Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1816

 

Г.Мядагсүрэнгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01556 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Мядагсүрэн,

Хариуцагч Ц.Цэцэгмаад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мядагсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ц.Цэцэгмаатай барьцаат зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хуагцаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаа болгож Ц.Цэцэгмаа, түүний хүү гэх В.Даваадорж нарын хамтын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж 301 дүгээр байрны 43 тоотод орших Улсын бүртгэлийн Ү-2205057050 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 45 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгосон. Талууд хуульд заасан шаардлагын дагуу зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан. Зээлдэгч Ц.Цэцэгмаад 6 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр өгч, зээлдэгчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Ц.Цэцэгмаа нь тус зээлийг богино хугацаанд ашиглана, яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэж авсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацааны хүүгийн төлбөрт 1 581 600 төгрөгийг төлсөн.

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлсөнгүй. Түүнээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч элдэв шалтаг тоочин, хугацаа авч аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Иймд Ц.Цэцэгмаагаас талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр болох 6 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 187 хоногийн зээлийн хүүнд 2 880 000 төгрөг, зээлийн төлбөр төлөхгүй хугацаа хэтрүүлсэн 187 хоногийн алдангид 3 000 000 төгрөг, нийт 11 880 000 төгрөгийг Ц.Цэцэгмаа, В.Даваадорж нарын зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. 

Энэ хугацааны хүүнд ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төл гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Гэтэл өвөл болж байгаа ба бид мод оруулж ирж зарж байгаад зээлээ өгнө гэж тайлбар хэлдэг байсан. Цагаан сар боллоо зээлээ барагдуул гэхэд тэтгэврийн зээл аваад өгнө гэх мэтээр шалтгаанууд хэлдэг байсан. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд 11 880 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан. Үндсэн зээлд 6 000 000 төгрөг, хүү 2 880 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 11 880 000 төгрөг болж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Г.Мядагсүрэнгээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зээлж авсан 6 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй байгаа бөгөөд миний хувьд тэтгэврээс өөр орлого байхгүй учраас тэтгэврийн зээл авч энэ мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны дотор төлж барагдуулна гэж бодож байна. Харин нэхэмжлэгчийн зээлийн хүүнд 2 880 000 төгрөг тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, бид анх зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүү төлөхөөр байгуулсан ба энэ хугацааны хүүгээ ч төлж дуусгасныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Түүнчлэн, зээлийн гэрээг сунгаж, нэмж хүү төлөхөөр бид тохиролцоогүй. Тухайн үед өөрийн ганц хүүгээ Японд сургалтанд явуулахын тулд мөнгөний хэрэгцээ байсан болохоор энэ байдлаас болж нийтээр тогтсон жишгээс өндөр хүүтэй зээлийг хувь хүнээс авч өөртөө хохиролтой хэлцэл хийсэн гэж үзэж байгаа учраас үндсэн зээлийн үнийн дүнгээс өмнө нь зээлийн хүүд илүү төлсөн мөнгийг хасан тооцуулахаар шүүхэд хандах хүсэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсний алдангид 3 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сард 250 000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүний хувьд миний бүтэн жилийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг алдангид төлөхөд үнэхээр хэцүү байна. Уг нь би анх хүүхдээ гадаадад сургуульд явуулах гэж 1 000 000 төгрөгийн зээл авах хэрэгцээ байсан юм. Тэгтэл миний танил н.Дарханзул “та нэгэнт зээл авч байгаа юм чинь надад 5 000 000 төгрөгийг аваад өгчих, эргээд хугацаанд нь төлнө” гээд гуйгаад байхаар нь Г.Мядагсүрэнгээс нийт 6 000 000 төгрөгийг зээлж аван, үүнээс түүнд 5 000 000 төгрөгийг өгсөн. Ингээд н.Дарханзул нь авсан мөнгөө буцааж төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл мөнгөө эргэж төлөлгүй байсаар ингэж хугацаа хэтрэхэд хүрлээ.

Иймд миний бие шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн мөнгийг багасгаж өгөхийг хүсч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхнаасаа 250 000 төгрөгийн орлоготой тэтгэврийн насны хүн энэ зээлийг яаж төлөх юм бэ гэж хэлж байна. Иргэний эрх зүй болон санхүүгийн эрх зүйн харилцаанд нас зааж зээл олговол хүний эрхийг зөрчсөн асуудал болно. Зээлдүүлэгч хувь хүний хэрэгцээ, баталгаат барьцаа хөрөнгө байсан тул зээлийн гэрээ байгуулсан. Угаасаа тэтгэврийн насны хүн гэдэг нь харагдаж байгаа. Түүнээс биш орлогоос нь давсан зээлийг хүчээр тулгаж өгсөн зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цэцэгмаагаас 8 787 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мядагсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 092 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө, 301 дүгээр байрны 43 тоотод байрлах 000374116 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205057050 тоот улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 155 551 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг үндэслэн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон алдангийн хэмжээ нь хариуцагчийн хувьд илт хохиролтой байдал тогтоогдсон гэж үзэн хүү, алдангийг 1 000 000 төгрөг болгон бууруулж өгөх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Хариуцагч энэхүү хүсэлттэй холбогдуулан өөрийн сарын орлогын талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байна. Гэтэл шүүхээс хариуцагч нь хүсэлттэйгээ холбоотой нотлох баримтыг гаргаагүй, гэрээний дагуу хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, зээлийн гэрээний энэхүү үүрэг биелэгдсэн гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч нь сард 250 000 төгрөгийн тэтгэвэр авдаг, тэтгэврээс өөр орлогогүй тул зээлийн хүүг сарын 480 000 төгрөгөөр тогтоосон нь гэрээний нэг талын эрх ашгийг харгалзан үзээгүй, мөн алдангийн хэмжээ нь хариуцагчийн төлж чадах хэмжээнээс хэтэрсэн, бодит байдалд нийцээгүй зэрэг гэрээний талуудын эрх зүйн тэгш бус байдлыг шүүхээс харгалзан үзэлгүй хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан хүү болон алдангийн хэмжээг бууруулах тухай хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Г.Мядагсүрэн нь Ц.Цэцэгмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 880 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Ц.Цэцэгмаа нь 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлдүүлэгч Г.Мядагсүрэнтэй харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Ц.Цэцэгмаа, В.Даваадорж нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энхтайваны өргөн чөлөө гудамж, 301 дүгээр байрны 43 тоот, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг байгуулж, гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн мөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-6,7/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний дагуу хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацаанд 1 581 600 төгрөг төлснийг зээлдүүлэгч хүлээн авснаа зөвшөөрсөн бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний дагуу 3 сарын хүүд  1 440 000 /480 000*3/ төгрөг төлөх үүргээ биелүүлсэн байна.

Харин талууд дээрх гэрээг бичгээр сунгаагүй тул хүү тогтоосон бол бичгээр хийх шаардлагыг хангаагүй гэж үзэх ба хүү шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн 2 880 000 төгрөгийн хүү шаардсан нэхэмжлэлийн хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Зээлийн гэрээний 2.6-д “зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх бөгөөд нэхэмжлэгч хууль болон гэрээний дагуу алданги шаардах эрхтэй.

Зээлдэгчээс зээлийн төлбөрт 1 581 000 төгрөг төлсний 141 600 төгрөгийг /1 581 000-1 480 000/ үндсэн зээлд тооцвол зээлдэгч 5 858 400 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй, зээлийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгах гэрээний үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Иймд гэрээний 2.6-д зааснаар 5 858 400 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээс хоног тутам 0,5 хувиар алданги тооцвол 187 хоногийн 5 477 604 төгрөг болох ба шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн уг дүнгийн 50 хувиар тооцож 2 928 200 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр агуулгыг өөрсдөө тодорхойлж, харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан тул гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах бөгөөд төлбөрийн чадваргүй гэх тайлбар нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгээр алдангийн хэмжээг багасгаж болох эрх шүүхэд олгогдсон боловч зээлийн хүүг 8 хувиар тогтоосон нь хэт өндөр, зээлдэгчид хохиролтой, сарын 250 000 төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй, төлбөрийн чадваргүй байдал зэргийг харгалзан алдангийн хэмжээг багасган тогтоохыг хүссэн тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй, анзын хэмжээ хэт их гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг энэ үндэслэлээр өөрчлөх үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ