Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1918

 

А.Батбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

                                                                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01896 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Батбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Мөнхтуяад холбогдох

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч А.Батбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Батбаатар нь Ц.Мөнхтуяатай 2007 онд Солонгос Улсад ажиллаж байхдаа танилцан 2007 оны 09 дүгээр сараас эхлэн нэг гэрт хамтран амьдарсан. 2007-2010 оны хооронд Солонгос Улсад байр хөлсөлж хамт амьдарч байхдаа байр, хоол, бусад хэрэглээний зардлыг төлдөг байсан. Энэ талаар гэрчүүд ч гэрчилдэг. 2008 оны үед Ц.Мөнхтуяа аав, ээж 2 маань байр бариулж байгаа хоёулаа хамт амьдрах байрны мөнгө шилжүүлье гээд мөнгөө бэлнээр хүнээр дамжуулдаг, зарим үед каргогоор мөнгө өгч явуулдаг байсан. 2011 онд Монголд ирээд захиалсан байрандаа хамт амьдарч, өнөөдрийг хүртэл энэ хаягт шилжилт хөдөлгөөн хийгдээгүй амьдарч ирсэн. А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нар хамт амьдарч байхдаа Завхан аймгийн Хас банкнаас зээл авсан. Ц.Мөнхтуяа 2015 оноос өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Иймд 2007 оны 09 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Мөнхтуяагийн шүүхэд гаргасан тайлбарт: А.Батбаатартай 2007 оны намар танилцаж, хамт амьдарсан гэж байгаа боловч би гэрээт ажилчнаар явж ажлынхаа байранд амьдарч байсан. 2009 оны 1 сараас байр хөлсөлж амьдарсан. А.Батбаатар манай байраар орж гардаг байсан. Миний ажлын үнэмлэхийг ашиглан миний нэр дээр байр хөлсөлж байсан. Улмаар миний бичиг баримтыг өгөхгүй, намайг зодож дарамталдаг байсан ба хаана очиж ажиллана олоод л ирдэг байсан.

Дүү нараараа бичиг баримтаа авахуулах гэхээр зугтаад олддоггүй. А.Батбаатар өөрийн хараар ажилладаг үйлдвэртээ хүчээр оруулж цалинг маань авчихдаг. Намайг Монголд ирээд эмчлүүлж байхад эмчилгээний бага хэмжээний мөнгө явуулж байсан. Нэхэмжлэлд бичсэн байрыг манай аав, ээж бариулж ашиглалтад оруулсан. А.Батбаатар Монголд ирээд намайг байртай гэдгийг мэдээд манайхаар үе үе орж ирдэг болсон. Солонгос Улсад байхдаа хаяг дээр чинь нэрээ оруулчихъя гэхээр нь зөвшөөрч бүртгүүлсэн байсан. Миний байрны нэг өрөөг мөнгийг нь төлөөд амьдаръя гэсэн тул зөвшөөрсөн. Орон сууцны мөнгийг ээж төлдөг. Завхан аймгийн Хас банкнаас авсан зээлийн гэрээнд надаар хүчээр гарын үсэг зуруулсан. Бид хоёр хамт амьдарч байгаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135  дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар нэхэмжлэгч А.Батбаатар, хариуцагч Ц.Мөнхтуяа нарыг 2007 оны 09 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхтуяагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Батбаатарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Мөнхтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01896 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.Батбаатар нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, үндэслэлээ тодорхой заагаагүй. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг нь "ямар нэгэн шалтгаан байхгүй, зүгээр тогтоолгох" гэж байгаа гэх тайлбарыг өгдөг.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-дэх заалтад ундэспэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, уг хэргийг эрх зүйн ач холбогдоп бүхий үйл явдал хэмээн үзэж, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 135 дугаар зүйлийн 135.1-д "Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ" гэж тодорхойлсон. Иймд А.Батбаатарын гаргасан нэхэмжлэл эдийн болон эдийн бус баялагтай холбоотой аливаа эрхийг үүсгэх, эсхүл өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн байх ёстой. Гэтэл түүний ямар ч зорилгогүйгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135 1, 12.1.3 дах заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд Баянгол дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/01896 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Батбаатар нь хариуцагч Ц.Мөнхтуяад холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “бид хоёр хамт амьдарч байгаагүй” гэж маргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтээр мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох эрхтэй.

 

Нэхэмжлэгч А.Батбаатарын шүүхэд хандан гаргасан хүсэлтэд зааж буй Ц.Мөнхтуяатай хамтын амьдралтай байсан гэх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч тодорхой үйл баримт тогтоолгохоор хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчаар Ц.Мөнхтуяаг оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд буруу юм. /хх.19, 21/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал” гэж тодорхой заажээ. Нэхэмжлэгч А.Батбаатарын шүүхэд гаргасан хүсэлтэд  зааж буй бусад иргэнтэй хамтын амьдралтай байсан гэдэг нь түүний ямар эрхэд нөлөөлөх буюу үүсэх, өөрчлөх, дуусгавар болоход шууд хамааралтай болох нь тодорхой бус байгаагаас гадна түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд “ямар нэгэн шалтгаан байхгүй, ... Ц.Мөнхтуяа өөр хүнтэй сууж, хүүхэдтэй болсон учир А.Батбаатарын амьдрал, цаг хугацааг авсан гэдгийг тогтоолгох” гэж хүсэлтээ тайлбарласан байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн  Ц.Мөнхтуяатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.Батбаатарын Ц.Мөнхтуяатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                             ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                                             Б.НАРМАНДАХ