Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0653

 

    “Б в м” ХХК-ийн

     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш У

Нэхэмжлэлийн шаардлага: “Э т” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дүгээр “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул хүчингүй болгуулах, түүнээс учирсан хохирлыг бөгөөд тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81 056 535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “Э т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 701 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0032/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б в м” ХХК-иас ““Э т” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дүгээр “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул хүчингүй болгуулах, түүнээс учирсан хохирлыг бөгөөд тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81 056 535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “Э т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 701 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2, 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б в м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар 112.4.2 дахь заалтын дагуу маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой байсан. Мөн хуулийн 112.6 дахь хэсгийн дагуу энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Гэтэл анхан шатны эдгээр зүйл заалтыг зөрчиж хянан шийдвэрлэх нөхцөл хугацааг зөрчиж шийдвэрлэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй байхад хууль зөрчиж тендерийн баталгааг улсын орлого болгосон юм. Шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нягтлахгүйгээр, дутуу үнэлж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 40.1-д зааснаар гүйцэтгэлийн баталгаа гэрээний үнийн 5 хувьтай байхаар заасан байгаа. Гэтэл Тендерийн өгөгдлийн хүснэгтэд бөгөөд ТӨХ-д тендерийн гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг тодорхой заагаагүй. Энэ тендерийн өгөгдлийн хүснэгтэд гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээ байхгүй ба харин гэрээний талуудын харилцан тохирох гэрээний тусгай нөхцөлд байдаг. ТШЗ-ийн 40.1-д таван хувьтай байна гэсэн мөртлөө гэрээний ерөнхий нөхцөлийн 2.19-д тухайн онд санхүүжих үнийн дүнгийн 3 хувь гэсэн байгаа нь зөрчилдөөд байгаа.

Мөн дээр нь нэмж дурдахад тухайн онд санхүүжих үнийн дүн тодорхойгүй байсан. Тендерийн баримт бичиг нөхцөлүүд хоорондоо захиалагчийн албан бичиг нь тендерийн баримт бичигтэй зөрчилдөөд байсан манай компани тухайн онд санхүүжих үнийн дүнг асуусан боловч захиалагчаас тодорхой хариу ирээгүй байдаг. Гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхэд бэлэн гэдгээ ойлгуулж, тухайн онд санхүүжих хэмжээг захиалагчаас манайх 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 дүгээр албан бичгээр тодруулсан. Тендерийн нөхцөлөөр тухайн онд санхүүжих гэдгээр тодорхой бичсэн байсан бөгөөд тэр дүн нь тодорхойгүй байсан тул албан бичгээр тухайн онд санхүүжих хэмжээг хүссэн боловч захиалагч хариу ирүүлээгүй. Манай төлбөрийн нөхцөл, нийлүүлэх хугацааг тохирно гэсэн тендерт өгсөн саналаа захиалагчид 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 дүгээр албан бичгээр дахин тодруулан хүргүүлсэн. Захиалагч манай тендерийн саналыг хүлээн зөвшөөрч захиалагч шалгаруулсан гэж бид ойлгосон байдаг. Захиалагч эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч хамгийн сайн гэж үнэлсэн гэж ойлгосон байдаг. Бид нарын хувьд бөгөөд худалдагч талаас тендерээс татгалзаагүй бөгөөд гэрээ байгуулах саналыг хүлээн авч үнийг тохируулахаар саналаа илгээж гэрээний төслийг хавсарган хүргүүлсэн ба тендерийг хүлээн зөвшөөрөөгүй, тендерээс татгалзсан байдал огт байхгүй. Харин ч гүйцэтгэлийн баталгаа байршуулахаа илэрхийлсэн байдаг.

Гэтэл тухайн тендерт бусад оролцогч гэж байгаагүй, ганцхан оролцогчтой байсан нь хожим хойно, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Тендерийн санал нь хамгийн сайн үнэлэгдсэн гээд байгаа нь хууль болон хуулиас бусад эрхийн актад огт нийцэхгүй байгаа ба тухайн багцад нэг оролцогчтой байхад яагаад, ямар үндэслэлээр хамгийн сайн үнэлээд байгаа үндэслэлгүй байна. Анхнаасаа хэн нэгнээс тендерийн баталгааг улсын орлого болгохын тулд хууль бусаар шалгаруулсан мэтээр ойлголт үүсгэж байна. “Хууран мэхлэх, дээрэм” хийх замаар тендерийн баталгааг хураасан гэж бид нар ойлгож гомдолтой байна.

Тендерийн баримт бичигт заасан болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2 дахь хэсэг Тендерийн баталгааны Маягт 3-д зааснаар тендерийн баталгааг улсын орлого болгох огт нөхцөл үүсээгүй байтал хууль бусаар тендерийн баталгааг улсын орлого болгосон. ТШЗ-ийн 28.2 дахь хэсэгт зааснаар хамгийн сайн гэж үнэлсэн бол бусад оролцогч нарт ил болгоно гэсэн байна. Энэ нөхцөл хэрэгжээгүй. ТШЗ-ийн 36.1-д зааснаар тендерүүдийг эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсэн боловч энэ нөхцөл хэрэгжээгүй, тендерийн баримт бичгээ Захиалагч өөрөө зөрчсөн.

ТШЗ-ийн 37.4-д хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийн гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхыг дахин магадлах нөхцөл хэрэгжээгүй. Угтаа бол Захиалагч тендерээс татгалзах ёстой байсан. Захиалагч нь хуулийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмуудыг зөрчсөн байна. Энэ нь Худалдан авах ажиллагааны зарчмууд төрд бөгөөд захиалагчид хамааралтай бөгөөд гүйцэтгэгчид эдгээр зарчмыг шүүхийн шийдвэрээр хамаатуулаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Захиалагч худалдан авч байгаа бөгөөд гүйцэтгэгч худалдан аваагүй юм.

Хэрэв Захиалагч манай тендерийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол ТШЗ-ийн 30.6, 30.7-д тус тус зааснаар манай тендерээс татгалзах ёстой байсан. Ийнхүү захиалагч нь захиалагчийн үнэлгээний хороо нь хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн байгаа бөгөөд тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг бүрэн хянан үзэхгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл дээр заасан хуулийн 6.1-д заасан хариуцлагатай байх зарчмыг захиалагч өөрөө зөрчсөн гэж үзэж байна. Хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэжээ. Захиалагчийн илэрхийлснээр 27.4-д зааснаар “энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэдгийг мөн хуулийн 28.11-д заасныг захиалагч тус тус зөрчсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэсэн боловч энэ хуулийн нөхцөл хэрэгжээгүй. Хуулийн 29.3 дахь хэсэгт зааснаар «Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн байна. Хуулийн 30.4-д зааснаар бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн боловч алийг нь ч хэрэгжүүлээгүй, захиалагч хууль зөрчсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах”, 30.4.2-т “энэ хуулийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах”, 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, хуулийн 29.4-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэсэн.

Гэтэл хуулийн энэ нөхцөлийг захиалагч хэрэгжүүлээгүй, сангийн яамнаас зохих зөвшөөрөл аваагүй болно. Хуулийн 29.5-д зааснаар “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ” гэсэн боловч Сангийн яамнаас ийм шийдвэр гараагүй байдаг. Гэрээ байгуулахаас манайх татгалзаагүй бөгөөд гэрээний төслөө шалгарсан гээд байгаа тендерийн саналын гэрээний төслөө бөглөөд хүргүүлсэн, харин захиалагч хариу өгөөгүй. Гэрээ байгуулахаас татгалзсан ямар ч мэдэгдэл, албан бичиг, цахим шуудан байдаггүй, тендерийн саналаа өгснийг захиалагч шалгаруулаад, шалгарсан нөхцөлөө гэрээндээ тусгаад хүргүүлсэн. Захиалагч нь хуулийн 46.1-д заасан үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ аваагүй байна. Үнэлгээний хорооны чиг үүрэг хуулийн 47.2-т зааснаар тодорхой бичигдсэн байгаа бөгөөд Үнэлгээний хороо чиг үүргээ зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Эрх олгох шийдвэрээ захиалагчид өгсөнөөр Үнэлгээний хорооны үйл ажиллагаа дуусгавар болохоор хуульд тодорхой байна. Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар батлагдсан, мөн оны 242 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон ба “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” талаар журамд тендерийн үнэлгээний талаар тодорхой заасан байна. Уг журмын 2.25-д “Захиалагч үнэлгээний хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор хуулийн 47.2.1-д зааснаар техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэснээр үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар болохоор байгуулж болно” гэсэн байна. Тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэснээр үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар болсон байна. Журмын 2.26-д заасны дагуу энэ журмын 2.25-д заасан тохиолдолд тендер нээсэн даруйд дараагийн үнэлгээний хороо хуулийн 47.2.2-т заасан чиг үүргийг гүйцэтгэж эхлэх боломжтой байдлаар шинэ үнэлгээний хороог байгуулсан байна гэсэн.

            Гэтэл захиалагчаас шинэ үнэлгээний хороо байгуулаагүй бөгөөд чиг үүрэг нь дуусгавар болсон үнэлгээний хороогоор 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаар “Э т” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан байсан үнэлгээний хороогоор шийдвэр гаргуулжээ. Тендерийн баталгааг хураан авах шийдвэрийг гаргуулж хүчингүй болгохдоо чиг үүрэг, бүрэн эрх нь дуусгавар болсон байсан үнэлгээний хорооны шийдвэрийн үндсэн дээр тендерийн баталгааг улсын орлого болгосон байна. Тендерийн баталгааг улсын орлого болгох санал дүгнэлт нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хожим хойно гарсан байдаг. Бүрэн эрх нь дуусгавар болсон байсан Үнэлгээний хороо нь дүгнэлт зөвлөмж гаргахдаа “гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг улсын орлого болгох, Сангийн яам болон Хаан банканд албан тоот илгээх, захиалагчид Үнэлгээний хорооны энэ дүгнэлт зөвлөмжийг даруй хүргүүлэх талаар” шийдвэрлэсэн нь хууль бус, журмыг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 701 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4 дэх заалтын дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. “Э т” ХК-иас ЭТТХК/202201685 дугаар бүхий Уулын үндсэн болон туслах техник нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарласан бөгөөд уг тендер сонгон шалгаруулалтын багц 13 /Утгуурт ачигч/-т нэхэмжлэгч “Б в м” ХХК тендерийн материалаа ирүүлснийг “Э т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар байгуулагдсан Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэгчийг сонгох Үнэлгээний хороо хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Б в м” ХХК-ийн тендерийн материалыг үнэлж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.2. Улмаар захиалагчаас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/1942 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Б в м” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон, мөн тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан шалгарсан багцын гэрээний үнийн дүнгийн 3%-тай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх ба ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрх олгохыг цуцлах үндэслэл болох”-ыг тус тус мэдэгджээ.

2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д ““гүйцэтгэлийн баталгаа” гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг”, 5.1.18-д ““гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг” хэлнэ гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчээс дээрх албан бичигт дурдсан шалгарсан багцын гэрээний үнийн дүнгийн 3%-тай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан байршуулаагүй байх ба захиалагчаас маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дүгээр албан бичгээр “2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/1943 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б в м” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзаж, түүнчлэн “Б в м” ХХК-ийн Багц №13-т ирүүлсэн тендерийн баталгааг улсын орлого болгох”-ыг мэдэгдсэн байна.

2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан бөгөөд нэгэнт нэхэмжлэгч “Б в м” ХХК-иас тендер хүчинтэй байх хугацаанд гүйцэтгэлийн баталгааг байршуулж захиалагчид хүргүүлээгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тендерийн баталгаанд байршуулсан 81 056 535 төгрөгийг улсын орлого болгосон нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно:”, 20.7.2-т “«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус заасантай нийцжээ.

2.5. Хэдийгээр нэхэмжлэгчээс гүйцэтгэлийн баталгааг тендерийн хүчинтэй хугацаанд байршуулаагүй шалтгаанаа “тендерийн өгөгдлийн хүснэгтэд гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээ байхгүй, ... ТШЗ-ийн 40.1-д 5 хувьтай байна гэсэн мөртлөө, ГЕН-ийн 2.19-д тухайнд онд санхүүжих үнийн дүнгийн 3 хувь гэсэн нь зөрчилдөөд байгаа, ... мөн тухайн онд санхүүжих үнийн дүн тодорхойгүй байсан, .. манайх төлбөрийн нөхцөл, нийлүүлэх хугацааг тохирно гэсэн тендерт өгсөн саналаа захиалагчид 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 дүгээр албан бичгээр тодруулан хүргүүлсэн. Захиалагч манай тендерийн саналыг хүлээн зөвшөөрч шалгаруулсан гэж бид ойлгосон...” гэх зэргээр тайлбарлах боловч захиалагчаас тендерийн баримт бичгийн ГЕН-ийн 3.9-д “гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн бараа хүлээлгэн өгөх хугацаа 5 сар, шалган турших хугацаа 2 сар, нийт 7 сараас хэтрэхгүй байна. Тус хугацаанд тухайн багцын нийт төлбөрийн 20 хувиас хэтрэхгүй байхаар төлбөрийн график гарган баталгаажуулах бөгөөд тухайн төлбөр нь гэрээнд заасан нийт үнийн дүнгээс суутгах байдлаар тооцогдоно, ... Төлбөр төлөх үе шатны хуваарийн дэлгэрэнгүй хүснэгтийг хавсралт ТТҮШ-аас үзнэ үү”, мөн ГЕН-ийн 3.12-т “урьдчилгаа төлбөр төлөхгүй” гэсэн төдийгүй тендерийн баримт бичигт бараа нийлүүлэх үе шатны хуваарийг жилээр хүснэгт байдлаар үзүүлж гэрээний салшгүй хэсэг болох талаар тодорхой дурдсан байна.

2.6. Гэтэл нэхэмжлэгч “Б в м” ХХК-иас “...тендерийн баримт бичиг, түүнд заасан гэрээний нөхцөл (гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягт)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон атлаа захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг ирүүлсний дараа 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 дүгээр албан бичгээр “...төлбөр төлөлтийн хуваарь болон тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэлийн баталгааны хувьд багц тус бүрийн тухайн онд санхүүжих үнийн 3 хувьтай тэнцэхээр байгаа тул уг дүнг тодорхой болгож гүйцэтгэлийн баталгааг байршуулна, урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээ, тоног төхөөрөмж нийлүүлэх хугацааг тохиролцох” гэх зэргийг тохируулахаар саналаа илгээж гэрээний төслийг хавсарган хүргүүлсэн ба тендерийг хүлээн зөвшөөрөөгүй, тендерээс татгалзсан байдал огт байхгүй, харин ч гүйцэтгэлийн баталгаа байршуулахаа илэрхийлсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

2.7. Тодруулбал, тендерийн баримт бичгийн төлбөр төлөх үе шатны дэлгэрэнгүй хүснэгт хавсралт ТТҮШ-д төлбөр төлөлт хэрхэн хийгдэх нь тодорхой харагдаж байгаа энэ тохиолдолд тухайн онд санхүүжих үнийн дүн тодорхойгүй байсан гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгчээс тендер хүчинтэй байх хугацаанд тухайн онд санхүүжих үнийн дүнгийн 3%-тай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ч байршуулаагүй төдийгүй мэдэгдэлд дурдсан хувь хэмжээгээр ч гүйцэтгэлийн баталгааг байршуулаагүй, түүнчлэн тендерийн баримт бичигт урьдчилгаа төлөхгүй талаар болон тоног төхөөрөмжийг нийлүүлэх цаг хугацаа, хуваарийг тодорхой заасан байсныг хүлээн зөвшөөрч тендерт оролцсон атлаа тендерийн баримт бичигт дурдсанаас өөрөөр тохиролцохоор санал хүргүүлж, тендерийн хүчинтэй хугацаанд гэрээгээ байгуулаагүй энэ тохиолдолд “Б в м” ХХК-ийн тендерээс татгалзаж, тендерийн баталгаанд байршуулсан 81 056 535 төгрөгийг улсын орлого болгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

2.8. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...тухайн тендерт бусад оролцогч гэж байгаагүй, ганцхан оролцогчтой байсан нь хожим хойно, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Тендерийн санал нь хамгийн сайн үнэлэгдсэн гээд байгаа нь хууль болон хуулиас бусад эрхийн актад огт нийцэхгүй байгаа ба тухайн багцад нэг оролцогчтой байхад яагаад, ямар үндэслэлээр хамгийн сайн үнэлээд байгаа нь үндэслэлгүй, анхнаасаа хэн нэгнээс тендерийн баталгааг улсын орлого болгохын тулд хууль бусаар шалгаруулсан мэт ойлголт үүсгэж байна. Хууран мэхлэх, дээрэм хийх замаар тендерийн баталгааг хураасан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2.9. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзахаар заасан. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалт нь тухайн тендер сонгон шалгаруулалтад хэдэн этгээд оролцож байгаагаас үл хамааран гагцхүү шаардлагад нийцсэн тендер нэг ч ирээгүй байгаа тохиолдолд тендерээс татгалзах агуулгатай болохоос биш Багц 13 /Утгуурт ачигч/-т ганцхан оролцогч оролцсон нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болохгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

 

 

              ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН