Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01768

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01768

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, 84-р байрны 127 тоотод оршин суух, Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор ажилтай, Боржигин овогт Ноовын Амарсанаагийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон 13/1 тоот, Тайгам алтай ХХК-д холбогдох 4 454 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Амарсанаа нь Баянгол дүүргийн Алтай хотхоны 64,3 мк 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 860 000 төгрөгөөр нийт 55 298 000 төгрөгөөр бариулахаар Тайгам алтай ХХК-тай 2010 оны 10-р сарын 6-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2011 оны 09 сарын 09 өдөр орон сууцны төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд 2014 оны 02-р сарын 22-ны өдөр байрыг хүлээж авсан. Ингээд “Тоонто гранд” компаниар хэмжилт хийлгэхэд гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар MNS6058:2009 стандартын дагуу 61.94 м.кв талбайтай байхаас 56.76 м.кв талбайтай болж 5.18 м.кв дутуу байсан. Тайгам алтай ХХК-д хандаж өөрсдийн ажилчидаас хүн томилж хэмжилт хийхийг хүссэн, ингэхэд Номинцацрал, Баянмөнх нар хэмжилт хийж 5 м.кв дутуу гэдгийг нотолсон. Н.Амарсанаа нь талбайн зөрүүнд төлсөн мөнгөө шаардах эрхтэй. Компаний хуулийн зөвлөх Эрдэнэмөнх нь 2014 оны 04 сарын 14 өдөр “...шүүхэд MNS6058:2009 стандарттай холбоотой нхэмжлэл гаргасан, шүүхээр маргааныг шийдвэрлэтэл түр хүлээнэ үү” хариу өгсөн. Үүнийг шийдвэрлэтэл ямар ч хохирол барагдуулахгүй гэсэн тул Тайгам Алтай  ХХК-иас орон сууцны м.кв-н зөрүү 5.18 м.кв-н төлбөрт 4 454 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Амарсанаа нь Тайгам алтай ХХК-тай 2010 оны 10-р сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 2011 оны 08 сарын 04-нд захиалсан орон сууцаа хүлээн авч орсон. Шүүх хуралд 2014 оны 02-р сарын 22-нд байраа хүлээж авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Тайгам алтай ХХК орон сууцны талбайн хэмжээг тооцох стандартыг маргаж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад явж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой, мөн доголдол илэрсэн, түүнтэй холбоотой нэхэмлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаагүй байдаг. Иргэний хуулийн 343-р зүйлд зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, захиалагч ажлын үр дүнгээ 2011 онд хүлээж авсан, 2014 онд м.кв-н хэмжилтийн зөрүү гаргаж, 2016 оны сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад            

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Н.Амарсанаа нь Тайгам алтай ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 4 454 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Н.Амарсанаа нь Тайгам алтай ХХК-тай 2010 оны 10-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороонд баригдаж буй 14-р байрны 32 тоот 64.30 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 55 298 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож  "Орон сууц захиалгаар барих гэрээ" / хх 6-7/ байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Захиалагч нь 2011 оны 09-р сарын 09-ний өдөр төлбөрийг төлж дуусгасан /хх 4/, гүйцэтгэгч нь сууцыг 2011 оны 08-р сарын 04-ний захиалагчид актаар шилжүүлэн өгсөн /хх 9/ байна.

 

Харин ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнгийн доголдолтой буюу сууцны талбайн хэмжээ гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын MNS6058:2009 стандартаар 61.94 м.кв талбай бүхий сууцыг захиалагчид шилжүүлэхээс 56.76 м.кв бүхий 5.18 м.кв дутуу буюу сууцны талбайн хэмжээний талаар захиалагч маргажээ.

 

Талууд гэрээ байгуулахдаа сууцны нийт талбайг 64.30 м.кв, Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS6058:2009 стандартын Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалаар /хх 6-7/ тооцож 61.94 м.кв байхаар тохирсон байна.

Харин Тоонтогранд ХХК-ний 2014 оны 02-р сарын 22-нд хийсэн хэмжилтээр сууцны талбай 56.76 м.кв болохыг тогтоосон /хх 10-14/ байх ба Н.Амарсанаа нь энэ талаар 2014 оны 2-р сарын 25-нд Тайгам алтай ХХК-д хандаж гомдлын шаардлага гаргасан /хх 15/, ажил гүйцэтгэгч 2014 оны 4-р сарын 15-ны өдөр хариу өгсөн  /хх 17/ байна. Үүгээр, захиалагч Иргэний хуулийн 349-р зүйлийн 349.1, 349.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлагыг дутагдал илрүүлсэн өдрөөс гаргасан, энэ хуулийн 72-р зүйлийн 72.2.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх   хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгаж 5.18 м.кв талбайн үнэнд төлсөн 4 454 800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч гомдлын шаардлагын дагуу сууцны талбайг 57.42 м.кв талбайтай гэж үзсэн /хх 16/ боловч  тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн хийсэн хэмжилтийг няцаасан баримтыг гаргаагүй, нөгөө талаас, “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тайгам алтай ХХК-иас 4 454 800 /дөрвөн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж Ноовын Амарсанаад олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 226 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Тайгам алтай ХХК-иас 86 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА