| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 179/2018/0141/Э/ |
| Дугаар | 00035 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.А |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 00035
2018 08 16 2018/ДШМ/35
Д.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: М.Ариунцэцэг,
Шүүгдэгч: Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Содномдорж,
Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Гд холбогдох 1738004100089 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт Д-н Г, …. оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /регистрийн дугаар: ................../.
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албны хорих 443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа хохирогч Г.Сийн баруун талын нүд рүү зүү шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х Д-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Г-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1738004100089 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд урьд авсан 200.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, төрийн сангийн 100170005350 данснаас 200.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Д.Гд олгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсанд гомдолтой байна. Д.Г шүүхийн хэлэлцүүлэг болон эцсийн үг хэлэхдээ хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа талаараа мэдүүлсэн байгааг харгалзаж үзээгүй. Учир нь Д.Г нь бусад руу зүү шидэхдээ хохирогчийг онох зорилготой бус хөнгөмсөгөөр найдсанаас хохирогч Г.Сийн нүдэнд зүү туссан байдаг. Д.Гд оногдуулсан зүйлчлэл буруу бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар... болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан... үйлдэл юм.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07-р сарын 04-ний өдрийн дугаар 2018/ШЦТ/174 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулсан зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Д.Г нь хорих 443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа хохирогч Г.С руу зүү шидэж, баруун нүдний эвэрлэг давхаргыг бүдгэрүүлсэн эвэрлэг давхаргын гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Мягмардорж, Б.Гансүх нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зүү шидэх нь бусдад хор уршиг учруулж болохыг мэдсэн атлаа хүсч үйлдсэн байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.
Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж, шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Г хохирогчид болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаагийн дээр хохирогч нүдний болор солиулж хэвийн хараатай болсон нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Б.СОСОРБАРАМ