Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Д.Баттулга, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: -Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг Цагаан-Овоо зүүн суу 1-26 тоотод оршин суух Тайжууд овогт Доржсүрэнгийн Оюунтуяа /РД:ЗМ79060801/,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг Цагаан-Овоо зүүн суу 1-26 тоотод оршин суух Боржигон овогт Мягмарын Сүхбат /РД:ЧБ72102817/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21-р хороо, 6-1806 тоотод оршин суух хаягтай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой засмал замын 6 км-т түр оршин суух, Урч овогт Намхайноровын Ням-Очир /РД:ХК77011618/-д холбогдох

Эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,173,850 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Сүхбат, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа, М.Сүхбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 сарын 22-ны өдөр “Түмэн заг” ХХК-ийн хажуу талын шороон зам дээр иргэн М.Сүхбаярын жолоодож явсан Д.Оюунтуяагийн эзэмшлийн Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг Хонда СиАрВи /Honda CRV/ маркийн 82-79 УБК улсын дугаартай Н.Ням-Очирын эзэмшлийн автомашиныг иргэн Эрдэнэбилэг овогтой Алтансүх жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осол нь Э.Алтансүхийн 100% буруу болон тогтоогдсон бөгөөд тухайн өдөр тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Ням-Очир нь өөрийн автомашинаа Э.Алтансүхээр жолоодуулахаар томилсон байсан учир Иргэний хуулийн 499.4-т заасны дагуу бидний эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг, эд хөрөнгөний хохирол 3.126.500 төгрөг нийт 3,173,850 төгрөгийн хохирлыг Н.Ням-Очироос гаргуулж авах хүсэлтэй байна. Миний бие машинаа засуулах санхүүгийн боломжгүй банкинд зээлтэй учир тухайн үед үнэлсэн үнэлгээний дүнгээр нэхэмжлэх болно. Нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч М.Сүхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ням-Очироос автомашин засварын мөнгөө авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 22-ны өдөр “Түмэн заг” ХХК-ийн хажуу талын шороон зам дээр зам тээврийн осол гарсан байдаг. Тухай үед буруутай этгээд болох Алтансүхийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Ням-Очир гэж хүн байгаа. Энэ нь тухайн үед прокуророос авсан тайлбараар нотлогддог. Өөрөөр хэлбэл “тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл” мөн гэдгийг хэлдэг. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас Э.Алтансүхээр тээврийн хэрэгслээ жолоодуулж явсан гэдэг. Н.Ням-Очирийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Алтансүхийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ зам тээврийн осол гарсан учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар эзэмшигч буюу Н.Ням-Очироос тухайн үед осолд орсон хохирогч Д.Оюунтуяагийн эзэмшлийн, Сүхбатын жолоодож явсан Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 3,126,500 төгрөг, тэдний эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг нийт 3,173,850 төгрөгийн хохирлыг Н.Ням-Очироос гаргуулж авах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул Н.Ням-Очироос нэхэмжилсэн мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н.Ням-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Түмэн заг” ХХК-ийн хажуу талын шороон зам дээр Спасио /spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай М.Сүхбаатарын барьж явсан машин Хонда Си Ар Ви /Honda CRV/ маркийн машинийг жолоочийн урд дугуйг ирж мөргөсөн. Тухайн үед Хонда Си Ар Ви/Honda CRV/ машиныг Э.Алтансүх барьж явсан. Энэхүү зам тээврийн ослоос үүдсэн хохирол төлбөрийг миний бие Ням-Очир хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Учир нь Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь Намхайноровын эзэмшлийн машин. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 3,173,850 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын мэдэгдэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, эвдэрсэн авто машины гэрэл зургийн үзүүлэлт, Д.Оюунтуяагийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зарлагын баримт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Оюунтуяа, М.Сүхбат нар нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 3,173,850 төгрөгийг тухайн зам тээврийн осолд буруутай этгээдийн барьж явсан машины эзэмшигч болох Н.Ням-Очироос нэхэмжилнэ хэмээн мэтгэлцэж байна.

Харин хариуцагч Н.Ням-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь Намхайноровын эзэмшлийн машин. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 3,173,850 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Хавтаст хэргийн 6-11-р хуудсанд авагдсан Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын мэдэгдэх хуудас, Замын цагдаагийн газрын осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, фото зураг /14-р хуудас/ зэрэг баримтаар мөн шүүх хуралдаанд шинээр өгсөн баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байгаа нь нотлогдож байх боловч үүнийг Н.Ням-Очир хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэг бүхий осол гарахад буруутай гэж тогтоогдсон Э.Алтансүхийн унаж явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

Гэвч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу, эрх эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасны дагуу Н.Ням-Очир хариуцвал зохих тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдохгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдаагүй, / хариуцагчийн шинээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэхгүй орхисон/ мөн гэрчилгээн дээр өөр хүний нэр байдаг талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нар тайлбартаа дурддаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оюунтунгалаг Н.Ням-Очир тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн нь цагдаагийн байгууллагын тайлбарт тэмдэглэгдсэн байдаг /31-р хуудас/, мөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ тээврийн хэрэгслийн жолооч бусдад шилжүүлсэн зөрчил гаргасан гэж хуульд заасан торгуулийн арга хэмжээ авахуулсан гэдгээ хэлснээр өөрөө эзэмшигч гэдгээ илэрхийлсэн байдаг гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 171.1. “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж зааснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшил үүсдэг.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Н.Ням-Очир нь хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа, хариуцагч Н.Ням-Очир нар шүүх хуралдаанд өөрсдийгөө байхгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч ямар нэг саналгүй тул тэднийг байхгүйд хэргийг тухайн хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Н.Ням-Очироос эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирол 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Оюунтуяа, М.Сүхбат нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                     

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА

 

                   ШҮҮГЧИД                                        Д.БАТТУЛГА

                                                                                   

                                                                                        С.ӨЛЗИЙ-ОТГОН