Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00189

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 14-15 оршин суух, Л.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин тэнцэх хэмжээний нөхөн олговор , 㿿эхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00128/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 14-15 оршин суух, Чонос овогт Лханаажавын Гэрэлтуяа /РД:ГЕ61123140/, түүний өмгөөлөгч Л.Баасан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1978 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 20-12 оршин суух, Хөнхүүц овогт Пүрэвсүрэнгийн Хишигдаваа /РД:ГБ78121723/, нарийн бичгийн дарга . нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 онд Монгол Улсын их сургуулийг багш мэргэжлээр суралцаж төгсөн, Булган аймгийн боловсролын системд ЕБС-ийн багшийн ажлыг 2013 он хүртэл хийж байсан. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллах болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Үр дүнгээ дүгнүүлж урамшуулал авч, ажлаа чанарын дээд түвшинд гүйцэтгэж байсан. Сургуулийн 90 жилийн ойн арга хэмжээг ч өндөр түвшинд зохион байгуулж байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Засаг даргын 01/208 дугаар албан бичгээр тэтгэврийн насанд хүрч тэтгэвэр тогтоолгох болзол хангасныг мэдэгдсэн. Эл мэдэгдэлд хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох болзол хангасан, өөрөөр хэлбэл нийгмийн даатгалд хамрагдах нөхцөл болзолд таны бие хамрагдах эрх үүссэн гэдгийг мэдэгдсэн юм. Энэ албан бичигт ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ямар нэгэн утга, үг, өгүүлбэр байхгүй. Би намайг тэтгэврийн болзол хангасан гэдэг үндэслэлээр ажлаас халах гэсэн агуулга таны мэдэгдэлд байгаа бол зөвшөөрөхгүй, хуульд 55 нас хүрсэн эмэгтэйчүүд өөрсдөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэдгийг мэдэгдэж цаашид хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар намайг тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн н 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжийг , Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлын 㿿 , , гэхийг даалгаж . 55 нас хүрсэн хүн болгоныг тэтгэвэрт гаргаад байна уу гэвэл үгүй. 60 нас хүрсэн хүнийг ч ажилд томилоод ажиллуулж байгаа. Миний оронд 59 настай хүнийг захирлаар томилсон. Энэ бол хүнийг ялгаварлаж байгаа, шударга бус үйлдэл юм .

Хариуцагч Булган аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн засаг даргын 2017 оны Б/11 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулах, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймгийн засаг даргын 2017 оны Б/11 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь Аймгийн засаг даргаас Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу эмэгтэй хүн 55 настай тэтгэвэр тогтоолгож гарах боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь энэ хуульд заасан насанд хүрсэн тул ажил олгогчийн хувьд албан ёсны санал хүргүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчтэй тэтгэвэрт гарах асуудлаар урьдчилан санал солилцсон болно. Иймд нэхэмжлэгч Л.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Л.Гэрэлтуяаг тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримталсан байна. Энэ хуулийн заалт нь ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт юм. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүггээр зүйлийн 4.1-д даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч болно гэж заасан. Өөрөө хүсвэл 55 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгож болно гэсэн үг.Л.Гэрэлтуяагийн ажлын үзүүлэлт сайн байсан нь шүүх хуралдаанд гаргасан өгсөн Урамшуулалт цалин олгох тухай захирамжуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор ЗДТГазраас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш боловсролын салбарт ажиллаж байснаар тооцож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа нь Булган аймгийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх даалгах тухай нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б11 дүгээр захирамжийг шаардлагынхаа үндэслэл болгожээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.[1]

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан ба түүнийг Булган аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна.[2]

Нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг ажлаас чөлөөлөх захирамжинд ямар нэг үндэслэл заалгүй, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтуудыг баримталжээ.

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заажээ. Гэтэл нэхэмжлэгч Л.Гэрэлтуяа нь 60 нас хүрээгүй болох нь зохигчдын тайлбар, түүний иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.[3]

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүггээр зүйлийн 4.1-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгон гарах боломжтой, энэ хуульд заасан насанд хүрсэн тул ажил олгогчийн хувьд албан ёсны санал хүргүүлж шийдвэрлэсэн гэж маргаж байгаа хэдий ч уг хуулинд даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөрөө тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй, харин ч 60 нас хүртэл ажиллахаа илэрхийлж Аймгийн засаг даргад албан бичиг хүргүүлж байсан нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01/50 дугаар албан бичгээр тогтоогдож байна.[4]

Нэхэмжлэгч нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг Булган аймгийн Булган сумын Шетинкиний нэрэмжит Нэгдүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цалинтай тэнцэх нөхөн олговор 3696234 төгрөгийг /990971+1321295+1541511=3853777/3 сар =1284593/21,2 =60594*61 хоног =3696234/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэгч Л.Гэрэлтуяагийн №000246034 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно.[5]

Харин нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг ажилгүй байсан хугацаанд боловсролын салбарт ажиллаж байснаар тооцуулах шаардлагыг түүний өмгөөлөгч тайлбартаа гаргаж байгаа хэдий ч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Булган аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гэрэлтуяаг Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуулийн захирлынажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин тэнцэх хэмжээний нөхөн олговор 3696234 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрвө/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Л.Гэрэлтуяад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гэрэлтуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуулийн нягтлан бодогчид үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 74089 /далан дөрвөн мянга наян ес/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн , Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН


[1] хх 1-2, 28 тал

[2] хх 5 тал

[3] хх 3 тал

[4] хх 8 тал

[5] хх 9 тал