Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1896

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 84 дүгээр байр 5 тоотод оршин суух, 1978 онд төрсөн 39 настай, Ялгасан овогт Аранлавын Батбаатар /РД-ИХ78021835/.

Хариуцагч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 84 дүгээр байр 5 тоотод оршин суух, 1976 онд төрсөн 41 настай, Булгадар овогт  Цэрэнгийн Мөнхтуяа /РД-УУ76021102/.

            Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, хариуцагч Ц.Мөнхтуяа, өмгөөлөгч О.Батцэцэг, гэрч Д.Цэнд, Ц.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.Батбаатар нь Ц.Мөнхтуяатай 2007 онд Солонгос улсад ажиллаж байхдаа танилцан 2007 оны 09 дүгээр сараас эхлэн нэг гэрт хамтран амьдарсан. 2007-2010 оны хооронд Солонгос улсад байр хөлсөлж хамт амьдарч байхдаа байр, хоол, бусад хэрэглээний зардлыг төлдөг байсан. Энэ талаар гэрчүүд ч гэрчилдэг. 2008 оны үед Ц.Мөнхтуяа аав, ээж 2 маань байр бариулж байгаа хоёулаа хамт амьдрах байрны мөнгө шилжүүлье гээд мөнгөө бэлнээр хүнээр дамжуулдаг, зарим үед каргогоор мөнгө өгч явуулдаг байсан. 2011 онд Монголд ирээд захиалсан байрандаа хамт амьдарч, өнөөдрийг хүртэл энэ хаягт шилжилт хөдөлгөөн хийгдээгүй амьдарч ирсэн. А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нар хамт амьдарч байхдаа Завхан аймгийн Хас банкнаас зээл авсан. Ц.Мөнхтуяа 2015 оноос өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Иймд 2007 оны 09 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ц.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Батбаатартай 2007 оны намар танилцаж хамт амьдарсан гэж байгаа боловч би гэрээт ажилчнаар явж ажлынхаа байранд амьдарч байсан. 2009 оны 1 сараас байр хөлсөлж амьдарсан. А.Батбаатар манай байраар орж гардаг байсан. Миний ажлын үнэмлэхийг ашиглан миний нэр дээр байр хөлсөлж байсан. Улмаар миний бичиг баримтыг өгөхгүй, намайг зодож дарамталдаг байсан. Намайг хаана очиж ажиллана олоод л ирдэг байсан. Дүү нараараа бичиг баримтаа авхуулах гэхээр зугтаад олддоггүй. А.Батбаатар өөрийн хараар ажилладаг үйлдвэртээ хүчээр оруулж цалинг маань авчихдаг. Намайг Монголд ирээд эмчлүүлж байхад эмчилгээний бага сага мөнгө явуулж байсан. Нэхэмжлэлд бичсэн байрыг манай аав ээж бариулж ашиглалтанд оруулсан. А.Батбаатар Монголд ирээд намайг байртай гэдгийг мэдээд манайхаар үе үе орж ирдэг болсон. Солонгост байхдаа хаяган дээр чинь нэрээ оруулчихъя гэхээр нь зөвшөөрч бүртгүүлсэн байсан. Миний байрны нэг өрөөг мөнгийг нь төлөөд амьдаръя гэсэн тул зөвшөөрсөн. Орон сууцны мөнгийг ээж төлдөг. Завхан аймгийн Хас банкнаас авсан зээлийн гэрээнд надаар хүчээр гарын үсэг зуруулсан. Бид хоёр хамт амьдарч байгаагүй гэв.

 

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Батбаатар нь хариуцагч Ц.Мөнхтуяад холбогдох хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч А.Батбаатар, хариуцагч Ц.Мөнхтуяа нар 2007 оны 09 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ж.Цогтгэрэлийн “А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нар Солонгос улсад ажиллаж байхдаа танилцсан. Мүгүг хотод нэг өрөө байранд нэг жил орчим хамт амьдарсан. Тэгээд Монголд ирээд хороололд цуг амьдарч байсан. Дараа нь 2012 онд Завхан аймагт хамт амьдарсан. Би хороололд байхад нь гэрээр нь байнга орж гардаг байсан. А.Батбаатар, Ц.Мөнхтуяа хоёр гэр бүлийн харилцаатай, хамт амьдардаг, цугтаа нэг оронд унтаж хэвтдэг байсан, түүнийг нь мэднэ”, гэрч В.Түвшинбаярын “А.Батбаатартай нэг үйлдвэрт ажиллаж, нэг гэрт амьдарч байсан. Тэр хугацаанд А.Батбаатар нь Ц.Мөнхтуяатай танилцаж бидний байранд хамт амьдарч байгаад А.Батбаатар цаашдаа энэ эмэгтэйтэй хамт амьдарна гээд тусдаа гараад явсан. Солонгост хамт амьдарч байгаад Монголд ирээд хороололд цуг амьдарцгаасан. Би гэрээр нь очиж хонож байсан. Энэ хоёр гэр бүлийн харилцаатай цуг амьдарч байсан”, гэрч С.Анартын “2007 оны намраас Ц.Мөнхтуяаг таньдаг болсон. А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нар Солонгосын Чүнжү хотод цуг амьдардаг, эхнэр нөхөр байсан. Монголд ирээд А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нар хороололд байранд амьдарч байсан. Би хот хооронд микрогоор явдаг. Хотод ирхээрээ эднийхээр хонож өнждөг. Завханд энэ хоёр нэг жил зуссан. Бидний хувьд эхнэр, нөхөр хоёр гэсэн ойлголттой, хамт амьдардаг гэр бүл байсан” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан фото зургаар тус тус тогтоогдож байна.

            Мөн хариуцагчийн ээж, эгч болох Д.Цэнд, Ц.Мөнхтуяа нь шүүх хуралдаанд А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нар Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 84 дүгээр байр 5 тоот орон сууцанд хамт амьдарч байсан талаар мэдүүлсэн болно.

            Иймд А.Батбаатар, Ц.Мөнхтуяа нар нь 2007 оны 09 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Хэрэгт хариуцагчаас А.Батбаатартай хамтран зээл авсан зээлийн гэрээ, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг  ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон    

                                                                                                                       

                                              ТОГТООХ нь:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийнх 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч А.Батбаатар, хариуцагч Ц.Мөнхтуяа нарыг 2007 оны 09 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхтуяагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Батбаатарт олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА