Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 05

 

 

Л.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс 132/2017/00128/И

 

         Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

          Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай шийдвэртэй,

          Л.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн засаг дарга З.Батзоригт холбогдох Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Булган аймгийн засаг дарга З.Батзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                                 Нэхэмжлэгч                                     Л.Гэрэлтуяа

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч             Л.Баасан

                                 Нарийн бичгийн дарга                    Н.Батзаяа нар оролцов.

 

          Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1984 онд Монгол Улсын их суруулийг багш мэргэжлээр суралцаж төгссөн, Булган аймгийн боловсролын системд ЕБС-ийн багшийн ажлыг 2013 он хүртэл хийж байсан. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллах болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Үр дүнгээ дүгнүүлж урамшуулал авч, ажлаа чанарын дээд түвшинд гүйцэтгэж байсан. Сургуулийн 90 жилийн ойн арга хэмжээг ч өндөр түвшинд зохион байгуулсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн засаг даргын 01/208 дугаар албан бичгээр тэтгэвэрийн насанд хүрч “тэтгэвэр тогтоолгох” болзол хангасныг мэдэгдсэн. Эл мэдэгдэлд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох болзол хангасан, өөрөөр хэлбэл нийгмийн даатгалд хамрагдах эрх үүссэн гэдгийг мэдэгдсэн юм. Энэ албан бичигт ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ямар нэг ч утга, үг өгүүлбэр, байхгүй. Би “намайг тэтгэвэрийн болзол хангасан гэдэг үндэслэлээр ажлаас халах гэсэн агуулга таны мэдэгдэлд байгаа бол зөвшөөрөхгүй, хуульд 55 нас хүрсэн эмэгтэйчүүд өөрсдөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэдгийг мэдэгдэж цаашид хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар намайг тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. 55 нас хүрсэн хүн болгоныг тэтгэвэрт гаргаад байна уу гэвэл үгүй. 60 нас хүрсэн хүнийг ч ажилд томилоод ажиллуулж байгаа. Миний оронд 59 настай хүнийг захирлаар томилсон. Энэ бол хүнийг ялгаварлаж байгаа, шударга бус үйлдэл юм” гэв.

         Хариуцагч Булган аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн засаг даргын 2017 оны Б/11 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулах, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймгийн засаг даргын 2017 оны Б/11 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь аймгийн Засаг даргаас Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу эмэгтэй хүн 55 настай тэтгэвэр тогтоолгож гарах боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь энэ хуульд заасан насанд хүрсэн тул ажил олгогчийн хувьд албан ёсны санал хүргүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчтэй тэтгэвэрт гарах асуудлаар урьдчилан санал солилцсон болно. Иймд нэхэмжлэгч Л.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

        Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигдаваа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Л.Гэрэлтуяаг тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.т заасныг баримталсан байна. Энэ хуулийн заалт нь ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт юм. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч болно ” гэж заасан. Өөрөө хүсвэл 55 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгож болно гэсэн үг. Л.Гэрэлтуяагийн ажлын үзүүлэлт сайн байсан нь шүүх хуралдаанд гаргасан өгсөн “Урамшуулалт цалин олгох тухай” захирамжуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг ЗДТГазраас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш боловсролын салбарт ажиллаж байснаар тооцож өгнө үү гэв.

          Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар шийдвэрээр:

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3696234 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Л.Гэрэлтуяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гэрэлтуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуулийн нягтлан бодогчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 74089 /далан дөрвөн мянга наян ес/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

        Хариуцагч Булган аймгийн засаг дарга З.Батзориг давж заалдах гомдолдоо: “...1. Аймгийн Засаг даргын 2017 оны Б/11 дугаартай захирамжийг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл нэхэмжлэгчид бүрдсэн гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй болно.

         Ажил олгогчийн хувьд дээрх нөхцөл бүрдсэнийг урьдчилсан мэдэгдсэн, нэхэмжлэгчтэй санал солилцож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дах заалтын дагуу гарсан шийдвэр тул ажил олгогчийн хувиар хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн болно.

          Иймд нэхэмжлэгч Л.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн 132/2017/00128/И дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2017 оны Б/11 дугаартай шийдвэрийн хүчин төгөлдөр үлдээж шийдвэрлэнэ үү” гэжээ.

          Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа :“...1. Л.Гэрэлтуяа миний бие хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг бичгээр болон амаар гаргаагүй болно. Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөл байдаг тухай санааг мэдэгдсэн боловч түүнийг үл зөвшөөрөх тухай албан ёсоор амаар болон бичгээр хариу өгсөн. Миний хувьд Хөдөлмөрийн хуулийн 40.1.3.т заасан 60 насанд хүрээгүй. НДС-аас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд зааснаар хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

         Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа нь Булган аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож 1 дүгээр 10 жилийн сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалд үндэслэн тодорхойлжээ.

       Хариуцагч Булган аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг 1 дүгээр 10 жилийн захирлаар ажиллаж байхад нь боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтуудыг баримтлан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгон гарах боломжтой энэ хуульд заасан насанд хүрсэн гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж хуулинд заасан би өөрөө хүсэлт гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргажээ.

         Нэхэмжлэгч нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр Булган аймгийн Засаг даргын 2017.02.17-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг Булган аймгийн Бугат сумын Шетинкиний нэрэмжит 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

        Иймд хариуцагч Булган аймгийн Засаг даргын нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэлэг тогтоолгох нөхцөл нэхэмжлэгчид бүрдсэн гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.Батзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                     ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

                                                         

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН