Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01556

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01556

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 269 тоотод оршин суух, эмэгтэй, 49 настай, ЙП68020702 регистртэй, Боржигон ургийн овогт Гомбосүрэн овогтой Мядагсүрэнгийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, Голден парк хотхон, 301 дүгээр байрны 301 тоотод оршин суух, эмэгтэй, 57 настай, ХМ60041922 регистртэй, Харнууд ургийн овогт Цэгмэд овогтой Цэцэгмаад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.880.000 /арван нэгэн сая найман зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Мядагсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ц.Цэцэгмаатай барьцаат зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хуагцаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаа болгож Ц.Цэцэгмаа, түүний хүү гэх В.Даваадорж нарын хамтын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж 301 дүгээр байрны 43 тоотод орших Улсын бүртгэлийн Ү-2205057050 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 45 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгосон. Талууд хуульд заасан шаардлагын дагуу зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан. Зээлдэгч Ц.Цэцэгмаад 6,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр өгч, зээлдэгчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Ц.Цэцэгмаа нь тус зээлийг богино хугацаанд ашиглана, яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэж авсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 24-нийг хүртэлх 3 сарын хугацааны хүүгийн төлбөрт 1,581,600 төгрөгийг төлсөн. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээ төлөх нь бүү хэл зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон хүүгийн төлбөрт нэг ч төгрөгийн хүү төлсөнгүй. Түүнээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч элдэв шалтаг тоочин хугацаа авч аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Иймд Ц.Цэцэгмаагаас талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр болох 6,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 187 хоногийн зээлийн хүүнд 2,880,000 төгрөг, зээлийн төлбөр төлөхгүй хугацаа хэтрүүлсэн 187 хоногийн алдангид 3,000,000 төгрөг, нийт 11,880,000 төгрөгийг Ц.Цэцэгмаа, В.Даваадорж нарын зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. Энэ хугацааны хүүнд ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төл гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Гэтэл өвөл болж байгаа ба бид мод оруулж ирж зарж байгаад зээлээ өгнө гэж тайлбар хэлдэг байсан. Цагаан сар боллоо зээлээ барагдуул гэхэд тэтгэврийн зээл аваад өгнө гэх мэтээр шалтгаанууд хэлдэг байсан. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд 11,880,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан. Үндсэн зээлд 6,000,000, хүү 2,880,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийт 11,880,000 төгрөг болж байна гэв.

Хариуцагч Ц.Цэцэгмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь Г.Мядагсүрэнгээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зээлж авсан 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй байгаа бөгөөд миний хувьд тэтгэврээс өөр орлого байхгүй учраас тэтгэврийн зээл авч энэ мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны дотор төлж барагдуулна гэж бодож байна. Харин нэхэмжлэгчийн зээлийн хүүнд 2,880,000 төгрөг тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид анх зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүү төлөхөөр байгуулсан ба энэ хугацааны хүүгээ ч төлж дуусгасныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Түүнчлэн, зээлийн гэрээг сунгаж, нэмж хүү төлөхөөр бид тохиролцоогүй. Тухайн үед өөрийн ганц хүүгээ Японд сургалтанд явуулахын тулд мөнгөний хэрэгцээ байсан болохоор энэ байдлаас болж нийтээр тогтсон жишгээс өндөр хүүтэй зээлийг хувь хүнээс авч өөртөө хохиролтой хэлцэл хийсэн гэж үзэж байгаа учраас үндсэн зээлийн үнийн дүнгээс өмнө нь зээлийн хүүд илүү төлсөн мөнгийг хасан тооцуулахаар шүүхэд хандах хүсэлтэй байна. Тиймээс үүнтэй холбоотой сөрөг шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд удахгүй гаргах болно. Мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсний алдангид 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сард 250,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүний хувьд миний бүтэн жилийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг алдангид төлөхөд үнэхээр хэцүү байна. Уг нь би анх хүүхдээ гадаадад сургуульд явуулах гэж 1,000,000 төгрөгийн зээл авах хэрэгцээ байсан юм. Тэгтэл миний танил н.Дарханзул “та нэгэнт зээл авч байгаа юм чинь надад 5,000,000 төгрөгийг аваад өгчих, эргээд хугацаанд нь төлнө” гээд гуйгаад байхаар нь Г.Мядагсүрэнгээс нийт 6,000,000 төгрөгийг зээлж аван, үүнээс түүнд 5,000,000 төгрөгийг өгсөн. Ингээд Дарханзул нь авсан мөнгөө буцааж төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл мөнгөө эргэж төлөлгүй байсаар ингэж хугацаа хэтрэхэд хүрлээ. Иймд миний бие шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн мөнгийг багасгаж өгөхийг хүсч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхнаасаа 250,000 төгрөгийн орлоготой тэтгэврийн насны хүн энэ зээлийг яаж төлөх юм бэ гэж хэлж байна. Иргэний эрх зүй болон санхүүгийн эрх зүйн харилцаанд нас зааж зээл олговол хүний эрхийг зөрчсөн асуудал болно. Зээлдүүлэгч хувь хүний хэрэгцээ, баталгаат барьцаа хөрөнгө байсан тул зээлийн гэрээ байгуулсан. Угаасаа тэтгэврийн насны хүн гэдэг нь харагдаж байгаа. Түүнээс биш орлогоос нь давсан зээлийг хүчээр тулгаж өгсөн зүйл ерөөсөө байхгүй гэжээ.                     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:        

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ц.Цэцэгмаа нь Г.Мядагсүрэнгээс сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 6,000,000 төгрөг авсан. Гэрээний хугацаанд 8 хувийн хүү нь сарын 480,000 төгрөг болж байгаа. Нийт 1,440,000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагч 1,581,600 төгрөг төлсөн. Хүүнд 141,600 төгрөгийг илүү төлсөн гэж тооцож байгаа. Иймд энэ мөнгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байгаа юм. Хүү 2,880,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэрээний 2.7 дахь хэсэгт заасан 187 хоногийн алданги шаардаж байгаагаас 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Анх зээл авах шалтгаан нь хүүгээ гадагшаа сургуульд явуулахын тулд 1,000,000 төгрөг хэрэгтэй болоход таньдаг хүн нь нэг мөр 5,000,000 төгрөгийг нэмээд зээлчих гэж хэлсний дагуу зээл авсан боловч нөгөө хүн нь одоо болтол мөнгөө төлөхгүй байгаа юм билээ. Хариуцагчийг зээл төлөхгүй хугацаа авах гэж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавьсан байсан тул үүргийн гүйцэтгэлийг 1 сарын дотор хангуулах боломж байсан. Зээлдүүлэгчийг өөртөө ашигтай байдлаар хүнд мөнгө зээлүүлэн ашиг орлого олох ёсгүй гэж үзэж байгаа юм. Иймд алданги 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хуулинд хүүгээс анз тооцохгүй гэж байдаг. Нэгэнт хүүгээ төлсөн байгаа тул илүү төлсөн мөнгөө шаардах нь зүй ёсны хэрэг юм. Нэхэмжлэгч тал анхнаасаа тэтгэврийн насны хүнтэй гэрээ байгуулан, сарын 250,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүнд зээл олгосон ба зээлдэгч өөрийнхөө бодит байдлаа тайлбарлан хэлж байсан болохоос биш төлбөрөө төлөхгүй хугацаа аваад байсан зүйл байхгүй. Зээлдүүлэгч эрсдэл талаасаа хараад эргэн төлөлт хийх боломжтой эсэхийг харах ёстой байсан гэдэг утгаар хэлж байгаа юм. Угаасаа орлогыг судалсан байх ёстой. Банк хүртэл зээл олгохдоо зээлдэгчийн бүх мэдээллийг авч, эрсдлээ тооцон зээл олгодог. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсгийг баримтлан хүүнээс анз тооцсон байна гэж үзэж байгаа юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мядагсүрэн нь хариуцагч Ц.Цэцэгмаад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 11,880,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх боловч Зээлийн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг дахин шинэчилж сунгаагүй, гэрээний хугацаанд зээлдэгчийн зүгээс хүүгийн төлбөрийг бүрэн төлж, 141,600 төгрөг илүү төлсөн гэж тайлбарлан, зээлийн хүүгийн төлбөрт шаардсан 2,880,000 төгрөг, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэх 187 хоногийн алданги 3,000,000 төгрөгийн төлбөр зэрэг шаардлагуудыг эс зөвшөөрч маргасан.

Тодруулбал, зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон учир шүүхээс зээлийн хүүг багасгаж, үндсэн зээлээс хасч тооцохыг, мөн алданги тооцон шаардаж байгааг хариуцагчийн хүлээж чадах хэмжээнээс хэтэрсэн, бодит нөхцөл байдалтай нийцээгүй өндөр хариуцлага шаардсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцыг барьцаагаар давхар хангуулсны хувьд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй үеэс эхлэн нэг сарын боломжит хугацааны дотор өөр шаардлагыг хуульд заасан журмын дагуу хангуулах боломжтой байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 187 хоногийн алданги 3,000,000 төгрөгийг 1,000,000 төгрөг болгон багасгахыг тус тус хүсч байна.

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Г.Мядагсүрэн нь 6,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар, зээлийн хугацаанд сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тусгаж, зээлийн гэрээг байгуулсан өдрөө Үл хөдлөх эд хөрөнгө Барьцааны гэрээ байгуулан, зээлдэгч Ц.Цэцэгмаа, В.Даваадорж нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энхтайвны өргөн чөлөө гудамж 301 дүгээр байрны 43 тоот дахь 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. /хх 6-7/

Зохигчдын байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зээлдүүлэгч Г.Мядагсүрэн нь зээлийн гэрээний дагуу 6,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Цэцэгмаад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон барьцааны гэрээнд мөнгө бэлнээр хүлээн авсан болохыг баталгаажуулсан зээлдэгч Ц.Цэцэгмаагийн бичвэр зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээний хугацааг сунгаагүй байх бөгөөд хариуцагч Ц.Цэцэгмаа нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 346,600 төгрөг, 7 дугаар сарын 27-ны өдөр 250,000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 235,000 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 8 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөг гэх зэргээр бүгд 6 удаагийн шилжүүлгээр нийт 1,581,600 төгрөгийн төлөлтийг Самдан Отгон гэгчийн ХААН банк дахь 5029453907 тоот дансаар төлж байсныг зээлийн хүүгийн төлбөрт тооцсон болох нь депозит дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 9-11/

Зээлдэгчийн нэг сард төлвөл зохих хүүгийн төлбөр 480,000 төгрөг ба дээрх баримтуудыг үндэслэн хүүгийн төлбөр төлөлтийг тооцвол: 2016 оны 6 дугаар сард 2 удаагийн төлөлтөөр 496,600 төгрөг, 7 дугаар сард 2 удаагийн төлөлтөөр 485,000 төгрөг, 8 дугаар сард мөн 2 удаагийн төлөлтөөр 600,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Хариуцагч Ц.Цэцэгмаа нь тийнхүү зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахын зэрэгцээ, 141,600 төгрөгийг илүү төлсөн байх тул нэхэмжлэгч Г.Мядагсүрэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,000,000 төгрөгөөс хүүгийн төлбөрт илүү төлөгдсөн 141,600 төгрөгийг хассанаар 5,858,400 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Харин зээлдэгч нэгэнт гэрээнийн хугацаанд төлвөл зохих хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэрээний хугацаа дууссанаас хойш талууд гэрээг дахин сунгаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 187 хоногийн хүүгийн төлбөрт 2,880,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн гэрээний хүү зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон гэж тайлбарлан, хүүгийн хэмжээг багасгуулахыг хүссэн боловч зээлийн гэрээний энэхүү үүрэг биелэгдсэн, хариуцагч өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ хийж, гэрээний дагуу хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, шүүхэд гаргаж буй хүсэлттэйгээ холбоотой нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, маргаан бүхий зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт “... зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутуамд ..... алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тохирсон байх бөгөөд, гэрээний уг заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлдүүлэгч Г.Мядагсүрэнгийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны 187 хоногийг 0,5 хувийн алданги /хоногт 29,292 төгрөг/ тооцвол алданги 5,477,604 төгрөг болж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, алдангийг нийт гүйцэтгээгүй үүрэг болох 5,858,400 төгрөгийн 50 хувиар тооцон 2,929,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Ц.Цэцэгмаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож, сард 250,000 төгрөг тэтгэвэр авдаг учир алдангийн хэмжээ хариуцагчийн хүлээж чадах хэмжээнээс хэтэрсэн, бодит нөхцөл байдалтай нийцээгүй өндөр хариуцлага даалгаж байгаа бөгөөд гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хэтрүүлсэн нь үнэн боловч орон сууцаа давхар барьцаалуулсан байхад зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг боломжит хугацаанд шаардалгүй хугацаа алдсан буруутай гэх агуулга бүхий үндэслэл заан, алдангийн хэмжээг хуульд зааснаар 1,000,000 төгрөг болгон багасгахыг хүссэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байдаг боловч хариуцагч Ц.Цэцэгмаа нь зээлийн төлбөр төлөх боломжгүй байсан талаар шүүхэд гаргасан тайлбараа баримтаар хангалттай нотлоогүй, мөн хариуцагчид анзын хэмжээ илт хохиролтой байдал тогтоогдохгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу анзын хэмжээг багасгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх Г.Мядагсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,092,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8,787,600 төгрөгийг хариуцагч Ц.Цэцэгмаагаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэлээ.

Зээл болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр, нэхэмжлэгч эдгээр гэрээний дагуу шаардах эрхтэй тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө, 301 дүгээр байрны 43 тоотод байрлах 000374116 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205057050 тоот улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХМ60041922 регистртэй Харнууд ургийн овогт Цэгмэд овогтой Цэцэгмаагаас 8,787,600 /найман сая долоон зуун наян долоон мянга зургаан зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЙП68020702 регистртэй Боржигон ургийн овогт Гомбосүрэн овогтой Мядагсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,092,400 /гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө, 301 дүгээр байрны 43 тоотод байрлах 000374116 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205057050 тоот улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 155,551 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА