “...хохирогч Ж.Сугаржамцыг хөлөөрөө хавсарч маш хүчтэйгээр шалан дээр унагаж, толгой руу нь цохьж” буй байдлыг харуулсан дүрс бичлэг нь шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хохирогч Г.Сугаржамцын биед учирсан гэмтэлүүд нь хүчний улмаас буюу өшиглөх, ханатай хавсарч цохих, хатуу биетээр цохих үед үүсгэгдэх боломжтой, харин хохирогч өөрөө хальтарч унахад дээрх гэмтлийг авах боломжгүй. Хохирогч нь дээрх гэмтэлийг авснаас хойш тодорхой үйлдэл хийх боломжтой” гэх мэдүүлэгтэй тохирч байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

          Иймд шүүгдэгч Г.Мөнхбатыг “танхайн сэдэлтээр” “хохирогч Ж.Сугаржамцыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Г.Мөнхбатад ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ж.Сугаржамц нь шүүхийн хэлэлцүүлэгт “ эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан, миний бие зүгээр болсон, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Мөнхбатыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдсан ба 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус тогтоолд дурдав.

          Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Гесак” караокены 2016 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдийн камерийн бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.