Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0654

 

 

Ш.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгч: Ш.А

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0024 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.А, өмгөөлөгч З.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 109/2023/0013

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.А-аас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч хандаж болно” гэж байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д “захиргааны байгууллагын гаргасан акт илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж байдаг. Арга хэмжээ авах тушаал гарснаас хойш ээлжийн амралттай, эмчийн акттай байсан учир 30 хоногт багтаан хандаж чадаагүй юм. Үүнийг нотлох баримтад байгаа төрийн албаны зөвлөлийн бичиг, ээлжийн амралтын баримт нотолдог. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлийг юу гэж хэлээд байна вэ гэхээр тухайн Засаг даргын Тамгын газрын дарга нь хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарыг зөрчсөн мөн бүрэн эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргасан нь илт хууль бус юм. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулахдаа нотлох баримтгүй худал, хүн гүтгэн доромжилсон төрийн сангийн тэмдэглэлүүдийг үндэслэсэн.

-Цаг баримталдаггүй гэж арга хэмжээ авч байгаа бол цагийн бүртгэлээс хасаж, цалингаас суутгасан байх ёстой. Гэтэл миний цагийн бүртгэл бүтэн, цалин бүтэн олгогдсон байдаг. Цаг баримталдаггүй гэж гүтгэж байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Төрийн сангийн тэмдэглэлд, төрийн сангийн тэмдэглэлийг хөтөлж гарын үсэг зурсан хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тасалсан гэдэг нь худал. Тухайн өдөр Сангийн яамны сургалтад сууж байсан бөгөөд дотоод хяналтын эрхээр бүх төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт гүйлгээ цахим болгох эрхийг олгож ажилласан. Үүнийг төрийн сангийн 2 дахь тэмдэглэлд Тамгын газрын дарга Ц.Б сургалтад сууж байсан, намайг дуудахад ороод ирсэн гэж хэлж тэмдэглүүлсэн нь нотолдог. Мөн 04 дүгээр сарын 28-ны өдөр эмчийн акттай байхад ажлаа тасалсан гэж худал тэмдэглэсэн байдаг. Энэ өдөр н.Ц-О-ын доромжлолоос болоод ажилд очиж чадаагүй. Акт нотлох баримтад байгаа.

-Харилцагч байгууллагуудтай удаа дараа ёс суртахуунгүй харьцсан гэдэгт тайлбарлахад харилцагч байгууллагуудтай ёс суртахуунгүй харьцсан удаа байдаггүй, байгууллагуудаас ёс суртахуунгүй харьцлаа гэсэн гомдол, албан бичиг огт байдаггүй. Үүнийг нэхэмжлэлд байгаа Засаг даргын Тамгын газарт албан байгууллагуудаас ирсэн бичгийн хуулбар нотолно. Ингэж гүтгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглосон” хуулийг зөрчсөн.

-Хамт олонтой удаа дараа ёс суртахуунгүй харьцсан гэдэгт тайлбарлахад н.Ц-О-оос өөр хамт олонтой маргасан зүйл байхгүй гэтэл удаа дараа гэж арга хэмжээ авсан. Засгийн газрын 33 дугаар тогтоолын 6.3-д “төрийн албан хаагчийн ёс зүйг тухайн байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөл тогтоол гарган шийднэ” гэж байдаг. Гэтэл ёс зүйн зөвлөлөөс миний ёс зүйг хэлэлцсэн тогтоол байдаггүй. Байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлд надтай холбоотой гомдол огт байгаагүй.

-Засгийн газрын 33 дугаар тогтоолын 1.1-д “энэхүү дүрмийн гол зорилго нь албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд оршино, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1-д “төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх” гэж байдаг бөгөөд энэ үгийг би албан байгууллага дээр хэлээгүй, албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэлээгүй учир ёс зүйгүй гэж үздэггүй. Энэ өдөр эмчийн акттай байсан. Акт нотлох баримтад байгаа. н.Ц-О-той маргасан талаар товчхон тайлбарлахад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр яамнаас цалингийн гүйлгээ цахим болгох сургалт болсон. Сургалт орой 18 цагт тараад өрөө рүү ороход н.Ц-О намайг доромжилсон. Тухайн өдрийн бүх гүйлгээг баталж дуустал намайг доромжилсон. Энэ доромжлолоос нь болоод маргааш нь буюу 04 дүгээр сарын 28-ны өдөр бие өвдөөд ажилд очиж чадаагүй. Энэ өдөр н.Ц-О чатаар гүйлгээ батал, ажлаа хийхгүй ажил таслаад байна гэж тушааж доромжилсон. Намайг чатаар доромжилсон гэдэг нь н.Ц-О-ын өөрийнх нь мэдүүлэг нотолдог. Энэ хүнд дотоод хяналт, ахлах мэргэжилтэнд гүйлгээ батал гэж тушаах эрх байдаггүй. Миний ажлыг Сангийн яамнаас хянадаг. н.Ц-О-ын энэ өдрүүдийн үйлдлүүдээс нь харахад гүйлгээг цахим болгохоор ажилгүй болох нь гэж айсан нь тодорхой харагддаг. Дараа нь н.Ц-О надаас уучлал гуйсан. Би ч онцгүй үг хэлсэндээ уучлал гуйсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс суртахууны тухай хуульд эхлээд уучлалт гуйлгана гэж байдаг.

3.2. Хагас жилийн үр дүнг хангалтгүй биелүүлсэн гэдэгт тайлбарлахад: Нотлох баримтад байгаа Сангийн сайдын 90 дүгээр тушаалын дагуу төрийн сангийн ажилчдын албан тушаалын тодорхойлолт гарах ёстой. Энэ тушаалын эхний нүүрэнд бүх төрийн сангийн ажилчид дагаж мөрдөхийг үүрэг болгосон байдаг. Хэлтсийн дарга миний хагас жилийн үнэлгээний хуудсыг 80% үнэлсэн. Дараа нь хууль зүйн хэлтсийн даргын нэр буруу байна засаад гарын үсгээ зураад өг, энэ үнэлгээг хуулж бичээд үнэлгээний хүмүүсээр гарын үсгийг нь зуруулна гэсэн. Засаж хэвлээд гарын үсгээ зурж өгсөн F болгож санаатайгаар оноо буруулсан. Тухайн үед Тамгын даргад хандаж байсан боловч миний хагас жилийн үнэлгээг зөвөөр үнэлүүлж өгөөгүй. Засгийн газрын 301 дүгээр тогтоолын 5.1-д “нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг хянана” гэсний дагуу төлөвлөгөөний биелэлт дээр би 100% гэж дүгнэж хийсэн ажлаа бодитой нотолгоонд суурилж үнэлснийг хэлтсийн дарга гарын үсгээ зурж баталгаажуулсан. Төлөвлөгөөний биелэлт, үнэлгээний хуудас хоёрын оноо нь ижил байх ёстой. Засгийн газрын 301 дүгээр тогтоолын 1.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан зарчмаас гадна нотолгоонд суурилсан, бодитой, шударга, ил тод байх зарчмыг баримтална” гэж байдаг. Гэтэл хэлтсийн дарга нь миний үр дүнг үнэлэхдээ ямар ч бодитой нотолгоо үндэслээгүй санаатайгаар үр дүнгийн онооноос хассан. Нотлох баримтад хэлтсийн дарга дотоод хяналтын үр дүнгийн үнэлгээг би ганцаараа үнэлсэн гэсэн гарын үсэгтэй тайлбар нь байдаг. Энэ нь нотлох баримтгүй худал тайлбар байдаг.

Төлөвлөгөөний биелэлтийн 1.1.1-д журнал ваучераар залруулгын бичилт хийх, орлого хаах ажлыг хагас жилд хийх ёстой бүгдийг нь хийсэн. Гэтэл үүнээс ямар бодитой нотлох баримт үндэслэж оноо хасаж байгаа нь тодорхойгүй байдаг. Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.1-д сумдаар явах ажлын удирдамжийг хэлтсийн даргын зөвлөснөөр боловсруулж орлогч даргаар батлуулсан. Хэлтсийн даргаас батлуулсан удирдамжаас аль хэсгийг нь шалгалгүй үлдээсэн, ямар суманд зөвлөгөө өгөөгүй гэж оноо хасаж байгааг асуухад тайлбар өгч чадахгүй байсан. Хэлтсийн дарга сумдаар цуг явсан бөгөөд юу болж байгааг мэдэх чадваргүй согтуу байсаар ирсэн бөгөөд томилолтын мөнгө авсан.

Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.2-т тухайн үед батлуулсан төлөвлөгөөт хуваарийн дагуу бүх сумдаар явж дуусаагүй байсан. 9, 10 дугаар сард явж дуусах байсан. Бүх сумдаар явж дууссаны дараа тайланг нэгтгэж Засаг даргад танилцуулдаг. Тайланг танилцуулсны дараа зөрчил арилгуулах бичиг явуулах эсэхийг шийддэг учир бичиг явуулах хугацаа болоогүй байсан. Хугацаа болоогүй зүйлийг төлөвлөгөөний биелэлтийн оноо, тоонд оруулдаггүй. Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.3-д 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Сангийн яамнаас цалингийн гүйлгээ цахим болгох сургалт хийсэн. Энэ сургалт төлбөр тооцоотой холбоотой сургалт учир дотоод хяналтын төлбөр тооцооны сургалтад ордог. 04 дүгээр сарын 27-ны өдөр бүх байгууллагууд хамрагдсан бөгөөд би энэ сургалтад бүх байгууллагуудад цалингийн гүйлгээ цахим болгох эрхийг олгож ажилласан. Энэ сургалтын дараа цалингийн цахимтай холбоотой гүйлгээг аймгийн хэмжээнд хариуцуулж үлдээсэн. Ийм учир дотоод хяналтын сургалтад ордог. Дараа нь хэлтсийн дарга энэ сургалтыг дахиж сумдаар бүсчилсэн сургалт хий гэхээр нь дахиж сургалт хийх шаардлага байгаагүй 100% биелсэн байсан учир яваагүй. Хэлтсийн төлөвлөгөөнд сумдаар бүсчилсэн сургалт хийх хүмүүсийн нэрд миний нэр байдаггүй.

Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.6-д албан тушаалын тодорхойлолтын дагуу шилэн дансны төлөвлөгөө гарган батлуулсан байхад санаатайгаар онооноос хассан.

Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.7-д төрийн албаны цалингийн нэгдсэн системийн хэрэгжилтэд зөвлөгөө өгөх: Үүнд цалингийн цахимтай холбоотой зөвлөгөө өгсөн. Сангийн яамнаас программд харагдаж байгаа зүйлээр зөвлөгөө өг гэсэн. Ингээд программд харагдаж байгаа зүйлээр зөвлөгөө өгсөн. Зөвлөгөө өгч чадахгүй байна гэсэн гомдол огт байгаагүй. Гэтэл хэлтсийн дарга нягтлан бодогч нарт цалин бодоход нь зөвлөгөө өгсөнгүй гэж оноо хассан. Цалин бодох программ нь дотоод хяналтад байдаггүй, Сангийн сайдын 90 дүгээр тушаалд төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт ерөнхий нягтлан бодогч, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн нар зөвлөгөө өгнө гэж байдаг.

Төлөвлөгөөний биелэлтийн 1.3.3-д ирсэн албан бичгийн хүсэлтийг үндэслэн татварын хэлтсийн 468 дансны 19 сум бүрээр хуулга харах эрх нээсэн гэж ирсэн нотлох баримтад суурилж төлөвлөгөөний биелэлт дээр бичсэн байхад оноо хассан. Өмнөх захиргааны хэргийн баримтад хэлтсийн даргын дотоод хяналтын төлөвлөгөөний биелэлтэд өгсөн тайлбарт ирсэн бичигт хариу бичиг явуулж чаддаггүй ихэнхийг нь хэлтэс засаж явуулж байсан гэж худал хариу бичсэн байдаг. Дотоод хяналт бичгийн хариу явуулдаггүй. Хэлтсийн дарга ирсэн бичгийн хариуг өөрөө гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулж явуулдаг.

Төлөвлөгөөний биелэлтийн 1.3.5-д байгууллагаас зохион байгуулсан ажилд оролцох: Үүнд хуралд суугаагүй гэж оноо хассан. Хуралд бүгдэд нь суусан. Үүнийг нотлох баримтад байгаа санхүү, төрийн сангийн тэмдэглэлүүдэд миний үг хэлж тэмдэглүүлсэн хэсэг, миний гарын үсэг зурсан нь нотолдог.

Төлөвлөгөөний биелэлтийн 1.4.2-т портал систем дээр ажиллаж сураагүй гэж оноо хассан. Цахим болгох портал системийн хэрэглэгчийн нэр, нууц үг нь олгогдоогүй бүх аймгуудад хэрэглэж эхлээгүй байсан.

3.3. Хэлтсийн дарга нь дотоод хяналтын үнэлгээг нягтлан бодогч нараар үнэлүүлсэн гэдэг. Нягтлан бодогч дотоод хяналтын ажлыг үнэлдэггүй. Сайдын 65 дугаар тушаалд төрийн сангийн үйл ажиллагааны талаар төсвийн байгууллагаас авах санал асуулгын хуудас буюу 65 дугаар тушаалын хавсралт 3-ийг дотоод хяналт зохион байгуулж авна гэж байдаг. Гэтэл үүнийг дотоод хяналтын оролцоогүй авч баримтуудыг зассан. Харах гэхээр харуулаагүй.

Хэлтсийн дарга үр дүнг нотлох баримтгүй, санаатайгаар буруу үнэлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд нийцээгүй үүрэг даалгавар өгөх, биелүүлэхийг шаардахыг хориглох”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглох”, Засгийн газрын 301 дүгээр тогтоолын 1.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан зарчмаас гадна нотолгоонд суурилсан, бодитой, шударга, ил тод байх зарчмыг баримтална”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т тусгагдсан хуулиудыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д захиргааны актын аль нэг хэсэг нь хууль бус болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус болно гэж байдаг.

Хагас жилээр биелүүлээгүй төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцэст биелүүлэх боломжтой байдаг. Иймд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, ээлжийн амралтын мөнгөнөөс 40 хувийг суутгасан дүнг буцаан олгож өгнө үү. Амралтын мөнгөнөөс 40 хувийг суутгасан гэдэг нь баримтад байгаа нийгмийн даатгалын хуулбараас тодорхой харагддаг” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.А-ыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон бөгөөд маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар “2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А-д 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

2.2. Нэхэмжлэгчээс “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сахилгын шийтгэл ногдуулахдаа нотлох баримтгүй, худал, гүтгэн доромжилсон төрийн сангийн тэмдэглэлүүдийг үндэслэсэн, тухайн Засаг даргын Тамгын газрын дарга нь хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарыг зөрчсөн, мөн бүрэн эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргасан”, мөн “Хэлтсийн дарга миний хагас жилийн үнэлгээний хуудсыг 80 хувиар үнэлсэн байдаг. Дараа нь хууль зүйн хэлтсийн даргын нэр буруу байна засаад гарын үсгээ зураад өг, энэ үнэлгээг хуулж бичээд үнэлгээний хүмүүсээр гарын үсгийг нь зуруулна гэсэн. Засаж хэвлээд гарын үсгээ зурж өгсөн ба F болгож санаатайгаар оноо буруулсан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.3. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж “...нэхэмжлэгч Ш.А-ын хувьд 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудсаар гүйцэтгэлийн үнэлгээг нийт 58.08 хувиар F буюу хангалтгүй гэж үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд эрх бүхий этгээдийн зүгээс эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хууль зүйн үндэслэлээр тогтоогдож байхад тухайн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн дүгнэх боломжгүй” гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ш.А 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх үнэлгээгээр 58.08 хувь буюу F буюу “хангалтгүй” үнэлэгдсэн, түүнчлэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр, 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар, 06 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар, 06 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлүүдээс гадна хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Х, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М, Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.М, Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн Л.Б, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ц-О нарын гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Ш.А хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.

2.5. Тодруулбал, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.3-д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

2.6. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл 80 хувиар үнэлэгдсэн болон түүнийг зориудаар бууруулж тэмдэглэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 137 дугаар магадлалаар хэдийгээр маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаагүй байх боловч тус магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан байсан зөрчлийг няцаан үгүйсгээгүй талаар дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН