Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/62

 

А.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Хохирогч Ц.О,  

Нарийн бичгийн дарга М.Номинчулуун нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/92 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч А.Б-д холбогдох 2128000970062 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Б О Э Т эзэмшлийн “Hyundai CrandStarex” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай автозамын 29 дэх километрт явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.О-н эрүүл мэндэд  сээрний 4 болон 11 дүгээр нугалмуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас А.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч А.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б-г цагаатгаж, шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол 20.204.899 төгрөгийг, шүүгдэгч А.Б нь ажилгүй байсан хугацааны цалин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 6.785.539 төгрөгийг, Өмнөговь аймгийн Б О Э Т нь автомашины эвдрэл хохирлын төлбөр 4.980.000 төгрөгийг тус тус Өмнөговь аймгийн Б О Э Т, Нийгмийн даатгалын хэлтэс, Тэнгэр даатгал ХХК болон Өмнөговь аймгийн Онцгой комиссоос нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх, эрхтэй болохыг тус тус дурдаж, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Солонго нь эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...шүүх Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж, мөн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахдаа хууль болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөний улмаас шийдвэрт нь нөлөөлсөн гэж үзэж, дараахи үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх шүүгдэгч А.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т заасан: “....Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч дүрмийн 7, 8 дугаар бүлэг, 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно....” гэх заалтад үндэслэж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг тайлбарлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ “ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд” гэх дүрмийн дээрх заалтын урьдач нөхцөлийг анхаарахгүй орхигдуулснаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн заалтыг зөрчиж, хурд хэтрүүлэн явснаас зам дээр гарч ирсэн 2 тэмээг хармагц хашхирч, улмаар баруун гар тийш мушгиснаар тээврийн хэрэгсэл бүтэн хөрвөөж онхолдсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Гэтэл шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ “жолоочийн хувьд 2 тэмээг тойрон гарах зорилго бүхий рулийн хөдөлгөөн хийсэн” гэх, хийсвэр дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн шүүх “ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд” мөрдөхгүй байж болох Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.2-т заасан үндсэн нөхцөлийг орхигдуулж, хууль болон дүрмийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүгдэгчийн үйлдлийг “ тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд  буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан” гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийн заалтыг зөрчсөн.

Улсын яллагчаас яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан 13 тооны нотлох баримтыг яллах талын нотлох баримт гэж үзэн, шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан байхад шүүх нь хэрэгт авагдсан “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”, “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 01 дугаартай  шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтыг улсын яллагчийн яллах талын “гол нотлох баримт” гэж  дүгнэн, няцаан үгүйсгэсэн нь учир дутагдалтай төдийгүй яллах талын бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодит байдлаар  нь хянаж үзээгүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.9 дахь хэсэгт “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг” хэлнэ гэж хуульчилсан байдаг. Манай үйлчлүүлэгч А.Б нь гарцаагүй байдлын улмаас тулгарсан ослын үед жолоочийн ур чадвар, авхаалж самбаа гаргаж, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйлдэл хийж тэмээг мөргөлгүй жолооны хүрдээ дарж, замын хажуу руу гарч осол гаргасан. Хэрвээ тэмээг дайрсан бол ямар хохирол, хор уршиг учирч болох байсныг хэлэх аргагүй юм. Тиймээс манай үйлчлүүлэгчийн хийсэн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа байсан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зам тээврийн ослын үед жолооч хурд хэтрүүлсэн эсэх асуудлаар дүгнэлт гаргах эрхтэй эрх бүхий субъект биш юм.

Хэн дуртай нь дүгнэлт гаргаж болохоор болж байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох эрх бүхий албан тушаалтан осол гарах болсон шалтгаан нь жолооч хурд хэтрүүлсэн гэж дүгнээгүй байхад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ослын шалтгааныг хурд хэтрүүлсэн гэж дүгнээгүй байхад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ослын шалтгааныг  жолооч хурд хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн улсын байцаагчийн дүгнэлтийг яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгож манай үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэж яллаж буй улсын яллагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын бүх нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгосон. Тухайлбал хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.О, иргэний хариуцагч Б.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэж А.Б нь тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж явсан, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, эмнэлгийн түргэн тусламжийн жолоочоор 7 жил ажиллаж байгаа зэрэг үйл баримтыг нотлон тогтоож, цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгосон байхад прокурор бусад нотлох баримтыг үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж эсэргүүцэл бичиж буй нь үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/92 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хохирогч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Онцгой комиссын шийдвэрээр явсан. Гэхдээ Онцгой комисс хурдан яв гээгүй. Улаанбаатар хотод хүргэхээр авч явсан өвчтөн хүнд өвчтөн биш. Яаралтай тусламж шаардлагатай өвчтөн биш байсан. Маш хурдан явсан. Хөдөлгөөний журам зөрчсөн гэж бодож байна.

Тэр тэмээ явж байгаагүй, цаашаа хараад зогсож байсан тэмээ байсан. Жолоочийн ур чадвар, авхаалж самбаа муу байсан л гэж бодож байна.

Би огт эрүүл хүн байсан. Одоо надад өвдөхгүй эрхтэн гэж алга. Удаан суувал нуруу өвдөнө. Тархи толгой өвдөнө маш их гомдолтой байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокурорын газраас А.Б-г 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Б О Э Т жолоочоор ажиллаж байхдаа кроновирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн хүнийг ХӨСҮТ-д хүргэх томилолтын дагуу тухайн байгууллагын эзэмшлийн “Hyundai CrandStarex” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай авто замын 29 дэх километрт  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.О-н эрүүл мэндэд  сээрний 4 болон 11 дүгээр нугалмуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  хэргийг хэлэлцээд А.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан нөхцөлд үйлдэгдсэн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг /эс үйлдэхүйг/ өөрөө буй болгож бусдад хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй хамаарах шинжийг агуулж байна.  

Энэ үйлдэл болох үед тээврийн хэрэгсэл ямар хурдтай явсан талаар шүүгдэгч А.Б нь 90 км/цаг, хохирогч Ц.О нь 100-110 км/цагийн хурдтай явсан гэж мэдүүлж тайлбарласан байна.

Шүүх “А.Б нь тусгай гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээр албан үүргээ гүйцэтгэж явсан тул Замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлгийн 4.2-т зааснаар 12 дугаар бүлэгт заасан заалтуудыг мөрдөхгүй байх эрх олгогджээ” гэсэн дүгнэлт хийхдээ тухайн хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байх нөхцөлд” гэсэн шаардлагын талаар, “тууш замд 80 км/цагаас хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явах ёстой гэж буруутгах нь бодит байдлаас хэт зөрүүтэй гэж дүгнэлт болно” гэж  дүгнэхдээ тээвэрлэж яваа өвчтөн эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай байсан эсэхэд, “ажил үүргийн онцлогоос шалтгаалан тээврийн хэрэгслийн хамгаалах бүсийг хэрэглэхгүй байж болохыг уг дүрмээр зөвшөөрсөн байна” гэж дүгнэхдээ эмч Ц.От тухайн үед хамгаалах бүс хэрэглэх боломжгүй ямар нөхцөл байдал байсан зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийгээгүй  байна.

Мөн “зам дээр 2 тэмээ гарч ирснээр тэмээдийг мөргөхгүй байх арга хэмжээг авч тойрон гарах зорилго бүхий рулийн хөдөлгөөн хийсэн” гэж дүгнэхдээ А.Б-н гэрчийн эдлэх эрх, үүргийг тайлбарласны дараа мэдүүлсэн “замын хойт талаас буюу миний зүүн гар талаас овоолсон шороон дээгүүр дөрөв байсан байх тэмээ зам хөндлөн гарахаар орж ирснээ буцах гээд эргээд зам руу ороход би жолоогоо баруун гар тийш дагуулаад тэмээнээс зайлуулаад мушгисан..., тэмээ ер нь их ойрхон байсан ямар ч байсан 20 метрийн зайнаас харсан” гэсэн мэдүүлэг, зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл авагдсан мэдээлэл болон мөн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр аль чиглэлд явсан, тээврийн хэрэгслийг зогсоох шаардлагагүй заавал рулийн хөдөлгөөн хийсэн нь тухайн нөхцөлд тохирсон хөдөлгөөн байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд нь уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж зааснаар өөрийнх нь эрхийг зөрчсөн гэх этгээдийг өөрөө нэрлэн заах эрхтэй байтал шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор тогтоогдоогүй Өмнөговь аймгийн Онцгой комиссоос “иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв” гэж нэхэмжлэл гаргах эрхийг заасан нь ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийг А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа гаргасан зам тээврийн ослоос үүссэн Ц.О-н эрүүл мэндэд, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгаас илүү ямар хохирол учрах нь гарцаагүй байсан, “рулийн хөдөлгөөн” хийхээс өөр үйлдэл хийх боломжгүй байсан эсэхэд  үндэслэл бүхий дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” буюу мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “Гарцаагүй байдалд хохирол учруулах” гэсэн ойлголтод А.Бийн үйлдлийг хамруулан шийдвэрлэсэн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Энэ нь шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, цагаатгах тогтоолыг мөн хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу үйлдээгүй гэх үндэслэл буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан холбогдох журмын зохицуулалтыг шүүх анхаараагүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/92 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                      Х.ГЭРЭЛМАА

                                                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ