Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 182/2017/01655/И |
Дугаар | 1892 |
Огноо | 2017-08-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 1892
Г.Уламбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Уламбаяр,
Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын жижүүрээр ажиллаж байсан ба ээлжийн жижүүртэй, Тус төв жижүүр, үйлчлэгч нартайгаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг бөгөөд ээлжийн амралтын олговор, шагнал урамшуулал, бусад нэмэгдэл цалин гээд бүгдийг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар олгодог. Жижүүр үндсэн үүргийнхээ зэрэгцээ хариуцсан дарга нараас өгсөн үүрэг даалгаврын дагуу жижиг засвар үйлчилгээг гүйцэтгэдэг. Мөн 2016 оны 12 дугаар сараас тус төвийн зогсоол зохицуулдаг байсан.
2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намайг ажлаас халсан тухай Б/105 тоот тушаал өгсөн. Тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг дурьдсан нь төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын нийтлэг чиг үүргийн нэг бөгөөд албан тушаалтныг томилох, чөлөөлөх, цалингийн сан тогтоох тухай заалт байсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэг нь ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэсэн заалт байсан. Ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчиж байсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын хөгжлийн төвийн дүрмийн 6.7.5 дах заалтыг ямар үндэслэлээр баримталсан нь тодорхойгүй байна.
Барилгын хөгжлийн төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.11 дэх заалт нь ажилтанд буцалтгүй тусламж үзүүлж болох тухай заалт байна. Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журам нь хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд бид нарт танилцуулж байгаагүй юм. Ажил гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан зэрэг нь анхнаасаа ажилтныг халж солих зорилго агуулж байсныг харуулж байна. Байгууллагын жижүүр ийнхүү олон давхар ажил гүйцэтгэж байхад дан нэг төрлийн мэргэжлийн үнэмлэх шаардаж ажлаас халах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны /2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл/ цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь Засгийн газрын 2012 оны 54 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийн схем, захиргааны албан тушаалын жагсаалтыг тус тус шинэчлэн баталсан.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сард нийт ажилтнуудад гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.3 дах заалтын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сонсох үйл ажиллагааг хэлтэс тус бүрээр нь зохион байгуулсан.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан тушаалын жагсаалтаар гэрээгээр ажил гүйцэтгэх үйлчилгээний ажилтнуудын гэсэн орон тоотойгоор батлагдаж ирсэн. Үйлчилгээний ажилтнуудатай ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь Г.Уламбаяртай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар жижүүрийн үүрэг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Энэхүү хугацаатай гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан бөгөөд хэрэв ажил гүйцэтгэх гэрээгээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна энэ хүү ажил гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол тухайн үед шүүхэд болон тус төвийн захиргаанд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан.
Гэтэл ямар ч гомдол санал тухайн үед гаргаагүйгээр бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож улирлаар байгуулж гарын үсэг зурсан. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирлын 2017 оны А/02 тоот тушаалаар батлагдсан Үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журамд тус төвийн жижүүр нь ажил гүйцэтгэгч нь цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, барилгын засвар, мужааны мэргэжлийн үнэмлэхтэй ажлын байранд бие даан ажиллах чадвартай байна гэж заасан. Учир нь, тус төвийн байр нь 5 давхар 749.36 м.кв байр, дээрээс нь ус дулааны узел, цахилгааныг хариуцан ажилладаг тул цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмжийн анхан шатны мэдлэгтэй байх ёстой байдаг. Энэ талаар өмнө нь ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн болохоос нарийвчлан зохицуулсан журам байхгүй байсан тул байгууллагын аюулгүй ажиллагааг хангах үүднээс журмыг шинэчлэн баталсан.
Энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгоор нийт үйлчилгээний ажилтнуудад журмыг танилцуулах мэргэжлийн үнэмлэхгүй гэрээт ажилтнуудыг нь 3 сарын гэрээний хугацаанд холбогдох дамжаа, курс, сургалтанд хамрагдаж мэргэжлийн үнэмлэхээ авахыг анхааруулж, сануулсан. Гэтэл энэ хугацаанд Г.Уламбаяр нь мэргэжлийн үнэмлэх, сертификат аваагүй. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтангэрэл, мэргэжилтэн С.Ганцэцэг, ах ахуйн үйлчилгээний менежер Б.Мөнхбаяр нар төвийн нийт үйлчлэгч, жижүүр, жолооч нартай уулзаж 2017 оны А/02 тоот тушаалаар батлагдсан Барилгын хөгжлийн үйлчилгээний ажилтнуудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссантай холбогдуулан цаашид авах арга хэмжээ, анхаарч ажиллах, үйлчлэх жижүүрүүдийн ажлын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийж нэг бүрчлэн ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан.
Тус төвийн жижүүрийн ажлын байр албан тушаалын тодорхойлолтод сантехникийн засварчин, цахилгаанчны аль нэг мэргэжлийг эзэмшсэн байх гэсэн бөгөөд ажлын байрны дараах үндсэн зорилгын хүрээнд ажиллана гэж тус тус заасан. Байгууллагын хэвийн ажиллагааг хангахад харуул хамгаалалтын үүргийг 24 цагийн турш гүйцэтгэх, байрны дулаан хангамж, сантехник, цэвэр, бохир усны системийн ашиглалтын найдвартай хэвийн ажиллагааг хангах, Байрны сантехникийн системийн урсгал болон их завсвар, үйлчилгээг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн байгууллагын дотоод журмыг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажиллана гэж заасан. Иймд Г.Уламбаяр нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагуудыг хангахгүй байсан тул гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлсөн.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхээр 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс дуусгавар болгосон бөгөөд байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан шийдвэр гарсан нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг Г.Уламбаярын хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гарган өгсөн бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжээ тогтоолгон авч байсан. Иймээс харилцан тохиролцож гэрээ байгуулсан байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан, ажлын байрны тодорхойлолт болон гэрээгээр авч ажиллуулах үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журамд заасан мэргэжлийн үнэмлэхгүй байсан зэргийг харгалзан хуулийн хүрээнд гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Уламбаярыг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 996 170 төгрөгийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Уламбаярт олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 46 889 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хариуцагчийн эзгүйд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүй, хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа дууссан, цахилгаанчин сантехникийн мэргэжлийн үнэмлэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалттай нийцээгүй байна.” гэжээ. Ингээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан тушаалын жагсаалтаар гэрээгээр ажил гүйцэтгэх үйлчилгээний ажилтнууд гэж батлагдаж ирсэн бөгөөд нийт үйлчилгээний ажилтнуудтай ажил гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаатайгаар жижүүрийн үүрэг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан.
Г.Уламбаяртай байгуулсан гэрээний 1.3-т энэ талаар тодорхой заасан нь талууд гэрээг харилцан тохиролцсон хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Энэхүү хугацаатай гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан бөгөөд хэрэв ажил гүйцэтгэх гэрээгээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол тухайн үед шүүхэд болон тус төвийн захиргаанд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Шинэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор нийт үйлчилгээний ажилтнуудад журмыг танилцуулан мэргэжлийн үнэмлэхгүй гэрээт ажилтнуудыг 3 сарын гэрээний хугацаанд холбогдох дамжаа, курс, сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэхээ авахыг анхааруулж, сануулсан. Гэтэл энэ хугацаанд Г.Уламбаяр нь мэргэжлийн үнэмлэх, сертификат аваагүй болно.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажил үүрэг гүйцэтгэдэг байх тул "байнгын ажлын байр" гэж үзнэ” гэжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолоор албан тушаалын жагсаалтаар гэрээгээр ажил гүйцэтгэхүүлэх үйлчилгээний ажилтнууд гэж батлагдаж ирсэн. Батлагдаж ирсэн албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй байна” гэжээ. Гэвч талууд гэрээг 2 хувь үйлдэн тус бүртээ нэг нэг хувийг хадгалдаг. Гэтэл ажил олгогчоос гэрээг ажилтанд өгөөгүй гэж ямарч нотлох баримтгүйгээр заажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Г.Уламбаярыг жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож...” гэснийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохигчдын маргааны үйл баримтад хамааралтай талаас нь дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Г.Уламбаяр нь хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч марган, үндэслэлээ “Г.Уламбаяртай байгуулсан ...гэрээний хугацаа дууссан, үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журмын шаардлага хангаагүй” гэж тайлбарлан, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/105 дугаар тушаалыг /хх 4/ хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.
Тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, Барилгын хөгжлийн төвийн дүрмийн 6.7.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6.11, Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журмыг тус тус үндэслэжээ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т жижүүрээр ажилласан ба 2014 оны 12 дугаар сарын 01, 2016 оны 01 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний үндсэн дээр жижүүрийн үүрэгт ажлыг гүйцэтгэж ирсэн ба жижүүрийн ажлын байрны тодорхойлолт /53-56/, Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журам /хх 49-52/, Г.Уламбаярын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 21/ зэргийн агуулгыг харьцуулан үзвэл Г.Уламбаяр нь ажил олгогчийн заасан жижүүрийн ажлын байранд тогтоосон горимын дагуу, түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогчийн удирдлага дор баталсан норм, үнэлгээ, цалингийн сүлжээгээр хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар ажил гүйцэтгэж ирсэн байх бөгөөд ажил олгогч түүнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээний нэг хувийг түүнд өгөх үүрэг хүлээнэ.
Түүнчлэн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгээр хориглох бөгөөд хариуцагчийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан тушаалын жагсаалтад “гэрээгээр ажил гүйцэтгэх үйлчилгээний ажилтнууд”-ыг тогтоож өгсний дотор жижүүрийн ажлын байр орсон тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцээгүй шийдвэрийг үндэслэж буй хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.
Тодруулбал, ажил олгогч, ажилтан хоёрын хооронд захиалсан ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх агуулга бүхий Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж тайлбарлан, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Дээрхээс дүгнэвэл ажил олгогч нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан, Үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журмын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Уламбаяртай байгуулсан гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийг сэргээх нь зүйтэй.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанд үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ