Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 713

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т Ф ББСБ” ХХК

Хариуцагч:  С з х у б Д.С

Нэхэмжлэлийн шаардлага: “С з х у б Д.С-ийн 2018  оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батгуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр банк бус санхүүгийн байгууллагын салбар нээсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх зөрчил юм. Иймд бидний гаргасан зөрчилд тус хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм. Зөвхөн Зөрчлийн тухай хууль дагаж мөрдөгдөх хугацааны дараа гарсан зөрчилд тухайн хуулийн дагуу шийтгэл ногдуулах үндэслэлтэй билээ. Тодруулбал, манай компани банк бус санхүүгийн байгууллагын салбарыг 2015 онд нээсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хун, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийтгэлийн төрөл, хэмжээг зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох юм. Бидний гаргасан гэх зөрчил 2015 онд болсон зүйл тул тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу шийтгэл ногдуулах үндэслэлтэй. Одоогийн Зөрчлийн тухай хууль тухайн үед үйлчилж байгаагүй. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн зүгээс 2017 онд буюу Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт явуулах үед (Зөрчлийн тухай хууль үйлчилж байх үед) Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр нээсэн салбарууд үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарлаж болох юм. Гэвч, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн ... бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний тегрөгөөр торгоно” гэж тус тус заасны дагуу “Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр салбар нээх” нь зөрчил тул зөрчил гаргасан хугацааг тухайн салбаруудыг нээсэн хугацаагаар тодорхойлох үндэслэлтэй юм.

Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудлаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг топгооно” гэж тус тус заасны дагуу хуулийн этгээдийн үйлдсэн, таван мянгаас дээш 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах зөрчил үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх юм.

Иймд тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгуй” гэж, тус зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зуйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус заасны дагуу бидний гаргасан зөрчлийн хувьд хуулиар тогтоосон 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх үед шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Зөрчлийн тухай хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх дээд хугацаа нь 2 жил бөгөөд бид зөрчил гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасны дагуу бидний гаргасан зөрчилд бидний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх учиртай билээ. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу биднийг 40 сая төгрөгөөр торгож байгаа нь хуулийн хамгийн өндөр торгууль тул бидний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж буй явдал юм. Зөв нь, зөрчилд тооцохгүй болсон, шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлсэн, бидний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаах хэрэглэх учиртай билээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. 24.2 дахь заалтуудыг үндэслэн Хорооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, мэдээ болон холбогдох бусад материалд тулгуурлан шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхэд “Т Ф ББСБ” ХХК нь 2015 оноос хойш хугацаанд Хорооны зөвшөөрөлгүй салбарын үйл ажиллагааг эрхэлсэн бөгөөд шалгах өдрийн байдлаар буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагын дээрх зөрчил хэвээр байсан нь холбогдох, нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу “Т Ф ББСБ” ХХК-ийн гаргасан зөрчил нь тодорхой хугацаанд үргэлжилсэн үйлдэлтэй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийг таслан зогсоосон тул зөрчил үйлдсэн хугацаанд тооцож Зөрчлийн гухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-т “Банк бус санхүүгийн байгууллагын салбарьн зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн “Т Ф ББСБ” ХХК нь хуулийн этгээд тул дөчин мянган нэгж буюу /Зөрчлийи тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн З-т “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”/ дөчин сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

“Т Ф ББСБ” ХХК нь 2015 онд тус зөрчлийг гаргасан гэх боловч уг зөрчил нь үргэлжилсэн үйлдэлтэй байх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зөрчил дуусаагүй байсан.

Зөрчлийн тухай хуулийп 2.4 дүгээр зүйлийн 1-т “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу “Т Ф ББСБ” ХХК-ийн гаргасан зөрчлийн хугацааг 2015 оноос 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцох тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу зөрчил үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусах тул “Т Ф ББСБ” ХХК-ийн гаргасан зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл хамаарахгүй юм.

“Т Ф ББСБ” ХХК-ийн гаргасан зөрчил нь хэдий 2015 онд үйлдэгдэж эхэлсэн гэх боловч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тухайн зөрчлийг гаргасан хэвээр байсап тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийг илрүүлсэн тул уг хугацаагаар зөрчил үйлдсэн хугацааг тооцож шийтгэл оногдуулах тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хууль буюу 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Д.С нь  “Т Ф ББСБ” ХХК-ийн  салбар нэгж болох  Салбар-1 / “Т*******” ХХК-ийн төв байр /, Салбар-2  / “ Г******* “ ХК-ийн нэрийн төв дэлгүүр /, Салбар-3 / Шангри-ла молын 1 давхар, “ Г*******” ХК-ийн нэрийн дэлгүүр/ , Салбар- 4 / Төв номын сангийн хойно “ Г*******” ХК-ийн нэрийн дэлгүүр/, Салбар-5 / Кемпински зочид буудал/, Салбар-6 / “Г*******” ХК-ийн хямдралын нэрийн дэлгүүр/ нь  Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр тус тус салбарын үйл ажиллагаа эрхэлсэн нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “Хялбаршуулан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2/11 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Т Ф ББСБ” ХХК-ийг 40.000.000.00 /дөчин сая/  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

“Т Ф ББСБ” ХХК нь  дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдолын шаардлага гаргасан байх бөгөөд түүний үндэслэлээ ” ...  Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр Банк бус санхүүгийн байгууллагын салбар нээсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх зөрчил байсан. ... Иймд Зөрчлийн тухай  хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь хууль бус. ... Зөрчил гаргасан хугацааг тухайн салбаруудын нээсэн хугацаагаар тодорхойлох үндэслэлтэй. Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  ... байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй,  ... бидний гаргасан зөрчилд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой “ гэж , эрх бүхий албан тушалтан нь

“ ... “ Т Ф ББСБ “ ХХК-ийн гаргасан зөрчил нь тодорхой хугацаанд үргэлжилсэн үйлдэлтэй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр таслан зогсоосон тул дээрх хугацааг зөрчил үйлдсэн хугацаанд тооцож, ... шийтгэл оногдуулсан. ... дээрх зөрчилд  ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл хамаарахгүй, ... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийг илрүүлсэн тул уг хугацаагаар зөрчил үйлдсэн хугацааг тооцох ... тул зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан ... Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулна” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх зөрчилд холбогдогчийн болон эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсч, ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч, ажлын 30 хоногийн дотор хянаад дараахь шаардлагыг хангасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно”, 9.4-д “ Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ” гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд    Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дүгээр тушаалаар [2] “ Т Ф ББСБ ” болон “ О и ББСБ ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдхүүн, удирдамжийг баталсан байх бөгөөд дээрх удирдамжийн дагуу дээрх банк бус санхүүгийн байгууллагын санхүү, төлбөрийн чадвар болон холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврын дагуу үйл ажиллагаа нь явагдаж байгаа эсэхэд газар дээр нь хяналт шалгалтыг хийсэн, хяналт шалгалтаар   “Т Ф ББСБ” ХХК-ийн Салбар-1, Салбар-2, Салбар-3, Салбар-4, Салбар-5, Салбар-6 нь 2013 оноос эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр салбарын үйл ажиллагаа явуулж байсан, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаар тушаалаар “Т Ф ББСБ” ХХК нь  Салбар-1  / УБ хот,Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Коат хаусд/,  Салбар-2  / УБ хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, “Г*******” ХК-ийн дэлгүүр /, Салбар-3 / УБ хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, “ Кэмпински” зочид буудал/ -ыг нээж ажиллуулсан болох нь тогтоогджээ.

Гомдол гаргагч нь дээрх зөрчлийг гаргасан эсэх талаар маргахгүй байх ба харин Зөрчлийн тухай  хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь хууль бус, ...  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  ... байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй,  ... бидний гаргасан зөрчилд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой” гэж маргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “ Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 2.4 дүгээр зүйлийн 2-т “ Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн заалтыг энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл “Т Ф ББСБ” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 13-наас эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр  салбарын үйл ажиллагаа эрхэлсэн, энэхүү зөрчил нь 2017 оны 11 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар илэрч, таслан зогсоогдсон байх тул энэхүү банк бус санхүүгийн байгууллагын салбарыг  зөвшөөрөлгүй нээсэн зөрчлийг тодорхой хугацаанд үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил гэж үзнэ.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй”, 1.5 дугаар зүйлийн 3-т “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус заажээ.

Гомдол гаргагч “Т Ф ББСБ” ХХК нь 2013 оны  08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй гадаад валютын арилжааны салбарын үйл ажиллагаа эрхэлсэн болох нь “Т Ф ББСБ” ХХК-ийн салбаруудын кассын тайлан[3] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хөөн хэлэцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолох тул  эрх бүхий албан тушаалтан нь дээрх  зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнийг нягтлан үзэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Энэхүү зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоогоогүй, харин Зөрчлийн  тухай хуулийн 1.5 дугаар зүйлээр энэхүү харилцааг  илүү нарийвчлан зохицуулсан байх тул  энэ хуулийн заалтыг хэрэглэх нь  зөв гэж үзсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулах үүрэгтэй байх ба  энэхүү маргааны тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь “Т Ф ББСБ” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй салбарын үйл ажиллагаа хэзээнээс эхлэн явуулсан талаарх үйл баримтыг тодруулах тодорхойгүй байхад энэ талаарх  нотлох баримтуудыг цуглуулах, түүнчлэн зөрчлийг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байхад зөрчилд нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй гэж үзэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байна. 

Эрх бүхий албан тушаалтан нь “Т Ф ББСБ” ХХК-ийг  2015 оноос эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр  салбарын үйл ажиллагаа эрхэлсэн  гэж үзсэн боловч энэхүү үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Д.С-ийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “Хялбаршуулан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2/11 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн,  дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул гомдол гаргагчийн гомдолын шаардлагыг бүхэлд нь хангах нь  үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэгэнт Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ үндэслэлээр зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй  байх тул хэргийн оролцогчдын маргаж байгаа бусад асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,  9.4  дэх  хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Т Ф ББСБ” ХХК-ийн гомдолын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Д.С-ийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “Хялбаршуулан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”   2/11 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн  7, 77 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн  33  дугаар хуудсанд

[3] 2 дугаар хавтаст хэргийн 3-7 дугаар хуудсанд