Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00245

 

Бсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00092 дугаар магадлалтай

Бсийн нэхэмжлэлтэй,

С.Шэд холбогдох

Байгууллагад учруулсан хохирол 92 074 648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сакен, хариуцагч С.Ш нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бсийн дарга асан С.Ш нь тус байгууллагын ажилтан Нурмухын Сакенийг удаа дараа илт хууль бусаар ажлаас нь халсан болох нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны нийт 31 743 607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, Н.Сакенийг шүүхээс хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосоор байхад хууль бусаар түүнийг дахин ажлаас халж, удаан хугацаагаар шүүхэд маргаан үүсгэж, үндэслэлгүйгээр удаа дараагийн шүүхэд давж заалдсаны улмаас ажилгүй байсан хугацаанд цалин хөлс нь онц их хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Н.Сакенд шүүхийн шийдвэрийн дагуу олгосон мөнгийг дэс дараагаар нь бичвэл:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 653 тоот тогтоолоор Н.Сакенд 2013 оны 01 дүгээр сарын 10-наас 2013 оны 3 дугаар сарын 18-ны хүртэлх 2 сар 8 хоногт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 150 400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 41 676 төгрөг төлсөн.

2. Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар захирамжаар Н.Сакений ажилгүй байсан хугацааны цалинд 9 999 030 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 87 467 төгрөг төлсөн.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 391 тоот шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 тоот тогтоолын дагуу 5 897 913 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 40 100 төгрөг төлсөн.

4. Баян-Өлгийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 тоот шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 001/ХТ2016/00511 тоот тогтоолын дагуу 1 822 278 төгрөгийн өглөгтэй.

5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 тоот тогтоолоор 6 850 240 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөр болсон.

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 6 сар 6 хоног ажилгүй байсан хугацааны цалинд 5 327 853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102 000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч С.Шээс байгууллагад учруулсан хохирол болох 31 743 607 төгрөгийг гаргуулан өгнө үү.

2013 оны 1 дүгээр сарын 01-нээс, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж, байгууллагад учруулсан гэм хор болох 60 331 041 төгрөг, Н.Сакенийг төрийн албанаас илт хууль бус тушаал гаргаж халснаас болж байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 743 607 төгрөг, нийт 92 074 648 төгрөгийг С.Шээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60 331 041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. Нэгэнт хуурамч бичиг баримт ашиглан цалин хөлс авсан тохиолдолд уг цалин хөлсийг олгосон байгууллага буцаан шаардах эрх нь байгаа юм. С.Ш нь Бсийг хууран мэхэлж, хуурамч дипломоор цалин хөлс авсан хууль бус ажиллагаанаас учирсан гэм хорыг өмнө нь гаргаж байсан гэм хорын нэхэмжлэлтэй хамтад нь хянан шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Учир нь аль аль нь байгууллагад учирсан гэм хор бөгөөд хариуцагч нь ганц хүн юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, тодруулах тухай шаардлагад: Тус хэлтсийн дарга асан С.Ш нь магадлагч эмч Н.Сакенийг удаа дараа хууль бусаар ажлаас халсан нь шүүхээр тогтоогдож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31 743 607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож их хэмжээний гэм хор учруулсан. Үүнээс одоогийн байдлаар 26 726 600 төгрөгийг Н.Сакений ХААН банкан дахь 5180544210 тоот дансанд шилжүүлж тооцоо хийв. Энэхүү мөнгийг төсвийн байгууллагын батлагдсан төсвөөс төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээд хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 497.1, 498.5-д заасны дагуу гэм хорыг буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ” гэж заасны дагуу иргэн С.Шээс улсад учирсан хохирол болох 31 743 607 төгрөгийг төлүүлж улсын төсвийн хохиролгүй болгохыг даалган шийдвэр гаргаж өгнө үү. Урьд нэхэмжлэлд дурдсан С.Шийн хуурамч диплом ашиглан ажилд орж, цалин хөлс авч байсан тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч гэх Т.Өсерханы нэхэмжлэлдээ дурдсан Н.Сакенийг удаа дараа илт хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдсон тухайд: Н.Сакенийг анх Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Даргерхан нь 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 тоот тушаалаар тус хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд магадлагч эмчийн ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 24.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлсөн байна. Гэтэл Н.Сакен нь аймгийн ТАСЗөвлөлд хандаж ажилд эгүүлэн тогтоох тогтоол гарсан тул уг тогтоолыг үндэслэн ажилд томилсон. Энэ хугацаанд ажилгүй байсан гэх 1 500 000 төгрөг болно. Дараа нь намайг тус хэлтсийн даргаар ажиллаж байхад Н.Сакенийг удаа дараа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ЭХМТКомиссоос ажлыг нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан ба, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдад тахир дутуугийн тэтгэвэр олгох боломж олгосон зэрэг Төрийн албаны тухай хуулийн ёс зүйг ноцтой зөрчиж байсан учир ажлаас чөлөөлсөн боловч шүүх эгүүлэн тогтоосон. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад уламжлан танилцуулахад санхүүгийн зөрчил гаргасан хүнийг авч болохгүй гэсэн шийдвэр өгч байсан. Үүнээс үзэхэд Н.Сакенийг ажлаас халсан явдал үгүй болно. Үүнийг Т.Өсерхан дарга нь хууль бус уу, эсвэл үндэслэл байсан уу гэдэгт дүгнэлт хийх эрх бүхий этгээд биш мөртлөө төрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд намайг ийнхүү илт хууль бусаар ажлаас халсан гэж хэтэрхий басамжлан доромжилсонд маш их харамсаж байна. Н.Сакений 2016 оны 6 дугаар сарын 10-наас 2016 оны 2 дугаар 16-ны хоорондох цалинг нэхэмжилсэн тухайд бол Н.Сакенийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/14 тоот тушаалаар магадлагч эмчээр томилсон. Ажил хүлээлцэх комиссын ахлагч Т.Ботакөз тэргүүтэй комисс ажилд орох болсон тул дуудаж тушаал гардуулах гэтэл Та бүхэн ирэх юм бол энд байгаа залуучуудаар зодуулна" гэж айлган сүрдүүлсэн гэсэн. Энэ тухай тушаалд орсон комиссын бүрэлдэхүүнээс тайлбар авах нь зүйтэй. Мөн Н.Сакен нь сонгуулийн хороонд очиж аймгийн ИТХ-ын сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа гэсэн.

2. С.Ш би 4 жилийн хугацаанд Бсийн даргын ажил албан тушаалыг гүйцэтгэж байсан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж төрийн албыг нэр төртэй гүйцэтгэж 4 жилийн хугацаанд А үнэлгээтэй буюу 95 оноогоор дүгнүүлж ирсэн ба ТЗ-9 дэх ангиллаар цалинждаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 зааснаар төрийн албан хаагч надад байгууллагад учирсан хохирлыг төлөх үүрэг хуулиар ногдоогүй. Харин Т.Өсерхан гуай хуулийн энэ заалтын шаардлагыг ойлгоогүй юм уу, эсвэл надаас зөрчил дутагдал олохын тулд та бүхнийг хууль мэддэггүй юм шиг бичсэнд нь гайхаж байна. Н.Сакений талаар гаргасан миний тушаалууд Захиргааны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө өөрөөр хэлбэл 2013-2016 онуудын хооронд билээ. Тэгээд ч урьд гаргасан шүүхийн шийдвэрүүдэд С.Ш намайг хууль бусаар ажлаас халсан гэж тогтоох хэсэгт дүгнээгүй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалинг надаар төлүүлэх гэсэн заалт байхгүй болно. Н.Сакенд шүүхийн шийдвэрээр олгох цалинг тухайн үед Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 тоот албан тоот хүргүүлж зөвшөөрөл авч байсан болно. 3ахиргааны ерөнхий хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр УИХ-аар батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 1-ээс дагаж мөрдсөн. Н.Сакенийг ажлаас чөлөөлсөн миний гарын үсэг бүхий тушаалыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч Т.Өсерхан нь шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт тайлбарт: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн С.Шэд холбогдуулан гаргасан 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж байгууллагад учруулсан гэм хор болох 60 331 041 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлттэй танилцаж үзээд дараах тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60 331 041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна гэжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад 2013 оноос 2017 он хүртэлх хугацааны цалин, нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2005-2017 он хүртэлх хугацааны цалинг гэж нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч байгууллагаас чухам хэдээс хэдэн он хүртэлх хугацааны цалин хөлсний хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Нөгөөтээгүүр хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд хэний ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан эсэх, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн буюу хэрэв хохирол бодит байдлаар учирсан гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагааныхаа чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ нотлох, үүнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ заавал заах ёстой бөгөөд маргааны үйл баримт болон ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх үндэслэлээ тусгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна.

2. Энэхүү нэхэмжлэлийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан өөрөө гаргасан эсэх нь эргэлзээтэй. Учир нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон сүүлд нэхэмжлэлийг ихэсгэсэн тухай албан бичигт зурсан гарын үсэг нь зөрүүтэй харагдаж байна.

3. Мөн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзвэл энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ба энэ талаар холбогдох байгууллагад шалгуулж хохирол учирсан эсэхийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд байгууллагад хэн гэдэг ямар албан тушаалтан хохирол учруулсан эсэх нь маргааны нөхцөл байдлаар нотлогдохгүй.

4. Нэхэмжлэгч байгууллагаас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны зөвлөмжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зөвлөмжийн Асуудал 8 гэсэн хэсэгт “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар Н. Сакенийг ажлаас халж, оронд өөр хүнийг томилсныг хууль бус гэж үзэн Н.Сакен нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9 999 900 төгрөг, 2016 онд 5 285 780 төгрөгийг иргэн Н.Сакенд тухайн байгууллагын төсвөөс төлж байгууллагыг хохироосон байна. Үр нөлөө: дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гаргах, төсөв хэтрэх эрсдэлтэй” гэжээ. Дээрх зөвлөмжид Н.Сакенд тухайн байгууллагын төсвөөс цалин төлж байгууллагыг хохироосон гэсэн боловч нөхцөл байдлыг үнэнд нийцүүлэн тодруулаагүй байна гэж үзлээ.Өөрөөр хэлбэл, Н.Сакенд байгууллагын төсвөөс шууд байдлаар мөнгө шилжүүлсэн эсэх, байгууллагын төсөв тухайн ондоо хэтрэлтэй гарсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаж, акт тогтоогоогүй бөгөөд хийсвэр маягаар хандаж, дүгнэлт гаргасан гэж ойлголоо.

Түүнчлэн, үр нөлөө буюу дүгнэлт хэсэгт байгууллага хохирох, төсөв хэтрэх эрсдэлтэй гэж тусгасан байх ба үүнээс харахад, Н.Сакенд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалинг шилжүүлэхэд төсвийн ямар хэсгээс зарцуулалт хийсэн гэдгийг тогтоогоогүй байна. Төсөв хэтрэх эрсдэлтэй гэсний хувьд Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн онуудад төсвийн ямар нэгэн хэтрэлт гаргаагүй, мөн төсвийн хэмнэлтээр уг мөнгийг шилжүүлсэн байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 46.1-д заасан “...Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно...”, 46.3-ын “...Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулж болно...” гэж заасантай тус тус нийцжээ. Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ямар хохирол учирсан, ямар хууль зөрчигдсөн эсэх тодорхойгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон үйл баримтын талаар тодруулан заагаагүй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч РД:УС66030212 Жадик овогт Солтаны Шаяхметээс байгууллагад учирсан хохирол нийт 92074648 (ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Бсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00092 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1.а. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч С.Шэд холбогдуулан гаргасан байгууллагад учруулсан хохирол 60.331.041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

1.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч С.Шэд холбогдуулан гаргасан ажилтан Н.Сакений 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 5.327.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”

1.в. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч С.Шэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Шээс 15.511.756 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10.903.998 /10.801.998+102.000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг:

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Шээс 235508.78 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Бсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сакен хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 437 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2012/МА2018/00092 магадлалыг гаргахдаа шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзээд хэсэгчлэн эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчлөн залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж өгсөн боловч нэхэмжлэлийн ихэнх хэсэг нь хэрэгсэхгүй болсонд гомдолтой байна.

Хариуцагч С.Ш нь Бсийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, төрийн албан хаагч Н.Сакенийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон ба үүнээс болж байгууллагад 31 743 607 төгрөгийн бодит гэм хор учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч С.Шийн шууд санаатайгаар хийсэн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж шүүхийн шийдвэр үндэслэлгүй болж гарсан юм. Тухайлбал, С.Шийн гэм буруугаас болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд байгууллагын хөрөнгөөс иргэн Н.Сакенд олгосон 31 743 607 төгрөгийг буруутай этгээдээс төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдан шийдвэрлэгдэх ёстой байсан.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сакен нь хариуцагч С.Шээс хуурамч бичиг баримт ашиглан 60 331 041 төгрөгийн цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа талаар удаа дараа тодруулан үндэслэлээ ярьж байсан боловч анхан шатны шүүх түүний энэхүү шаардлагын талаар дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрсөн юм. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад шилжүүлэн итгэмжлэл олгосон байсан юм. Энэхүү итгэмжлэлийн дагуу Н.Сакен би нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, ихэсгэх, багасгах болон татгалзах зэрэг нэхэмжлэгчийн бүрэн эрхийг эдэлж байгаа боловч анхан шатны шүүхээс түүний итгэмжлэлээр олгосон эрхийг нь хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сакений нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэлснийг анхан шатны шүүхээс буруу тодорхойлон, дутуу дүгнэлт хийсэн байсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн явдалд нүдээ анин өнгөрөөсөнд гомдолтой байна. Миний өмгөөлөгч А.Серикжан нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Эсхүл шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 212/МА2018/00092 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1.в.-д заасан “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хариуцагч С.Шэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Шээс 15 511 756 төгрөгийг гаргуулж...” гэсэн хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Хариуцагч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Н.Сакенийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон байна. Энэхүү хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв...” гэжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “...энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэж заасан.

Хариуцагч талаас давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Учир нь хариуцагч С.Ш нь уг хуульд заасан “өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор”-ыг нэхэмжлэгч Бэст учруулаагүй. С.Шийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл нь энэ байсан гэж шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Тэгээд ч бүх шатны шүүхийн шийдвэрийн үйл баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдааны мэтгэлцээн, асуулт, хариулт, давж заалдах, хяналтын шатны журмаар гаргасан гомдлын агуулга тус бүрээр С.Ш нь Н.Сакенийг санаатайгаар буюу илтэд болгоомжгүй байдлаар ажлаас чөлөөлсөн үйл явдал тогтоогддоггүй бөгөөд ийм үйлдэл, санаа зорилго түүнд огт байгаагүй. С.Ш нь Бсийн даргын ажил албан тушаалыг хашиж байхдаа өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ажилтан Н.Сакенийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж байсан төрийн удирдах албан тушаалтан. Нөгөөтэйгүүр ажилтан Н.Сакений өөрийнх нь санаатай буюу илтэд болгоомжгүй байдал байсан уу үгүй юу гэдэгт шүүх нэг бүрчлэн дүгнэлт хийх ёстой байсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн эрх, үүргийг эдэлсэний төлөө С.Шийн үйлдлийг санаатай гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч байгууллагаас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны зөвлөмжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зөвлөмжийн асуудал гэсэн хэсэгт: “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар Н.Сакенийг ажлаас халж, оронд нь өөр хүнийг томилсныг хууль бус гэж үзэн Н.Сакен нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9 999 900 төгрөг, 2016 онд 5 285 780 төгрөгийг иргэн Н.Сакенд тухайн байгууллагын төсвөөс төлж, байгууллагыг хохироосон байна. Үр нөлөө дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гаргах, төсөв хэтрэх эрсдэлтэй” гэжээ.

Энэхүү зөвлөмж бүхий тэмдэглэлд Н.Сакенд тухайн байгууллагын төсвөөс цалин төлж байгууллагыг хохироосон гэх боловч нөхцөл байдлыг үнэнд нийцүүлэн тогтоогоогүйгээс гадна үүнтэй холбоотой албан ёсны улсын байцаагчийн акт тавигдаагүй. Нөгөөтэйгүүр Н.Сакенд байгууллагын төсвийн ямар хэсгээс мөнгө шилжүүлсэн эсэх, байгууллагын төсөв тухайн ондоо хэтрэлттэй буюу өртэй гарсан эсэхийг нотолж чадаагүй буюу төсөв хэтэрсэн гэх талаар нотлох баримт болон Төсвийн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоосон аудитын газрын дүгнэлт, акт байхгүй байна.

Түүнчлэн хэний, ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад хэр хэмжээний хохирол учирсан эсэх, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн буюу хэрэв хохирол бодит байдлаар учирсан гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагааныхаа чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ нотлох, үүнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ заавал заах ёстой бөгөөд маргааны үйл баримт болон ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх үндэслэлээ тусгаагүй, шүүх хуралдааны шатанд тайлбарлаж чадаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Харин ч 2013-2017 он хүртэлх Аудитын газрын дүгнэлтээр тус хэлтэс нь хязгаарлалтгүй дүгнэлт буюу ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлттэй, мөн хавтаст хэрэгт төсөв хэтэрсэн талаарх ямар ч баримт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс С.Шийг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1-д заасныг зөрчиж, Нийгмийн даатгалын хэлтсийн төсвийг хэтрүүлсэн өр үүсэх үндэслэл бий болгосон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн төсвийн хэтрэлттэй холбоотой авагдсан баримтын хувьд С.Шийг ажлаа хүлээлгэн өгсний дараа шинээр томилогдсон албан тушаалтны бензин шатахуунтай холбоотой төсвийн хэтрүүлэлт байсан болохыг анхаарч үзээгүй нь давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг уншаагүй, судлаагүй байгааг харуулж байгаа бөгөөд үүнээс болж бусад иргэний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хэт нэг талыг баримталсан шударга бус шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Хэрэв төсөв хэтэрсэн гэж үзэж байгаа бол С.Ш даргын үед төсөв хэтэрсэн гэх асуудлыг тодруулах үүднээс шинээр нотлох баримт цуглуулахаас өөр аргагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Мөн байгууллагад хохирол учирсан гэж үзвэл нягтлан бодогчийн тодорхойлолтоор нотлох баримт бүрдүүлэх биш, уг асуудлыг байгууллагын хамт олны өргөтгөсөн хуралдаанаар авч хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч, улмаар байгууллагад хохирол учирсныг мэдэгдэх ёстой байх ба зөвхөн тухайн байгууллагын даргын ганцаарчилсан, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэрлэх асуудал биш юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00092 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Баян-Өлгийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс С.Шэд холбогдуулан байгууллагад учруулсан хохирол 92 074 648 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч 60 331 041 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан 5 327 853 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар хариуцагч С.Шээс 15 511 756 төгрөгийг гаргуулж, 10 903 998 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...С.Ш нь тус байгууллагын ажилтан Н.Сакенийг удаа дараа, илт хууль бусаар ажлаас халснаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 31 743 607 төгрөгийг байгууллагаас гаргуулахаар болж,  байгууллагад их хэмжээний хохирол учирсан, мөн хуурамч диплом ашиглаж 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын даргаар ажиллаж, тус байгууллагаас 60 331 041 төгрөгийн цалин хөлс авсан тул нийт 92 074 648 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан ...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа: ...ажилтан Н.Сакенийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ЭХМТК-оос ажлыг нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад тахир дутуугийн тэтгэвэр олгох боломж олгосон зэрэг төрийн албаны ёс зүй зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсны дараа Нийгмийн даатгалын Ерөнхий газраас санхүүгийн зөрчил гаргасан хүнийг ажилд авч болохгүй гэсэн шийдвэр өгч байсан. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилд нь томилсон боловч өөрөө ажлаа хүлээж аваагүй. Мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалыг нэр төртэй гүйцэтгэж, үр дүнгийн гэрээгээр А үнэлгээтэй үнэлэгдэж ирсэн. Ажилласан хугацааны цалин хөлсийг авсан тул байгууллагад хохирол учруулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан татгалзлыг батлахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, тус шаардлагад холбогдох хэргийг бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь заалтыг, улсын тэмдэгтийн хураамжийг тооцоолохдоо 106.6. дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

  • Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар хариуцагчаас 15 511 756 төгрөгийг гаргуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хариуцагчийн хохирлыг хариуцах үндэслэл, хэмжээг үндэслэл бүхий тодорхойлоогүй байна.

Хариуцагч С.Ш нь гүйцэтгэж байсан ажил үүргийн хувьд ямар үндэслэлээр, ямар хэмжээгээр хариуцлага хүлээх талаар ажил олгогчтой хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, ажилтныг ажлаас чөлөөлсөнд тэрээр гэм буруутай болох нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байна.

Ажилтныг үндэслэлгүй ажлаас чөлөөлснөөс байгууллагад учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуульд тусгасан байх ба дээрх хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхлэх тул хариуцагчийн үйлдэл тухайн хуулийн заалтад хамаарахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч С.Ш нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, гэрээг жил бүр дүгнүүлж байсан бөгөөд тэрээр ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж оролцсон, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан татгалзлын талаар маргаантай байсныг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэж, талууд мэтгэлцснийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00092 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Шийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сакенийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Шээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД