Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/01881

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/01881

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

            Нэхэмжлэгч: Б.Б ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  ДБҮЭГ т холбогдох

            ДБҮЭГ ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийж өгөхийг даалгах  тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Х /2063/, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

 Б.Б миний бие  ДБҮЭГ т Авто баазын даргаар 2015 оны 3 дугаар сарын 31-ний Б/44 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байсан.

Миний бие ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг даган мөрдөж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалттай сайн биелүүлж, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.

 ДБҮЭГ ын дарга 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/171 тоот тушаал гаргаж намайг дээр дурдсан ажлаас минь чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх дээрх тушаалыг үндэслэлгүй болохыг дүгнэж намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичил хийхийг ДБҮЭГ ын даргад даалгаж 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 816 тоот шийдвэрийг гаргасан.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ДБҮЭГ ын захирал 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/28 дугаартай тушаалыг гаргаж намайг ажилд томилсон. Харин шүүхийн шийдвэрт заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Гэтэл ДБҮЭГ ын захирал 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тушаал гарснаас хойш 4 хоногийн дараа Б/32 дугаартай тушаалыг гаргаж намайг 4 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон  ажлаас чөлөөлж миний оронд ажиллаж байсан Т.Ганбаатарыг миний эрхэлж байсан ажилд томилж хууль бус шийдвэр гаргалаа.

Дээрх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дах заалтыг баримталсан, чухам ямар үндэслэлээр ажил олгогч санаачлан намайг ажлаас чөлөөлсөн нь уг тушаалд огт дурдаагүй  байдаг бөгөөд надад тушаалыг өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр таныг ажлаас чинь чөлөөлж байна гэдэг тайлбарыг хэлсэн.

Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлж байгаа бол урьдчилан 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх хуулийн заалттай байдаг. Гэтэл ДБҮЭГ ын захирал нь удаа дараалан хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргаж иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд ДБҮЭГ ын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж  өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Автобаазын алба нь гадаад оронд болон Монгол улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрууд, төрийн дээд хэмжээний зочид төлөөлөгчид, Гадаад хэргийн яам болон бусад төрийн байгууллагуудад автомашинаар үйлчлэх, ажил үйлчилгээг гүйцэтгэх, олон улсын чанартай үйлчилгээг шуурхай хангаж ажиллах чиг үүрэг бүхий үндсэн нэгж юм.

            Авто баазын дарга нь ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангаж, жолооч нарын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг дотоодын болон гадаадын байгууллагуудын техник технологийн ололт амжилтыг ашиглаж буй байдал, үйлчилгээний менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах, төрийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх автомашины  бүрэн  бүтэн  аюулгүй  байдалд  хяналт  тавьж ажиллах  үндсэн үүрэгтэй, өндөр хариуцлагатай тушаал юм.

            Нэхэмжлэгч Б.Б ийн хувьд тус Автобаазын албаны даргын ажлын байрны шаардлагад тавигдсан дээд боловсролтой байх, авто техникийн болон эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх ерөнхий шаардлагыг хангаагүй аль ч чиглэлээр мэргэжил эзэмшээгүй байдаг.

            Мөн Автобаазын дарга Т.Г-ыг ээлжийн амралттай буюу Энэтхэг улсад хагалгаанд орохоор явсан байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4 дэх заалт, ДБҮЭГ ТӨҮГ-ын дүрмийн 5.5.9-д заасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд шаардлагад нийцсэн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрх үүргийнхээ хүрээнд Б.Б ийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймээс Б.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй. 

            Нэхэмжлэгч Б.Б нь Гадаад харилцааны яамны ДБҮЭГ т холбогдуулан ДБҮЭГ ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Автобаазын дарга Т.Ганбаатарыг ээлжийн амралттай буюу Энэтхэг улсад хагалгаанд орохоор явсан байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн тул Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            ДБҮЭГ ын Автобаазын даргын албан тушаалд ажиллаж байсан Б.Б ийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн тус байгууллагын Б/171 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0816 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

            Хариуцагч байгууллага Гадаад харилцааны яамны ДБҮЭГ нь  дээрх шийдвэрийг биелүүлж 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Б.Б ийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс  Автобаазын даргын албан тушаалд томилжээ. /хх-ийн 20–р хуудас/

            Ажил олгогч ДБҮЭГ ын захирал нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Ажилтан Б.Б ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 35.1.2, 38.1.2-т заасан үндэслэлүүдээр тус байгууллагын Автобаазын даргын үүрэгт ажлаас нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, Б/32 дугаартай тушаалаар тогтоогдож байна./хх-ийн19-р хуудас/

Б.Б нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 1-2-р хуудас/

            Ажил олгогч нь ажилтан Б.Б ийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эгүүлэн томилсон боловч,  2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүйгээс яг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн болох нь тодорхойгүй байна.

            Зохигчийн тайлбараас үзэхэд:

Ажил олгогч нь ажилтан Б.Б ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.- т заасан үндэслэлээр чөлөөлсөн мэт тайлбар өгч байгаа боловч энэ тухайгаа тушаалдаа тусгаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэжээ.

 “Ажилтан  мэргэжил ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Гэтэл ажилтан Б.Б ийг “дээд боловсролтой байх, авто техникийн болон эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх ерөнхий шаардлагыг хангаагүй, мэргэжил эзэмшээгүй” гэж байгаа нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Хэрэв ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.5.-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэж

42.1.-т “Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж тус тус заасан байхад мэдэгдэл болон тэтгэмжийн аль алиныг өгөөгүй байна.

Ажил олгогч нь “Автобаазын дарга Т.Ганбаатарыг ээлжийн амралттай буюу Энэтхэг улсад хагалгаанд орохоор явсан байх хугацаанд түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн” үндэслэлээр Б.Б ийг тус албан тушаалаас чөлөөлж байгаа нь ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй болно.

Иймд Б.Б ийг ДБҮЭГ ын Автобаазын даргын ажилд эгүүлэн тогтоож,  2017 оны 4 дүгээр  сарын 17-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл 2 сар 13 хоногийн хугацааны цалинд 2.071.035 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан Б.Б т олгож , эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн  төлүүлэн, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.

/881.100+864.700+664468=2.410.268/,/2.410.268:3=803.422/,/803422:21,5=35.707/, /803.422х2=1.606.844/,  /35707х13хоног=464191/, /1.606.844+464.191=2.071.035/

Б.Б ийг Автобаазын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр гарсан боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон  ажлаас чөлөөлсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсон болно. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ДБҮЭГ ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Б ийг ДБҮЭГ ын Авто баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 2.071.035 /хоёр сая далан нэгэн мянга гучин тав/ төгрөгийг гаргуулан Б.Б т  олгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  цалин болох дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалинд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48087 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО