Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/08653/И |
Дугаар | 1848 |
Огноо | 2017-08-16 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 1848
“Ирмүүн-Үйлс” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02040 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Ирмүүн-Үйлс” ХХК,
Хариуцагч “Металл энд вүүд” ХХК, “Ихнаран өргөө констракшн” ХХК-д холбогдох,
Гүйцэтгэсэн ажлын хөлс 20 950 000 төгрөг, алданги 10 475 000 төгрөг, 31 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэлгэрсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэлгэрсүх, өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
Хариуцагч “Ихнаран өргөө констракшн” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэлгэрсүх, өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани болох Ирмүүн-Үйлс ХХК нь Металл энд вүүд ХХК-тай хуванцар цонх хийх суулгах ажлын гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн бөгөөд гэрээний дагуу манай компани 150 000 000 төгрөгийн үнэ бүхий цонх, металл хаалга, хаалганы татуурга бүхий ажлыг хийж гүйцэтгэх, хийсэн ажлын хөлсийг олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно. Металл энд вүүд ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн гэрээний 2.2-т гэрээний нийт үнийн дүнгийн 65 хувийг бэлэн мөнгөөр, 35 хувийг баригдаж байгаа 77 айлын орон сууцны барилгад 51 540 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өгөхөөр тохиролцож гэрээнд тусгасан бөгөөд энэхүү байрны гэрээг Их наран өргөө констракшн ХХК-ийн нэр дээр хийсэн болно.
Гэрээний дагуу манай компани 3 дугаар давхраас эхлэн нийт 150 000 000 төгрөгийн өртөг бүхий 1 000 м.кв 240 ширхэг цонх хийх байснаас тухайн барилга 7 давхрыг л дуусгаснаар 293 м.кв-аас 66.6 м.кв бүхий 16 ширхэг цонхыг бүхэлд нь, 226.4 м.кв буюу 44 цонхны рамыг чанарын шаардлага ханган хийж гүйцэтгэсэн болно. Манай компани өмнө нь Металл энд вүүд ХХК-иар барилгын зураг хийлгэсний хөлсөнд 16 ширхэг цонхыг тооцсон бөгөөд 44 ширхэг цонхны хөлсөнд 33 950 000 төгрөг авах ёстойгоос 40 хувь болох 13 000 000 төгрөгийг төлөөд үлдэх 20 950 000 төгрөгийг төлөлгүй хохироож байна.
Манай компани хамгийн сүүлийн ажлаа 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хийж дуусгасан бөгөөд нэгэнт өвлийн улирал болсон тул барилгын ажил зогсож дараа оны 4 дүгээр сараас эхлэх байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сараас ажлаа эхлэе гэхэд санхүүжилт байхгүй хүлээж бай гэсээр байгаад 5 дугаар сар болох үед өөр гүйцэтгэгчээр үлдэгдэл хийлгэж эхэлсэн. Яагаад гэрээгээ зөрчиж байгаа болон гэрээгээр дүгнэхтэй холбоотойгоор удаа дараа уулзах гэхээр удирдлага нь огт уулзаагүй, утсаа авахгүй байсаар байгаад 7 сард нэг удаа холбогдож ярихад удахгүй танай үлдэгдэл мөнгийг өгнө, цонхны шилэн багцыг нь хийгээрэй өөр ажил гарвал хэлнэ гэсээр 9 дүгээр сар хүргэсэн бөгөөд харин 9 дүгээр сарын 01-ний өдрөөс манай хийсэн раманд өөр гүйцэтгэгчээр шилэн багцыг хийлгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох дээрх хоёр компанийн Ерөнхий захиарал н.Хонгорзул нь гэрээгээ ноцтой зөрчиж, манай компанийн үйл ажиллагааг таслан зогсоосон болно.
Бид өндөр өртөг бүхий гэрээ хийсэндээ тайвшраад өөр бусад байгууллагуудтай гэрээ хэлцэл хийгээгүйгээр барахгүй цонхны шилэн багцны шилийг авч бэлдэн хохирсон байхад хариуцагч тал гэрээгээ зөрчсөн асуудлыг тоохгүй өнөөдрийг хүртэл хийсэн ажлын хөлсийг ч төлөхгүй зугтсаар байна. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний 4.1-т захиалагч гэрээний шатчилсан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэсэн хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтад үндэслэн 20 950 000 төгрөгийн 50 хувь болох 10 475 000 төгрөг болон нийт 31 425 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир, Б.Диваачамба, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Металл энд вүүд ХХК нь Ирмүүн-Үйлс ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хуванцар цонх хийх суулгах ажлын гэрээг байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу гүйцэтгэгч Ирмүүн-Үйлс ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Ихнаран өргөө констракшн ХХК-ийн гүйцэтгэж буй 77 айлын орон сууцны барилгын 3-7 давхар хүртэлх барилгын хуванцар цонх хийх суулгах үүргийг хүлээсэн боловч ердөө 16 ширхэг цонхыг шаардлага хангаж угсарч, 44 цонхны зөвхөн рамыг нь суулгаад сураггүй алга болсон. Уг гэрээний 1.1-д “Орон сууцны барилгад хуванцар болон металл цонх, хаалга хийх ажлыг гүйцэтгэхээр энэ гэрээг байгуулав” гэж заасан. Өөрөөр хэлбэл, цонхны рам суулгах биш цонх суулгаж өгөхөөр тохиролцсон.
Мөн гэрээний 2.1-д, цонх 1 м.кв 150 000 төгрөг, металл хаалга 1 м.кв 440 000 төгрөг, хаалганы татуурга GEZE 2000-150 000 төгрөг, гэрээний нийт үнэ 150 000 000 төгрөг гэж заасан, мөн зүйлийн 2-т, гэрээний нийт үнийн дүнгийн 65 хувийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 35 хувийг тус баригдаж байгаа 77 айлын орон сууцны барилгад 12 дугаар давхарт 34.36 м.кв төгрөгийн үнэ бүхий орон сууцаар солилцоо хэлбэрээр барагдуулна гэж заасан. Үүнийхээ дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай 77/10/08 дугаартай гэрээг Ихнаран өргөө констракшн ХХК-тай байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлд “Хуванцар цонх хийж суулгах ажлын гэрээ хийгдэж акт үйлдэж дууссанаар энэхүү гэрээний төлбөр дууссанд тооцогдоно” гэж заасан байдаг. Гэтэл Ирмүүн-Үйлс ХХК нь хуванцар цонх хийж суулгах гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлээгүй цонх, хаалга, хаалганы татуурга нийлүүлэх үүргээ ч огт биелүүлээгүй бөгөөд гэрээ зөрчсөн уг гэрээний дагуу зөвхөн 16 ширхэг бүтэн цонх, 44 ширхэг цонхны рам угсрах ажлыг гүйцэтгэсэн.
Ирмүүн-Үйлс ХХК нь гэрээгээр хуванцар цонх суулгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй атлаа 44 ширхэг цонхыг гүйцэтгэсэн хэмээн төлбөр нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй бөгөөд ёс суртахуунгүй гэж үзэж байна. Ирмүүн-Үйлс ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрт 13 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нь 44 ширхэг цонхны рам суулгахад хангалттай бөгөөд харин ч төлбөр тооцоог үүгээр дууссан гэж үзэж байна. Уг шилжүүлсэн мөнгөөр Ирмүүн-Үйлс ХХК нь хуванцар цонхны рам суулгаад алга болсон ба манай компанийн зүгээс ажлаа гүйцэтгэхийг сануулж, хүйтэн болохоос өмнө барилгын цонхыг бүрэн суулгаж дулаанаа авмаар байна гэдэг шаардлагыг тавьж байсан боловч гүйцэтгэхгүй байсан тул арга ядан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2016/92 тоот ажил гүйцэтгэх гэрээг Төгсжонон ХХК-тай байгуулж 77 айлын орон сууцны 2-7 давхар хийгдээгүй байгаа барилгын цонх буюу шил, резины хамтаар гүйцэтгэгч материалыг худалдан авч стандартын дагуу суулгаж, гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн билээ. Иймд Ирмүүн-Үйлс ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлс болох 20 950 000 төгрөг болон алданги 10 475 000 төгрөгийн хамт нийт 31 425 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Металл энд Вүүд ХХК болон Их наран өргөө констракшн ХХК-аас 31 425 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ирмүүн үйлс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэлгэрсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Их наран Өргөө ХХК-ийн барилгад цонх нийлүүлж тус компаниас урьдчилгаа төлбөр манайд төлөгдөж, улмаар манай нийлүүлсэн цонхыг тус компани ашиглаж байгаа боловч нэг захиралтай Их наран Өргөө ХХК-ийг мөн хариуцлагаас чөлөөлсөн. Шүүгч шүүхийн шийдвэр танилцуулах үедээ Металл энд Вүүд ХХК-ийг гэрээгээ зөрчсөн гэдгийг тогтоогдож байна гэж хэлж байсан боловч шүүхийн шийдвэрт энэ тухай тусгаагүй байна.
48 ширхэг 226.4 м.кв цонхыг бүрэн дуусгахын тулд Металл энд Вүүд ХХК болон Их наран өргөө ХХК ямарч бололцоог хангаж өгөөгүйг тооцоогүй. Шүүгч хариуцагч тал шилэн багц хийх 25 хувийн урьдчилгаа төлбөртэй хамт бартерын ажилд үлдээсэн 35 хувь, эхний 40 хувиас дутуу төлсөн 1.7 хувь нийт 61.7 хувь болох 20 950 000 төгрөгийг урьдчилан төлөөгүй тохиолдолд бид үйлдвэр дээрээ хийж бэлэн болгосон шилэн багцыг зөөж суулгах боломжгүйг ойлгоогүй гэж үзэж байна. Ингэснээр хариуцагч талын урьдчилгаа төлбөр төлөөгүй байж биднийг ажлаа үргэлжлүүлэхгүй сураггүй алга болсон гэж ойлгомжгүй худал мэдүүлснийг хүлээж авсан.
Шүүгч 44 ширхэг цонхны рам суулгахад урьдчилан авсан 38.3 хувь буюу 13 000 000 төгрөгийг цонхны рам суулгахад зориулсан 40 хувийн төлбөр гэж үзсэн нь хувь болоод үнийг зөв тооцож чадахгүй байна. Гэрээнд зааснаар цонхны рам 40 хувь нь бартерт тусгагдаад гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон 35 хувь нэмээд бодитоор хийж гүйцэтгэсэн рамны ажлын 75 хувийн гүйцэтгэлийн үнэ буюу 25 462 500 төгрөг болж байгаа нь тодорхой байхад 38.3 хувиар үнэлэн 13 000 000 төгрөгөөр үнэлэн хийсэн ажлын хөлсөнд тооцсон. Өөрөөр хэлбэл манай компаний хийсэн 1 м.кв = 150 000 төгрөгийн үнэ бүхий цонхыг 57 450 төгрөгөөр үнэлсэн. /226.4 м.кв * 57 450 =13 000 000 төгрөг/
Хариуцагч тал гэрээгээ олон дахин ноцтой зөрчсөн байхад бидний хийж бэлэн болгосон ба одоо ч үйлдвэр дээр хадгалагдаж байгаа шилэн багцыг суулгах боломжгүйг шүүгч тооцолгүй 25 хувь буюу 8 487 500 төгрөгийн шилэн багцын ажлыг орхигдуулсан. Ингэснээр нийт бодит хохирол болох 20 950 000 төгрөгийн ажлыг тооцсонгүй. Улмаар хариуцагч гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүйн алданги болох 10 475 000 төгрөгийн хамт нийт 31 425 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэл гаргасан даруйд шинжээч томилж хийсэн цонхонд үзлэг хийх хүсэлт гаргасан боловч шүүх үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэнээр цонхны талаар бодит мэдээлэл үзүүлж бэлэн болгосон шилэн багцыг үйлдвэрийн байранд байгааг үзүүлэх боломж олгоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ирмүүн үйлс” ХХК нь “Металл энд Вүүд” ХХК болон “Их наран өргөө констракшн” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 20 950 000 төгрөг, алдангид 10 475 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн “Металл энд Вүүд” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгч “Ирмүүн үйлс” ХХК гэрээний дагуу 16 цонхыг бүтэн хийсний хөлсийг зургийн ажилд суутган тооцсон, харин 44 цонхны рамыг суулгасны урьдчилгаа хөлсөнд 13 000 000 төгрөг өгсөн боловч үлдэх ажлын хөлсийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан ба талууд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар маргаагүй, харин 44 рамны ажлын хөлс нь урьдчилгаа төлбөрөөр бүрэн төлөгдөх эсэхэд маргасан байна.
“Ирмүүн үйлс” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуванцар цонх хийх, суулгах ажлын гэрээг “Метал энд вүүд” ХХК-тай байгуулж, гэрээний “Хоёр”-ын 1-д ажлын хөлсний нийт дүнг 150 000 000 төгрөгөөр, мөн “Хоёр”-ын 2 болон 3-т хөлс төлөх арга, журмыг харилцан тохиролцож тогтоосон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 355.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлахаас өмнө хийсэн ажлын хөлсөө шаардах эрх ажил гүйцэтгэгчид үүснэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй боловч 44 рамын ажлын хөлс 20 950 000 төгрөгийг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байхад хэрхэн тооцсон үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.
Талуудын гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга журмыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлах замаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 44 рамын ажлын хөлний хэмжээг тодорхойлох боломжтой гэж үзэв.
Ажил гүйцэтгэгч гэрээгээр нийт 220 цонхны ажил гүйцэтгэхээр тохиролцсон ба 44 цонхны ажил нь нийт ажлын 20 хувь гэж зохигчид тайлбарласан бөгөөд гэрээний 2-ын 1 дэх хэсэгт “гэрээний нийт дүн нь 150 000 000 төгрөг байна” гэж заасныг уг гэрээний 2-ын 2 дахь хэсэгт “гэрээний нийт үнийн дүнгийн 65 хувь нь бэлэн мөнгөөр” төлнө гэж, 2-ын 3 дахь хэсэгты “гэрээний нийт төлбөрийн давхар тус бүрд урьдчилан цонхны рам суулгахад 40 хувь, шилэн багц суулгахад 25 хувийг төлөх” гэж заасантай харьцуулан үзэхэд, 44 цонхны ажлын хөлс нь нийт гэрээний хөлсний 20 хувь буюу 30 000 000 төгрөг /150 000 000*20 хувь/ байна.
Гэрээний 2-ын 3-т зааснаар уг ажлын хөлсний 40 хувь буюу 12 000 000 төгрөгийг /30 000 000*40 хувь/ рам суулгах ажлын хөлсний урьдчилгаанд, 25 хувь буюу 7 500 000 төгрөгийг /30 000 000*25 хувь/ шилэн багц суулгахаас өмнө төлөх үүргийг захиалагч хүлээсэн ба нийт 19 500 000 төгрөгийн урьдчилгаа төлөх үүрэгтэй, нийт үлдэгдэл 10 500 000 төгрөгийг ажлыг бүрэн хүлээн авснаар төлөх ёстой байжээ.
Гэвч ажил гүйцэтгэгч нь 44 цонхны зөвхөн рамыг суурилуулсан, уг ажлыг нь захиалагч үгүйсгээгүй тул үлдэгдэл 10 500 000 төгрөгийн төлбөрөөс рамыг суурилуулсан ажлын хөлсийг хувь тэнцүүлэн тооцвол 6 460 000 төгрөгийн рамны ажлын хөлсний үлдэгдлийг захиалагч ажил гүйцэтгэгчийн бодитоор гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлөхөөр байна, хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилгаанд 13 000 000 төгрөг төлснөөс 1 000 000 төгрөгийг хасвал 5 460 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасанд нийцнэ.
Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг бодитойгоор тооцолгүйгээр хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн алдааг дээрх байдлаар залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02040 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Металл энд Вүүд” ХХК-иас ажлын хөлсөнд 5 460 000 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч “Ирмүүн үйлс” ХХК-д олгон, үлдэх 15 490 000 төгрөгийг болон “Их наран өргөө констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангид 10 475 000 төгрөг шаардсаныг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2“ гэж, “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагчаас 102 310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ