Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 01934

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01934

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ДБҮЭГхолбогдох,

 

Тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний Б/44 дугаартай тушаалаар Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт Авто баазын даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/171 тоот тушаал гарч, намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс дээрх тушаалыг үндэслэлгүй болохыг дүгнэж, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасан байдаг.

Дээрх шийдвэрийн дагуу ДБҮЭГ-ын дарга 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б/28 дугаар тушаал гаргаж, намайг ажилд эгүүлэн томилсон.

Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тушаал гарснаас хойш 4 хоногийн дараа тус газрын даргын Б/32 дугаар тушаал гарч, намайг ажлаас чөлөөлж, миний оронд ажиллаж байсан Т.Ганбаатарыг миний эрхэлж байсан ажилд томилсон. Уг тушаалын хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталсан бөгөөд намайг ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй. Харин тушаалыг надад өгөхдөө Хөдөлмөрийн тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Хэрэв дээрх хуулийн үндэслэлээр ажил олгогчоос ажлаас чөлөөлж байгаа бол ажилтанд урьдчилан 30 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. 

Иймд Гадаад харилцааны яамны ДБҮЭГын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДБҮЭГТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан.

Энэ бүтэцэд авто бааз нь албаны статустай нийт 44 орон тоотой байхаар зохион байгуулсан нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын гаргасан зөвлөмжийн дагуу 5 дугаар зэрэглэлийн авто аж ахуйн нэгж юм. Тус авто баазын дарга нь ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангаж, жолооч нарын мэдлэг боловсрол, ур чадварынг дээшлүүлэх, ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг дотоодын болон гадаадын байгууллагуудын техник технологийн ололт амжилтыг ашиглаж буй байдал, үйлчилгээний менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах, төрийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх автомашины бүрэн бүтэн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үндсэн үүрэгтэй, өндөр хариуцлагатай тушаал юм.

Нэхэмжлэгч Б.Бийн хувьд тус Автобаазын албаны даргын ажлын байрны шаардлагад тавигдсан дээд боловсролтой байх, авто техникийн болон эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх ерөнхий шаардлагыг хангаагүй, аль ч чиглэлээр мэргэжил эзэмшээгүй байдаг. Тухайн үедээ найз нөхдийн хувиар тус ажилд томилогдсон байдаг.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Бт мэдэгдэх хуудас гардуулахад хүлээн зөвшөөрч гардан авсан.

Мөн Автобаазын дарга Т.Ганбаатарыг ээлжийн амралттай буюу Энэтхэг улсад хагалгаанд орохоор явсан байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4 дэх заалт, ДБҮЭГТӨҮГ-ын дүрмийн 5.5.9-д заасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд шаардлагад нийцсэн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрх үүргийнхээ хүрээнд Б.Бийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, ажилтнуудын тоог цөөрүүлэн халж Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон нь хууль зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Б.Бийг Гадаад харилцааны яамны ДБҮЭГын Авто баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 3 088 701 төгрөгийг гаргуулан Б.Бт  олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  цалин болох дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалинд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64  369 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Б.Бийн хувьд тус Автобаазын албаны даргын ажлын байрны шаардлагад тавигдсан дээд боловсролтой байх, 5-аас дээш жил удирдах албан тушаал хашсан байх, авто техникийн болон эрх зүйн чиглэлээр мэрэгжил эзэмшсэн байх ерөнхий шаардлагыг хангаагүй аль ч чиглэлээр дээд мэргэжил эзэмшээгүй.

Т.Ганбаатарыг ээлжийн амралттай буюу Энэтхэг улсад хагалгаанд орохоор явсан байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлйин 35.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, ДБҮЭГТӨҮГ-ын дүрмийн 5.5.9-д заасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд шаардлагад нийцсэн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг томилох, чөлөөлөх тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрх үүргийнхээ хүрээнд Б.Бийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт холбогдуулан тус газрын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00816 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Бийг Гадаад харилцааны яамны ДБҮЭГын Автобаазын даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/28 тоот тушаалаар түүнийг ажилд эгүүлэн авчээ.

 

            Гадаад харилцааны яамны ДБҮЭГын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 тоот тушаалаар Б.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 35 дугаар зүйлийн 35.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын дүрмийн 5.5.8, 5.5.9, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.2.1, 7.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн ба ажилд эгүүлэн авсан, ажлаас чөлөөлсөн хугацаа 4 хоногийн зайтай байна.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс аль нэгийг баримтлах бөгөөд хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийг ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй, уг ажил албан тушаалыг эрхэлж байсан Т.Ганбаатарыг ээлжийн амралттай байхад чөлөөлсөн нь хууль зөрчсөн тул алдааг зассан гэж тайлбарлаж байгаатай харьцуулан үзвэл тушаал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар буюу ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай. Ажилтан Б.Бийг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй тул энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн талаас дуусгавар болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагыг ажилтныг анх тутам ажилд авахдаа шалгаагүй нь ажил олгогчийн буруу тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамааруулахаар хуульд зохицуулаагүй.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг ажил олгогч нь тушаал гаргах бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Т.Ганбаатарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтад хамаарахгүй юм.

 

Б.Бийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаалын үндэслэл нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотой бөгөөд мөн тушаалаар Т.Ганбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасантай нийцнэ. Энэ тохиолдолд Т.Ганбаатар ээлжийн амралттай байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасанд хамаарахгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 22 071 035 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 48 087 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА