Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

            Шүүгдэгч: А.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Ц.О,

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: Т.О,

            Иргэний хариуцагч: Б.Б,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт А Бөд холбогдох 2128000970062 дугаартай нэг хавтаст хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Ө аймгийн Б О Эмчилгээний төвийн эзэмшлийн 0000 ӨМА улсын дугаартай "Нуundai Сгаnd Stагех” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, Ө аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай автозамын 29 дэх километрт явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Оын эрүүл мэндэд сээрний 4 болон, 11 дүгээр нугалмуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр жижүүртэй хоноод маргааш өглөө нь гэртээ байхад ажлаас дуудсан. Улаанбаатар хот руу явж байгаад зам тээврийн осол гаргасан. Тэмээ зам дээр байгаагүй. Зам давж гарч ирсэн. Тэмээ дайрах гэхээр нь рулиэ мушгиж ойчсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Аймгийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу ковид өвчин туссан хүн хүргэхээр жолооч Бийн хамт Даас 22 цагийн үед хөдөлсөн. Тухайн үед Эрүүл мэндийн дарга Шижиртуяа утасдаж одоо хурдан яв. Бензинээ аваад яв гэсэн. Тухайн хүн хөнгөн зэргийн халдвартай байсан. Хаалга өнгөрөөд явж байгаад жолооч “Тэмээ гарч ирлээ” гэж хэлсэн. Тухайн үед 100-110 километр цагийн хурдтай маш хурдан явж байсан. Явж байгаа, зогсож байгаа 2 тэмээ өөр. Огцом тормосоо гишгэж, машинаа мушгисан. Хоёр тэмээ зам дээр зогсож байсан. Хоёр тэмээ гэнэт гарч ирсэн зүйл байхгүй. Маш хурдтай явж байгаад тэмээнд тулж очоод огцом зогссон.  Баруун гар тийшээ мушгисан, хэдэн секундын дотор юу болсныг мэдээгүй. Эргээд босоход миний нуруу хөдөлж чадахгүй байсан. Жолооч түрүүлж машинаас гараад намайг татаж авч гаргасан. 30 минут орчмын дараа түргэн тусламж ирсэн. 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Мэдрэлийн тасагт 10 хоног эмчлүүлсэн. Гурван сар хэвтэрт байсан. Одоо удаан явах удаан суухад хүндрэлтэй хөдөлмөрийн чадвараа алдсандаа маш их гомдож байна. Яагаад хүнийг эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироочихоод хүнийг бодохгүй өнөөдөр худлаа ярьж өөрийгөө өмгөөлж яриад зогсож байна. Жолооч хурдтай явсан нь буруу. Би эрүүл мэндээрээ насан туршдаа хохирч байна. Хүнд юм өргөж чадахгүй, сайн хөдөлж чадахгүй байгаа. Би өрх толгойлсон, сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Нэг нь их сургуульд сурдаг оюутан хүүхэдтэй. Би цалин ч байхгүй. Эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хохиролтой байна. Шүүгдэгч 4 сарын хугацаанд надруу нэг ч удаа яриагүй. Булчин чангараад удаан зогсож чадахгүй байгаа. Цаашид ямар хүндрэл гарахыг мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн имра шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэж эмч хэлсэн. 5 дугаар сараас хойш хэрэглэсэн эм тарианы баримтыг хавсаргаж өгсөн. 5 дугаар сараас хойш надад цалин өгөөгүй. 5 сарын цалингаа нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал нийт 5.134.890 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 20.134.890 төгрөг нэхэмжилж байна.

Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны орой би 17 цагийн үед ажил дээрээс коронавирусын сэжигтэй хүн байна гээд Д сумын баруун хойд захад Хавцгайт 9-14 тоот хаягтай Ж гэх хүний биеийн байдлыг үзээд эргэж танилцуулаарай гэхээр нь би жолооч Бийн хамт тэр айлд очиж Ж гэх эмэгтэйтэй ярилцахад шинжилгээний хариу нь эерэг гарсан, биеийн байдал нь хөнгөн байсан. Тэгээд би О даргатай утсаар ярьж мэдэгдэхэд Улсын онцгой комиссын шийдвэрээр Ж гэх хүнийг Улаанбаатар хотод ХӨСҮТ-рүү шилжүүлэх шийдвэр гарсан гэснээр буцаж ажил дээрээ ирээд бензин авчихаад жолооч А.Бийн хамт 0000 ӨМА дугаартай автомашинаар Жыг аваад аймгаас гарахад 22 цаг болж байсан. Би машины урд суудалд жолоочийн хажууд сууж явсан. Тухайн үед жолооч болон би нүдний шил нүүрний хамгаалалт зүүгээгүй явж байсан юм. Аймгаас зүүн тийш гараад жолооч нэлээн хурдтай давхиад байхад нь би машиных нь миллийг харахад 100-110 миллийн хурдтай давхиж байсан. Тэгж байтал жолооч гэнэт 2 тэмээ гэж хашхираад  машинаа баруун гар тийш нь мушгиад машин бүтэн хөрвөөгөөд онхолдсон. Тухайн үед машин бүтэн хөрвөөж өнхөрч байхад би урагшаа шил мөргөөд машины арааны речачикыг нуруугаараа цохиж гэмтсэн. Тэгээд босоогоороо зогссон. Удалгүй түргэн ирж бид нарыг авсан.

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амарч байхад ажил дуудаад ковид өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн хүний талаар ажлын шуурхай штаб хуралдаад эхний ээлжинд тусгаарлалтад авахаар ярьж байснаа тусгаарлахаа болиод Улаанбаатар хот руу ХӨСҮТ-рүү хүргэхээр болсон. Энэ үед ажиллах төлөвлөгөөний дагуу нэгдүгээр ээлжинд явах жолоочийг дууд гэсний дагуу би Бийг дуудаж, эмнэлгийн түргэн тусламжийн 0000 ӨМА улсын дугаартай автомашинаар явуулсан. Ковидын үед ажиллах эмч жолооч хоёр нь О эмч, Б хоёр байсан. Тэр ажил дээрээс хөдлөөд, Улаанбаатар хот руу хүргэх хүнээ гэрээс нь аваад явсан байсан. Би гэртээ хариад байж байтал 23 цаг өнгөрөөгөөд осол болсон талаар сонсоод буцаж ажил дээрээ ирсэн. Жолооч Б өөрөө бүх бэлтгэлээ хийгээд гарсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Болгоомжтой яваарай, сайн яваарай гэж хэлсэн. Эмнэлгийн жолооч нар аж ахуйн тасагт харьяалагддаг, алсын дуудлага мэдээлэл, ямар ажилтай хаашаа явах гэдгийг нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хариуцдаг. Жолооч нарын сард ажиллах хуваарийг би гаргаж өгдөг. Манай эмнэлгийн 2018 оны жолооч нарт өгсөн зааварчилгаа байдаг, энэ зааварчилгааг би жолооч нарын амрах өрөөнд байрлуулсан байгаа. Өдөр бүр зааварчилгаа өгдөггүй. Автомашин ашиглалт, засвар арчлалтыг манай тасаг хариуцна, манай байгууллагыг төлөөлөөд онхолдсон автомашины талаар цагдаагийн байгууллагад оролцох хүнийг би мэдэхгүй, байгууллагын дарга мэдэх байх. Энэ машиныг жолооч Б өөрөө хариуцдаг, техникийн хяналтын үзлэгт орсон байсан. Тормозын систем нь хэвийн ажиллагаатай, хэрвээ ямар нэгэн юм дутуу байх юм бол аж ахуйн тасагт тэр даруй мэдэгдээд асуудлаа шийдвэрлүүлдэг, жолооч нар ч өөрсдөө энэ тал дээр сайн ажилладаг. Хүний нөөцийн менежер энэ ажлыг давхар хийдэг. /хх-ийн 22-23-р хуудас/

Эрх бүхий албан тушаалтны магадлагаа: ...Жолооч А.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь ослын газрын үзлэг, фото зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, баримтжуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 34-36-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ө аймгийн Б О эмчилгээний төвд эд хөрөнгө хариуцагч нягтлан бодогчоор ажилладаг. 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай эмнэлгийн жолооч А.Б нь тус эмнэлгийн 0000 ӨМА улсын дугаартай гранд старекс маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсон гэх хэрэгт байгууллагын даргын шийдвэрээр эмнэлгийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 2018 оны 07 дугаар сард 0000 ӨМА улсын дугаартай автомашиныг манай эмнэлэгт хувь хүн хандивласан юм. Түүнээс хойш эмнэлгийн түргэн тусламжийн дуудлаганд ашиглагдаж байгаа юм. Манай эмнэлгийн бүх авто машин “Тэнгэр даатгал” ХХК-д эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байгаа. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. 0000 өма дугаартай автомашины эвдрэлийг даатгалын компанийн нөхөн төлбөрөөс засуулах боломжтой гэж бодож байна. /хх-ийн 50-р хуудас/

Иргэний хариуцагч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ө аймгийн Х.Ш нэрэмжит Б О эмчилгээний төвийн эд хөрөнгийн нягтлан бодогч албан тушаалд ажилладаг. Би энэ хэрэгт байгууллагын захирлын шийдвэрээр томилогдон Б О эмчилгээний төвийг төлөөлөн оролцож байна. А.Б, Ц.О нар нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардал ор хоногийн мөнгө нь эрүүл мэндийн даатгалаар төлөгдсөн үнэгүй хийгдсэн байгаа. /хх-ийн 53-р хуудас/

Иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ө аймгийн Х.Ш нэрэмжит Б О эмчилгээний төвд 2019 оны 01 сараас хүний нөөцийн менежер албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн захиралын тушаалаар тус эмнэлгийн хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтанаар томилогдон ажиллаж байна. Би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллахгүй гэж эмнэлгийн удирдлагад мэдэгдсэн, мөн 2021 оны 02 дугаар сард ажлаас гарах өргөдлөө өгснийг шийдвэрлэж өгөөгүй, би 03 сард ээлжийн амралттай байж байгаад ажилдаа ороод удаагүй байхад энэ осол гарсан юм. /хх-ийн 55-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ө аймгийн Б О эмчилгээний төвд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хүний нөөцийн менежер албан тушаалд ажиллаж байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай эмнэлгийн захирал О намайг тус эмнэлгийн “Хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан” гэсэн албан тушаалд давхар томилоод тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Би тухайн үедээ ажлаасаа гарах бодолтой байсан болохоор их удаан ажиллахгүй гэж бодоод гэрээг нь хийсэн юм. Би уг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан гэдэг албан тушаалд ажиллах хүсэлгүй байгаагаа байгууллагын даргадаа хэлдэг байсан. Тухайн осол болсон шөнө би эмнэлгийн шуурхай штаб дээр жижүүртэй байсан болохоор мэдсэн. А.Б болон, эмч Ц.О нарт зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Би уг ажлыг хийхгүй гэж байхад бараг хүчээр тушаал гаргачихсан юм. Жолооч өөрөө л хариуцах ёстой байх гэж бодож байна. Надад сертификат байдаг, гэхдээ миний сертификатын хугацаа 2020 онд дууссан юм. Би энэ осол гарсны дараа мэргэжлийн хяналтын байцаагчтай уулзаж ослын акт бүрдүүлж явж байгаад надаас сертификатын хугацаа чинь ямар байгаа вэ гэхээр нь би өөрийнхөө сертификатыг үзсэн чинь хугацаа нь дууссан байсан. Тэгээд би тухайн үед нь буюу 2021 оны 03 дугаар сард О даргад хэлсэн байгаа. Би хүний нөөцийн менежерээр ажиллаад маш их ажилтай байдаг байсан. Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажпаасаа гарах хүсэлтийг даргад өгсөн чинь О дарга тэгвэл хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтаны орон тоог салгаж өөр хүн томилуулъя гэхээр нь би хүлээж байгаад 03 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад амарч байгаад ажилдаа ороод удаагүй байсан юм. Миний хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтаны ажлыг хийх ямар ч зав чөлөө гардаггүй байсан. /хх-ийн 61-р хуудас/

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д суманд Коронавирусын халдварын тохиолдолтой хүн илэрсэн, тухайн хүнийг Улаанбаатар хотруу хүргэж өгөхөөр болсон. Танай эмнэлгээс эмч жолооч нараа гаргаж өг гэсэн шийдвэрийг аймгийн Шуурхай штабаас гаргасан тул тухайн үед 1 дүгээр ээлжийн эмч Ц.О, жолооч А.Б нарыг явуулсан байсан юм. Манай байгууллагын хүний нөөцийн менежер Б.Б гэдэг ажилтаныг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтанаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, өөр хүн байхгүй. Хүний нөөцөд материалыг нь бүрдүүлээд томилсон юм. Б.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтанаар ажиллах сертификаттай байсан. Тасгийн ахлах сувилагч нар ээлжинд гарч байгаа сувилагч нартаа зааварчилгааг өдөр бүр өгдөг. Улаанбаатар хот руу болон бусад өөр орон нутагт явж байгаа тохиолдолд тухайн тасгийн эрхлэгч юм уу, хөдөлмөрийн аюулгүй байдал,эсвэл аж ахуйн ажилтан өгөх ёстой. Манай аж ахуйн менежер М, Б.Б нарын нэг нь зааварчилгаа өгөх ёстой байсан. Ажилд томилоход бол сертификатын хугацаа гэж байгаагүй, харин энэ осол гарсны дараа мэргэжлийн хяналтын байцаагчтай уулзахад Б.Бын сертификатын хугацаа нь 2 жилийн хугацаатай байдаг. Тэгээд дууссан байна гэж яригдаж байсан. /хх-ийн 65-р хуудас/

Гэрч Х.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод хүүхдээ эмчлүүлж явж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хотоос гарч Д суманд 03-ны өглөө 04 цагт ирсэн байсан юм. Тэгсэн чинь өдөр нь Аймгийн онцгой комиссоос яриад таны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Гэрээсээ битгий гараарай, өөрийгөө тусгаарлаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал эмнэлгээс эмч ирээд намайг аваад Улаанбаатар хот руу явна гээд миний хувцасыг өмсгөөд машиндаа суу гэсэн. Би машинд нь суугаад арын орон дээр нь хэвтээд унтаж явсан чинь гэнэт л түр тар гэсэн чимээ гараад машин онхолдох шиг чимээ гараад дугуйн дээрээ зогсохоор нь машиндаа сууж байсан чинь жолооч нь өөрөө буугаад хажуудаа сууж байсан эмчээ буулгасан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг авч яваад аймгийн эмнэлэгт авчирч намайг рентгенээр харж эмч үзлэг хийсэн. Тухайн үед миний биед гэмтэл учирсан зүйл байгаагүй, үзсэн эмч бас гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөө эмнэлэгт хоночихоод маргааш өглөө нь эрт намайг Улаанбаатар хотод хүргэж өгсөн. Миний биед гэмтэл учирсан зүйл байгаагүй. /хх-ийн 67-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Оын биед сээрний 4 болон 11-р нугаламуудын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 69-70-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Бийн биед эгэм ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Бийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Бийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 74-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлтэд: үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.980.000 төгрөг /хх-ийн 79-р хуудас/

“Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ”-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 00002 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Асуулт 1.  0000 ӨМА улсын дугаартай автомашины ямар ямар эд анги эвдэрч гэмтсэн байна вэ? Эвдэрсэн эд ангиудыг жагсаалтаар гаргах:

Хариулт: Тухайн тээврийн хэрэгсэл ослын: Урд, хойд салхины шил хагарсан урд, хойд гупер хагарсан Зүүн баруун толь хагарсан Тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсгээр их хэмжээний цөмөрч нумарсан, Хойд болон баруун талын хаалга цөмөрч гажсан, Хойд баруун зүүн гэрэл хагарсан, Зүүн урд карлан бага зэрэг нумарсан, Баруун урд дугуй хагарч хийгүй болсон, Баруун урд шанаа бага зэрэг нумарсан ...зэрэг гэмтэлтэй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 09 сарын 30 нд ТХҮзлэгг орж тэнцсэн байна.

Асуулт.2. Уг гэмтсэн эд ангиуд нь засвар үйлчилгээ хийгдэн хэвийн болох боломжтой эсэх?

 Хариулт.2. Тухайн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудыг сэргээн засварлах боломжтой эсэхийг тогтоон шалгах боломжгүй.

Асуулт.З Тогтоолын асуултад дурьдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл байгаа бол дүгнэлтэд тусгах.

Хариулт.З Тогтоолын асуултад дурьдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл байхгүй байна. /хх-ийн 91-р хуудас/

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Асуулт 1. А.Б нь 0000 ӨМА үлсын дүгаартай автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас А.Б, Ц.О нарын биед хүндэвтэр хохирол учирсан гэх үйлдэл нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх?

Хариулт - 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 “үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг гэж заасан байдаг. Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад удирдлагаас үүрэг өгсөний дагуу албан ажлаар явж байхдаа осолд өртсөн нь үйлдвэрлэлийн осол мөн.

Асуулт 2.Хэрэв үйлдвэрлэлийн осол мөн бол уг осол болоход нөлөөлсөн хүчин зүйл юү вэ?  Уг уйлдвэрлэлийн осол хэний буруүтай үйлдлээс болж гарсан байна вэ?

Хариулт-2 Үзэгдэх орчин муу үед жолооч А.Б нь хурд хэтрүүлэн явсан байна. /Гэрч, хохирогчийн мэдүүлэг болон эрх бүхий албан тушаалтны магадлагаанаас тодорхой харагдаж байна. / Хэн буруутайг Монгол Улсын Шүүхийн байгууллага тогтооно.

Асүүлт 3. Х.Ш нэрэмжит Ө аймгийн Б О эмчилгээний төвийн албан хаагч нар нь хөдөлмөрийн аюулгуй ажиллагааны журам зөрчсөн байна уу?

Хариулт-3 Хавтас хэргийн материалаас харахад БОЭТ-ийн ХАБЭА-н ажилтан Б.Б нь хол замд гарахыг мэдсээр байж зааварчилгаа танилцуулж гараагүй байна.

Жолооч А.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Асүулт-5 Хэрэв зөрчсөн бол хэн хэн ямар журмын зуйл заалтыг яаж зөрчсөн байна вэ?

Хариулт-5 Хавтас хэрэгт авагдсан материалуудаас харахад Жолооч А.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.6 дахь /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтууд зөрчсөн байна. ХАБЭА-н ажилтан Б.Б нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зуруулаагүй явуулсан байгаа нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм" ММ84969:2000 стандартын 4.9 дэх /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй байна. /хх-ийн 103-104-р хуудас/

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Б О эмчилгээний төвийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байгаад 0000 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодон эмч Ц.Оын хамт 1 өвчтөнийг аваад Улаанбаатар хот руу 22 цагт явсан. Аймгийн төвөөс 29 километр орчим яваад онхолдсон. Түүнээс болж хажууд сууж явсан Ц.Оын биед хүндэвтэр гэмтэл, миний биед эгэм хугарч хүндэвтэр гэмтэл учирсан юм. Тухайн үед би 90 гаруй миллийн хурдтай давхиж явсан. Тэгэхэд гэнэт зам дээр тэмээ гарч ирснээс болж онхолдсон. Миний биед эгэм хугарсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Ц.Оын нуруу нь гэмтсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гарсан байсан. Хамт явсан хүний биед гэмтэл учраагүй гэж байсан. 0000 өма улсын дугаартай автомашин нь Б О эмчилгээний төвийн дуудлагын машин байгаа юм. Машины хойд, урд шилнүүд хагарсан, дээвэр цөмөрсөн, гупер хагарсан, гэрэл хагарсан, толь хагарсан зэрэг нэлээд олон гэмтлүүд учирсан. Манай байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг албан тушаалтан огт байхгүй, тухайн осол гарсан өдөр ч надад зааварчилгаа өгөөгүй. Манайх 0000 өма улсын дугаартай автомашиныг “Тэнгэр даатгал” ХХК-д даатгуулсан байдаг, даатгалын гэрээ нь байгаа. /хх-ийн 112-р хуудас/

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...Аймгаас зүүн тийш 20 гаруй километрт явж байтал замын хажуугаас 4-5 тэмээ зам руу орж байгаа нь гэнэт харагдсан. Тэгээд би тэмээ гэж хэлээд тормос гишгэсэн чинь нөгөө тэмээнүүд чигээрээ хойшоо зам хөндлөн гарах  гэж байгаад зам дээр буцаад эргэсэн. Тэгэхэд нь би тэр тэмээнээс машинаа зайлуулаад баруун гар тийш нь мушгисан чинь машин онхолдож бүтэн хөрвөөгөөд дугуй дээрээ зогссон. ...Би 2001 онд жолооны курс төгсөж жолооч болсон. B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхтэй. Эмнэлгийн жолоочоор 7 дахь жилдээ ажиллаж байна. /хх-ийн 20-21, 58-59-р хуудас/

Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 116-р хуудас/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 117-р хуудас/

Ө аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын лавлагаа /хх-ийн 118-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119-р хуудас/

Ө аймгийн Б О эмчилгээний төвийн захирлын тушаал /хх-ийн 126-р хуудас/

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 161-174-р 175-188-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 218-219-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Улсын яллагч нь шүүгдэгч А.Бийг 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Ө аймгийн Б О. Эмчилгээний төвийн эзэмшлийн 0000 ӨМА улсын дугаартай "Нуundai Сгаnd Stагех” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, Ө аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай автозамын 29 дэх километрт явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Оын эрүүл мэндэд сээрний 4 болон, 11 дүгээр нугаламуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийн үйлдэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Оын эрүүл мэндэд сээрний 4 болон, 11 дүгээр нугалмуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч А.Бийг цагаатгаж шийдвэрлэв. Учир нь:

Улсын яллагчийн яллах талын гол нотлох баримт нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа байх ба уг магадлагаанд: Жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн нь ослын газрын үзлэг, фото зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, баримтжуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Жолооч А.Бийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж үзэж байна /хх-ийн34-36-р хуудас/ гэжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 и-д цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтнаас дайчлах тухай тавьсан хүсэлтийн дагуу гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг гэнэтийн аюул тохиолдсон буюу нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, нүүлгэн шилжүүлэх, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болзошгүй хүнийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэнэ гэжээ.

Шүүгдэгч А.Б болон хохирогч Ц.О нар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавирусын халдвар илэрсэн өвчтөнийг Ө аймгийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу тээвэрлэж, хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь:

Хохирогч Ц.Оын мэдүүлэгт: би О даргатай утсаар ярьж мэдэгдэхэд улсын онцгой комиссын шийдвэрээр Ж гэх хүнийг Улаанбаатар хотод ХӨСҮТ-рүү шилжүүлэх шийдвэр гарсан гэснээр буцаж ажил дээрээ ирээд бензин авчихаад жолооч А.Бийн хамт 01-03 ӨМА дугаартай автомашинаар Жыг аваад аймгаас гарахад 22 цаг болж байсан. /хх-ийн 25-27-р хуудас/

Гэрч Х.Жы мэдүүлэгт: Би Улаанбаатар хотод хүүхдээ эмчлүүлж явж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хотоос гарч Д суманд 03-ны өглөө 04 цагт ирсэн байсан юм. Тэгсэн чинь өдөр нь аймгийн Онцгой комиссоос яриад таны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Гэрээсээ битгий гараарай, өөрийгөө тусгаарлаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал эмнэлгээс эмч ирээд намайг аваад Улаанбаатар хотруу явна гээд миний хувцасыг өмсгөөд машиндаа суу гэсэн... /хх-ийн 67-р хуудас/

Гэрч Д.Мийн мэдүүлэгт: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амарч байхад ажил дуудаад ковид өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн хүний талаар ажлын шуурхай штаб хуралдаад эхний ээлжинд тусгаарлалтад авахаар ярьж байснаа тусгаарлахаа болиод Улаанбаатар хот руу ХӨСҮТ-рүү хүргэхээр болсон, тэгээд энэ үед ажиллах төлөвлөгөөний дагуу нэгдүгээр ээлжинд явах жолоочийг дууд гэсний дагуу би Бийг дуудаж, эмнэлгийн түргэн тусламжийн 0000 өма улсын дугаартай автомашинаар явуулсан. Ковидын үед ажиллах эмч жолооч хоёр нь О эмч, Б хоёр байсан. /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д суманд Коронавирусын халдварын тохиолдолтой хүн илэрсэн тухайн хүнийг Улаанбаатар хотруу хүргэж өгөхөөр болсон танай эмнэлгээс эмч жолооч нараа гаргаж өг гэсэн шийдвэрийг аймгийн Шуурхай штабаас гаргасан тул тухайн үед 1 дүгээр ээлжийн эмч Ц.О, жолооч А.Б нарыг явуулсан байсан юм. /хх-ийн 65-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно, мөн зүйлийн 24.4 дэх хэсэгт Тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно гэж хуульчилжээ.

Мөн тусгай дуут гэрэл дохио хэрэглэх Монгол Улсын стандартын 2.1-д хүн эмнэлгийн түргэн тусламжийн албаны тээврийн хэрэгсэл нь ногоон өнгийн тусгай гэрэл дохио хэрэглэх стандартыг тогтоожээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна гэжээ.

Эрх бүхий албан тушаалтан нь шүүгдэгч А.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсгийг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэх магадлагааг гаргасан боловч дээрх дүрэмд заасны дагуу хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно гэж заасан байх тул эрх бүхий албан тушаалтны гаргасан магадлагаа эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэж заасны дагуу шүүх Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлгөөний нэгдсэн журам тогтоох зорилго бүхий Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг шүүхийн шийдвэр гаргахдаа тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн улсын яллагчийн яллах талын гол нотлох баримт болгож буй Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Ггийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 Асуулт 2.Хэрэв үйлдвэрлэлийн осол мөн бол уг осол болоход нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?  Уг үйлдвэрлэлийн осол хэний буруүтай үйлдлээс болж гарсан байна вэ?

Хариулт-2 Үзэгдэх орчин муу үед жолооч А.Б нь хурд хэтрүүлэн явсан байна. /Гэрч, хохирогчийн мэдүүлэг болон эрх бүхий албан тушаалтны магадлагаанаас тодорхой харагдаж байна...гэжээ.

Энэхүү шинжээч нь Монгол улсын хэмжээнд үүсээд буй  гоц халдварт өвчин, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж явсан эмнэлгийн байгууллагын түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн жолоочийг хурд хэтрүүлэн явсан гэж буруутган улмаар энэхүү осол болоход хурд хэтрүүлсэн нь нөлөөлсөн гэж дүгнэлт гаргаж буй нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно... гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн хуулиар хүлээсэн хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж, хүний амь насыг цаг хугацаатай өрсөн аврах үүрэг хүлээн ажиллаж буй түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн  жолоочийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.5-а-д зааснаар ...тууш замд цагт 80 километр цагаас хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явах ёстой гэж буруутгах нь бодит байдлаас хэт зөрүүтэй дүгнэлт болно.   

А.Б нь тусгай гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээр хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж явсан тул Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.2-т зааснаар 12 дугаар бүлэгт заасан заалтуудыг мөрдөхгүй байх эрх холбогдох хууль болон дүрмээр бүрэн олгогджээ.

Мөн улсын яллагчийн зүгээс жолооч болон зорчигч эмчийг хамгаалалтын бүс хэрэглээгүй гэх тайлбар гаргасан боловч “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-б-д: Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, энэ заалт нь шуурхай албаны автомашины үүргээ гүйцэтгэж яваа жолооч, зорчигч, мөн биеийн эрүүл мэндийн байдалд үл тохирох заалт бүхий эмчийн магадлагаатай зорчигчид хамаарахгүй”  гэж заасан тул улсын яллагчийн энэхүү тайлбар эрх зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлвэл яаралтай тусламж үзүүлэх, шуурхай ажиллах чиг үүрэг бүхий албаны тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигчид гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогоос шалтгаалан тээврийн хэрэгслийн хамгаалах бүсийг хэрэглэхгүй байж болохыг уг дүрмээр зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд “Гарцаагүй байдалд хохирол учруулах” ойлголтын талаар хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан байна.

Энэхүү зам тээврийн ослын улмаас шүүгдэгч болон хохирогч нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасанчлан гарцаагүй байдалд хохирол учруулжээ гэж үзэх хууль зүйн үндэслэл дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны орой би 17 цагийн үед ажил дээрээс коронавирусын сэжигтэй хүн байна гээд Д сумын баруун хойд захад Хавцгайт 9-14 тоот хаягтай ...айлд очиж ...Улсын онцгой комиссын шийдвэрээр... тэр хүнийг Улаанбаатар хотод ХӨСҮТ-рүү шилжүүлэх шийдвэр гарсан.  ...Аймгаас зүүн тийш гараад жолооч нэлээн хурдтай давхиад байхад нь би машиных нь миллийг харахад 100-110 миллийн хурдтай давхиж байсан. Тэгж байтал жолооч гэнэт 2 тэмээ гэж хашхираад  машинаа баруун гар тийш нь мушгиад машин бүтэн хөрвөөгөөд онхолдсон. Тухайн үед машин бүтэн хөрвөөж өнхөрч байхад би урагшаа шил мөргөөд машины арааны речачикыг нуруугаараа цохиж гэмтсэн. Тэгээд босоогоороо зогссон...гэх мэдүүлэг

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Б О эмчилгээний төвийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байгаад 0000 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодон эмч Ц.Оын хамт 1 өвчтөнийг аваад Улаанбаатар хот руу 22 цагт явсан. Аймгийн төвөөс 29 километр орчим яваад онхолдсон. ...Тухайн үед би 90 гаруй миллийн хурдтай давхиж явсан. Тэгэхэд гэнэт зам дээр тэмээ гарч ирснээс болж онхолдсон... /хх-ийн 112-р хуудас/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд замын зорчих хэсэгт мал /тэмээ/ гарч ирснээр жолооч тормосоо гишгэж саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгслийн жолоог хажуу тийш дарах хөдөлгөөнийг хийж улмаар замын зорчих хэсэгт гарч ирсэн 2 тэмээг мөргөөгүй гэх мэдүүлгийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлдэг бөгөөд тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...Аймгаас зүүн тийш 20 гаруй километрт явж байтал замын хажуугаас 4-5 тэмээ зам руу орж байгаа нь гэнэт харагдсан. Тэгээд би тэмээ гэж хэлээд тормос гишгэсэн чинь нөгөө тэмээнүүд чигээрээ хойшоо зам хөндлөн гарах  гэж байгаад зам дээр буцаад эргэсэн. Тэгэхэд нь би тэр тэмээнээс машинаа зайлуулаад баруун гар тийш нь мушгисан чинь машин онхолдож бүтэн хөрвөөгөөд дугуй дээрээ зогссон /хх-ийн 58-59-р хуудас/ гэжээ.

Шүүгдэгчийн хувьд жолоочоор 10 жил, түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн жолоочоор 7 жил ажиллаж байгаа, дадлага туршлагатай жолооч болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний хувийн байдлын тодорхойлсон тодорхойлолтод ...2001 онд жолооны курс төгсөж жолооч болсон. B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхтэй. Эмнэлгийн жолоочоор 7 дахь жилдээ ажиллаж байна /хх-ийн 20-21, 58-59-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол болох хүний амь нас, эрүүл мэндэд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Өөрөөр хэлвэл шөнийн 23 цагийн орчимд харанхуй шөнийн цагаар түргэн тусламжийн үүргээ гүйцэтгэн орон нутгийн замд тодорхой хэмжээний хурдтай зорчиж явсан тээврийн хэрэгслийн зорчих замын хэсэгт буюу зам дээр 2 тэмээ гарч ирснээр тэмээдийг мөргөхгүй байх арга хэмжээг авч, тойрон гарах зорилго бүхий рулийн хөдөлгөөн хийж, улмаар жолоочийн хувьд 2 тэмээг мөргөхгүй байх бүхий л боломжит арга хэмжээг богино хугацаанд авснаар хүний амь нас, эрүүл мэнд хүндээр хохирч болох аюулын хэр хэмжээг багасгаж чадсан байна гэж шүүх үзэж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан байна гэж дүгнэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөр буюу цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол нийт 20.204.899 төгрөг,

А.Б нь үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны нөхөн төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 6.785.539 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус гаргав.

Ө аймгийн Б О эмчилгээний төвийн 0000 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.980.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлтэд: үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.980.000 төгрөг /хх-ийн 79-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч болон хохирогч нар нь хохирол хор уршгийн төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлуудыг нэхэмжилсэн баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

А.Б, хохирогч Ц.О нар нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр коронавирусын халдварын сэжигтэй тохиолдлоор батлагдсан өвчтөнг Ө аймгийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн онцгой нөхцөл байдлын үед хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчдын сэтгэл санааны хохирол, цалин тэтгэмж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлыг Ө аймгийн Онцгой комисс  хариуцан арилгах нь хуульд нийцэх бөгөөд тус комиссыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй байх тул шүүх энэхүү шийдвэрээр шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Ө.Б, хохирогч Ц.О нар хуулиар хүлээсэн төрийн албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа учирсан эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөд учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх эрх хуулиар олгогдсон тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн хариуцвал зохих этгээд буюу Ө аймгийн онцгой комиссоос иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон этгээдүүд хариуцвал зохих этгээдээс эд хөрөнгийн хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилсны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол 20.204.899 төгрөгийг, шүүгдэгч А.Б нь ажилгүй байсан хугацааны цалин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 6.785.539 төгрөгийг, Ө аймгийн Б О эмчилгээний төв нь 4.980.000 төгрөгийг тус тус Ө аймгийн Б О эмчилгээний төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Тэнгэр даатгал ХХК болон Ө аймгийн Онцгой комиссоос тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, А.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Бийг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч А.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол 20.204.899 төгрөгийг, шүүгдэгч А.Б нь ажилгүй байсан хугацааны цалин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 6.785.539 төгрөгийг, Ө аймгийн Б О эмчилгээний төв нь автомашины эвдрэл хохирлын төлбөр 4.980.000 төгрөгийг тус тус Ө аймгийн Б О эмчилгээний төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Тэнгэр даатгал ХХК болон Ө аймгийн Онцгой комиссоос нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  4. А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Т.ДЭЛГЭРМАА