Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 72

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Батбаяр,

хохирогч Д.Баттогтох,

шүүгдэгч Ө.Батмагнай, түүний өмгөөлөгч С.Төгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бат овогт Өлзийжаргалын Батмагнайд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525012932 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Бат овогт Өлзийжаргалын Батмагнай, 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Визардконстракшн ХХК-нд инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайс таун хотхоны 40 а байр 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧЗ 84090418 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ө.Батмагнай нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Визардконстранкшин ХХК-ны барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний санлын хуудас зэрэгт “Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна гэснийг, гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.Мөнх-Эрдэнэ, М.Дунгармаа нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж”, “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар бүрдүүлж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Батмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би “Визардконстракшн” ХХК-д инженерээр ажиллаж байсан. Манай компани “Уургийн хонгор” ХХК-тай барилгын гадна пасадыг хийж гүйцэтгэхээр ярилцаж тохиролцсон. Тэгтэл тус компани барилгын гадна ажлыг чанарын шаардлага хангахгүй дутуу гүйцэтгэсэн. Захирал Баттогтох нь утсаа таслаад ор сураггүй алга болсон. Баттогтох иргэний шүүхэд үлдсэн хохирлоо нэхэмжилсэн баримтыг шүүхээс манай компани гардаж авсан байсан. Би баримт дундаас үндэсний архиваас барилга хүлээж авсан барилга хүлээж авах комиссын гишүүн Мөнх-Эрдэнэний хэлсэн өгүүлбэрээс гадна пасадын хөөсөнцрийн нягт шаардлага хангахгүй байна гэсэн өгүүлбэрээс хөөсөнцөрийн нягт гэдгийг хоёр үгийг, мөн тамгийг компьютерийн аргаар янзалсан. Тэгээд шүүхэд өгсөн хариу тайлбарт янзалсан баримтыг шүүхэд бүрдүүлж өгсөн. Би өөрийн саваагүй зангаасаа болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна” гэв.

 

Хохирогч Д.Баттогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед “Уургийн хонгор” ХХК-ний захирлаар ажиллаж байсан. Болсон асуудлын хувьд шүүгдэгч Ө.Батмагнай нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, тамга тэмдэг удаа дараа хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас иргэний шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Би бүх шатны байгууллагад гомдол гаргасан байгаа” гэв,

Хохирогч Д.Баттогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ...би 2014 оноос эхлэн Визардконстранкшин ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Визардконстранкшин компанитай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 давхар барилгын гадна пасадыг манай компани гүйцэтгүүлэхээр тохиролцож гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу мэргэжлийн комисст хүлээлгэж үлдэгдэл 62 сая төгрөгөө  Визардконстранкшин компаниас авах гэтэл өгөхгүй танай компани ажлаа чанаргүй хийсэн. Өвөл хийсэн гэх шалтгаанаар акт тавина гэж хэлсэн учир манай компани Визардконстранкшин компанийг Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн чинь Визардконстранкшин компани манай компанийг сөрөг нэхэмжлэл гаргаж манай компаниас 174 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа шүүхэд хуурамч нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Үүнд барилга хүлээн авах комиссын хурлын тэмдэглэлийг үндэсний төв архиваас хуулбарлаж уг хуулбарыг техникийн аргаар Комиссын дарга Мөнх-эрдэний хэлсэн үгэнд “Гадна пасадны хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэж хэлсэнийг хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэж хэлсэнийг хөөсөнцөрийн нягт гэдгийг нь арилгаж гадна пасад шаардлага хангахгүй байна гэж хэлсэн болгосон байсан. Манай компани уг барилгын гадна пасадны хөсөнцөрийг Визардконстракшн компаниас өөрөөс нь авч ажлыг нь хийсэн юм. Мөн архивийн хуулбар үнэн гэсэн тамга болон архивчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж шүүхэд нотлох баримт болгож өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-53/,

Гэрч М.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Визардконстракшн компаны ажилтан Мэндсайхан гэх хүн Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 175 айлын орон сууцны барилгын хувийн хэргээс комиссын гишүүний саналын хуудас 4 хуудас, материал авч явсаны дараа 09 дүгээр сарын 24-ний өдөр Визардконстракшн компаны харуул

 хамгаалалтын дарга М.Амартүвшин гэх хүн ирээд 6-н хуудас баримт авчираад хуулбар үнэн тэмдэг дараад өгөөч гэхээр нь уг баримтыг нь харахад Баянгол дүүргийн 5-р хорооны нутагт 175 айлын орон сууц барьсан барилгын баримтууд байсан. Уг баримтуудыг архивт байгаа үндсэн хувьтайгаа тулгаж үзэхэд 4-н хуудас баримт нь их хувьтайгаа таарч байсан. 2 хуудас баримт нь их хувьтайгаа таарахгүй засвар оруулсан байсан. Засвар оруулсан 2 хуудас баримтан дээр нь хуулбар үнэн тэмдэг дарж өгөөгүй. Уг засвар оруулсан 2 хуудас баримт дараах баримтууд байсан. Нэгдүгээрт барилгын комиссын гишүүдийн саналын хуудасны комиссын гишүүн Мөнх-Эрдэний хэлсэн үгэн дээр гадна пасадны хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй гэж хэлсэнийг, хөөсөнцөрийн нягт гэдэг үгийг хасчихсан байсан. Хоёрдугаарт Мөнх-Эрдэний гараар бичсэн саналын хуудсан дээр мөн адил хөөсөнцөрийн нягт гэдэг үгийг бас хасчихсан байсан...”, “...Би уг 2 баримтыг үзлээ миний хуулбарлаж өгсөн баримт биш байна. Архивт байгаа их хувьтайгаа зөрсөн 2 баримт байна. Хуулбар үнэн тэмдэг, мөн миний гарын үсэг аль аль нь хуурамч байна...” гэсэн мэдүүлэг. /хх55-56/,

Гэрч Ж.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Визардконстракшн компаны барилгыг хүлээж авах комиссын хурал дээр амаар болон саналын хуудсан дээр барилгын гадна пасадыг дахин хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна гэж хэлж, саналын хуудсанд бичсэн болно. Хөөсөнцөрийн нягт нь шаардага хангахгүй байсан юм...”, “...2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл дээрхи гарын үсэг миний гарын үсэг биш байна. Дуурайлгаж зурсан байна. Улсын комиссын актан дээрхи гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Актан дээр гарын үсгээ зурсан тохиолдолд хурлын тэмдэглэл дээр гарын үсгээ шууд зурдаг, гэвч Визардконстракшн компаны хүмүүс залхуурсанаасаа болсон уу цаг хугацаа хэмнэх гэж миний гарын үсгийг дуурайлгасан байна. Над дээр хурлын тэмдэглэлийг авчирсан бол шууд зурах байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-57/,

Гэрч Л.Мэндсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би Визардконстракшн компанид менежерийн ажлыг хийдэг. 2015 оны 8-аас 9-н сард шиг санаж байна. Намайг захирал Цогоо архивын ерөнхий газраас барилгын зураг, 10-р хорооллын комиссын хурлын тэмдэглэлийг хуулбарлаад аваад ир гэж хэлсэний дагуу Архивын ерөнхий газраас уг хуулбаруудыг авчирж инженер Батмагнайд өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-60/

Гэрч М.Амартүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би Визардконстракшн компанид тухайн үед хамгаалалтын албаны даргын ажлыг хийж байсан. Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. 2015 оны зун шиг санаж байна. Дулаахан байсан. Манай компаны инженер .... утсаар над руу залгаад би гадуур ажилтай явж байна. Ажил амжихгүй байна. Миний ширээн дээр хавтастай бичиг баримт байгаа тэрнийг аваад Туушин зочид буудлын тэнд архивын газар байгаа авч очоод хуулбар үнэн даруулчих гэж хэлэхээр нь...ширээн дээр цагаан хавтсанд хийчихсэн бичиг баримтууд байсан. Доторхыг нь би үзээгүй шууд авч гараад Туушин зочид буудлын архивын газар ороод залуухан архивч эмэгтэйтэй уулзаад нөгөө бичиг баримтуудаа хуулбар үнэн даруулахаар өгсөн чинь тэр эмэгтэй аваад

 их хувьтай нь тулгаж үзээд 1 бичиг баримтыг нь буцааж өгөөд энэ бичиг баримтан дээр хуулбар үнэн дарахгүй их хувиасаа зөрөөтэй байна гэхээр нь би энэ бичиг баримтуудыг танайхаас авсан байхаа, дараад өгч болохгүй юу гэж хэлсэн болохгүй гэхээр нь бичиг баримтуудаа аваад явсан...”  гэсэн мэдүүлэг. /хх-61/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №3529 дугаартай акт: Дүгнэлт хэсэгт

Архивын ерөнхий газар хадгалагдаж буй 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн "Баянгол дүүргийн 5-р хороо Визардконстракшн ХХК-ний барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл" гэсэн эх хувь баримтын 7 дугаар хуудасны дунд хэсэгт /Ж.Мөнх-Эрдэнэ / гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь Ж.Мөнх-Эрдэний гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

Уг баримтын 7 дугаар хуудасны дунд хэсэгт "М.Дунгармаа" гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь М.Дунгармаагийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

Хавтаст хэргийн 14-20 хүртэлх хуудсууд дахь баримтууд, түүний баруун доод хэсэгт "Үндэсний төв архив, хуулбар үнэн" гэсэн бичиглэл бүхий тэмдэгний дардас мэт зүйл нь бүхэлдээ шингэн төрлийн хортой "Инк жет" хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна Компьютерийн бичвэрийн хамт нэг хэвлэгчээр, нэг удаагийн үйлдлээр хэвлэсэн байна. Харин архивт хадгалагдаж байгаа эх хувь баримтуудыг хар цагаан 'Лазер жет" хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байхаас гадна цаасны дээд ирмэгээс гарчиг хүртэлх зай, зах ирмэгийн хэлбэр, компьютерийн бичиглэлүүд, ашигласан хэвлэгчээрээ ялгаатай байна.

"Барилга байгууламжыг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас" гэх баримтын "2" гэсний ард "Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна" гэсэн өгүүлбэр бичигдсэн байна. Харин шинжилж буй эх хувь баримтын "2" гэсний ард "Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна" гэж бичигдсэн байгаа нь уг 2 шинжилж буй баримтууд өөр байна. Өгүүлбэрт оруулсан засварыг компьютерийн программууд, скайнер зэргийг ашиглан засварлах боломжтой...” гэх дүгнэлт. /хх104-106/,

Хурлын тэмдэглэл /хх33-49/, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах саналын баримт /хх-40/, шинжээчийн №3529 дүгнэлт /хх-106/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх28-30/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгийн захирамж /хх-26/, нэхэмжлэл /хх30-34/, гэрч Ф.Цогоогийн мэдүүлэг / хх-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ө.Батмагнай нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Визардконстранкшин ХХК-ны барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний санлын хуудас зэрэгт “Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна гэснийг, гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.Мөнх-Эрдэнэ, М.Дунгармаа нарын гарын үсгийг

хуурамчаар үйлдэж”, “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар бүрдүүлж өгсөн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ө.Батмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ө.Батмагнайг Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч шүүхэд нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Батмагнай нь үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Баттогтохыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Учир нь энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд объект нь төр буюу өөрөөр хэлбэл төр нийгмийн ашиг сонирхол юм иймд мөрдөн байцаагчийн дээрх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж шүүх хүчингүй болгож шийдвэрлэв

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс торгуулийн ял оногдуулсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Бат овогт Өлзийжаргалын Батмагнайг Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч шүүхэд нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Ө.Батмагнайг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох буюу 192.000х51=9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Ө.Батмагнай нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.Батмагнай нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Д.Баттогтохыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн бацаагчийн тогтоолыг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Батмагнайд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР