Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1917

 

Н.Амарсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

                                                                       

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01768 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Амарсанаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тайгам Алтай” ХХК-д холбогдох

 

4 454 800 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Н.Амарсанаагийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Амарсанаа нь Баянгол дүүргийн Алтай хотхоны 64.3 м.кв 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 860 000 төгрөгөөр нийт 55 298 000 төгрөгөөр бариулахаар “Тайгам алтай” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр орон сууцны төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байрыг хүлээж авсан. Ингээд "Тоонто гранд" компаниар хэмжилт хийлгэхэд гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар MNS6058:2009 стандартын дагуу 61.94 м.кв талбайтай байхаас 56.76 м.кв талбайтай болж 5.18 м.кв дутуу байсан. “Тайгам алтай” ХХК-д хандаж өөрсдийн ажилчдаас хүн томилж хэмжилт хийхийг хүссэн, ингэхэд н.Номинцацрал, н.Баянмөнх нар хэмжилт хийж 5 м.кв дутуу гэдгийг нотолсон. Н.Амарсанаа нь талбайн зөрүүнд төлсөн мөнгөө шаардах эрхтэй. Компаний хуулийн зөвлөх н.Эрдэнэмөнх нь “2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд MNS6058:2009 стандарттай холбоотой нэхэмжлэл гаргасан, шүүхээр маргааныг шийдвэрлэтэл түр хүлээнэ үү" гэсэн хариу өгсөн. Уг маргааныг шийдвэрлэтэл ямар ч хохирол барагдуулахгүй гэсэн тул “Тайгам Алтай” ХХК-иас орон сууцны м.кв-ын зөрүү 5.18 м.кв-ын төлбөрт 4 454 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы шүүхэд гаргасан тайлбарт: Н.Амарсанаа нь “Тайгам алтай” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр захиалсан орон сууцаа хүлээн авч орсон. Шүүх хуралд 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байраа хүлээж авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл гаргаж байгаагүй. “Тайгам алтай” ХХК орон сууцны талбайн хэмжээг тооцох стандартыг маргаж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад явж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой, мөн доголдол илэрсэн, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 343-р зүйлд зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, захиалагч ажлын үр дүнгээ 2011 онд хүлээж авсан, 2014 онд м.кв-ын хэмжилтийн зөрүү гаргаж, 2016 оны сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тайгам алтай” ХХК-иас 4 454 800 төгрөг гаргуулж Ноовын Амарсанаад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тайгам алтай” ХХК-иас 86 226 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхон 64.3 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 860 000 төгрөгөөр тооцож 55 289 000 төгрөгөөр орон сууц захиалан авсан бөгөөд энэ талаар талууд маргадаггүй бөгөөд улмаар анхан шатны шүүх "талууд гэрээ байгуулахдаа сууцны нийт талбайг 64.3 м.кв" гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн “Тоонто гранд” ХХК-иар хийлгэсэн хэмжилтээр MNS:6058:2009 стандартаар 56.76 буюу 5.18 м.кв талбайн үнэнд төлсөн 4 454 800 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь буруу бөгөөд талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь үнэ тооцохдоо ось тэнхлэгээр буюу орон сууцны нийт талбайнаас бодож харин ордер дээрх талбайг MNS6058:2009 стандартаар хэмжиж талбайн хэмжилтийг тооцсон болно.

Нэхэмжлэгчийн хэмжилт хийсэн компани нь талуудын үнэ тодорхойлсон ось тэнхлэгээр 64.3 м.кв талбайдаа хүрээгүй гэсэн дүгнэлт гараагүй бөгөөд тус орон сууцыг батлагдсан зургийн дагуу барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан тул нэхэмжлэгчид зөрүү төлбөр гаргуулахаар шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш юм. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 349.1, 349.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн ба хуулийн 349.1 дэх хэсэгт заасан ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байхаар байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь орон сууцыг 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр захиалагчид актаар шилжүүлэн өгсөн бөгөөд эд хөрөнгийг хүлээн авахдаа нэхэмжлэгч доголдлын талаар шаардлагаа гаргаагүй 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул энэхүү байдал нь Иргэний хуулийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байх ба энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй тул шүүх Иргэний хуулийн 343, 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлииг хангаж шийдсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 72.2.2-т хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь хуулинд байхгүй заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Амарсанаа нь хариуцагч “Тайгам Алтай” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4 454 800 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

 

Н.Амарсанаа нь “Тайгам алтай” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  Баянгол дүүргийн Алтай хотхоны 64.3 м.кв 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 860 000 төгрөгөөр нийт 55 298 000 төгрөгөөр бариулахаар “Орон сууц захиалгын гэрээ”  байгуулсан. Захиалагч 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, гүйцэтгэгч 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна./хх.4, 6-7, 9/

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгтэй нийцжээ. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хүлээлгэн өгсөн орон сууцны талбайн хэмжээ гэрээнд тохирсон 61.94 м.кв-аас бага байгаа гэж маргасан. 

 

Захиалагч нь 2014 оны 02 дугаар сарын 22-нд "Тоонто гранд" компаниар хэмжилт хийлгэн гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар MNS6058:2009 стандартын дагуу 61.94 м.кв талбайтай байхаас 56.76 м.кв талбайтай болж 5.18 м.кв дутуу болохыг тогтоолгон 2014 оны 02 дугаар сарын 25-нд  гүйцэтгэгч “Тайгам алтай” ХХК-д энэ талаар хандсан байна./хх.10-14, 15/

 

Шүүх зохигчдын маргааныг ажил гүйцэтгэх гэрээний үр дүнтэй, доголдолтой холбоотой шаардлага гаргасан гэж үзсэн нь зөв болно. Доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж тодорхойлсон.

 

Орон сууцны талбайн хэмжээ нь мэргэжлийн, тусгай зөвшөөрөл бүхий этгээд хэмжилт хийсний үр дүнд тогтоогдох нөхцөл байдал учраас орон сууцны талбайтай холбоотой доголдлыг энгийн хүн шууд хараад мэдэх боломжгүй гэж үзнэ. Ийм дутагдлын хувьд ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар дээрх хуульд заасан тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дууссан байна. Учир нь нэхэмжлэгч ажлын үр дүн болох орон сууцыг 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан байна. /хх.9/

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байх талаар тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгчийн доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  2015 оын 08 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад тэрээр 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр орон сууцны талбайн зөрүү төлбөрт 4 454 800 төгрөгийг төлөхөөс татгалзсан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжтой байна.

 

Гэтэл шүүх Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж алдаа гаргасан.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ Иргэний хуулинд байхгүй 72 дугаар зүйлийн 72.2.2 гэсэн заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь буруу болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад харьцуулан дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхээс алдааг зөвтгөн залруулах боломжтой байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.Амарсанаагийн “Тайгам Алтай” ХХК-иас орон сууцны м.кв-ын зөрүү 4 454 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 226 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                          ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                           Б.НАРМАНДАХ