Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0553

 

221/МА2023/0553

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ариунтунгалагийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Г.Ариунтунгалаг

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 431 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Ариунтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Чимгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонцэцэг, Т.Энгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0179/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ариунтунгалагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан “... 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаал, мөн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 431 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2.5, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.8-д тус тус заасныг баримтлан Г.Ариунтунгалагаас гаргасан “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаал, мөн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Ариунтунгалаг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “иргэний ирүүлсэн өргөдлийн дагуу” гэх үндэслэлээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулсан бөгөөд иргэний гаргасан гэх өргөдлийг албан ёсоор болон албан бусаар огт танилцуулаагүй бөгөөд 5 асуулгын хүрээнд тайлбар бичиж өгөх талаар” хэлсний дагуу миний бие 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тайлбар бичиж ёс зүйн зөвлөлд хүргүүлсэн.

3.1.1. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн П.Мягмаржав “дүгнэлт” гаргасан талаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр утсаар танилцуулж, дүгнэлтийг цахимаар ирүүлсэн. Дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаар мэдэгдсэн. Түүнчлэн сахилгын шийтгэл оногдуулахын өмнө ч дараа ч тэр сахилгын шийдвэр ногдуулахад нөлөөлсөн баримт, цугларсан бичиг баримтуудыг огт танилцуулаагүй нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д заасныг зөрчиж шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг.

3.2. Мөн шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчиж сонсох ажиллагааг явуулаагүй болно. Анхан шатны шүүх шийдвэртээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эдгээр үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэлгүй, дүгнэлт хийж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

3.2.1. Миний бие ажилтандаа хуульд нийцээгүй ямар нэгэн үүрэг, даалгавар өгсөн, хэрхэн биелүүлэхийг шаардсан нь тодорхойгүй, нотлогдоогүй мөн албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдоогүй юм.

3.2. Мөн хариуцагч газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс гаргасан өөрийн удирдлагад ажиллаж байгаа албан хаагчдад дарамт үзүүлж, өөрийн хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж, Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн нь тогтоогдсон гэх “зөвхөн иргэнээс ирүүлсэн 5 гомдлын дагуу бичгээр тайлбар авч” дүгнэлтийг шүүх үндэслэлтэй байна гэж үзэж шийдвэр гаргасан гомдолтой байна.

3.3. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Ариунтунгалагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан “... 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаал, мөн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан болно.

 

3. Хариуцагчаас гаргасан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Г.Ариунтунгалагт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/145 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ариунтунгалаг өөрийн удирдлагад ажиллаж буй албан хаагчдад дарамт үзүүлж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, дээд газраас өгсөн зөвлөмж, чиглэл өөрийн хариуцсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тул байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, байгууллагын гадаад, дотоод нэр хүндийг хамгаалах зорилгоор хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан Ёс зүйн зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлт, санал дотоод хяналтын дүгнэлтийн дагуу нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулж, Г.Ариунтунгалагт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөхийг үүрэг болгожээ.

3.1. Үүний дараа /7 хоног/ мөн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Г.Ариунтунгалагийн төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/146 дугаар тушаалаар “... төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл хүлээсэн” гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн гэж шүүх үзэв.

3.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Ариунтунгалаг нь төрийн албан хаагчийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн болох нь иргэдийн өргөдөл, гомдол, тус байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, санал, шийдвэрээр тогтоогдсон, уг үндэслэлээр түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хуульд нийцсэн болох нь тогтоогдсон байна.

3.3. Тодруулбал, тус хэлтсийн ажилтан Г.Золжаргал, Л.Булган, М.Золжаргал, С.Одгэрэл нарын тайлбарууд болон Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, холбогдох дүгнэлт, санал гаргаж шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хүргүүлсэн нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтад нийцсэн, нэхэмжлэгч Г.Ариунтунгалаг нь Төрийн албаны тухай хуульд заасан, төрийн албан хаагчид хориглосон хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон энэ тохиолдолд Ёс зүйн зөвлөлөөс гаргасан санал дүгнэлтэд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, иймээс уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

4. Харин Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаал, түүний хууль зүйн үндэслэлд нийцүүлэн мөн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасантай нийцээгүй байна.

4.1. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтад тодорхойлжээ. Гэвч маргаан бүхий Б/146 дугаар тушаалыг гаргасан хариуцагчийн үйл ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах талаарх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй, “оролцогчийг сонсох” талаарх мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

4.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Ариунтунгалагийн зөрчил нь ёс зүйн зөрчилтэй холбоотой, маргаан бүхий Б/145 дугаар тушаалын 2 дахь заалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөхийг үүрэг болгосон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал бий болоогүй, уг тушаалд үндэслэн түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдал тохироогүй гэж үзнэ.

4.3. Иймд өмнөх тушаалын дүгнэлтээр тогтоогдсон ёс зүйн зөрчилд сахилгын арга хэмжээ авагдсан нэхэмжлэгч Г.Ариунтунгалагийг цаг хугацааны хувьд дахин долоо хоногийн дараа шууд ажлаас халж байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

5. Түүнчлэн маргаан бүхий Б/146 дугаар тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Төрийн байгууллагуудад” 43 дугаар хуралдааны тэмдэглэл, Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх Салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэмдэглэл хүргүүлэх тухай” 15/212 дугаар албан бичгийг үндэслэсэн, уг албан бичиг, тэмдэглэлээр Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг уг зөвлөмжид дурдсан хугацаанд зохион байгуулж, мэдээ тайланг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэх талаар, мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулахыг мэдэгдсэн.

5.1. Уг Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд төрийн албан хаагчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдүүлэн тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байхад нэхэмжлэгч Г.Ариунтунгалагийг энэ үндэслэлээр албанаас чөлөөлсөн нь буруу.

5.2. Тухайлбал, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Г.Ариунтунгалагийг ажилд томилох тухай” Б/99 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт өгөх хүртэл хугацаанд томилсон, уг тусгай шалгалтыг эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүний ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор албанаас халсан нь сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглох зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 431 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хуулийн 37.1.7, 46.2.5, 48.1.2, 48.8-д тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ариунтунгалагаас гаргасан “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаал, мөн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.2-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48.6-д зааснаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ариунтунгалагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

               

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН