Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1850

 

Ц.Төмөрсүхийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01419 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Төмөрсүх,

Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Төмөрсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Төмөрсүх, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, Л.Золзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, Л.Золзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс тус компанийн ТУЗ-ийн Аудитын хорооны аудитороор ажилд орсон. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчаар түр томилогдон ажилласан. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан хууль сахиулах арга хэмжээнд тус компанийн дэд захирлын хэлсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхай хариуцсан ахлах байцаагчийн хамт очиж арга хэмжээнд оролцсон. Үүнтэй холбогдуулан намайг архи уусан, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, Хотхоны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Тус өдөр би огт архи уугаагүй бөгөөд 16 цаг 44 минутад амралтын байрандаа ирсэн.

Намайг архи уугаагүй болохыг камерийн бичлэг болон харуул хамгаалалтын албаны ажилтнууд нотлоно. Би автомашиныг зөвшөөрөлгүй авч яваагүй бөгөөд зохих зөвшөөрлийг авсан ба Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдлагуудын үйлчилгээнд уг автомашиныг хэрэглэж байсан. Намайг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зөвшөөрөл авалгүй ростерийн ээлжээс буусан гэж байгаа нь үндэслэлгүй юм. 02 дугаар сард 14 хоног ажиллах ёстойгоос 16 хоног ажилласан нь цагийн бүртгэлээс харагддаг. Цалингаа бүтэн авсан, зөвшөөрөлгүй ажлаас бууж ажил тасалсан зөрчил гаргаагүй.

Миний бие Уулын хэлтсийн дарга Д.Чинбатаас тухайн үед компанийн эрх ашгийг бодож түүнийг төлөөлөн арга хэмжээнд оролцохдоо зохих зөвшөөрөл авч явсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргаагүй учраас ажлаас хууль бусаар халсан гэж үзэж байна. Иймд намайг төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулж, шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Компаниас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан ба тухайн үедээ намайг 3 сарын хугацаатай түр ажиллаж бай, дараа нь өөр албан тушаалд шилжүүлнэ гэж удирдлагаас хэлсэн учир хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Т.Цолмон нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/31 тоот тушаалаар Ц.Төмөрсүхийг уурхайн Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчаар томилж, ЭТТ-123 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц.Төмөрсүхийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор зөвшөөрөл авалгүй ростерийн ээлжнээс буусан зөрчил гаргасан, компанийн хэмжээнд дагаж, мөрдөх "Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журам"-ын 5.1.2, 7.1.4, 12.1.5, 12.1.6-д заасан заалтуудыг, "Хотхоны журам"-ын 3.2.1, 3.2.2, 14.1, 16.3, 17.-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.5, 4.2.1, 4.2.5, 5.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7, 5.3.1, 5.3.5, 5.3.9 гэсэн хориглосон зүйл, заалтуудыг зөрчсөн учир гүйцэтгэх захирал компанийн дүрмээр өөрт олгогдсон эрхийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгож ажлаас халах тушаал гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн зүйл заалт нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлөөр тооцогдохоор орсон байдаг.

Ц.Төмөрсүхийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэдгийг ажилтнаас гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахаар санал хүргүүлсэн тухай хуудас, согтуурлын зэрэг тогтоолгох сорил хийсэн тухай бүртгэл зэргээр нотолсон. Тус бүртгэлд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Насанжаргал, харуул хамгаалалтын ажилтан н.Энхтүвшин нар Ц.Төмөрсүхийн орсон амралтын өрөөний хаалгыг тогшиж, шаардлага тавихад яах гэж байгаа юм гэх мэтээр тайлбар тавьж, хаалгаа тайлж өгөөгүй байдаг. Утсаар нь залгахад утсаа авахгүй байсан. Цогтцэций сум руу явсан байгууллагын 98-20 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Төмөрсүх өөрөө жолоодож авсан бөгөөд ирж явахдаа цасанд суусан гэсэн дуудлагыг уурхайд өгсний үндсэн дээр н.Нямдэлгэр гэдэг механикч жолоодохоор очиж, автомашиныг авч ирсэн.

н.Нямдэлгэрийн мэдэгдлийн хуудаст 98-20 УНЧ улсын дугаартай автомашин цасанд суусан байна гэж жолооч н.Бат-Эрдэнэ хэлсэн, төлөвлөлтийн механик н.Мөнхтулгад хэлж, 84-43 дугаартай автомашинаар н.Бат-Эрдэнэтэй цуг явсан. Зүүн талд засмал дээр 98-20 УНЧ зогсож байсан. 2 хүн байсан, мэргэжлийн хяналтын 1 хүн, Эрдэнэс таван толгойн төслийн ерөнхий зохицуулагч 2 согтуу байсан, 98-20 гэсэн автомашиныг унаад цагийн хугацаанд хүргэж өгсөн гэсэн тайлбар байгаа.

Мөн мэдэгдлийн хуудсыг Ц.Төмөрсүх өөрөө уулзалтанд оролцохоор явсан, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын ахлах байцаагч н.Батбаяр намайг хамт оролцъё гэж хэлээд бид 2 хамт сум руу явсан, очоод оролцоход шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон, хундага өргөж сайн бүхнийг ерөөсөн, би арга хэмжээнд оролцсон болохоор автомашин барьж болохгүй гэж бодоод захиргааны ахлах руу утасдаж, жолооч дуудаж рулээ шилжүүлсэн, кемп дээр ирээд шууд гэртээ орж унтсан, хэнтэй ч уулзаагүй ба компанид ямар ч хохирол учруулаагүй" гэж тайлбар өгсөн байгаа. Өөрийнх нь тайлбар болон мэдэгдлийн хуудас өгсөн хүмүүсийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

Драйгер үлээлгэхээс зайлсхийж байгаа байдлыг зөрчилд тооцохоор журамд заасан. Тухайн үед Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд мэргэжлийн хяналтын байцаагч оролцох гээд түүнийг Ц.Төмөрсүх авч явсан байдаг. Хэрэв архи согтууруулах ундаа хэрэглээгүй юм бол яагаад драйгер үлээхгүй, хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм. 98-20 УНЧ дугаартай "Истана" маркийн автомашиныг байгууллагын өмч гэдэг нь “Уурхайд ашиглагдаж байгаа техникүүдэд хуваарилагдсан жолооч нарын хуваарь” гэсэн баримтаар нотлогдоно. Согтуурлын зэрэг тогтоох тухай сорил хийсэн бүртгэл, бүртгэлийг шалгасан ажилтны нэр болон гэрчээр оролцсон хүмүүс, авсан арга хэмжээ, хүмүүсийн тайлбар зэрэг баримтууд хангалттай нотолно. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын Б/1-66 тоот тушаал хуулийн үндэслэлтэй. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Төмөрсүхийн урьд эрхэлж байсан ажилд буюу "Эрдэнэс таван толгой" ХК-ийн уурхайн Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байлгасан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай шаарлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 12-ны өдрийг хүртлэх ажлын 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 050 000 төгрөгийг хариуцагч "Эрдэнэс таван толгой" ХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ц.Төмөрсүхэд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Төмөрсүхийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ажил олгогч "Эрдэнэс таван толгой" ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5,-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29 750 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Төмөрсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн тушаалын үндэслэл болох тодорхой зөрчлүүдийг гаргаагүй тул эрхэлж байсан албан тушаалд, эгүүлэн тогтоолгох, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдал үүсгээд байна. Учир нь, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дугаарт ...Ц.Төмөрсүх нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчаар ЭТТ-123 тooт хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн ажлыг гүйцэтгэх болсон гээд уг албан тушаал нь гурван сарын хугацаатай түр албан тушаал байсныг тодорхойлсон.

Үндэслэх хэсгийн 5 дугаарт хариуцагч нь Ц.Төмөрсүхийг дээрх үйл ажиллагаанд оролцохдоо байгууллагын эд хөрөнгийг буюу Ssang yong Istana маркийн 98-20 УНЧ дугаартай автомашиныг зохих зөвшөөрөлгүй авч явсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.5-д заасан сахилгын зөрчил үйлдсэн гэх боловч 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ц.Төмөрсүхийг архи уусан үедээ ажлын байранд ирсэн үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ гэжээ. Өөрөөр хэлбэл "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Ц.Төмөрсүхийг ажлаас халах тухай 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалын үндэслэлүүдийг тогтоогдохгүй байна гээд уг тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн.

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн Б/166 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч үндэслэх хэсгийн 8 дугаарт талуудын хооронд байгуулагдсан ЭТТ-123 тooт хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр дууссан байна гэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуульд заасан атал шүүх талуудын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сунгахтай холбогдсон субьектив эрхийг шүүх өөрөө дуусгавар болгохоор үнэлж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, Б/166 тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн бол уг тушаал гарсан өдрөөс хойш хүчингүй бөгөөд уг тушаалын улмаас эрх нь зөрчигдсөн этгээдийн эрх зүйн байдал уг тушаал гарахаас өмнөх байдалд очсоноор эрх нь сэргээгдэх үр дагавартай.

Мөн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан нарын хоорондын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сунгахтай холбоотой харилцаа нь талуудын хүсэл зоригын илэрхийлэл тухайн хариццааг хуульд заасан байдаг. Мөн үндэслэх хэсгийн 9 дүгээрт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч Ц.Төмөрсүхийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халж ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалинг олгоогүй байх тул.” гэсэн атлаа “дээрх нөхцөл байдал байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм

Өмнө дурьдсанчлан хэрэв Ц.Төмөрсүхийг ажлаас халсан Б/166 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бол түүний эрх зүйн байдал 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжилж байх ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа нь үндэслэлгүй тушаал гарсан өдөр тасалдсан болохыг шүүх тогтоосон атлаа нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний үлдэх хугацаанд ажилд эгүүлэн тогтоогоогүй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн  гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Ц.Төмөрсүх нь “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан уурхайн Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь байгууллагын дотооддоо батлан мөрдөж буй дүрэм журмаар хориглосон, хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хууль, журамд нийцүүлэн ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Төмөрсүх нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амралтын байранд ирсэн нь хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д заасан ажлаас халах үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй  байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн талаарх зөрчлийг зохих журмын дагуу шалгаж тогтоосон гэж хариуцагчаас гаргасан баримт буюу сахилгын шийтгэл ногдуулах санал, түүнд хавсаргасан баримтад “Эрдэнэс таван толгой” ХК-д мөрдөж буй “Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журам”-ын 4.1-д заасны дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоосон болон хэрэв алкоголийн сорил, мансууруулах бодисын шинжилгээ хийлгэхээс татгалзсан бол энэ тухай тэмдэглэл үйлдэн холбогдох этгээдийн гарын үсгийг уг журмын 8-д заасны дагуу бэхжүүлсэн баримт байхгүй байна. Түүнчлэн хуульд заасан журмын дагуу шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч Д.Насанжаргалын мэдүүлэг нэхэмжлэгчийн согтуу байсныг шууд нотлохгүй, бусдаас дам сонссон агуулгатай байх тул эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй. Мөн хууль сануулж, хуульд заасан журмаар цуглуулаагүй ажилтнуудаас гаргасан мэдэгдэх хуудас, тодорхойлолт нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг нотлох баримт болохгүй. 

Иймд хэрэгт авагдсан баримтаар хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д заасан ажлаас халах зөрчил нь зохих журмын дагуу тогтоогдоогүй байх тул уг үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг хууль бус гэж үзнэ.

Мөн Ц.Төмөрсүх нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Хууль сахиулахын Их сургуулиас зохион байгуулсан сургалт сурталчилгааны арга хэмжээнд оролцохдоо  “Ssang yong Istana” маркийн 98-20УНЧ улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д заасан ажлаас халах үндэслэл болсон гэж хариуцагч тайлбарласан ч зөвшөөрөл авсан эсэхтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг зөрчилд холбогдуулан шалгаж, зөрчлийг тогтоон хариуцлага тооцуулахаар эрх бүхий этгээдэд санал хүргүүлсэн баримтыг гаргаагүй тул компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан нь зохих журмын дагуу шалган тогтоогдсон гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь Цогтцэций суманд болсон арга хэмжээнд оролцохыг компанийн дэд захирлын хэлсний дагуу тухайн үед тус компанид ажиллаж байсан мэргэжлийн хяналтын байцаагчийн үйлчилгээнд явж байсан унаа “Ssang yong Istana” маркийн 98-20УНЧ автомашинаар явсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан /хх138/, мөн уурхайн 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “шуурхай” өдөр тутмын хурлын тэмдэглэлд “өчигдөр Мэргэжлийн хяналтын газрын шалгалтыг эцэслэж, хяналтын хуудсаа бөглүүлэн бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан” гэж Р.Даваанямын хэлсэн, мөн “машин зохицуулалтын асуудлыг захиргаа шийдэхгүй, засвар механикийн хэлтсээс хуваарь гаргаж батлуулсан, бид удирдлагаас ирсэн шийдвэрийн дагуу ажиллаж байгаа” гэж Д.Насанжаргалын хэлсэн тус тус тэмдэглэгдсэн, /хх-108, 109/ мөн уурхайн автомашин ашиглалтын бүдүүвч зурагт төслийн ерөнхий зохицуулагчид автомашины шаардлага гарсан үед Уурхайн болон Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын зөвшөөрлөөр LC200 маркийн 80-77УНК автомашин үйлчилнэ гэж тэмдэглэсэн зэргийг харьцуулан үзвэл Ц.Төмөрсүхийг зөвшөөрөлгүйгээр автомашин авч явсан гэж буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт тус компанийн ажилчдын 2017 оны 2 дугаар сарын цагийн бүртгэл авагдсан ба уг бүртгэлээр Ц.Төмөрсүх нь тухайн сард 18 хоног буюу 184 цаг ажилласан байх тул шүүх хөдөлмөрийн гэрээний 1.1.7-д заасан ажлын цаг буюу уурхайд 14, амралтын 14 цаг гэсэн заалтыг зөрчөөгүй талаар зөв дүгнэжээ.

Дээрх байдлуудыг нэгтгэн үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн  Гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Төмөрсүхийг “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, мөн зөвшөөрөл авалгүй ростерийн ээлжнээс буусан” 3 зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж дүгнэхдээ шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлжээ.

Хэрэгт авагдсан ЭТТ-123 тоот хөдөлмөрийн гэрээнд хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дуусахаар талууд харилцан тохиролцсон байх ба гэрээг хугацаанаас өмнө захиргааны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул Гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь хууль бус болно.

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал буюу гэрээний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө ажил олгогч хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн байхад гэрээний хугацаа дууссан гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай байх ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаа буюу тушаал гарсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 4 сар 8 хоногийн олговрыг урьд авч байсан цалин хөлсний дунджаар тооцон 22 529 488 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. Олговрыг хэргийн 101 дүгээр талд авагдсан ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй тайланд бичигдсэн Ц.Төмөрсүхийн сүүлийн 3 сард авсан дундаж цалин хөлсөөр тооцоход /хх-101/ сарын дундж цалин хөлс 5 163 008 төгрөг /15 489 026/3/, нэг өдрийн хөлс нь 234 682 /5 163 008/22/ байх ба 4 сар 8 хоногийн олговор 22 529 488 төгрөг байна.

Түүнчлэн дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт зохих бичилт хийх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “...тогтоолгох, ажилгүй байлгасан 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 12-ныг хүртэлх ажлын 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 050 000 төгрөгийг” гэснийг “тогтоож, ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 22 529 488 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

А.ОТГОНЦЭЦЭГ