Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 814

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ц.Б, С.Л,

Хариуцагч: С д З д,

С д Г з б а,

Гуравдагч этгээд: С.Э, С.Т,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн  2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  ******* тоот болон ******* тоот газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч П.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ц, Ц.Б, Ц.Б, С.Л бид нар 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тахилтын 6-128,*******,*******, тоот хаягт байрлах газрыг эзэмшилдээ авахаар дугаар хорооны газар зохион байгуулагчийн зөвшөөрлөөр материалаа бүрдүүлэн, кадастр хийлгэж, хашаагаа барин, дахин хэмжүүлж, газар төлөвлөлтийн зурагт тэмдэглүүлэн, дугаар хорооны Засаг дарга С.А-р уламжлуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргасан. Тухайн үед газрын албаас хүсэлт гаргасан газар бусдын газартай давхцалгүй тухай мэдэгдэж, уг газар дээр хашаа барих зөвшөөрөл өгсөн. Тиймд 6-128,*******,*******, тоотууд нь бид дөрвийн дундын хөрөнгөөр хамтран босгосон дундаа тасалгаагүй, ганц хаалгатай, тус бүр нь 0.7 м.кв нийт 2800 м.кв бүхий 1 хашаатай юм. Газрын албаны газар зохион байгуулагч иргэнд зааж өгсөн газар дээрээ хашаа бариагүй нөхцөлд гэрчилгээ олгодоггүй журамтай.

Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Д.Цэрмаад*******, Ц.Б-д******* тоот газрыг тус тус эзэмшүүлэхээр захирамжилсан боловч Ц.Б, С.Л нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй. 1 сарын дараа ирээрэй гэсэн хариуг өгсөн. 1 сарын дараа очиход газар зохион байгуулагч өргөдөл хүлээн авсан баримт дээр “баталгаажуулах орох” гэж бичин гарын үсгээ зурж егсөн бөгөөд 2014 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд гэрчилгээ гаргахгүй байгаа гэсэн хариуг өгсөн. Ц.Б, С.Л нарын өргөдөл нь хуулийн бүх шаардлагыг хангасан газар эзэмшүүлэхэд бэлэн болсон байсан.

Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай хашааг өөр хүн эвдэж орж ирсэн. Биднийг 2011 оноос хойш тус газарт өөрийн хөрөнгөөр нэг том хашаа барьж, эзэмшиж байхад хэн ч энэ тухай маргаагүй. Анх хорооны засаг даргад энэ газар нь бусдын газартай давхцалгүй болох талаар шалгуулж, зөвшөөрөл авсны дагуу кадастр хийлгэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан.

Би анх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсний дараа 2016 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн А.Б-д Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-5 тоотод байрлах газрыг 1 жилийн хугацаатайгаар олгож, улмаар Газар эзэмших эрх гэрээгээр С.Э шилжиж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамжаар хаяг нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилт ******* болж өөрчлөгдөж нэгж талбарын дугаартай болсон, С.Т нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж тоотод байрлах газрыг нэг жилийн хугацаагаар авч, хожим Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамжаар хаяг нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилт ******* болж өөрчлөгдөж нэгж талбарын дугаартай болгон авсан тухай мэдсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4-р сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн газрын албанд даалгасан байна.

Гэтэл уг захирамж нь хавсралтгүй, иргэн А.Б, С.Т нарын эзэмших эрх үүгээр үүссэн эсэх нь тодорхойгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга уг захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С.Т-т, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж тоотод байрлах амины хашааг 1 жилийн хугацаагаар олгох ******* тоот гэрчилгээ, А.Б-д Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-5 тоотод байрлах амины хашааг 1 жилийн хугацаагаар олгох ******* тоот гэрчилгээг тус тус олгосон байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам”-ыг зөрчиж олгосон байна.

Мөн түүнчлэн А.Б, С.Т нарт өмнө газар эзэмших эрх үүсэж байгаагүй, газар эзэмших гэрчилгээ байгаагүй байхад “нөхөн олгов” тэмдэг дарж гэрчилгээ олгосон. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын уг 87 дугаар захирамжийг үндэслэн А.Б, С.Т-т гэрчилгээ олгож байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-т “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт байна.

Гэтэл А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамжинд байрлах газрыг С.Э-ийн эзэмшилд шилжүүлэхээр 2008 оны 06 дугаар сарын 11-ий өдөр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг иргэн С.Э-тэй бичгээр байгуулан, Сүхбаатар дүүргийн нотариат Б.Х-аар батлуулж шилжүүлсэн. Үүнийг захиргааны байгууллага хүлээж авч бүртгэсэн.

А.Б нь тус гэрээгээр шилжүүлж буй газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн ******* тоот эрхийн гэрчилгээний дагуу олж авсан гэж тайлбарладаг боловч тухай үед гэрээ байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-5 тоот хаягийг ******* тоот газар болгож ******* тоот гэрчилгээн дээр гараар засварлаж бичиж, улмаар 2008 оны 218 дугаар Сонгинохайрхан Засаг даргын захирамжаар дугаар хороо, Тахилт ******* тоот хаягийг тоот кадастртай болгож, 700 мкв газрыг 15 жилийн хугацаагаар олгохоор захирамжилсан. Энд кадастр хэрхэн хийлгэсэн нь тодорхойгүй байдаг Кадастрын нэгдсэн бүртгэлд тус нэгж талбарын дугаар бүхий газар нь бусдын эзэмшил, өмчлөл үүсээгүй талаар бүртгэсэн. Хаяг нь тус хороонд бүртгэлгүй байдаг. С.Т мөн ******* тоот эрх гэрчилгээгээр олгосон Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж тоот хаягийг ******* тоот газар болгон засварлаж, улмаар 2008 оны 218 дугаар Сонгинохайрхан Засаг даргын захирамжаар дугаар хороо, Тахилт ******* тоот хаягаар тоот кадастртай болгож, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр захирамжилсан. Энд кадастр хэрхэн хийлгэсэн нь тодорхойгүй байдаг. Кадастрын нэгдсэн бүртгэлд тус нэгж талбарын дугаар бүхий газар нь бусдын эзэмшил, өмчлөл үүсээгүй талаар бүртгэсэн. Хаяг нь тус хороонд бүртгэлгүй байдаг. Дээрх олгосон, эзэмшүүлсэн үйлдэл нь бүгд хууль зөрчиж хийгдсэн А.Б, С.Э, С.Т нар нь Газрын тухай хуулийн зохих журмыг зөрчиж эрх үүсээгүйн улмаас нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх зөрчигдөж байгаа  тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С д З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар нь 2011 оноос эхлэн маргаан бүхий газрыг хашаалж ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын, 6-128 тоот хаягаар газар эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан талаараа тодорхой дурдсан байх ба газар эзэмших хүсэлт гаргасан байршилд нь иргэн С.Э, С.Т нарт Дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон учир дээрх иргэдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нарын амьдарч байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын, 6-128 тоот хаягтай гэх 1400 метр хашааны буюу нэгж талбарын , дугаар бүхий газруудыг 2008 онд С.Т эзэмших, С.Э нь А.Б-оос газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт тус тус гаргаж байжээ. Хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 218 дугаар захирамжаар Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу С.Т, С.Э нарт газар эзэмших эрхийг баталгаажуулж, эрхийн гэрчилгээг олгосон нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.

Газрын давхцаж байгаа эсэх талаар хаягаар биш кадастрын зургийг үндэслэн тогтооно. Ц.Б, С.Л нарын эзэмших хүсэлт гаргасан газар нь С.Э, С.Т нарын эзэмшиж байгаа газартай бүхэлдээ давхцаж байгаа учраас Ц.Б, С.Л нарын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй юм.

Маргаан бүхий газруудын хаягийг газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжид өөр өөр зөрүүтэй заасан хэдий ч дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжаар С.Т, С.Э нарт эзэмшүүлсэн газар мөн болох нь нэгж талбарын дугаар болон нэгж талбарын дугаар бүхий эргэлтийн цэгтэй кадастрын зургуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын, 6- 128 тоот хаягтай 1400 м.кв хэмжээ бүхий газруудыг 2011 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба эзэмшил бүхий газруудыг бусдад эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон өөр этгээдэд эзэмшүүлсэн гэж байх боловч нэхэмжлэгч нарын энэ үйлдэл нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т тус тус заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох үйл баримт биш юм.

С.Т, С.Э нар нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нараас өмнө хүсэлт гаргаж байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын 6-128 тоот хаягтай 1400 м.кв хэмжээ бүхий газруудыг 2011 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба эзэмшил бүхий газруудыг бусдад газар эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон гэж тайлбарласан байна.

Маргалдаж буй тухайн байршилд дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжаар А.Б, С.Т нарт нөхөн олгов тэмдэгтэйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Мөн 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр С.Т нэгж талбарын дугаар бүхий газрын өөрт байсан газар эзэмших гэрчилгээг архивт хураалган шинээр хүсэлт гарган дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар, харин нэгж талбарын дугаар бүхий газрыг иргэн А.Б-оос С.Э-д газар эзэмших эрхээ шилжүүлэн дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх иргэдэд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын *******, Тахилт ******* тоот хаягтай хашааны буюу нэгж талбарын , дугаартай газруудыг эзэмшүүлэх шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүйгээр халдаагүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар нь 2011 оноос эхлэн маргаан бүхий газрыг хашаалж ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын, 6-128 тоот хаягаар газар эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан талаараа тодорхой дурдсан байх ба газар эзэмших хүсэлт гаргасан байршилд нь иргэн С.Э, С.Т нарт дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон учир дээрх иргэдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй байна” гэжээ.

            Гуравдагч этгээд С.Э, С.Т, өмгөөлөгч Г.Н******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид газар эзэмших хүсэлт өргөдөл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 187, 2008 оны 218 дугаар захирамжаар тус тус олгогдсон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. Нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж байна. Түүнчлэн мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах" эрхийг маань зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар нь тус шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн  2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  ******* тоот болон ******* тоот газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох,  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах “ нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... уг 87 дугаар захирамж нь хавсралтгүй, ... А.Б, С.Т нарт ... газар эзэмших эрх үүсээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад “ нөхөн олгов” тэмдэг дарж, гэрчилгээ олгосон. ... Кадастрын зураг хийлгээгүй. ...  энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “ утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д “ түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх, илт хууль бус захиргааны акт “ гэж тодорхойлсон, , хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлээ  “ ... С.Т, С.Э нар нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нараас өмнө газар эзэмших хүсэлт гаргасан, ... хүсэлт гаргасан байршилд нь ...  Дүүргийн засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон учир нэхэмжлэгч нарт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй” гэж тайлбарлан   маргажээ.

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгч нарын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн  2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  ******* тоот болон ******* тоот газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын  тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд мөн  хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар[1] дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй , газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй , газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар нөхөн олгох ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх Засаг даргын шийдвэрийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С.Тт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж тоотод амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх ******* дугаар гэрчилгээ[2], мөн А.Б-д Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж 3-5 тоотод амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх ******* дугаар гэрчилгээ [3] -г тус тус олгосон болох нь тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд ******* тоот болон ******* тоот газар эзэмших гэрчилгээ олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг утга агуулгын илт алдаатай захиргааны акт гаргасан гэх буюу түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь иргэн С.Т, А.Б нарт  ******* тоот болон ******* тоот газар эзэмших  эрхийн гэрчилгээ олгосон нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

“Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай “ гэдэгт актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь ойлгомжгүй, тодорхой бус, тухайн захиргааны акт нь хуульд нийцээгүй байхыг хэлэх бөгөөд “ актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэгт тухайн актыг гаргаснаар хэрэгжих боломжгүй, үр дагаваргүй байхыг ойлгоно.

Гэтэл Сонгинохайрхан  дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийг үндэслэн С.Т, А.Б нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “ Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “ энэ хуулийн 29.1-д заасан ... газрыг эзэмшүүлэх шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана” 34 дүгээр зүйлийн 34.1-д “ ... газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн ... дүүргийн Газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр: Нэхэмжлэгч нарын  “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  27.4-т “ Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” , 31 дүгээр зүйлийн 31.3-т “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд С.Т нь 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ [4] гаргасан, дээрх хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  218 дугаар захирамжаар [5] С.Т-т Сонгиохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын ******* тоот хаягт байрлалтай нэгж талбар бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлсэн,  А.Б нь амины хашааны зориулалтаар эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилтын ******* тоот хаягт байрлалтай  700 м.кв газар эзэмших эрхийг С.Э-д шилжүүлэх хүсэлт гаргаж, улмаар 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ“ [6] байгуулсны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  218 дугаар захирамжаар [7] С.Э-д  Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын ******* тоот хаягт байрлалтай нэгж талбар  бүхий 700 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Харин “уг маргаан бүхий газарт 2011 оноос эхлэн очиж, хашаалсан гэх” нэхэмжлэгч Ц.Б,  Д.Цэрмаа, Ц.Батмөнх нар нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар  тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар нь энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байна.

Нэхэмжлэгч  Ц.Б, С.Л нарын 2011 оноос эхлэн хашаалж, дүүргийн Засаг даргад хандаж, газар эзэмших хүсэлт гаргасан газар нь  С.Э, С.Т нарын  / 2009 оны 1 дүгээр сарын архивын зурган  мэдээлэлд уг нэгж талбарын дугаар нь 18******* болж, давхцалгүйгээр өөрчлөгдөн бүртгэгдсэн/, нэгж талбарын дугаар бүхий газартай  давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2564 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.  

Эндээс үзэхэд энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгч нар нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гуравдагч этгээдээс түрүүлж гаргаагүй,, нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт гаргасан газар нь  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  218 дугаар захирамжаар С.Э, С.Т нарт эзэмшүүлсэн газартай давхцалтай байх тул  хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас бусдын эзэмших эрх нэгэнт үүссэн газарт давхцуулж, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь  2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  218 дугаар захирамжаар” түрүүлж хүсэлт гаргасан” гуравдагч этгээд  нарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул  нэхэмжлэгч нарын энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...захирамж хавсралтгүй, эзэмшил газрын хаяг, кадастрын зургийн нэгж талбарын дугаар зөрүүтэй гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл тайлбар нь хуулийн дагуу үүссэн гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн  2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  ******* тоот болон ******* тоот газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.БАТСҮРЭН

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 141, 144 дүгээр хуудсанд 

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 87-97, 102-103, 110-111 дугаар хуудсанд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 114, 148 дугаар хуудсанд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 87-97, 102-103, 110-111 дугаар хуудсанд